Хэт хөөсөрсөн гурилын үнийг буулгахаар УИХ импортын гурилын татварыг өнгөрсөн тавдугаар сард тэглэсэн. Үүнээс хойш хагас жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар гурилын үнэ буурсангүй. Харин ч зах, худалдааны төвүүдээр дээд гурил тасарч, бялуу нарийн боов зэрэг гурилаас хамааралтай бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. “Нарантуул” худалдааны төвд л гэхэд худалдаачдаас Улаанбаатар гурилыг сураглахад “Дээд гурил нь байхгүй шүү” гэх хариултыг хамгийн түрүүнд өгч байна. Мөн “Tous Les Jours” үйлдвэрийн бялууны үнэ нэмэгдсэн шалтгааныг тодруулахад дээд гурил ховордож үнэтэй болсонтой холбоотойг ажилчид нь тайлбарлаж байна. Худалдаачдын хэлж буйгаар үйлдвэрлэгч нар орос гурил худалдан авдаггүй аж.

Уг нь өрсөлдөөний зарчмаар импортоор нийлүүлэлт нэмэхэд дотоодын гурилын үнэ 30 хувиар буурна гэж тооцож байлаа. Ингэхдээ импортын хямд гурил худалдаанд гарснаар иргэдэд ашиг болж, олон жил өөрсдийн дураар үнэ тогтоосон дотоодын үйлдвэрлэгчид хожоогоо алдана гэсэн хүлээлт үүсэж байв. Гэтэл гурилын үнэ ч төдийлөн буурсангүй, иргэд ч тодорхой үр ашиг хүртэж чадсангүй. Аж ахуйн нэгжүүд ч гурилын үнээ буулгахгүйгээр үйлдвэрлэлээ буурууллаа. Тухайлбал, нийслэлд Алтан тариа нэгдүгээр зэргийн нэг кг-аар савласан гурилын үнэ өнгөрсөн тавдугаар сард 2463 төгрөгийн үнэтэй байсан бол энэ сарын 4-ний байдлаар 2351 төгрөгийн үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл, импортын татварыг тэглэснээр 1600 төгрөгийн үнэтэй болно гэж тооцоолж байсан гурилын үнэ ердөө 100 төгрөгөөр буурсан байна.

Улаанбуудайн ургац 12.6 хувиар буурав

Импортын гурилын албан татварыг чөлөөлсөнтэй холбоотойгоор тариаланчид улаанбуудайн тариалалтаа 15 хувь буюу 56 мянган га талбайгаар бууруулсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Ингэснээр улаанбуудайн ургац хураалт өмнөх оноос 40 мянган тонн буюу 12 хувиар буурчээ. Тодруулбал, 2023 онд 434 мянган тонн улаанбуудай хурааж авсан бол энэ жил 397.6 мянган тонныг хураагаад байна6

2024 оны аравдугаар сарын 19-ний байдлаар 397.6 мянган тонн улаанбуудай хураан авсан. Хураасан ургацын хэмжээг өмнөх онтой харьцуулахад улаанбуудай 12.6 хувиар буурсан байна. Намрын ургац хураалтаас стратегийн нөөцөд “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК 38.2 мянган тонн, найман гурилын үйлдвэрт 134.92 мянган тонн, нийтдээ 173.16 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна. Үр тарианы үйлдвэрлэлээс 87.8 мянган тонн улаанбуудайг малын тэжээлд шилжүүлэх урьдчилсан төлөвтэй байгаа.

Хэдийгээр улаанбуудай ургац буурсан ч импортын гурил, дотоодын тариалалтыг нийлүүлбэл, хангамж, нийлүүлэлтэд хүндрэл гарахгүй гэдгийг албаныхан хэлж буй.

Импорт 11.2 хувиар өсжээ

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар манай улс 38 мянган тонн улаанбуудайн гурил импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11.2 дахин өссөн үзүүлэлт аж. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс тухайн жилийн ургацын хэмжээнээс шалтгаалан гурилын импортын хэмжээг тогтоодог бөгөөд энэ онд 12 мянган тонныг импортлох зорилт тавьсан байна. Гэтэл эхний найман сарын байдлаар уг зорилтот хэмжээнээс гурав дахин нэмэгджээ. Тиймээс үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага үүссэнийг зарим эх сурвалж хөндөж байгаа. Мөн импортын гурил бараг 100 хувь ОХУ-аас орж ирж байгааг албаныхан мэдээлсэн. Гэхдээ ОХУ-аас оруулж ирж буй гурилын чанар муу байгаа нь дотоодын үйлдвэрүүдийн дээд гурилын эрэлт нэмэгдэж, зах, худалдааны төвүүдээр тасрахад хүрсэн байна.

УИХ-ын гишүүн П.Ганзориг

Тэгвэл энэ асуудлаар ХХААХҮЯ-ныхан “Оросын гурилд чанарын асуудал байгаа юу гэвэл байгаа. ОХУ-ын стандарт буюу ГОСТыг хангаж байгаа гурил манай дотоодын гурилын үнээс нэг их хол зөрүүгүй. Харин ТУ буюу техникийн нөхцөл хангаж байгаа гурил нь харьцангуй хямд орж ирж байгаа. Тиймээс иргэд өөрсдөө хэрэглэж үзээд сонголтоо хийгээд явах байх” гэсэн тайлбар өгч байв.

Гурил үйлдвэрлэл 30 хувь буурчээ

Импортын гурилын татварыг тэглэх шийдвэр гаргах үеэр дотоодын гурил үйлдвэрлэгчдээ сүйрүүлэх бодлого явуулж байгааг олон хүн шүүмжилж байлаа. Тэгвэл өнөөдрийн дүр зургаар үйлдвэрүүд гурилын үйлдвэрлэлээ 30 хувиар бууруулж, хүнд байдалд орсон гэх мэдээллийг түгээгээд буй. Тухайлбал, “Милл Хаус” компанийн гүйцэтгэх захирал Ш.Оюун хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Манай компани сард дунджаар 1500-2000 тонн гурил зах зээлд нийлүүлдэг байсан. Харинтавдугаарсараасхойш300тоннлгурил борлууллаа. Эрэлт буурч байгаа нь гурилын үйлдвэрийнхэн төдийгүй улаанбуудайн тариаланчдад ч нөлөөлж байна” гэжээ. Тиймээс дотоодын үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг төр засгийн хүрээнд авч үзэх бололтой.

Татвар тэглэснийг эргэж харах нь

Импортоор хямд гурил оруулж ирснээр хүнд нөхцөлд орсон гэгдэж буй дотоодын үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг төр засгийн хүрээнд эргэн авч үзэх бололтой. Тухайлбал, УИХ-ын гишүүд ажлын хэсэг байгуулж, импортын гурилын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хөндөхөөр болжээ.

Ажлын хэсэг татвар тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлэх эсэх асуудлаар санал боловсруулж байгаа. Яаралтай дуусгаад УИХ-д өргөн барих шаардлага бий. Аж ахуйн нэгжүүд ирэх жилийнхээ төлөвлөлтийг гаргах ёстой.

Үйлдвэрлэгчдэд дэмжлэг багадаагүй

Уг нь өнгөрсөн хугацаанд дотоодын үйлдвэрүүдэд үзүүлсэн дэмжлэг, туслалцаа багадаагүй. Засгийн газрын тогтоолоор 2021- 2023 онд 6-9 гурил үйлдвэрлэгчид нийт 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байдаг.

Гэвч гэрээлснээ үгүйсгэх мэт сүүлийн хоёр жилд гурилын үнээ 62.9 хувиар өсгөсөн нь Засгийн газраас импортын татварыг тэглэх шийдвэр гаргахад хүргэсэн юм. Тодруулбал, 2021 онд 1414 төгрөгийн үнэтэй байсан нэгдүгээр гурил 2023 онд 2426 төгрөг болж өссөн. Үнэ өссөн шалтгааныг гурил үйлдвэрлэгчид улаанбуудайн өртөгтэй холбон тайлбарласан бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үндэслэлгүйгээр үгсэн хуйвалдаж, зохиомлоор үнэ өсгөсөн гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр одоо дотоодын үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг сэргээж, импортын татвар тогтоохоор болбол аж ахуйн нэгжүүдэд эхлээд хатуухан сануулга өгөх хэрэгтэй. Иргэдийн татвар, төр засгийн тусламжаар олон дэмжлэгийг авдаг ч үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг байдлыг цаашид өөгшүүлж болохгүй билээ.