Монголд үйлдвэрлэсэн бүхэн арай илүү үнэтэй. тайлбар нь цэвэр байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн учраас гэдэг.
Химийн ямар ч бодисоор бордоогүй бүтээгдэхүүн монголчууд хэр олныг үйлдвэрлэж чадаж байна вэ? Бэлчээр дээрээс нь нядлаад ирсэн малын мах бүхнээ органик гэх нь зөв үү. Бид ингэхэд органик хүнсний бүтээгдэхүүн гэж яг юуг нэрлээд байгаа вэ? Энэ асуултад манай улс саяхныг хүртэл тодорхой хариултгүй явж ирсэн. Ердөө найман жилийн өмнө буюу 2016 онд л Органик хүнсний тухай хуулийг УИХ баталсан. Хуульд томъёолсноор бол “Зохиомол аргаар нийлэгжүүлсэн химийн бодис, эрдэс бордоо, пестицид, антибиотик, өсөлтийн даавар, хувиргасан амьд организм, цацраг туяа хэрэглээгүй, экосистемийн тэнцвэр, биологийн ба механик арга технологийн дагуу нөөцийг зохистой ашигладаг үйлдвэрлэлийн үр дүнг органик бүтээгдэхүүн” гэх юм.
Хууль хэдийгээр найман жил хэрэгжсэн ч Монголын хөрсөнд төдийлөн бүтэн бууж чадаагүй бололтой. УИХ-аас Органик бүтээгдэхүүний хуулийг шинэчлэн найруулж баталлаа. Ингэхдээ 2030 он гэхэд хөдөө аж ахуйн салбарынхаа 50 хувийг органик бүтээгдэхүүнээр бүрдүүлэх зорилт тавиад буй ХБНГУ-ын хууль, эрх зүйн орчинг эш болгожээ. Энэ хуулиа боловсруулахдаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарсан юм байна.
Цоо шинэ эрх зүйн орчинтой болсноор энэ салбарт ямар дэвшил гарав? Ямар боловч ХХААХҮЯ-ны дэргэд Органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан бий болгож, тухайн санд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүртгүүлэх, бүтээгдэхүүндээ баталгаажуулалт хийлгэх боломж бүрджээ. Энэ бол маш чухал ойлголт юм байна. Хүн шууд ойлгоход түвэгтэй хуулийн дээрх тодорхойлолтоос энгийн ухамсрын төдийд анзаарахад элдэв бодисоор бордоогүй байх нь өөрөө органикийн эхлэл бололтой. Тэгвэл бид органик хүнсийг яаж таних вэ? Монгол Улсад үйлдвэрлэж байгаа болон гадаадын улсаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг хууль, тогтоомж, стандартын дагуу албан ёсоор баталгаажуулж, органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгэн, органик болохыг илэрхийлсэн тэмдэглэгээг шошгод байршуулдаг болжээ.

"Органик бүтээгдэхүүнийг бид шууд хараад мэдэх боломжгүй. Зөвхөн тухайн бүтээгдэхүүн дээрх органик болохыг илэрхийлсэн тэмдэг тэмдэглэгээ, шошгоор нь таних боломжтой."
Бүртгэл, шошго бол органик бүтээгдэхүүнийг таних хамгийн энгийн арга аж. Энэ шошгыг наалгахын тулд үйлдвэрлэгчид хариуцлагажиж, хөгжлийн бодлогоо ч тийшээ чиглүүлж байна гэсэн үг. Яагаад гэвэл, энэ салбар өөрөө асар хурдацтай томорч, аварга том эдийн засгийг хэдийнэ бүрдүүлсэн. Хэрэглэгчдийн эхний сонголт нь органик бүтээгдэхүүн болж буй учраас энэ чиглэл руу хошуурагчид ч олширч байгаа юм байна. Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн статистик ч үүнийг нотолно. Нүцгэн тоо худал хэлдэггүй гэдэг дээ. Дэлхий даяарх органик хүнсний борлуулалт 1999 2021 оны хооронд тасралтгүй нэмэгдсээр байна. 1999 онд ердөө 15 тэрбум ам.доллар байсан энэ зах зээл 2021 онд 125, 2022 онд 135 тэрбум еврод хүрч өсжээ. Иймээс ч энэ зах зээлд оролцогчдын тоо тогтмол нэмэгдсээр байгаа юм. Хэдийгээр 2021 онд дэлхийн 191 улс органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байсан нь ганцхан жилийн дотор 188 болж буурсан ч тариалалт хийж буй талбай болон органик үйлдвэрлэл эрхэлж буй фермерүүдийн тоо тогтмол өссөөр байгаа юм.
Органик үйлдвэрлэл ба бэрхшээл
Дэлхийн 188 улс өнөөдөр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ зарлаад байна. Тэгвэл эндээс ердөө 76 нь л Органик бүтээгдэхүүний хуультай бөгөөд нэг нь Монгол. Гэвч хууль, эрх зүйн энэ орчин органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг үнэхээр дэмжиж чадсан уу. Найман жил үйлчилсэн хуулийн хүрээнд энэ салбар тэргүүлэхгүй юм гэхэд хөл дээрээ босчихоор хугацаа. Харамсалтай нь, хуулийг анх батлахдаа зөвхөн “хүнсний” гэж тодотгосон нь өөрөө энэ салбарын хөгжлийг хойш чангаасан байхыг ч үгүйсгэх аргагүй юм байна. Юу гэхээр, хөдөө аж ахуйн салбартаа тулгуурлан органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн нөөцтэй ч манайд одоо махны чиглэлийн хоёр, сүүний чиглэлийн ганцхан компани л байна. Мөн өнгөрсөн найман жилийн хугацаанд хүнсний чиглэлээр баталгаажуулалт авсан бүтээгдэхүүний тоо 800 ч хүрэхгүй байгаа бол хүнсний бус бүтээгдэхүүн ердөө 100 гаруйхан байна.
Энэ нь нэг талаар 2016 онд хууль зөвхөн органик хүнсний талаар батлагдсантай холбоотой бол нөгөө талаар органик бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн ойлголт муу, үйлдвэрлэлийн зардал өндөртэй холбоотой. Мөн төрөөс ямар нэгэн дэмжлэг, хөшүүрэг байхгүй нь уламжлалт үйлдвэрлэлээ органик болгох сонирхлыг аж ахуйн нэгжүүдэд өгөөгүй байх талтай аж. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд малчид, тариаланчдын органик арга, зарчмын талаарх мэдлэг ойлголт хомс, хэрэглэгчдийн органик бүтээгдэхүүний талаарх мэдлэг ойлголт муу, “органик” гэсэн үгийн маркетингийн үнэ цэнийг ашиглан, баталгаажуулалт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод хэрэглэгчдийг агуулга орох, төөрөгдүүлсэн баталгаажуулалтын байгууллагын боловсон хүчний чадавхыг сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэх зэрэг асуудал гол тулгамдаж байна.
Шинэчилсэн хуулийн амин сүнс
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд баталсан. Шинэчилсэн хуульд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжид дараах байдлаар татварын дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Үүнд:
- ААНОАТ-ыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх,
- Шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, органик бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг төрөөс санхүүжүүлэх,
- Сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэхэд төрөөс дэмжих,
- Органик бүтээгдэхүүн экспортолбол хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэх,
- Дэвшилтэт арга технологи нэвтрүүлж, нийтийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлснээ хуулийн дагуу нотолбол судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох
- Органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх.

"Шинэчлэн батлагдсан хуулийн гол амин сүнс нь татварын хөнгөлөлт. Органик хүнс гэж өмнөх хуульд заасныг бүтээгдэхүүн гэж томруулсан. Учир нь өнөөдөр гоо сайхан, ноос ноолуур, арьс шир зэрэг хүн хэрэглэж байгаа бүхий л бүтээгдэхүүнийхээ орц найрлагад анхаардаг болсон. Тэгэхээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Органик бүтээгдэхүүн” үйлдвэрлэвэл ААНОАТ-аас 5 жил 100 хувь хөнгөлүүлэх, дараагийн 5 жилдээ 50 хувь хөнгөлүүлэх гэдэг нь хуулийн шинэчлэлийн хамгийн том дэмжлэг юм. Органик бүтээгдэхүүний тухай хууль нь 2025 оны нэг сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ."
Шошго, шошго, бас шошго
Органик бүтээгдэхүүнийг шууд хараад таних боломжгүйг дээр өгүүлсэн. Тиймээс ч шошго бол хамгийн чухал нэг үзүүлэлт юм.

"Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргахад манайхаас өгч байгаа Органик шошго давуу тал болдог. Хүнсний бус бүтээгдэхүүн буюу ноос ноолуур, арьс шир, эсгий эдлэл болон сүүлийн үед гоо сайхны бүтээгдэхүүн буюу малын гаралтай түүхий эдээр хийгдсэн саван, шампунь зэрэг бүтээгдэхүүнд Органик шошго авч байна. Бүтээгдэхүүний орц найрлага, үйлдвэрлэлийн шат дамжлага, стандарт шаардлагыг хангасан эсэх, тухайн бүтээгдэхүүн баталгаажилт хийлгэсэн эсэх, үйлдвэрлэгч нь байгаль орчны үнэлгээ хийлгэсэн зэрэг олон шалгуур үзүүлэлтээр Органик шошгыг олгож байна."
Хэрэглэгчдийн хувьд Органик бүтээгдэхүүний бүртгэл, мэдээллийн сан (organic.gov.mn)-гаас албан ёсны баталгаажуулалт авсан бүтээгдэхүүний жагсаалтыг харах боломжтой юм. Тухайн бүтээгдэхүүний орцын хэдэн хувь нь органик байгаа болон хаанаас баталгаажуулалт олгосноос хамааруулан тэмдэг тэмдэглэгээ ялгаатай байдаг. Хуулийн хүрээнд органик бүтээгдэхүүнд хөндлөнгийн болон хамтын баталгаажуулалтыг “Эс эф си эс” компани болон Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар хийдэг бол хамтын баталгаажуулалтыг органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй байгаа нэр бүхий 32 хамтын баталгаажуулалтын байгууллага хийдэг аж.
Органик хууль бүтээгдэхүүнийг баталгаажуулах хүнсний батлагдсанаар ажил тухай органик бүртгэх эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус санд дотоодын 727 бүтээгдэхүүн, импортын 67 бүтээгдэхүүн албан ёсны органик баталгаажуулалт авчээ. бүтээгдэхүүний органик Хүнсний гэсэн баталгаажуулалт 2016 онд хууль батлагдсанаар бий болсон бол хүнсний бус бүтээгдэхүүний хувьд органик шошго олгох ажлыг 2008 оноос МҮХАҮТ эхлүүлжээ.
“Органик Монгол” хөтөлбөрийн хүрээнд органик үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, органик шошго олгох ажлыг хийж эхэлснээр одоогоор органик шошгыг 40-өөд аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 100 бүтээгдэхүүн авчээ. Хүнсний бус бүтээгдэхүүний хувьд органик авснаар танхимаас бүтээгдэхүүний ялгарлыг бий болгохоос гадна гадаад зах зээл руу экспортод гаргахад давуу тал болдог байна.
Тэгвэл төрийн зүгээс “Хүнсний аюулгүй байдал байгаль орчинд ээлтэй органик аж ахуйн эрхлэлтийг дэмжих” бодлого баримталж 2030 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн таван хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан. Харин Европын холбооны гишүүн орнууд 25, БНСУ30 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ.Гэхдээ манай улс энэ зорилтдоо хүрэхэд хийх зүйл их бий. Одоогийн байдлаар органик бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэг хувьд ч хүрэхгүй байна. Үүнээс зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүнээр жишээлж харвал органик баталгаажуулалт авсан ганц л үйлдвэр бий. 2022 онд органик сүү, сүүн бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэлийн хэмжээ ердөө 2000 литр байсан бол 2030 он хүртэлх зорилтоор 46.4 мянган литрт хүргэх ёстой.