
Сургууль, цэцэрлэг дотуур байрны модон жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажилд анхнаас нь улс төсөв тавиагүй. Өөрөөр хэлбэл төсвийн бодлогоор ийм чухал ажил анхаарал хандуулаагүй. Санаачилж, хөөцөлдсөн эмэгтэй гишүүд, УИХ-ын НББХ-ны гишүүдийн хүсэлт, санаачлагаар Эрдэнэт үйлдвэрээс мөнгө гарсан. Тэдний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төсөлд оролцож. Гэтэл өнөөдөр хоёр сайдын нүүр үзэж байгаа энэ ажил дуусаагүй. Харин сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг буулгаж, орчин үеийн ариун цэврийн байгууламж барих төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрээс санхүүжилт олгосон нь санхүүгийн сахилга бат, хяналт, хариуцлага зөрчсөн үйлдлүүдийн нэг гэгдээд явж байна. Хожим нь ингэж цоллох байсан юм бол анхнаас нь төр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй орчинтой холбоотой энэ чухал асуудалд төсвийн бодлогоо чиглүүлэх ёстой байжээ.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны модон жорлонг халах ажил 60 хувьтай үргэлжилж байна
Гадаа нүхэн жорлонтой 233 цэцэрлэг, 337 сургууль, 250 дотуур байрыг 100 хувь боловсон нойлтой болгох ажил дуусаагүй байна. Эхний ээлжийн ажлуудаа зураг төсөвгүй эхлүүлсэн, эхнээсээ хямд, чанаргүй материаллаар барьсанаас эхний өвлөө ч давж чадахгүй байгаа шүүмж дагуулж байсан энэ төсөл бүрэн хэрэгжиж дуустал ахиад нэг жил хүлээх нь. Өмнөх сайд нь хар толгойгоороо хариуцна гэж байгаад хийж дуусгаагүй ажлыг шинэ сайд нь аваад ирэх жил хэмээн ам алдлаа. Тэр болтол том хөгжил ярьдаг дарга нартай Монголын хүүхдүүд нүхэн жорлонд айдас хүйдэстэй бие зассаар байх нь.
Монгол улсад эхлэхээсээ л мордохын хазгай болсон олон төсөл бий. Зөвхөн барилгын ажлууд гэхэд улсын хэмжээнд 51 зогссон барилга байна. Хамгийн өндөр настай нь 12 жил болсон байх жишээтэй. Энэ бол аливаа төслийг эхлэхээсээ төсөв санхүүжилт, зураг төсөл, судалгаа шинжилгээгээ сайтар боловсруулж хөдлөх ёстойг харуулсан жишээ. Үүний араас салбарын сайд нь албан ёсоор мордохын хазгайтай эхэлсэн гэж ярьсан төсөл бол Боловсролын яамны хэрэгжүүлж буй төрийн өмчит сургууль цэцэрлэг дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажил. Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх жорлонгоосоо авахуулаад наад захын хэрэгцээгээр хангагдаж чадахгүй хэвээр. Үүнийг засах төсөл сургууль цэцэрлэг дотуур байранд хэрэгжээд 4 жил өнгөрсөн ч одоо ажлын гүйцэтгэл нь 60 хувь гээд бодохоор үнэхээр удаан.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн ажилд 26 обьектийн гэрээг цуцалжээ
Мега төсөл, огцом хөгжил ярьж байгаа манай улс сургууль цэцэрлэгүүдийг нүхэн жорлонгоос нь салгах гээд 4 жил үзээд барсангүй. Ноднин дарга нар нь ирэх жил дууснаа гэж байсан энэ жил бас л ирэх жил дууснаа гээд сууж байна. Өнгөрсөн 4 жил алба хаасан эмэгтэй гишүүд, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хороо чамгүй хөөцөлдөж төсөв санхүүгийн нүхийг нь гаргаж өгсөн. Энэ асуудлыг 2020 онд засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж жил бүр 100 ширхэг модон жорлонг шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд "Эрдэнэт" үйлдвэр эхлээд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, төслийг дөрөв хувааж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 142 сумын 424 объект ашиглалтад орсон. Одоо ашиглалтад ороход бэлэн болсон ариун цэврийн байгууламж 72 байна. 241 байгууламжийн барилгын ажил хийгдэж байна. Бусад нь зураг төсөл боловсруулах зэрэг ажлын явцтай байна. Эхний байдлаар 72 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон. 2025 оны зургаадугаар сар гэхэд төслийг 100 хувь гүйцэтгэнэ гэсэн тайлбарыг өгчээ. Өмнөх засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд хийгээд дуусчих энэ ажил яагаад цалгардав. Уг нь сонгуулиас өмнө дуусгачих санаатай энэ асуудлыг өнгөрсөн өвөл шинэ жилийн дараахан Засгийн Газраар хэлэлцээд төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэхээр шийдчихсэн. Гэхдээ 4 жил үргэлжилсэн энэ ажил зургаа дах жил дээрээ дуусах нь. Өмнөх сайд нь хар толгойгоороо хариуцна гэдгээ хэлж ирэх хавар дуусгана гэж байсан ажил одоо шинэ сайд нь ирэх хавар дуусна гэсэн үгтэйгээ хамт байна.
Зураг төсөлгүй эхлүүлсэн нэгдүгээр ээлжийн жорлонгууд асуудал үүсгэж, ажлыг удаашруулсан гэв
Ажил удааширсны гол шалтгаан. Ажлыг эхлүүлэхдээ барилгын, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзсаны үндсэн дээр ажлыг эхлүүлсэн ч “Мордохын хазгай” гэгч болж, эхний ээлж удааширч, гүйцэтгэл дутуу үлдсэн. Улсын комисс хүлээж аваад ярилцахаар хариуцах эзний асуудал хөндөгддөг байдал яригдаж байсан юм. Одоо шинэ сайдынх нь яриаг сонсвол нэгдүгээр ээлжийн ажлыг хийхдээ тухайн үед түлхүүр гардуулах гэсэн байдлаар зураг төсөвгүй хийсэн жорлонгийн ажлууд асуудал үүсгэж байгаа гэжээ. Тэгэхээр газар орон хөрс усаа тооцолгүй өө нэг жорлон юм чинь гээд орчихсон эхлүүлсэн маягтай харагдаж байна. Харин одоо тухайн орон нутгийн нөхцөл байдалд нь тохирсон зураг төсвүүд хийгдчихсэн тэрнийхээ дагуу 27 аж ахуй нэгж орж ирээд ажиллаж байгаа. Заримд нь зөөврийн байдлаар хийгдэхээр байгаа. Хамгийн бэрхшээлтэй нь зарим суманд ус суваг ерөөсөө байхгүй. Мөн мэргэжилтэн байхгүй, хэрэглэх асуудал дээр сургалт явуулж, дадуулах ажлууд явж байгаа гэсэн байна.
Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажил удааширсан шалтгаан
Эх сурвалж: Боловсролын яам
Монгол Улс хөгжлийн гараан дээрээ ирлээ одоо том төслүүдээ хөдөлгөөд эдийн засгаа хөгжүүлээд гэх элдэв яриаг дарга нар өдөр бүр чихэнд хоногштол ярьж байна. Гэтэл балчир нялхсаа ядаж боловсон нойлтой сургууль, цэцэрлэг, дотуур байраар хангаж, модон жорлонгоосоо салж чадахгүй дөрвөн жил болсон. Ажил явж байна, алдаа дутагдал гарсан, одоо өөрчилнө шинэчлэнэ гэж сайд яриад "Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг 100 хувь солих ажлыг 2025 оны 6-р сар гэхэд дуусгана гэлээ. Том өөрчлөлт, том ажлууд яригдаж байгаа ч аж ахуйн мөртлөө маш эмзэг чухал, хүний эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой ажлууд ийнхүү бүтэн засгийн газрын бүрэн эрхийн хугацааг гэтэлгэж дараа жил дараа жил гэж удааширсаар байгаагийн хамгийн том жишээнүүдийн нэг нь энэ болж байна. Дөрвөн жил хэрэгжсэн энэ төсөл 60 хувийн л биелэлттэй байна. Анхнаасаа асар их ач холбогдол, үр дагавартай энэ ажлын үр дүнг үнэлж төсвийн бодлогоор дэмжиж анхаарлаа хандуулсан бол ирэх жил, ирэх жил гэсэн хоёр сайдын нүүр үзээд суухгүй байлаа.