“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 618 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох сэдвүүдийг танилцуулъя.

НЭГ. Дээд шүүхийн хэрэгжээгүй шийдвэр

Хөгжлийн банкны гэх хэргээр Дээд шүүхээс ял сонссон хоёр ялтны нэг нь шорон руу, нөгөө нь ордон руу хүргүүллээ. Тодруулбал, Хуралдаан даргалагч УДШ-ийн шүүгч М.Пүрэвсүрэн “Монгол Улсын нэрийн өмнөөс...” хэмээн шийдвэрээ уншиж дуусгамагц цагдаагийнхан Хөгжлийн банкнаас зээлийг нь бүтээж өгөхийн тулд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр ял шийтгүүлсэн УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэгийг хорих анги руу хуяглан хүргэв. Харин Хөгжлийн банкны Санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” компанид давуу байдал олгон улсыг хохироосон болох нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар өргөдлөө өгөхийн оронд Төрийн ордонд хууль батлаад сууж байна...

Хэн гэдэг албан тушаалтан Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирэх вэ гэдэг нь өнөөдөр мөрдөгдөж байгаа аль ч хуульд алга аа. Улсын Ерөнхий прокурор, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн дарга, эсвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, ШШГЕГ-ын дарга, намынх нь дарга хэн нь ч биш. Бүр шүүх албажсан шийдвэрээ УИХ-ын даргад хүргүүлэх үү, УИХ-ын Тамгын газрын даргад хүргүүлэх үү, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад хүргүүлэх үү гэдэг нь ч тодорхойгүй байна. Тодорхойгүй байдал тодорхойгүй үр дагаврыг үүсгэдгийн нэг жишээ нь хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн Дав.Цогтбаатар өнөөдөр ч хууль батлаад байгаагаар тодорхой болж байгаа тул нарийвчилсан зохицуулалт хийх шаардлагатай болжээ.

Г.Улсболдын “Хууль баталсан анхны ялтан” нийтлэлээс

ХОЁР. Нутаг буцах хүсэл

Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгаанд дэлхийн 18 улсад зургаа болон түүнээс дээш сар оршин суугаа 1865 иргэн хамрагджээ. Тус судалгаанд хамрагдагсдын 61 хувь нь эх орондоо буцаж ирэх төлөвлөгөөтэй бөгөөд үүний тал хувь нь таван жилийн дотор буцахаар төлөвлөж байгаа гэжээ. Харин 39 хувь нь нутаг буцах төлөвлөгөөгүй гэж хариулсан байна. Түүнчлэн 23.1 хувь нь оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой байна гэж хариулжээ.

Гадаадаас буцаж эх орондоо суурьшихаар ирж буй иргэдийн дийлэнх хувь нь сайн дурын үндсэн дээр ирдэг аж. Харин зарим нь хаана амьдарч, ажиллаж байгаагаас шалтгаалан тухайн улсдаа өндөр татвар төлөх, амьжиргааны зардал зэргээс шалтгаалан нутаг буцах шийдвэрийг гаргадаг байна. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнууд буюу АНУ, Канад, Их Британи, Герман гэх мэт улсад амьдрах нь харьцангуй өндөр зардалтай байдаг аж. Энэ нь орон байрны үнэ, амьдралын өртөг, эрүүл мэндийн даатгалтай холбоотой байна. Жишээ авч үзвэл, Numbeo судалгааны төвөөс гаргасан тооцооллоор АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч буй гадаад иргэд сард дунджаар 3580 ам.доллар буюу 12.5 сая төгрөгийг сарын хэрэглээндээ зарцуулахаар байна. Харин гэр бүлтэйгээ хамт амьдарч байгаа тохиолдолд үүнийг хоёр дахин нугалсан зардлыг сар болгон гаргахаар тооцжээ.

И.Сарангоогийн “Гадаад диваажин биш” нийтлэлээс

ГУРАВ. Нийгмийн баталгаагүй нэрийн данс

1979 оноос хойш төрсөн хүмүүс сонголтгүйгээр нэрийн дансанд суурилсан аргачлалаар тэтгэвэр тогтоолгоно. Гэвч нэрийн данс ирээдүйд нийгмийн баталгаа болж чадахгүй нь. Нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгох иргэд одоогийн тэтгэврийн насныхнаас дор амьжиргаатай болох эрсдэл өндөр байна.

Жишээлж үзье. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний нэрийн дансанд хуримтлал болон хүү нийлээд адилхан 150 сая төгрөг хуримтлагдсан гэж бодъё. Тэгвэл 150 сая төгрөгийг эмэгтэй хүн 22 жил буюу 264 сар хувааж авна. Харин эрэгтэй хүн мөнгөө 15 жил буюу 180 сар хувааж авна. Тэгэхээр эмэгтэй хүний сарын тэтгэвэр 568182 төгрөг, эрэгтэй хүнийх 833333 төгрөг болохоор байна. Хэдийгээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ижил хэмжээний мөнгө хураасан ч сарын зөрүү нь бараг 300 мянган төгрөгөөр хэмжигдэх нь. Түүнчлэн хэдийгээр нэрийн дансанд хуримтлагдах мөнгөнд хүү бодож, өнөөгийн үнэ цэнийг хадгалах ч гэлээ 5, 10 жилийн дараа 500 мянган төгрөгийн тэтгэвэр хүний нийгмийн баталгаа болж чадахгүй. Нэг жилд 500 мянга гаруй төгрөгөөр тэтгэвэр тогтоогоод дараа жил нь үүнийг өөрчлөх эсэх ч тодорхойгүй байна. Хоёрдугаарт, хүмүүс тэтгэвэр авах 22, 15 жилээ гүйцээхгүй нас барвал яах вэ. Нэрийн дансанд цугласан мөнгийг ар гэрийнхэнд нь өвлүүлэх зохицуулалт одоогоор алга.

Б.Цэнд-Аюушийн “Нэн эрсдэлтэй нэрийн данс” нийтлэлээс

ДӨРӨВ. Төсвийн ачаа

Сангийн сайдын мэдээлснээр 2025 оны төсвийн нэмэгдэж байгаа зардлын 60-70 хувийг хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал эзэлж байгаа. Үүн дээр хууль тогтоомж нь аль хэдийнэ батлагдсан, төсөвт багтахгүй хүлээгдэж байгаа 4.5 их наядын зардал бий.

Сүүлчийн боломжоо ашиглаж, УИХ хуулиудаа “шүүрдэж” урсгал зардал эрс нэмэгдүүлсэн шийдвэрүүдээ эргэж харахгүй бол ирэх жилийн төсөв бас л улс төрийн гацаа үүсгэж мэднэ. Одоо эрх олгосон, хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлсэн, татаас урамшуулал хавтгайруулсан, халамжийн шинжтэй заалт хавчуулсан, ялгамжтай байдал үүсгэсэн бүх хуулиа “шүүрдэж” үзэх цаг болжээ. Ингэж чадахгүй бол энэ үлгэр амар сайхандаа жаргаж дуусахгүй нь нэгэнт тодорхой болоод байна.

С.Эрдэнэбаярын “Төсвийн сургамж” нийтлэлээс

ТАВ. Төр хамгийн муу менежер

өнгөрсөн 10 орчим жил ипотекийн зээл иргэдийн байр авах мөрөөдлөө бодит болгох чухал хөшүүрэг байв. Байв хэмээн тодотгож, өнгөрсөн цаг дээр өгүүлж буй нь учиртай. Төрийн бодлого, тооцоогүй шийдвэрийн улмаас өнөөдөр уг зээлийн санхүүжилт багасаж, олголт хоёр дахин буураад байгаа төдийгүй эрэлтээ хангаж чадахгүйд хүрлээ. Ипотекийн зээлийн хүсэлт гаргасан иргэдийн дийлэнх нь өргөдөл гаргаад 1-2 жил хүлээж, орон сууцны зээл авч буй. Одоогоор нийт 17.4 мянган өрх ипотекийн зээл авах хүсэлт гаргачихаад хүлээж байна.

Түүнчлэн ипотекийн зээл олголт тодорхойгүй, тогтмол биш, сонгуулийн өмнө журам, санхүүжилт зэрэг нь дэнсэлж, донсолдгийн улмаас барилгын үнэ ч өссөөр байгаа. Нийслэлд орон сууцны үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд буюу хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээс хойш хоёр дахин нэмэгджээ. 2013 онд 111 сая төгрөгөөр борлуулагдаж байсан байрны ханш 2023 онд 222 сая болжээ. Байрны үнэ ийн “хөөсөрсөн”-ийг дан ганц ипотекийн зээлтэй холбоотой гэж үзэх нь өрөөсгөл ч тодорхой нөлөө үзүүлж буй. Өрхийн орлогын гуравны нэгийг орон сууц худалдан авах эсвэл түрээслэхэд зарцуулж байвал орон сууц нь худалдан авах чадварт нийцтэй гэж үздэг бол манай улсад энэ үзүүлэлт 2-2.5 дахин их байгаа нь иргэдийн орлоготой харьцуулахад орон сууц 2-2.5 дахин үнэтэй байгааг харуулж байна.

О.Даваасүрэнгийн “Төр оролцож, нөхцөл дордов” нийтлэлээс

ЗУРГАА. Инфляц өдөөх цалингийн нэмэгдэл

Жил хүрэхгүй хугацаанд төрийн албан хаагчдыг цалин нэмдэг жишиг тогтлоо. Хамгийн сүүлд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн нийтлэг үйлчилгээний салбарын цалинг 20 хувиар нэмсэн бол 2025 онд дахин төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэхээр төсөв баталсан. Цалин нэмэхээс гадна төрийн албанд ажиллах орон тоо ч жилээс жилд өсөж байна. Нийгмийн даатгалын байгууллагын мэдээллээс харахад нийт ажиллагсдын 28 хувь нь өнөөдөр төсөвт байгууллагад ажиллаж, дунджаар 2.6 сая төгрөгийн цалин авдаг.

2025 оны төсвийг хэлэлцэн батлахдаа ирэх онд төрийн албанд шинээр нэмэхээр тооцсон 2000 гаруй ажлын байрыг 1100-аар бууруулж, 40 тэрбум төгрөгийг төсвийн урсгал зардлаас хассан. Гэсэн ч төрийн албан хаагчдын тоо ирэх онд 1000-аар өснө. 2025 оны төсвийн зардал 33.5 их наяд төгрөг байгаагийн 11.5 их наяд төгрөгийг төрийн албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалд зарцуулах юм.

Төрийн албаны бүтээмжийг өсгөлгүйгээр албан хаагчдын орон тоо, тэдний нэрлэсэн цалинг өсгөсөн нь 2025 онд “үнэ, цалин ээлжлэн өсөх үзэгдэл” үргэлжлэх анхааруулга гэлтэй. Цалинг нэмсэн ч орон тоог нэмэхгүй, чадварлаг цомхон бүтэц байгуулах, эсвэл технологи, инновац нэвтрүүлэх төрийн албан хаагчдын бүтээмжийг өсгөснөөр “Үнэ, цалин ээлжлэх үзэгдэл”-ийг сөрөх боломжтой билээ.

М.Мөнхжаргалын “2025 он: Цалин нэмнэ, үнэ өснө” нийтлэлээс

ДОЛОО. Цахим халдлага

Монгол Улсын хувьд цахим үндэстэн болохоо зарлаад дөрвөн жилийн хугацаа өнгөрөөд буй. Энэ хугацаанд манай улс кибер аюулгүй байдлыг сайжруулах, төрийн болон хувийн байгууллагуудын хамгаалалтыг бэхжүүлэх, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой алхмуудыг хийсэн. Гэсэн хэдий ч эдгээр алхам нь иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн гүйцэт хангахад чамлалттай байна. Өнгөрсөн хугацаанд манай улсыг чиглэх цахим халдлагуудад удаа дараа болж, иргэдийн эмзэг мэдээлэл алдагдсан тохиолдлууд гарсаар буй билээ.

Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14 мянга гаруй залилах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэний 97 хувь нь зөвхөн цахим орчинд үйлдэгдсэн аж. Мөн цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн тоо өнгөрсөн таван жилийн хугацаанд 14.9 дахин өсөж, зөвхөн сүүлийн нэг жилд гэхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээ 139 тэрбум төгрөгт хүрээд буй.

Судалгаагаар, MNS ISO/IEC 27001 стандартын дагуу орон нутгийн 605 төрийн байгууллагад үнэлгээ хийхэд 70 хувь нь кибер халдлагын эрсдэлээ тооцоолж чаддаггүй гэх үр дүн гарчээ.

И.Сарангоогийн “Кибер хил” нийтлэлээс

НАЙМ. Ерөнхийлөгчийн ивээл

Цагаан ордныг орхихоосоо өмнө Жо Байден нэг өдрийн дотор 1500 хүний ​​ялыг хөнгөлж, 39 хүнд өршөөл үзүүлэн ялаас бүрэн чөлөөлсөн нь АНУ-ын түүхэнд өмнө нь бичигдээгүй тохиолдол болсон юм. Галт зэвсэг хууль бусаар эзэмшиж, татвараас зайлсхийсэн хүүдээ өршөөл үзүүлсэн түүний шийдвэрийг хууль тогтоогч, хүний эрхийн идэвхтнүүдээс эхлээд Америкийн жирийн иргэд ч эгдүүцэн хүлээж авсан тул Ерөнхийлөгч ийнхүү өгөөмөр хандсан хэрэг. Нэг дор олон хүнд өршөөл үзүүлсэн зарлигаа Байден хүчирхийллийн бус гэмт хэрэг үйлдсэн ч алдаж эндсэн хэн бүхэнд амьдралаа шинээр эхлэх боломж олгох нийгмийн зарчимтай холбож тайлбарласан бол Хантерын асуудалд хүүгээ улс төрийн хавчлага, дарамтаас сэргийлсэн эцэг хүнийг ойлгож дэмжихийг хүссэн юм.

Нэгдсэн улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч импичментээс бусад тохиолдолд гэмт үйлдлийг өршөөх, ялыг хөнгөвчлөх эрхтэй. Гэхдээ зөвхөн холбооны шүүхээс ял шийтгэсэн хүчирхийллийн бус хэрэгт өршөөл үзүүлэхээр хязгаарлагдмал. Жо Байдены хувьд төрийн тэргүүний өршөөл үзүүлэх боломжийг ашиглаж буй 26 дахь Ерөнхийлөгч болж буй. Ойр дотнынхондоо өршөөл үзүүлсэн Ерөнхийлөгч нарын нэг нь сарын дараа Цагаан ордонд эргэн ирэх Дональд Трамп. 2020 онд Трамп охин Иванкагийнхаа хадам эцэг Чарльз Кушнерт өршөөл үзүүлж хоёр жилийн хорих ялаас хэлтрүүлж байв.

С.Лхагвасүрэнгийн “Өршөөлийн цаана” нийтлэлээс

ЕС. Анхдагчид

“Дон Жуан” дуурийн анхны тоглолт 1787 оны аравдугаар сарын 29-нд Прага хотын үндэсний театрт болжээ. В.А.Моцартын хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд хөгжим судлаачид түүний хамгийн алдартай гурван уран бүтээлийн нэг хэмээн нэрлэдэг. Хоёр бүлэгт уг дуурийн либреттог Лоренцо да Понте 1630 онд бичсэн бөгөөд Испанийн домгоос сэдэвлэн бүтээжээ. Лоренцо да Понтегийн хувьд мөн түүний “Фигарогийн хурим” дуурийн цомнолыг бичсэн юм.

Австрийн “Культур Контакт” болон Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран 2004 оны аравдугаар сарын 21, 22, 23-нд “Дон Жуан” дуурийг Монголын тайзнаа анх амилуулсан түүхтэй. Уг бүтээлийг тайзнаа тавихад Австри, Итали, Герман, Албани, Япон, Словак, Серби улсын уран бүтээлчид хамтран ажиллажээ. Тодруулбал, тус дуурийн найруулагчаар Австрийн найруулагч П.Флийдер, зураачаар Словакийн зураач О.Шуяан, балетмейстрээр Сербийн уран бүтээлч Д.Еринкич нар ажилласан байна.

О.Эрдэнэчимэгийн “Австри найруулагчийн ураар Монголын тайзнаа мэндэлсэн “Дон Жуан” нийтлэлээс

АРАВ. Өөрийгөө тань

Ийм ч төрийн салбарт зүтгэмээр, тийм ч бизнес хийж үзмээр, гадагшаа ч явмаар, эх орондоо ч оршмоор түмэн бодол бидэнд төрдөг. Яг юуны төлөө, ямар хугацаанд, хэрхэн хичээж, ирээдүйд юуг бүтээх вэ гэдгээ тодорхойлохгүйгээр өдөр хоногийг өнгөрөөвөл хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийнхөө хийх гэж буй зүйлсийг танин мэдэх нь амьдралын зорилго, утга учиртай холбоотой чухал алхам. Энэ нь танд өөрийгөө ойлгоход, зорилгоо тодорхойлоход туслах бөгөөд амьдралдаа илүү зоригтой, утга учиртай алхам хийх боломжийг олгоно.

О.Эрдэнэчимэгийн “52-ын төлөвлөгөө” нийтлэлээс