
МҮХАҮТ-аас Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран өнөөдөр “Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Үйлдвэр эрхлэгчид дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөхгүй байхыг хүсэж буйгаа илэрхийлэв. Мөн хэдийгээр манай улсын мах махан бүтээгдэхүүний экспортод сайнаар нөлөөлнө гэж байгаа ч малын чанар эрүүл ахуй олон улсын стандартад нийцдэггүй. Манай улсаас мах экспортлохгүй гэсэн дүгнэлт гардгийг мах үйлдвэрлэгчид хэлж байлаа.
Энэ үеэр ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү "Чөлөөт худалдааны хэлэлцээр байгууллаа ч худалдааг хувийн хэвшлийнхэн хийнэ. Төр худалдаа хийнэ гэж байхгүй. Тиймээс хувийн хэвшлийнхэн санал дүгнэлт гаргах нь зөв. Аж ахуйн нэгжүүд дахин санал гаргаж, нэгтгэж байгаа гэж ойлголоо. Бид та бүгдийн саналыг дахин уламжилна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хугацаа хойшилж магадгүй. Гэхдээ бид үргэлжлүүлэн ажиллана.
Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал"-тай зөрчилдсөн зүйл байхгүй" гэлээ.