Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. Тус барилдааны нэгийн даваанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Д.Төгс-Эрдэнэ улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулсан бол сая хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурийг өвдөг шороодууллаа. Тэрээр аварга, арслан хоёрыг нэг мэхээр буюу хөлийг авч цацаад давсан юм.
Н.Батсуурь аварга дархан аварга цол хүрснээсээ хойш анх удаа бөхий өргөөний барилдаанд оролцож байсан бол Б.Орхонбаяр арслан бэртлээсээ эргэн ирж барилдаж байсан юм.
Сумын заан Д.Төгс-Эрдэнэ том цолтой бөхчүүдтэй шийдэмгий сайн барилддагаараа бөх сонирхогчдын танил болсон бөгөөд 2023 онд Улс тунхагласны 99 жилийн ойн барилдааны нэгийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг, "Ургацын баяр-2023" барилдааны хоёрын даваанд улсын аварга О.Хангай нарыг өвдөг шороодуулж байлаа.
