Энэ долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлохыг нь тоймлон хүргэж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа баталсан төсвөө хүчингүй болгож, төсвийн төслөө дахин өргөн барьж хэлэлцэж байна. Мөн Монгол нүүдлийн зан үйл өвийг ЮНЕСКО бүртгэж авлаа. Нийслэл Улаанбаатар хот 2025 оны төсвөө баталж авто машины татвар, зам ашигласны төлбөрийг нэмэв. Ерөнхий сайд Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотноо болсон “Усны дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ.
Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн тухай хуулийг чангаруулж, хэмнэлт хийнэ
Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн төслөө дахин өргөн барьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрээр "Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмэх санал хэвээрээ байгаа. Төсвийн урсгал зардлыг анх өргөн барьснаас нь 0.7 их наяд, хөрөнгө оруулалтын зардлыг 0.8 их наяд, гадаад зээлийн ашиглалтыг 0.7 их наядаар таналаа. Ингэснээр төсвийн тэнцэл алдагдалгүй болж байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан, гадаад зээлийн хүүгийн төлбөр, цалингийн суурь, төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, бусад хуульд заасан тэтгэмжийн зардлаас огт хасаагүй.
Танаж болох бүх зардлууд нь хуулийн заалттай. Шүүмжлэл дагуулаад байсан соёлын эрхийн бичгийн зардал ч хуулийн дагуу гарах санхүүжилт байсан. Тиймээс энэ удаад төсвийн төсөлд дагуулан 10-аад хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьж байгаа.
Мөн төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ төрийн дээд хэмжээний айлчлалаас бусад айлчлал, айлчлалыг хүлээж авах зардлыг 50 хувиар танаж байгаа. Хэмнэлтийн хуулийг чангаруулж байгаа гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын зардлыг танахдаа он дамжин шилжиж байгаа хөрөнгө оруулалтуудыг хасаагүй. 38 шинэ төсөл оруулсан байснаас 10-ыг нь хойшлуулсан.
Тоног төхөөрөмжийн зардлыг боловсрол, эрүүл мэндийн салбараас бусдынхыг нь танасан" гэлээ.
Монгол нүүдлийн зан үйл өвийг ЮНЕСКО-д бүртгэв
Парагвай улсад болж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр ээлжит чуулганы үеэр “Монгол нүүдлийн зан үйл” өвийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэлээ. Энэ нь Монголоос ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 16 дахь өв болж байна.
Дэлхий дээр нүүдлийн болон суурин хэмээх соёл иргэншлийн хоёр үндсэн төрөл бий хэдий ч олон мянган жилийн түүхийн он цагийн эрхээр нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёл, ёс заншил хувиран өөрчлөгдөж, дэлхий дээр нүүдлийн соёлын ул мөр улам бүр бүдгэрч байна. Тийм ч учраас хүн, мал, байгалийн харилцан шүтэлцээн дээр бий болсон монголчуудын уламжлалт аж төрөх арга ухааны нэг “Монгол нүүдлийн зан үйл”-ээ UNESCO-ийн “Соёлын биет бус өвийн конвенц”-д бүртгүүлэхээр илгээсэн талаар Соёлын сайд онцолж байв.
“Монгол нүүдлийн зан үйл” өв нь нүүдэллэх нутаг бэлчээр сонгох, нүүх өдөр судар сонгох, нүүдэл ачааллах, бууц сууриа цэвэрлэх, шинэ буусан газар нутгаа аргадах, бэлчээрийн нөөц, даацыг өөрийн болон айл саахалтын мал сүргийн бүтэц, тоо толгой, зэрлэг амьтан, ургамлын тархац, нутагшилтай уялдуулах байдлаар мал сүргээ хариулах, байгаль дэлхийгээ хамгаалах зэрэг олон уламжлалт мэдлэгийг өөртөө багтаасан, уламжлалт мэдлэгийн цогц тогтолцоо, зан үйл юм.
Энэ өвийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэхээр судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулсан.
Мөн ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд манай улсад ирж, нүүдлийн соёлын өвийг судалсан бөгөөд эрдэмтэн судлаачид, мянга мянган малчдын оролцоо, дэмжлэгтэйгээр уг өвийг үнэлэн, батламжилсан хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, цөлөрхөг говийн бүсийн усан хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Түүнчлэн Монгол-Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хоёр тал онцгой анхаарахаар тохиров.
Авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх хотын даргын саналыг НИТХ хэвээр баталлаа
Нийслэлийн ИТХ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталлаа. Хуралдаанаар Авто машин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг шинэчлэн батлах тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэж, тээврийн хэрэгслийн татварыг нэмэхээр шийдвэрлэжээ. Шинэчилсэн зохицуулалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө.
Шинэчилсэн тарифаар жолооч нар авто машины моторын багтаамжаас хамаарч дараах дүнтэй татвар төлөх юм. Мөн зам ашигласны төлбөр дараах байдлаар нэмэгдлээ.
Албан татвар:
- “Приус” 36000-аас 108000₮,
- “Лексус 570” 188100-аас 564300₮,
- “Портер” 30000-аас 75000₮,
- “Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮.
Албан татварын хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын санд төвлөрөх татварын орлогын эх үүсвэр 75.5 тэрбум, зам ашигланы төлбөрийг нэмэгдүүлснээр 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.