Хүн бүрийн аливаа зүйлсийг сурах арга барил, процесс өөр байдаг. зарим хүн шинэ мэдлэгийг хурдан бөгөөд амархан авдаг бол, зарим нь хэт гүнзгий эргэцүүлж, удаан хугацаагаар суралцах шаардлагатай болдог.

Энэ ялгаа нь тархины үйл ажиллагаа, тухайн хүний сэтгэл зүй, туршлагаас хамаардаг. Тухайлбал, тархины үйл ажиллагаа нь мэдээллийг хэрхэн хүлээн авч, боловсруулж, хадгалж байгаагаас шалтгаалаад бидний сурах арга барил харилцан адилгүй байдаг аж. Иймээс суралцах арга барилаа илүү үр дүнтэй болгохын тулд өөрийн тархины үйл ажиллагааг хэрхэн ажиллаж байгааг ойлгож, түүнд тохирсон аргачлалуудыг сонгох нь чухал юм.

Тархи ба суралцахуйн арга барил

Тархи бол бидний оюун санаа, мэдрэмж, үйлдлийг удирддаг төв мэдрэлийн тогтолцоо бөгөөд суралцах явц нь тархины олон хэсэг хоорондын харилцан үйлчлэлээр явагддаг. Тархи шинэ мэдээллийг авч, боловсруулахдаа мэдрэлийн холбоосууд бий болгож, хадгалах замаар ажилладаг. Энэ процессыг нейропластик гэж нэрлэдэг. Нейропластик нь суралцах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Тархины нейропластик шинж чанар нь бидэнд өөрсдийн мэдлэг, ур чадварыг шинэчилж, шинэ туршлагаас суралцах боломжийг олгодог. Жишээлбэл, хүүхдүүд шинэ хэл сурахдаа нейропластикийн өндөр түвшинд байдаг бөгөөд тархи маш хурдан шинэ холбоосууд үүсгэж, мэдээллийг боловсруулдаг. Харин нас ахих тусам нейропластикийн үйл явц удааширдаг ч, зөв дадал, идэвхтэй суралцах арга барилын тусламжтайгаар бид тархины нейропластик чанарыг идэвхжүүлж, суралцах чадвараа сайжруулах боломжтой. Иймээс тархины нейропластик үйл явц хэрхэн ажиллаж байгааг ойлгох нь суралцах үр дүнг сайжруулах чухал гарц юм.

Тархи суралцахдаа хэд хэдэн энгийн шат дамжлагаар ажилладаг. Эхний шатанд бид шинэ мэдээллийг хүлээн авна. Мэдээлэл анхаарал татахуйц, сонирхолтой, эсвэл амьдралд хэрэглэгдэхүйц байх тусам тархи түүнд илүү идэвхтэй хариу үйлдэл үзүүлнэ.

Үүний дараа тархи энэ мэдээллийг боловсруулах, хадгалах үйл явц руу шилждэг. Үр дүнд нь бидний тархи цаг хугацаа өнгөрөх тусам шинэ мэдлэгийг илүү амархан эзэмших болж, хуучин мэдээллийг шинэ мэдээлэлтэй илүү сайн холбож хадгалж үлддэг.

Онолоос онцлохуй

Суралцах арга барилын талаар олон судалгаа, онол байдаг бөгөөд үүн дотроос хамгийн танигдсан, өргөн хэрэглэгддэг нь Дэвид Колбын суралцах арга барилын онол юм. Тэрээр 1984 онд суралцах хэв маягийн онолын үндсэн загварыг тодорхойлсон. Түүний үзэж байгаагаар хүмүүсийн суралцах хэв маяг нь төрсөн нөхцөл, орчин, мөн урьд өмнө олж авсан туршлагаас хамаардаг гэж үздэг. Тухайлбал, Дэвид Колбын онол нь хүн бүрийн суралцах арга барилыг дөрвөн үндсэн хэв маягаар ангилж авч үздэг.

Шударга ажиглагч

Шударга ажиглагчид нь мэдлэг олж авахдаа туршлага хуримтлуулсны дараа тухайн явдлыг гүнзгий эргэцүүлэн бодохыг илүүд үздэг хүмүүс юм. Энэ төрлийн суралцагчид мэдээллийг амьдралынхаа туршлагаас олж авсан бөгөөд эргэцүүлэн бодож, гүнзгий дүгнэлт хийх замаар суралцдаг.

Эмпирик суралцагч

Эмпирик суралцагчид нь амьдралынхаа туршлагаас шууд мэдлэг олж авахыг илүүд үздэг. Тэд шинэ мэдээлэл болон ур чадварыг онол биш, харин биеэр туршиж, туршлагаасаа дүгнэлт хийж суралцдаг. Эмпирик суралцагчид нь гүнзгий эргэцүүлж, энэ туршлагаа дахин дахин шинжилж, ойлголт бүрийг нарийн тодорхойлж байдаг.

Шинийг санаачлагч

Шинийг санаачлагчид нь зөвхөн бодит туршлагаар биш, харин онол болон логик зарчмаар мэдээллийг нэгтгэж, өргөн хэмжээний ойлголт, шинэ санаа бүтээх хүсэлтэй хүмүүс юм. Тэд шинэ мэдээллээс тодорхой дүгнэлтүүд хийж, түүнийг системчилж, шинэ онол эсвэл загвар гаргахад чиглэсэн байдаг.

Практик туршигч

Практик туршигчид нь онол болон туршлага дээр тулгуурлан, шинэ мэдээллийг амьдралд хэрэглэж, ямар үр дүнтэй болохыг бодит нөхцөлд туршиж үздэг хүмүүс юм. Тэд шинэ мэдлэг, ур чадварыг шууд бодит нөхцөлд туршиж, энэ мэдлэгийг ашиглан сайжруулалт хийхийг илүүд үздэг.

Дэвид Колбын суралцах хэв маягийн онол нь суралцах үйл явцыг илүү ойлгомжтой, системтэй болгоход тусалж, тархины чадамжийг хамгийн үр дүнтэй ашиглах боломжийг олгодог.

Хүн бүр өөрийн суралцах хэв маягаа ойлгож, түүнд тохирсон арга барилаар суралцах нь мэдлэгээ амжилттай эзэмших, шинэ чадваруудыг хурдан олж авах үндэс болдог. Ингэснээр зөвхөн суралцах үйл явц сайжрах төдийгүй, тухайн хүн амьдралдаа илүү итгэлтэй, эрч хүчтэй хандахад тусалдаг байна. Эцэст нь, өөрийн суралцах хэв маягийг олох нь зорилгодоо хурдан, үр дүнтэй хүрэхэд чухал түлхүүр болж өгдөг. Ингэхийн тулд өөрийн суралцах хэв маягаа ажиглаж, аль арга барил илүү үр дүнтэй болохыг туршиж, өөрийн суралцах хэв маягаа тодорхойлоорой.