Найруулагч Ц.Хүсэлбаатарын бүтээл “Амьдрах сайхан” олон ангит кино өнөөдрөөс эхлэн "Боловсрол" телевизээр үзэгчдэд хүрэх гэж байна.
БНХАУ-ын "Daylight Entertainment", зохиолч А.Наяагийн “Бүх зүйл сайхан” зохиолоос сэдэвлэн тус цувралыг албан ёсны эрхтэйгээр бэлтгэн толилуулж буй бөгөөд "Туг пикчерс" болон "Номадиа пикчерс"-ийн уран бүтээлчид хамтран бүтээжээ.
20 ангит энэхүү киноны гол дүрд гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн, залуу жүжигчин Б.Мөнхнаран, Б.Энхбаяр, Г.Баярхүү, Д.Асардарь, Т.Хулан, жүжигчин Х.Сумъяадорж нар тоглосон байна. Киноны үйл явдлаас товч өгүүлвэл, ямар шалтгаанаар юм, төрүүлсэн охиноо алаг үзэн гадуурхах нэгэн ээжийн үйл явдлаар кино эхэлнэ. Үүнээс болж ах дүү нарын хооронд зөрчил, аав ээжийн дунд үл ойлгогдох харилцаа үүснэ. Уг киноноос амьдралын шуурга дунд өөрийгөө алдан байж, хүүхдээ хайрласан нууцхан хайр, хүн хүндээ тэгтлээ хатуурхах хэрэггүйг сануулсан гүн агуулгыг харах боломжтой.
Хэтэрхий ганган чамин амьдрал, бодит байдлаас тасарсан харилцааг энэ кинонд үзүүлэхгүй. Гэр бүл, хаалга бүхний цаана өрнөдөг бодит амьдрал, тэр бүр ил гаргаад байдаггүй ч хүн бүрийн дотор байдаг сэтгэл зүйн зөрчил, амьдралын мөн чанарын тухай энгийнээр өгүүлсэн байна.
“Амьдрах сайхан” олон ангит киног даваа, мягмар гараг бүр 20.30 цагаас "Боловсрол" телевизээр хүлээн авч үзээрэй. Мөн Юнивишний Монгол кино багц, LookTV-ийн Nomadia Originals цэсэд даваа гараг бүр шинэ ангиуд түрүүлж орох юм.