Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан энэ сарын 29-ны ням гаригт Монгол бөхийн өргөөнд болно. Энэхүү барилдааныг Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой буюу 2011 оноос эхлэн зохион байгуулсан юм.

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд түрүүлсэн бөхөд олгодог цом нь шилжин явах цом бөгөөд түрүүлсэн бөхчүүдэд тухайн цомын жижигрүүлсэн хувилбарыг үүрд хадгалуулдаг. Энэхүү барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нар тус бүр хоёр удаа түрүүлсэн юм. Өнгөрсөн жилийн тухайд улсын начин Д.Амарсайхан түрүүлж, бөх сонирхогчдын дунд шуугиан тарьж байлаа.

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд дараах бөхчүүд түрүүлж байв.

  • 2011 онд улсын аварга С.Мөнхбат,
  • 2012 онд улсын заан М.Өсөхбаяр,
  • 2013 онд улсын заан Б.Пүрэвсайхан,
  • 2014 онд улсын аварга С.Мөнхбат,
  • 2015 онд улсын заан Б.Пүрэвсайхан,
  • 2016 онд улсын арслан Р.Пүрэвдагва,
  • 2017 онд улсын харцага Т.Баасанхүү,
  • 2018 онд улсын аварга О.Хангай,
  • 2019 онд улсын заан Б.Бат-Өлзий,
  • 2020 онд цар тахлын улмаас барилдаан болоогүй,
  • 2021 онд улсын заан Б.Бат-Өлзий,
  • 2022 онд улсын арслан Б.Орхонбаяр,
  • 2023 онд улсын начин Д.Амарсайхан,
  • 2024 оны түрүү бөх хэн бэ?