Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал Улаанбаатар хотын агаарын чанарын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Агаарын чанарын гол үзүүлэлтээр зургаан үндсэн элементийг хэмжиж байгаа. 2019-2020 онд үзүүлэлтүүд нэлээд буурч, хүхэрлэг хий өссөн. Харин 2021 оноос хойш хүхэрлэг хийн үзүүлэлт буурсан. Өнгөрсөн жилийн 11, 12 дугаар сард салхи ихтэй байсан учир агаарын бохирдол харьцангуй бага байв. Энэ жилийн 11 дүгээр сард агаарын бохирдол хүлцэх хэмжээнд ойролцоо байсан. Харин 12 дугаар сард хотгор газрын хүйтэн агаартай холбоотойгоор агаарын бохирдол ихсэж байна. Маргаашаас ихэнх нутгаар цас орно. Тиймээс эцэг эхчүүд эдгээр өдрийг ашиглаад хүүхдүүдээ агаарт гаргах боломжтой. Гэр хороололд ялангуяа Баянхошуу хавьд агаарын бохирдол хамгийн өндөр байгаа" гэв.