2024 оноос өмнөх Монгол Улсын парламентын түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй хүн сонгогдож байсангүй. Харин УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүчээр 111228 хөгжлийн бэрхшээлтэй иргэн УИХ-д хоёр төлөөлөлтэй боллоо. МАН-ын жагсаалтын дөрөвт эрэмбэлэгдсэн О.Саранчулуун, АН-ын жагсаалтын долоод эрэмбэлэгдсэн Ж.Баясгалан нар УИХ-ын гишүүн болсон билээ.
Отгоны Саранчулуун
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
2005 онд
Монгол Улсын Их Сургууль Нийгмийн ажилтан, бакалавр
2007 онд
Монгол Улсын Их Сургууль Нийгмийн ажилтан, магистр
2008 онд
Израйлын Хэбрүгийн Их Сургууль Нийгмийн эрүүл мэнд, магистр
2024 онд
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Нийгмийн эрүүл мэнд, доктор
2016 оноос
Италийн Трентогийн их сургууль компьютерын ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2008-2024 онд
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Зан үйлийн тэнхимийн багш
2015-2024 онд
“Ахиллис Монгол ОУБ” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
2019-2024 онд
“Ажиа гэгээний зөв тэтгэлэг сан” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Жадамбаагийн Баясгалан
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1999 онд
Соёл урлагийн их сургууль, жүжигчин, бакалавр
2024 онд
Монгол Улсын Их сургууль, эрх зүйч, бакалавр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1999-2018 онд
“Үүрт гоулд” ХХК-ний Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал
2014 оноос
“Кино драм А” группын тэргүүн
2020-2021 онд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
2022 оноос
“Мөрөөдөл мөхөхгүй” ТББ-ын тэргүүн
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
“Хангалттай” эрх зүйн орчин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгогдох эрхийг 2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тусгаж өгснөөс гадна 2009 онд Монгол Улсын нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод тусгаж өгсөн байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.6 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалт, 30.4 дэх заалтуудаар сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг улс төрийн нам, эвслүүдэд үүрэг болгосон байдаг.
Мөн Монгол Улсын 2009 онд нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 29 дүгээр зүйл болох Улс төр, нийгмийн амьдралд оролцох хэсэгт тусгасан.
Энэ бүхнээс харахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлэх, сонгогдох хууль эрх зүйн нөхцөл боломжийн хэмжээнд бүрдсэн гэж харж болохоор байгаа юм. 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан атал үүний дараагийн сонгууль буюу 2020 оны УИХ-ын сонгуульд хоёр л хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэр дэвшжээ. Дорвитой өөрчлөлт гарсангүйгээр барахгүй 12 жилийн өмнөх буюу 2004 оныхтой ижил түвшинд байлаа.
16 жилийн түүхэнд долоон нэр дэвшигч
УИХ-ын долоон удаагийн сонгуульд буюу 2004-2020 оныг хүртэлх 16 жилийн хугацаанд ердөө долоон хөгжлийн бэрхшээлтэй хүн нэр дэвшжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-ын сонгуульд хэрхэн нэр дэвшиж байсан талаарх албан ёсны статистик мэдээлэл Сонгуулийн ерөнхий хороонд алга. Харин ХЭҮК-оос удирдан явуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт” 2024 он судалгаанд энэ талаарх тоог өгүүлжээ.
2004-2020 оны УИХ-ын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр дэвшсэн байдал
Эх сурвалж: ХЭҮК 2024 он, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, 473 дахь тал
Одоо харин...
2004-2020 онд нийт долоон нэр дэвшигч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан бол зөвхөн 2024 онд 12 болж өсөн нэмэгджээ. 16 жилийн тоог ч нийлүүлээд ч барахааргүй олон нэр дэвшигч гарч ирэв. 2020, 2024 оны хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчдийг харьцуулан харахад 6 дахин илүү үзүүлэлт.
2024 оны УИХ-ын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр дэвшсэн байдал
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Эх сурвалж: “Тунгаахуй” өгөгдлийн урлан
2004-2020 оны УИХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эзлэх хувь
Нийт нэр дэвшигчийн тоонд, нэр дэвшсэн ХБИ-ийг харьцуулан үзэхэд 2024 онд өмнөх 2020 оноос 2.2 дахин их буюу 0.4 хувиас 0.89 хувь болж өсөн нэмэгджээ. Тодруулан хэлбэл, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 1341 хүний 12 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байж, 0.89 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: “Тунгаахуй” өгөгдлийн урлан
Босго давсан нам эвслүүдэд 198 саяын дэмжлэг
Тэгвэл эндээс борооны дараах мөөг шиг олон нэр дэвшигч 2024 оны сонгуульд гэнэт яагаад гараад ирэв гэдэг асуулт ургана. Хариу нь тун энгийн. Хуулийн зохицуулалт байсан ч үйлчлэхгүй байсан шалтгаан нь ердөө санхүүгийн хөшүүрэг байсан аж. 2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27.7 дахь заалт “Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно” хэмээх заалт түлхэц болжээ. Хууль нь байсан ч нэр дэвшигч олшрохгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн шийдвэр гаргах түвшинд сонгогдохгүй байсны шалтгаан энэ байсан аж. Улсын төсөвт санхүүгийн хөшүүргийг хуульчилж чадсанаар ийнхүү ахиц гарав.
ХЭҮК-оос удирдан явуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт” 2024 он судалгаанд дурдсанаар сонгуульд нэрээ дэвшүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийтлэг тохиолдож байсан бэрхшээл нь хандив цуглуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон биечлэн сурталчилгаа хийх, материал хэвлүүлэх тараах, сонгуулийн штабын байрны болон ухуулагчдын зардлаа төлөх зэрэг санхүүгийн асуудал хамгийн хэцүү байжээ. Мөн дохионы хэлмэрчгүй ажилласан, уулзалтын байрны хүртээмжгүй байдал, сонгогчдод өөрийгөө таниулахад бэрхшээл учирсан гэдгийг өгүүлж байсныг энд мөн өгүүлье.
"Монгол Улсад бүх төрлийн сонгуульд нэр дэвших зардал амьжиргааны төвшинтэй харьцуулахад маш өндөр байгаа нь эмэгтэйчүүд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг хүч, нөлөө багатай нийгмийн бүлгүүд, цалин хөлсний орлогоор амьдардаг хүмүүсийн улс төрд идэвхтэй оролцоог хязгаарладаг үндсэн бэрхшээл юм"
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО, СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ судалгааны тайлангийн хэсгээс
Төрийн санхүүжилт авах эрх бүхий нам хөгжлийн бэрхшээлтэй иргэн УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн тохиолдолд нэг нэр дэвшигчийн тоогоор 16 сая 500 мянган төгрөг авах боломжтой. Дөрвөн нам, хоёр эвсэл энэ заалтаар 198 сая төгрөг авах боломжтойг Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны есдүгээр сарын 13-нд нийтэд танилцуулсан билээ.
УИХ-ын сонгуульд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэр дэвшүүсэн нам, эвсэлд олгохоор төлөвлөж буй төрийн санхүүжилт
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д сонгогдоход дээрх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.7 дахь заалтаас гадна УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгуудын зарим мөн үр нөлөөгөө өгсөн гэж харж байна. Үүнд,
УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болох 4.3.2 дахь заалт “Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгоно”
Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана" хэмээх заалтууд.
Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д сонгогдох эрхээ эдлэхэд Улс төрийн намын тухай хуулийн 26.3.1 дэх заалт “Төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх” тодорхой хувь нэмрээ оруулах нь дамжиггүй биз ээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шийдвэр гаргах түвшинд сонгогдсоноор...
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-д орох сайн хэрэг. Гэхдээ тэд 111228 хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл болж орж ирснээсээ хойш юуг хийж байна вэ гэдэг бас чухал. Олон улсын судалгаанаас харахад ХБИ шийдвэр гаргах түвшинд сонгогдсоноор шийдвэр гаргах түвшинд оролцож, хууль санаачлах, батлуулах, олон нийтийн түвшний шийдвэрт оролцох, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай бус УИХ-аар батлагдаж буй бусад хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангуулах заалт оруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо нэмэгдэх, эрүүл мэнд, боловсрол зэрэг асуудлуудад нөлөөлөх шийдвэр гаргуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө нийгмийн үнэ цэнэтэй хэсэг гэж мэдрэх зэрэг олон эерэг өөрчлөлт гардаг байна.
Одоогоор УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хангуулах чиглэлээр хууль санаачлан, УИХ-д өргөн бариагүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэний саадгүй байдал, хүртээмж, халамж, асрамж, хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлаар дуу хоолойгоо хүргэн ажиллаж байна. Мөн зарим ажлын хэсгийг ахлан хэд, хэдэн ажлын хэсгүүдэд ажиллаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Саранчулууны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлага, ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн орчны асуудлаарх ажлын хэсгүүдийг ахлан ажиллаж байгаа юм. Мөн “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна. Харин Ж.Баясгалангийн хувьд Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй. Мөн “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий тус ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан /2024.12.03/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нартай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцох гэсэн нь ч гэсэн бас нэг дэвшилтэт алхам. Өөрт нь ч нэмэх нэг оноо болж байна.
Эцэст нь өгүүлэхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудлыг хөсөр хаяж, төр өөрөө "хөгжлийн бэрхшээлтэй" болсон болохоор тэдний оролцоог хангах хууль батлагдан гарсан ийнхүү үр ашгаа өглөө.