Хуулийн хугацаанд багтаахаар яаравчлан баталсан 2025 оны төсвийн хууль Ерөнхийлөгчийн хоригоор хүчингүй болж, Засгийн газар дахин төсвийн хуулийн төсөл өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл УИХ өчигдөр 2025 оны төсвийн хуулийг хоёр дахь удаагаа эцэслэн баталлаа. Ингэхдээ анхны хувилбараас орлогыг 394 тэрбум, зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулан алдагдалгүй төсөв батлав.
Төсвөөс үр ашиггүй зардлуудыг хасах гишүүдийн шаардлага хийгээд Ерөнхийлөгчийн хориг нь ирэх оны төсвийг дахин хэлэлцэх нөхцөл үүсгэв. Энэ нь Үндсэн хуулийн дагуу 126 гишүүнтэй байгуулагдсан парламентын төлөөллийн зарчмыг хангах, эрүүл мэтгэлцээн өрнүүлэх үндсэн зорилго биелж буйн жишээ болов. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр нөлөө ийнхүү алдагдалгүй төсвөөр илэрч байна. Харин дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээ дагуулан хуулийн төслийг боловсруулах бус төсвийн хуульдаа тааруулан төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчилж байгаа нь цаашид анхаарах шаардлагатай асуудал болж буй.

Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой бас олон талын сургамжтай байлаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хоёр дахь удаагаа хэлэлцэн баталсан нь парламентын сул тал, чадамжгүйн тухай асуудал биш, харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага юм.
Ийнхүү адармаатай замаар батлагдсан 2025 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрэв. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болж байгааг Сангийн яамнаас мэдээллээ.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 22.8 их наяд төгрөг
Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 22,837,920.0 сая төгрөг байхаар батлав.
Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлогыг төвлөрүүлнэ. /сая төгрөгөөр/
Төсвийн зарлага 24.2 их наяд төгрөг
Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 24,209,847.5 сая төгрөг байна.
2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардал доор дурдсан хэмжээтэй байна. /сая төгрөгөөр/
Орон нутагт 445 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоно
2025 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэгийг олгоно. /сая төгрөгөөр/
Төсвийн онцлогууд
3.1 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ
2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,124,066.0 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.
Урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулав
Төсвийн төсөлд ирэх онд 3600 төрийн албан хаагч нэмэхээр тусгасан байв. Харин ажлын хэсгийнхэн танах бодлого барьснаар шинээр нэмэгдэх орон тоог 2400-гаар бууруулан баталжээ. Ингэснээр урсгал зардлыг 40.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3 тэрбум төгрөгөөр, Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл сурталчилгааны зардлыг 9 тэрбум төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Хавдрын эмнэлгийн лизинг
Хэмнэсэн урсгал зардлыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар зохицуулалт хийжээ. Тодруулбал, Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17 тэрбум төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 6.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.