Цөмийн хаягдал гэгч “мангаа”-гаар айлгаж цацраг идэвхт ашиг малтмалын хайгуул, олборлолтыг олон арванаар гацаасан түгжээ мултарлаа. Цөмийн хаягдал гэгч айдсаар хүлж байгаад гурав дахь хөрштэй түншлэх олон боломжийг боомилж байсан хаалга онгойлоо. Цөмийн хаягдал гэдэг нь шар нунтагтай ямар ч хамааралгүй гэдгийг ойлгуулахад ийм их хугацаа орж. Бидний хувьд одоогоор цацраг идэвхт ашиг малтмалын хувьд эцсийн бүтээгдэхүүн нь шар нунтаг түвшинд байна. Тиймээс цөмийн хаягдал биш цацраг идэвхт хаягдалдаа ямар менежмент хэрэгжүүлж, хэрхэн хянах тухай л ярих боломжтой юм.
Хууль
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтоо бодит алхам болгохоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодорхойгүй байсан асуудлуудыг шийдлээ. Ингэснээр урьдчилсан тооцоогоор жилд ам.долларын 367 сая борлуулалтын орлоготой байх ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээн дээр талууд удахгүй суух нь. Эдийн засгийн өгөөж, том хөрөнгө оруулалт яригдаж байгаа ч байгаль орчин, хог хаягдлын менежмент гол сэдэв хэвээр байна. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглосон бол олборлолтын явцад үүсэх хаягдлын менежментэд олон улсын стандарт мөрдөнө гэж заалаа. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг дагасан 20 өдрийн улстөржилт, нийтийг талцуулсан олон сэдвийг гаргаж ирсэн ч “Ээ дээ ашигтай, аюулгүй гэрээ хийгээрэй” гэсэн захиастайгаар парламентаас Засгийн газрын өргөн барьсан хуулийн өөрчлөлтийг хийж өгөв. Энэ хооронд нэг төсөлд зориулж хуулиа өөрчилж байна, Монгол Улсын хуулийн орчинд нийцүүлж гэрээнүүд хийгдэх ёстой гэсэн олон байр суурь уралдсан ч тусгай төлбөртэй холбоотой Цөмийн энергийн тухай хуульд тусгагдаагүй, тодорхойгүй байдлуудыг цэгцэлж авсан. Гишүүдийн олонх одоо айдас төрүүлсэн, толгой эргүүлсэн мэдээлэлд дөрлөгдөх биш шинжлэх ухааны ололтод хөтлүүлсэн шинэ боломжийг эрэлхийлсэн шийдвэрийг дэмжлээ.
Ирээдүй
Монгол Улс цөмийн болон байгалийн хий, устөрөгч зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийн төслүүдэд анхаарлаа хандуулж, ураны салбарт Франц улстай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр явуулах эгзэгтэй мөчид хуульд өөрчлөлт орууллаа. Засгийн газар Зөөвч овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглан хөрөнгө оруулалтыг гэрээ байгуулах зорилготой. Гэхдээ энэ удаагийн хуулийн өөрчлөлт дараа, дараагийн томоохон хамтын ажиллагаанд суурь нь болно.
Хөрөнгө оруулалтын орчин сайжирна, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн үндсэн зорилгоо хангах хуулийн өөрчлөлт хийгдсэн ч үүний цаана “Байгаль, эрүүл мэндэд үнэхээр аюулгүй биз дээ” гэсэн асуулт байсаар байна. Одоо хамгийн чухал асуудал энд төвлөрч буй. Хууль эрхзүйн орчны зохицуулалт, хяналтын менежмент, Монгол Улсын болон олон улсын стандартыг хог хаягдал дээр мөрдөх асуудал гол сэдвүүдийн нэг. Францын талтай хийж байгаа хэлэлцээрт ч Монгол Улс ашгаас гадна байгаль орчин, хог хаягдлын менежментэд анхаарлаа хандуулна. Өөрөөр хэлбэл, одоо стратеги, байгаль орчин талаасаа илүү анхаарах ёстой болж байна. Харин мэргэжлийн хүмүүс энэ чиглэлийн стандарт хатуу чанд боловсруулагдсан байдаг, аюулгүй гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Монгол-Франц
Ураны салбарт Франц улстай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний протоколд хоёр тал гарын үсэг зурсан явдал эрчим хүчний цоо шинэ эх үүсвэрийн талаарх төсөөлөл бодит болох хугацааг ойртуулах, Монгол Улс цөмийн эрчим хүчний түүхий эд олборлогч, нийлүүлэгч болох чиглэлд томоохон алхам хийсэн явдал болсон. Сая Цөмийн энергийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үүнийг дагалдуулан холбогдох хуулийн заалтуудыг өөрчиллөө. Хэлэлцээрийн шатанд Монголын талаас усны бохирдол, байгаль орчин зэрэг стратегийн гол байр сууриа хамгаалан няхуур ажиллаж, хоёр тал харилцан ашигтай тохиролцоо зүйл заалт бүхэн дээр нэгдэх ёстой учраас цаг хугацаагаар шахагдаж болохгүй. Ялангуяа талууд байгаль орчин, хог хаягдлын менежмент аюулгүй байдлын чиглэлд яв цав санал нэгдэх нь чухал юм.
Хаягдал
Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглож, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаа, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах асуудлуудыг тусгасан. Гэхдээ хаягдлын менежменттэй холбоотой олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг улстөржсөн өнцгөөр тараасаар байгаа. Одоогоор Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмал олборлоод гарах эцсийн бүтээгдэхүүн нь шар нунтгийн түвшинд яригдаж байна. Цацраг идэвхт ашигт малтмалыг хүдэр хэлбэрээр экспортлохгүй гэдгийг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулснаар нэмүү өртөг шингээх үйлдвэрийн боломжийг нэмэгдүүлсэн. Эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглах зэрэг нь дараагийн шатны зорилт. Тэр хүртэл цөмийн хаягдал яригдахгүй. Цөмийн хаягдал зөвхөн цөмийн технологи хэрэглэж байгаа улс орнуудад бий болдог. Цөмийн хаягдал гэдэг нь өөрийн оронд үүсгэсэн цөмийн реакторт ажиллуулаад гарсан хаягдлыг хэлдэг учраас Монгол Улсад хамааралгүй. Тэр тусмаа шар нунтагтай ямар ч хамааралгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ. Одоо бол олборлолтын явцад үүсэх байгалийн ураны бага хэмжээний хаягдал, түүнийг эрсдэлгүй болгох асуудал л яригдана.
Төслийн үйл ажиллагаанаас 250 иад тн цацраг идэвхт хаягдал гарна гэж тооцож байна. Үүнд хаягдлын менежмент хэрэгжүүлэх арга, нөхцөл шаардлагыг гэрээнд хатуу тусгана гэж байгаа. Энд цацраг идэвхт ашигт малтмалыг олборлох боловсруулахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны болон Хүдрийн олборлолт боловсруулалтаас үүсэх цацрагийн аюулгүй ажиллагааны менежментийн дүрмүүдийг мөрдөнө. Товчхондоо цацрагийн идвэхтэй хаягдлыг лендфил хэлбэрээр тэнд нь булшилна. Харин аюултай хог хаягдлын ангилалд байдаг шатах тослох материал, дугуйны хаягдал зэргийг тухайн бүсд аюултай хог хаягдлын тусгай үйлдвэр байгуулж устгана. Бага цацрагт хог хаягдал буюу нунтгийн сав, бээлий зэргийг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаана. Шинжээчид энд тийм аюултай хог хаягдал гарахгүй, цөмийн зэвсэг шиг айлгах мэдээлэл гаргах хэрэггүй гэжээ.
Конвенц
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмал олборлогч улс болохын тулд олон улсын байгууллагуудын өмнө үүрэг хүлээнэ. Конвенцуудад нэгдэн орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах боломж нээгдэнэ. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт орсны дараа гурван конвенцид нэгдэн орох асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн барьсныг парламент соёрхон баталлаа. Энд дурдагдаж байгаа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд 131 орон, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд 57 орон нэгдэн орсон байна. Дээр нь Олон улсын Атомын энергийн агентлагаас 1994 онд баталж, 1996 онд хүчин төгөлдөр болсон Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцод Монгол Улс нэгдэн орно. Гэхдээ эдгээр конвенцуудад байгаа ганц нэг заалтыг зарим нь бас л улстөржүүлсэн. Тухайлбал, цацраг идэвхт хаягдлыг тухайн материалын менежментийн аюулгүй ажиллагааг харгалзан, үүссэн улсад нь булшлах гэдэг асуудал. Үүнийг уншаад олборлоод үйлдвэрлэгч орон руу экспортолсон бол үүссэн улс нь Монгол болно гэж эргүүлэн тайлбарлаж эхэлсэн юм. Үнэндээ эсрэгээрээ бид түүхий эд нийлүүлнэ. Эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн орон үйлдвэрлэлийн явцад үүссэн хаягдлаа өөрсдөө зохицуулна. Монгол Улсад хамааралгүй. Тэр тусмаа шар нунтагтай ямар ч хамааралгүй гэдгийг конвенц дахь заалтуудаар тодорхой болгосон гэдгийг албаны хүмүүс нь онцолжээ.