Царцаа, шоргоолж хоёрын тухай Гүрж ардын нэг үлгэр бий. Голд унасан найзыгаа аврахын тулд гахайнаас хялгас гуйж эхэлдэг энэхүү үлгэрийг хүмүүс ерөнхийдөө мэдэх байх. Тэгвэл энэ үлгэр шиг юм Монголын улс төрд саяхан тохиолдов. Үлгэр амар сайхан жаргадаг бол Монголд асуудал харамсалтай нь дөнгөж эхэлж байх шиг. Том сургамж үлдээсэн энэ сэдвийг бид шинэхэн дээр нь дахин сануулах нь зүйтэй гэж үзлээ.

асгийн газар 2025 оны төсвийн төслийг боловсруулж, УИХ түүнийг нь боож, баглаад батлав. Гэвч алдагдалтай төсөвт нь Ерөнхийлөгч хориг тавилаа. УИХ хоригийг хүлээн авч, баталсан төсвийн хуулиудаа хүчингүй болгосноор Засгийн газар төсвийн төслөө дахин өргөн барьж, УИХ эхнээс нь хэлэлцэж, ондоо багтан баталлаа. Ямар боловч Монгол Улс шинэ он гарахаас өмнө алдагдалгүй төсөвтэй болсон нь сайн хэрэг. Гэхдээ 2025 оны төсвийн хуулийн хэлэлцүүлэг шиг зүйл ирэх жилүүдэд ч давтагдахгүй гэх газаргүй. Иймээс л том сургамж үлдээлээ гэж тодотгоод байгаа юм.

Хуулиудыг халамжаар дүүргэсний гор

Монгол Улс халамжаас хөдөлмөрт шилжих уриатай. Гэвч 2024 оны сонгуулиас өмнө маш олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж халамж, урамшуулал, татаас нэмсэн. Мөн салбарын хуулиудаар төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд гаргасан нь төсвийн хамгийн том ачаа болж хувирав.

Хууль тогтоомж гарсан ч, төсөвт багтахгүй хүлээгдэж байгаа 4.5 их наядын зардал байна. Энэ удаагийн төсвийн сургамж ерөөсөө хуулийн өөрчлөлтөөр нэмэгдэж байгаа зардлуудад шинжилгээ хийж, халамж, урамшуулал, татаастай заалтуудыг цөөлөөгүй нь ирэх жилийн төсөв улам хүндрүүлэх нөхцөлтэй болов.

Төсвийн тэлэлтийн гол шалтгаан инфляц, статистик өсөлтөөс илүү төрийн хууль тогтоомжоор нэмэгдүүлсэн зардал. Төсвийн бодлогоор зангидахгүй салбарын хуулиудыг өөрчлөх замаар зардал нэмдэг. Тиймээс намар бүр хуультай юм чинь зардал тавихаас өөр аргагүйд хүрдэг. Зөвхөн нийгмийн даатгалыг аваад үзэхэд суурь хуулиар зохицуулахаас өмнө салбарын хуулиудын өөрчлөлтөөр нэмсэн зардлууд байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурортой холбоотой хуульд өөрчлөлт оруулж, шимтгэл төлөх хугацаа, нас, тэтгэвэр бодох хувь хэмжээг нийгмийн даатгалын хуулиас ялгаатайгаар хуульчилсан. Энэ мэт салбарын хуулиар хэдэн иргэн тэтгэвэрт гарсан талаарх тооцоо судалгаа, мэдээлэл ч байдаггүй.

Түүнчлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр авч байгаа иргэд бусдаас 5-10 жилийн өмнө тэтгэвэрт гардаг. Тэд нийт тэтгэвэр авагчдын 46 хувийг эзэлж байна. 16 төрөл мэргэжил үүнд хамрагдаж байгаа. Зөвхөн нийгмийн даатгалыг авч үзэхэд л хуулийн өөрчлөлтөөс үүсэж буй алдагдал нь 1.4 их наядаар хэмжигдэж байна. Үүнийг татвар төлөгчдийн мөнгөөр л санхүүжүүлнэ.

Нэг удаа аргаллаа. Харин ирэх жил...

Ирэх оны төсвийг өнгөрсөн намар хэлэлцэж эхлэхэд батлагдсан хууль тогтоомжийн дагуу нэмэгдэх зардал 595.7 тэрбум төгрөг буюу урсгал зардлын өсөлтийн 11.2 хувийг эзэлж байгааг албаныхан онцолж байсан.

Цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой хуулийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх зардал гэхэд 371 тэрбум төгрөг. Мөн байгаль хамгаалах нөхөн сэргээх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Улс орон нутгийн авто замын сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу нэмэгдэж байгаа зардлууд 155.6 тэрбум төгрөг. Үүн дээр ногоон орон сууц, орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчдын ипотекийн хөнгөлөлтөд 93.5 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарч байсан юм. Ийнхүү эрс нэмэгдсэн урсгал зардлаас хуулийн өөрчлөлтийн замаар танах оролдлого хийсэн ч зарим санал нь Их хурлын босго давсангүй. Зөвхөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар урсгал зардлаас 0.8 их наяд төгрөг хэмнэхээр боллоо. Энэ мэтээр нэг удаа эдгээр зардлыг багасгаж болох ч цаашид яах вэ. Улс эдийн засгаа тэлж, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаа өргөтгөж, ажлын байр нэмэгдүүлж, компаниудад боломж нээх ёстой. Ингэхийн тулд тэгш бус байдал үүсгээд байгаа халамж, урамшуулал, татаасын заалттай хуулиудаа эргэж харах шаардлагатай байна.

Сонгуулийн “амлалтууд” төсөвт ачаа нэмэх нь

Сангийн сайдын мэдээлснээр 2025 оны төсвийн нэмэгдэж байгаа зардлын 60-70 хувийг хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал эзэлж байгаа. Үүн дээр хууль тогтоомж нь аль хэдийнэ батлагдсан, төсөвт багтахгүй хүлээгдэж байгаа 4.5 их наядын зардал бий. Одоо хуулиудыг эргэж харахгүй бол ирэх жилийн төсөв даахгүй.

Юуны өмнө сонгуулиас өмнө баталсан амлалтын шинжтэй хуулиудыг хэрэгжүүлэх зардал төсөвт дарамт болж байна. Халамж, урамшууллын бодлогоо эргэж харахгүй бол цаашид ч төсөвт хүнд ачаа болсон хэвээр байх нь.

Нэмээд татаас, урамшуулалтай үндэсний хөтөлбөрүүд төсвийн ачааллыг нэмэгдүүлж, инфляцыг өдөөж байгааг анхаарах шаардлага бий. Сонгуулиас өмнө баталсан хууль тогтоомжийн дагуу нэмэгдсэн зардал 595.7 тэрбум төгрөг. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах, ноос ноолуур, улаанбуудайн урамшуулал, тэтгэврийг долоон жилээр биш таван жилээр тооцох аргачлал, төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл, хоршоодыг дэмжихтэй холбоотой зардлууд ч бий. Үүн дээр төвлөрлийг сааруулах зорилготой орон нутгийн 40 хувийн нэмэгдэл, таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох зэрэг шийдвэрүүд үүнд нөлөөлж буй.

Комисс, хороо, зөвлөлүүдийг татан буулгах санал

Зардал дээр зардал болсон байгууллагуудыг татан буулгах асуудал яригдаж эхэллээ. Төрийн алба данхайж байгаа гол шалтгаануудын нэг давхардсан чиг үүрэгтэй байгууллагууд нэмэгдэж байгаа явдал. Салбар хуулиудаар эрх олгож, дарга нарыг дэргэдээ зөвлөл хороо байгуулах эрх өгч, төсөв зарцуулах болсон сонгуулийн шагнал маягтай албан тушаалын томилгоонууд болж хувирсан. Яамд өөрөө бодлого тодорхойлох ажлаа хийхгүй дэргэдээ комисс, хороо, зөвлөл гэх мэтийг байгуулчихдаг. Зөвхөн Эрчим хүчний үндэсний хорооны судалгаа мэдээллийн зардал л гэхэд олон тэрбумаар тоологдох асуудал сөхөгдөж эхэлсэн. Гажуудлыг хуулиар хааж зохицуулахгүй бол төрийн байгууллагын хаяанд том нэртэй, том төсөвтэй талбай тойрсон шилэн байшин түрээсэлж суудаг “пи ар”-ын байгууллагууд ч нэмэгдсээр байна.

Сүүлчийн боломж

Сүүлчийн боломжоо ашиглаж, УИХ хуулиудаа “шүүрдэж” урсгал зардал эрс нэмэгдүүлсэн шийдвэрүүдээ эргэж харахгүй бол ирэх жилийн төсөв бас л улс төрийн гацаа үүсгэж мэднэ. Санхүүжилтгүй хүлээгдэж байгаа 4.5 их наядыг ирэх оны төсөвт суулгах боломж бараг байхгүй. Халамжийн чанартай бодлогын алдааг төсөвт үүрүүлээд явбал ирэх жилүүдийн төсөв бүр ч даахгүй. Одоо Нийгмийн даатгалын хуульд нэмж нэг л зардал ногдуулбал дампуурна гэж сайд нь хэлээд буй нь үүний нэг л жишээ. Энэ бүхэн энэ жилийн төсвийн гол сургамж. Салбарын хуулиудад төсвийн бодлогогүй хандсаны балаг. Одоо эрх олгосон, хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлсэн, татаас урамшуулал хавтгайруулсан, халамжийн шинжтэй заалт хавчуулсан, ялгамжтай байдал үүсгэсэн бүх хуулиа “шүүрдэж” үзэх цаг болжээ. Ингэж чадахгүй бол энэ үлгэр амар сайхандаа жаргаж дуусахгүй нь нэгэнт тодорхой болоод байна.