ХЭҮК-оос 2024 оны наймдугаар сард 21 аймгийн хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дараах зөрчлүүд буйг гаргаж ирсэн юм. Үүнийг аймаг тус бүрээр танилцуулъя.

Архангай 1.Архангай аймгийн төв 11 халаалтын  зуухтай, эдгээр нь бүгд яндангийн  шүүлтүүргүй, мөн жижиг оврын 120 халаалтын зуухаар аж ахуйн нэгж, албан байгууллага бие даасан эх үүсвэрээс  дулаан авдаг ба 60 гаруй хувь нь нрж 10 маркын зуух байна. Зуухнууд нүүрс, модоор галладаг усан халаалтынх, бохир ус цэвэрлэх байгууламж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд,  4500 орчим айл өрхүүд, 2300 гаруй хөдөлгөөнт эх үүсвэрээс дулаанаа авдаг бөгөөд, өвөлдөө утаа ихтэй, агаарын бохирдол их байдаг, аймгийн төв нь 21843  хүн амтай, үүнээс 0-18 насны хүүхэд 8155, түр оршин суугч 10000 гаруй мянган иргэд нийт 30000 гаруй мянган иргэд утаагаар амьсгалж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна. Тиймээс цаашид Дулааны станцыг барих ажлыг эхлүүлэх, төсвийг улсын төсөвт суулгах, дулаан станцыг богино хугацаанд чанартай барьж ашиглалтад оруулах аймгийн төвд амьдарч байгаа 21843 иргэн,  0-18 насны хүүхэд 8155, түр оршин суугч 10.000 гаруй иргэд нийт 30.000 гаруй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган ажиллахыг уриаллаа.

2.Цагдаагийн байгууллагын мэдээгээр 2023 онд аймгийн хэмжээнд 397 гэмт хэрэг бүртгэгдэж 365 хүн холбогдож, 1393,7  төгрөгийн хохирол учруулсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг иргэний эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг хэрэг 130, хулгайлах гэмт хэрэг 115, иргэдийн өмчийн 57, авто тээврийн хулгай 12, малын хулгай 45, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 24, бусад 14 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. 2022  онд 524 гэмт хэрэг гарсан бол 2023 онд 397 гэмт хэрэг гарч 124 гэмт хэрэг буюу гэмт хэргийн гаралт 24.24 хувиар буурсан байна. Тухайлбал хүчиндэх гэмт хэрэг 2022 онд 12 гарч байсан бол 2023 онд 6 гарч 50 хувиар буурсан, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 2022 онд 19 байсан бол 2023 онд 22 болж 3 хүнээр өссөн байна.  Нийт бүртгэгдсэн захиргааны зөрчил 2022 онд 26830 байсан бол 2023 онд 44742 болж 40 хувиар өссөн байна. Цагдаагийн газраас гаргасан мэдээллээс үзэхэд цахим орчинд гарсан гэмт хэрэг 2021 онд 7, 2022 онд 10, 2023 онд 6 бүртгэгдсэн байх ба үүнээс бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөх гэмт хэргийн тоо өсөж, иргэдийн нэр төр алдар хүндтэй байх, санхүүгийн эрх, эрх чөлөөнд халдсан хүний эрхийн зөрчил багагүй байна.

Аймгийн төвийг бүрэн камержуулах, бага насны охидын бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэгт эмэгтэй хэрэг бүртгэлт мөрдөн байцаагчийг ажиллуулах, ард иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулах, хүний хувийн мэдээллийг ашиглах, нууцлалыг хадгалах талаар эрх бүхий албан тушаалтнуудыг сургалтад хамруулах, гэмт хэрэг гаралтын тоог бууруулах, цахим орчинд хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх зэрэг ажлыг зохион байгуулах.

3.Комиссоос 2022-2023 онд Өгийнуур, Хашаат, Өлзийт, Цахир, Хангай, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан сумдын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын бодлого, ээлтэй орчинд хийсэн хяналт шалгалтаар сургуулийн дотуур байрны хүрэлцээ дутмаг, стандартын шаардлага хангаагүй барилга байгууламж, орчин нөхцөлтэй, сургууль, цэцэрлэгийн ариун ариун цэврийн байгууламж хангалтгүй, боловсон 00 байхгүй, ундны усны хүрэлцээ дутмаг байгаа нь тогтоогдсон. Тус асуудлыг анхааралдаа авч Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны барилгын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах, нэр бүхий сумдын сургуулийн дотуур байрын урсгал засварын төсөв, хөрөнгийг шийдвэрлүүлэх, алслагдмал газраас аймагт суралцаж буй малчдын хүүхдэд хүрэлцэхүйц дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлэх зэрэг дотуур байранд хүүхэд амьдрах, сурах ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд 298 хүүхдээс сургуульд сурч байгаа 159, цэцэрлэгт хүмүүждэг 34 хүүхэд байгаа бөгөөд ямар нэг сургалт, хүмүүжлийн үйлчилгээнд хамрагддаггүй хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 105 хүүхдийг гэрээр боловсрол олгох зайлшгүй хэрэгцээ шаардлагыг судалж, холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй юм.

Иймээс цэцэрлэг, сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах хүртээмжтэй орчин бүрдүүлэх, багш боловсон хүчнийг бэлтгэх, ном гарын авлагаар хангах, тусгайлан төлөвлөгөө боловсруулж, хөтөлбөрийн дагуу хичээлийг явуулах, алслагдсан сум, багт амьдарч байгаа хүүхдэд насан туршийн багш болон бусад бэлтгэгдсэн багш, гэрээр боловсрол олгох зэрэг асуудлыг бодлогын хэмжээнд шийдвэрлэх нь чухал байна.

4. Архангай аймаг нь 4847,4 сая мал тоолуулж улсын хэмжээнд малын тоогоороо 3 дугаарт бүртгэгдсэн байна. Тус аймгийн нийт өрхийн 60,2 хувь нь хөдөө мал маллаж, 26,195 малчдын 21 хувь нь сайн дурын нийгмийн даатгалд хамрагддаг байна. Малчдын нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа шалтгааныг авч үзвэл тогтмол орлогогүй, даатгалд хамрагдах ач холбогдлын талаарх мэдээлэл дутмаг байдагтай холбоотой байж болзошгүй байна. Аймаг, сумын хэмжээнд ажиллаж байгаа туслах малчдын тоо нарийн гардаггүй, туслах малчдыг бүртгэлжүүлдэггүй, малчдад үзүүлдэг эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, малчдын хүүхдийн дотуур байрны хүрэлцээ дутмаг зэрэг төрийн үйлчилгээ алслагдсан сум, багийн малчдад хүрдэггүй байна.

Малчдын гэр бүл, ахуй амьдралтай холбоотой статистик тоо мэдээллийг нарийвчлан гаргаж, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай чанартай хүргэх, эрт илрүүлэгт хамруулах, сургуулийн дотуур байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, үйлчилгээ, аюулгүй байдлыг сайжруулах, малчин, туслах малчдыг бүртгэлжүүлэх, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, Хөдөлмөрийн тухайн хуулийн 70 дугаар зүйлийг  сурталчлах, тайлбарлан таниулах, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг арга хэмжээг аймаг, сумдын засаг дарга нар авах шаардлагатай байна.

5. Аймгийн дүнгээр арван мянган хүн тутмаас 78 буюу 740 хүн халдварт өвчнөөр өвчилсөн бөгөөд Өндөр-Улаан 87, Булган 88, Жаргалант 89, Өлзийт 97, Эрдэнэбулган сумд 141 байгаа нь аймгийн дунджаас дээгүүр бусад сумдад аймгийн дунджаас доогуур байна. Иймд халдварт өвчнөөр өвдөж байгаа шалтгааныг тогтоох, иргэдийг үзлэг оношилгоонд  хамруулах, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлэх, эмнэлгийн техник тоног төхөөрөмжийг сайжруулах, нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, өрх, сумдын эрүүл мэндийн төвийн үйлчилгээг сайжруулах ажлыг үе шаттай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

6. Аймгийн хэмжээнд нийт  хөгжлийн бэрхшээлтэй 3784 иргэн байгаагаас халамж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 3089 хүнээс 187 нь ажил, хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажил эрхлэлт бага түүнийгээ дагаад ядууралд өртөх, тэдний ажил амьдралын чанарт муугаар нөлөөлж байна. Мөн аймгийн төвийн 72 байгууллагын 31 нь буюу 43% нь 2010 оноос өмнө баригдсан барилга байгууламж байна.  41 нь буюу 57% нь 2010 оноос хойш баригдсан болон урсгал засвар хийгдсэн барилга байгууламжууд байгаа ба  аймаг, суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,  байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн үйлчилгээ авах орчин нөхцөл бүрдээгүй, хаалганы өргөн нь тэргэнцэртэй иргэний стандарт хэмжээнд нийцээгүй, харааны болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөө байхгүй, барилга байгууламжаас орох, гарах хэсэгт байршуулсан налуу зам стандартын бус, зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ огт хийгдээгүй, мэдээллийн хүртээмжгүй  байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бие даан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх,  хүртээмжтэй орчныг бий болгож төрийн үйлчилгээний байгууллагын барилгын орц, гарцыг MNS 6055:2009 стандартад нийцүүлж засварлах, шинээр барьж буй барилгыг холбогдох хууль, тогтоомж, стандартыг хангуулж, хүлээн авахад анхаарах шаардлагатай байна.

7. Архангай аймагт гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 2022 онд 19 байсан бол 2023 онд 22 болж 3 хүнээр өссөн, мөн нийт бүртгэгдсэн захиргааны зөрчил 2022 онд 26830 байсан бол 2023 онд 44742 болж 40 хувиар өссөн  нь гэмт хэрэг, зөрчлийн гаралт жилээс жилд нэмэгдэж байгаа нь хүний аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байх ба гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл, арга, ажиллагааг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байна.

8. Аймгийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд аймгийн ерөнхий боловсролын 30 сургуулийн 688 бүлэгт 19461 сурагч өдрийн ангид суралцаж, орой, эчнээгээр суралцагч байхгүй, дүйцсэн хөтөлбөрөөр 219, нийтдээ эдгээр сургалтын хэлбэрээр 19680 хүүхэд суралцаж байна. Гэтэл эрүүл мэндийн хичээлийг биеийн тамирын багш, биологийн багш орж байгаа нь ерөнхий боловсролын сурагчдад эрүүл мэндийн хичээлийн мэдлэг ойлголтыг бүрэн дүүрэн өгч чадахгүй  байна. Иймд эрүүл мэндийн хичээлийн агуулгыг сайжруулах, мэргэжлийн багш бэлтгэх, мэргэжлийн багшаар эрүүл мэндийн хичээлийг заалгах шаардлагатай байна.

Мөн дээрх сургуулиудад дохионы хэлний бэлтгэгдсэн мэргэжлийн багш байхгүй, багшийн дутагдлаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, хөгжих эрх зөрчигдөх асуудал орон нутагт багагүй байна. Иймд дохионы хэл, эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн багшаар заалгах, багшийн нөөцийн дутагдлыг бодлогоор дэмжиж нь чухал байна.

9. Цахим орчинд гарсан гэмт хэрэг 2021 онд 14, 2022 онд 40, 2023 онд 23 гарсан нь энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөж, иргэдийн нэр төр алдар хүнтэй байх, санхүүгийн эрх, эрх чөлөөнд хандсан хүний эрхийн зөрчлүүд байсаар байна. Цахим орчинд хүний нэр төр, алдар хүндэд халддаг байдал багагүй гардаг тул аймгийн хэмжээн дэх олон нийтийн сүлжээний зарын группийн админуудтай уулзалт зохион байгуулах, цахим орчинд гардаг хүний эрхийн зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, постер, мэдээлэл бэлтгэж олон нийтэд түгээх санал, санаачилга гаргаж, зохион байгуулалтын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

10. Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Архангай аймаг 2021 онд 15 дугаар, 2022 онд 16 дүгээр, 2023 онд 17 дугаар байранд эрэмбэлэгдэж, сүүлийн 3 жилийн байдлаас харахад жил ирэх тусам өрсөлдөх чадварын үнэлгээ буурсан байна. Буурсан шалтгаан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үндсэн бүлгүүдийн оноо буурсан байна. Жил ирэх тусам аймгийн өрсөлдөх чадвар буурч байгаа нь иргэдийн  амьжиргааны түвшин буурах ядуурал нэмэгдэх, бизнесийн орлого буурах, худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг нөлөөтэй иймд эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварын үнэлгээг өсгөх нь чухал байна.

Цаашид аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болоод бусад бодлогын баримт бичгүүдийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь хэрэгтэй.

Баян-Өлгий 1. Тус аймагт сүүлийн жилүүдэд гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн шинжтэй гомдол, мэдээлэл буурахгүй байна. Аймгийн цагдаагийн байгууллагын мэдээлэлд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 онд 1, зөрчил 306, гомдол, мэдээлэл 516, 2023 онд 4 гэмт хэрэг, 299 зөрчил, 532 гомдол, мэдээлэл тус тус бүртгэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан хүний тоо 2023 онд 276 болсон нь өмнөх оноос 20 хүнээр өссөн байна.  Хохирогчид үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2023 онд Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 38 хүн үйлчлүүлснээс 18 нь хүүхэд байсан бол 2024 оны 8 дугаар сарын байдлаар үйлчилгээ авсан 64 хүнээс 31 нь хүүхэд байгаа нь хүүхдийн хүчирхийлэл өмнөх оноос эрс нэмэгдсэн байна. Аймгийн “Түр хамгаалах байр” нь Цагдаагийн газрын дэргэд байрладаг ба 2019 онд ашиглалтад орж хохирогчид үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна. “Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төвд шилжиж ирсэн дуудлага мэдээллээс гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн 29 дуудлага, мэдээлэл, эрсдэлт программд бүртгэгдсэн 170 хүүхдэд харьяа хамтарсан баг нь нөхцөл байдлын үнэлгээ хийж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг шат дараатай авсан талаарх мэдээллийг аймгаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороонд тайлагнадаг орон нутаг дахь Хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайлан хамгаалалтад дурджээ. Гэвч 2023 онд аймгаас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийт, цагдаагийн алба хаагч, эмнэлгийн эмч, ажилтнуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, аян, тэмцээн, уралдаан, уулзалт, хэлэлцүүлэг зэрэг урьдчилсан сэргийлэх арга хэмжээг шат дараатай зохион байгуулдаг хэдий ч хүчирхийллийн хохирогчид үзүүлсэн бодит тусламж, авсан арга хэмжээний үр дүнг тайлагнаагүй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгаанд үндэслэн эргэн хяналт тавьдаг эсэх, энэ чиглэлийн үйл ажиллагаанд төсөвлөсөн хөрөнгө зарцуулалтын талаар аймгийн Хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайланд дурдаагүй байна.   Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчлийн том шалтгаан бөгөөд ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг. Иймд аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх, хүний нөөцийг чадавхжуулах дотоодын болон холбогдох байгууллагаас зохион байгуулж буй сургалтад шаардлагатай албан хаагчдаа хамруулах, зорилтот гэр бүлийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна.  2. Аймгийн төвийн хэмжээнд төрийн өмчит Ерөнхий боловсролын сургууль 8,  хувийн хэвшлийн 4 сургуульд нийт 12,886 сурагч суралцаж байна. Гэвч аймгийн төвд Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 80 хүүхдийн багтаамжтай 1 дотуур байранд 170 хүүхэд байрлаж суралцдаг байна. Дотуур байрны хүрэлцээ дутмагаас хүүхдүүд гадуур айлд амьдрах, асран хамгаалагчийн хараа хяналт суларснаас хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох асуудал гардаг байна. Тухайлбал 2022 онд тавиул хүүхэд гүн стрессээс шалтгаалан амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна. 2023 онд хүүхэд оролцсон гэмт хэрэг 28 болж 2 дахин өссөн болохыг аймгийн Цагдаагийн газрын мэдээлэлд дурджээ. Комисс 2022-2023 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн 8 сумын Ерөнхий боловсролын сургуулийн 14 дотуур байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалд дүн шинжилгээ, хяналт шалгалтыг хийхэд Булган, Дэлүүн, Ногооннуур, Алтанцөгц, Өлгий сумын дотуур байруудын барилгад засвар үйлчилгээг тухай бүр хийдэггүй, дээврээс ус гоожсон, хана цуурсан, мөөгөнцөртсөн, дотуур байрны стандарт шаардлага хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул Комиссын гишүүний 2022 оны 06/27 дугаар бүхий Зөвлөмжийг аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газарт хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.     Цаашид ерөнхий боловсролын сургуулийн шаардлага хангахгүй дотуур байрны засвар үйлчилгээ хийх төсөв хөрөнгийг төсөвлөж, шат дараатай арга хэмжээ авах, аймгийн хэмжээнд шаардлагатай дотуур байрны тоог нэмэгдүүлэх, дотуур байрны гадна болон дотор орчны аюулгүй байдал, хоол хүнс, цэвэр усны хангамж, хэрэглээнд тавих хяналтыг тогтмолжуулах, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийг төсөвлөж шийдвэрлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.  3. Хэлний цөөнх хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948), Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (1966), Хүүхдийн эрхийн тухай конвенц (1990), НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагын Боловсрол дахь ялгаварлалын эсрэг конвенц (1960), Үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тунхаглал (1970), Хүний эрх, ардчиллыг хамгаалахад чиглэгдсэн боловсролын хүрээг тодорхойлсон тунхаглал (1995), Соёлын ялгаатай байдлын талаарх түгээмэл тунхаглал (2002) зэрэг олон улсын баримт бичигт тусгасан байдаг. Монгол Улс эдгээр олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон улс орны хувьд өөрийн эрх зүйн орчныг эдгээрт нийцүүлэн хэрэгжүүлж байна. Казах хүүхдүүдийн хос хэлний боловсрол нь сургуулийн өмнөх боловсролоос эхэлж 12 дугаар анги дүүргэх хүртэл тасралтгүй байх шалгуурыг хангаж байна. Бодлогын хувьд тодорхойлж, онолын үндэслэлийг боловсруулаагүй ч казах хүүхдүүдийн хос хэлний боловсрол нь казах хэл болон монгол хэлийг хослуулан эзэмшүүлэх загварыг хэрэгжүүлэх зорилтод чиглэж буй нь харагддаг. Харин энэхүү загварыг хэрэгжүүлэхдээ хоёр хэлний тэнцвэрийг хангасан хөтөлбөрийг Боловсролын Хүрээлэн боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны яам батлах байсан хэдий ч энэ ажил одоог хүртэл хийгдээгүй тул орон нутаг хөтөлбөрийг батлахдаа сурагчдын ачааллыг хэвийн болгох үүднээс монгол хэлний цагаас хасаж тэнцвэржүүлэх практикийг ашиглаж байна.  Энэ нь Монгол хэл сурах үр дүн суларч, суралцаж байх явцад сөрөг үр дүн төдийлөн ажиглагдахгүй мэт боловч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх, их дээд сургуульд элсэн суралцахад сөрөг нөлөө үзүүлдэг байна. 2023 онд элсэлтийн ерөнхий шалгалтаар Монгол хэл бичгийн  шалгалтыг нийт 883 шалгуулагч өгснөөс 561 шалгуулагч 400 онооноос доош, 322 шалгуулагч 400 онооноос дээш оноо авч, 800 оноо авсан шалгуулагч байхгүй байв.   2021-2030 оны Монгол Улсын Боловсролын салбарын Мастер төлөвлөгөө хэмээх баримт бичигт “Тува хүүхдүүд байгалийн ухаан, шинжлэх ухааны хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч чадахгүй байгаа, шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт элсэн суралцах боломжгүй байгаа нь тэдний боловсролын чанар хүртээмжид шийдвэрлэгдээгүй асуудлууд оршсоор байгааг харуулна”  хэмээн Тува хүүхдүүдийн боловсролын чанарт ахиц гарахгүй байгааг онцолжээ. Цэнгэл сумын Тува бага сургуулийг өргөтгөж 12 жилтэй Ерөнхий боловсролын сургууль болгож 316 сурагч суралцаж байна. Сурах бичиггүй, гарын авлага ашиглан сургалт явуулж, Тува хүүхдүүдийн сургалтад ашиглах сурах бичгийн хангамж, хүртээмж муу байгааг анхаарах нь зүйтэй байна. Тува хүүхдүүдийн хос хэлний боловсрол нь сургуулийн өмнөх боловсролын түвшнээс авхуулаад 12 дугаар анги дүүргэх хүртэл тасралтгүй байх шалгуурыг хангаж чадахгүй байгаа нь Цэнгэл суманд сургуулийн өмнөх боловсролын Тува ангид Тува багш дутмаг, зуны нүүдлийн цэцэрлэг ажиллахгүй байгаа талаар иргэд мэдээлсэн байна. Иймд хос хэлний хөтөлбөрөөр хичээллэхэд сурагчдын ачаалал нэмэгдэн, сурах сонирхол буурах явдал гаргахгүй байх үүднээс Баян-Өлгий аймгийн хэмжээнд хөтөлбөрийн цагийн хуваарилалтад зохицуулалт хийх, Тува сурагч нарт зориулсан ном сурах бичиг бэлтгэн гаргах асуудлыг Боловсролын тухай хуульд заасны нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний цөөнхийн монгол хэл болон эх хэлээрээ боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх нөхцөлийг бүрдүүлэх төсөв хөрөнгийг шийдвэрлэх, мөн Тува хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсрол тасалдахаас урьдчилан сэргийлж зуны нүүдэл цэцэрлэгийг хэвийн ажиллахад анхаарал хандуулах, Казах хүүхдүүдийн Монгол, Казах хэлний боловсролын чанарт анхаарах, Насан туршийн боловсролын суралцахуйн гарын авлага боловсруулахад хос хэл дээр бэлтгэх нь зүйтэй байна. Хос хэлний орчинд ажиллаж байгаа хот, хөдөөгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, тогтмолжуулах, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. 4. Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээний тайланд хүн ам зүйн тэнцвэргүй байдал, газарзүйн байршил, үндэс угсаа, үйлчилгээний хүртээмж, амьжиргааны эх үүсвэр зэрэг шалтгаанууд нь өөр хоорондоо харилцан нөлөөлж байгаагаас хүн амын тодорхой бүлгүүдэд олон тооны бэрхшээл давхцан тулгарч, Монгол Улсын хувьд хөгжлийн гадна хэнийг ч орхихгүй гэсэн амлалтаа биелүүлэхэд хүндрэл учирч байна.  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 1955 онд эмнэлгийн зориулалтаар баригдсан, 1 давхар, модон хучилтан дээвэртэй, чулуун даацын ханатай, тоосгон өрлөгтэй актлагдсан барилгад 2002 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Тус барилгад 2014 онд иж бүрэн засвар хийсэн боловч дээврийн хучилт буюу таазны модон материалд илжрэлт явагдсан, дээврийн мод нь бүхэлдээ өгөршиж, муудсанаас аль ч хэсгээрээ нуралт үүсэх эрсдэлтэй, насжилт өндөр, барилга байгууламжийн даацын бүтэц, хэсгүүд хэсэгчилж нурсан, хучилтын модны дам нуруу нь 8-10 см хотойсон зэрэг эвдрэл гарсан тул  2006, 2012, 2018 онуудад тус барилгыг цаашид ашиглах боломжгүй талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарч үйл ажиллагаа явуулахгүй байхыг удаа дараа мэдэгдсэн байна. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 530 дугаар тогтоолоор тус барилгыг акталж, үндсэн хөрөнгийн данснаас хасахаар шийдвэрлэсэн байна.  Гэвч өдийг хүртэл дээрх барилгын асуудлыг шийдвэрлээгүй, үйл ажиллагаа явуулсаар байхад 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Цагдан хорих байрны зүүн жигүүрийн хонгилын дээврийн хэсэгт нуралт үүсэж тус барилгад хоригдож буй сэжигтэн, яллагдагч, албан хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл үүссэн байна.  Иймд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгыг шинээр барих төсөв хөрөнгийг шийдвэрлүүлж, барилга барих хугацаанд шийдвэр гүйцэтгэх газрыг үйл ажиллагаа явуулахад шаардлага хангасан байранд түр хугацаанд шилжин байршуулах арга хэмжээг авахыг зөвлөж байна.  5. Комисс тус аймагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор авсан арга хэмжээ, Комиссын гишүүний 2021 оны 4/39 дугаар шаардлагын биелэлтийг судалж үзэхэд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-ийг 2019-2021 онд гүйцэтгэхээр баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан боловч иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж дүгнээгүй, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв хөрөнгө батлаагүй, аймгийн Засаг даргын Тамгын газар Хөдөлмөрийн дотоод журамдаа Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1, мөн зүйлийн 11.7 дахь хэсэгт заасан ажил олгогч нь ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах, бэлгийн болон бусад дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх, хуульд заасан ажил олгогч, ажилтны эрх, үүргийг нарийвчлан тусгаагүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх”-ийг хориглохоор заасныг, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн зохицуулалтыг тусгаагүй, сургалт гэгээрлийн үйл ажиллагааг зохион байгуулаагүй байна.   Аймгийн Засаг даргын 2024 оны А/284 дугаар захирамжаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороог шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүнийг батлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах жендэрийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх жендэрийн салбар хорооны 2024 оны төлөвлөгөө, төсвийг баталсан байна. Аймгийн Жендэрийн эрх тэгш байдал, салбар дундын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнийг 2023 оны 8 дугаар сард томилж бие даасан орон тоотой болсон байна.  Цаашид Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгах, олон нийтэд мэдээлэх, салбар хорооны үйл ажиллагааг тогтмолжуулж, төлөвлөгөө, төсвийг баталж, үр дүнтэй ажиллуулах, төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол явуулж хэвших хэрэгтэй байна. 6. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсын хувьд хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, аливаа хүн хүчирхийлэл, дарамтаас ангид орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудалд анхаарал хандуулж, тодорхой зохицуулалтуудыг хуульчлан үндэсний хууль тогтоомжид тусгагдсан боловч Улс төрийн намын гишүүнчлэл зэрэг улс төртэй холбоотой аливаа зүй бус ашиг сонирхлын үүднээс хүнийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, үндэслэлгүйгээр ажлаас халах чөлөөлөх асуудал төрийн албанд байсаар байна.  Сүүлийн 3 жилийн байдлаар Комисст ирүүлсэн гомдлын 90 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл байсан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхээр шийдвэрлэсэн хөдөлмөрлөх эрхийн маргаантай холбоотой статистик мэдээнээс харахад 2021 онд 35, 2022 онд 54, 2023 онд 56 хэрэг маргааныг агуулгаар нь авч үзвэл ажил олгогч, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь бууруулсан буюу ажлаас халсан, ажлын байрны дарамт, бэлгийн дарамтад өртсөн, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, халдашгүй байх эрх зөрчигдсөн зэрэг гомдол зонхилж байна. Хүний нөөцийн дутагдлаас шалтгаалж төрийн тусгай албанд ажиллаж буй алба хаагчдын ажил, амралтын цагийн горим алдагдах, албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэх, илүү цагийн урамшуулал олгохгүй, амралтыг биеэр эдлүүлэхгүй, нөхөж амраахгүй байх зэрэг хөдөлмөрлөх эрхийн зөрчил байсаар байх тул уян хатан зохицуулалт шаардлагатай байна. Мөн  алба хаагчид ажил үүргээ хэвийн, тасралтгүй гүйцэтгэхэд шаардлагатай дүрэмт хувцас, хоол хүнс, техник хэрэгсэл, бусад нөөцийн хүртээмж, чанарыг сайжруулах, ажиллах орчин, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээтэй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэж мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалтад “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж хуульчилсан  тул төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн намын гишүүнчлэл, сонгуулийн үр дүнгээр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүйгээр ажлаас халах зэрэг хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. 7. Аймгийн хэмжээнд эмийн эргэлтийн сан нь НҮБ-ын хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар 2005 онд ард иргэдийг зайлшгүй шаардлагатай эмээр хангах зорилгоор байгуулагдаж сумдын Эрүүл мэндийн төвийн дэргэд үйл ажиллагаа явуулж ирсэн. Аймгийн Эрүүл мэндийн газраас 2022, 2023 онуудад Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийхэд эмийн эргэлтийн үйл ажиллагаа нь харилцан адилгүй орон байр нь шаардлага хангахгүй улёсын бүртгэлийн гэрчилгээгүй, “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS 5260:2015” стандартын шаардлага хангасан тусгай зөвшөөрөлгүй, хөрөнгө төвлөрүүлэх төрийн сангийн дансгүй, мөнгө хөрөнгийн орлого, ашиг алдагдал, санхүүгийн тайлан хяналтгүй ажиллаж байгаа зэрэг зөрчил гарчээ. Алтанцөгц, Буянт, Булган суманд эмийн сангийн үйл ажиллагаа бүрэн зогссоноос болж иргэд шаардлагатай эм тариагаа  хамаатан садан, танил тал зэрэг бусдад захиж  аймгийн төвөөс авчруулдаг байна. Алтай, Ногооннуур, Цагааннуур, Сагсай, Баяннуур, Толбо, суманд сумын Эрүүл мэндийн төвийн дэргэд эмийн эргэлтийн сангийн эмийн сан ажиллаж байгаа хэдий ч иргэд шөнийн цагаар шаардлагатай эм, эмийн хэрэгслээ худалдан авах боломжгүй эм, эмнэлгийн хэрэгсэл нь хүртээмжгүй байна. Иймд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, ялангуяа алслагдмал хөдөөгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжгүй байдалд анхаарал хандуулж дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.  8. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх байдаг бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Иймээс Монголын Үндэсний олон нийтийн телевиз  Казах, Тува хэл, Буриад аялгаар тус бүр 10 минутын өдрийн мэдээ хүргэж байгаа бол аймгийн өдрийн мэдээг Монголын Үндэсний олон нийтийн радиогийн суваг дээр орой бүр 21:00-22:00 цагийн хооронд Казах хэл дээр иргэдийн мэдэх эрхийг хангаж байгаа хэдий ч үндэсний цөөнхийн нэг болох Тува иргэдэд зориулсан орон нутгийн ямар ч мэдээ, мэдээлэл хүргэх хэвлэл олон нийтийн хэрэгсэл байхгүй байна.

Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 онд 92 хувьтай үнэлэгдэж байсан бол 2024 оны 2 дугаар улирлын байдлаар 0 хувьтай  байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг шударга байдлын үнэлгээгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад шударга байдал 2022 онд 74.3 оноогоор үнэлэгдэж 2021 оноос 13 оноогоор нэмэгдсэн байна.  Иймд аймгийн хүн амын 0.2 хувийг эзэлж байгаа Тува иргэний Үндсэн хуулиар олгосон төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хүлээн авах, хайх эрхийг хангаж Монголын Үндэсний олон нийтийн радиогийн сувгаар гарч буй Казах хэл дээр явагдах орон нутгийн мэдээг мөн Тува хэлээр хүргэх асуудалд анхаарах, нутаг дэвсгэрийн хэмжээний төрийн бүх шатны байгууллагын үйл  ажиллагааг ил тод, нээлттэй байлгах,  мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц,  төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод,  мэдээлэх зохион байгуулалт, хяналт  хариуцлагын тогтолцоог бүрдүүлж төрийн үйл  ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах  шаардлагатай байна. 9. Өлгий хот нь жил ирэх тусам хурдацтай өргөжин тэлж, байгаатай зэрэгцэн хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж барилга, байгууламж ихээр баригдаж байна. Ээлтэй хот төлөвлөлтийг бий болгох талаар санал солилцох, хот төлөвлөлтөд тулгамдаж буй асуудалд шийдэл, гарц гаргах, зэрэг мэдээлэл солилцох зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан тус аймгийн шийдвэр гаргах түвшний удирдлага, албан тушаалтныг оролцуулан "Хот төлөвлөлт ба Хүний эрх” сэдэвт өглөөний уулзалтыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Уулзалтаар  2014 онд аймгийн хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсан боловч хотын хэсэгчилсэн төлөвлөгөөг одоо хүртэл батлаагүй байгаа нь хот ямар нэг төлөвлөлт, стандартгүй өргөжин тэлж байгаа талаар хөндөгдсөн байна. Үүний нэг тод жишээ нь аймгийн төв зам дагуу байрлах гэрлийн шон явган хүний замын голд байрлуулсан, шинээр ашиглалтад орсон Төрийн үйлчилгээний нэг цэгийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам шийдсэн боловч MNS 6055:2009 стандартыг хангаагүй, бодитой, үндэслэлтэй тооцоотой төлөвлөөгүйгээс тухайн зорилтот бүлэг өдөр тутамд хэрэглэх боломжгүй, үзвэр төдий бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Цаашид тус аймагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 4288 иргэдийн нийгмийн амьдралд бусдын адил бүрэн дүүрэн оролцох боломжийг бүрдүүлэх тусгайлан бодлого үйл ажиллагаа төлөвлөх, бусад зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хот төлөвлөлтийн үйл ажиллагааг аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  10. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг 2003 онд “Юнеско”-ийн Ерөнхий бага хурлын 32 дугаар чуулганаар баталж, Монгол улс 2005 оны 6 дугаар сарын 29-нд нэгдэн орсон. 2020 оны 7 дугаар сарын байдлаар тус конвенцод 179 орон нэгдэж орсон байна. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцыг 2003 онд баталсан нь даяарчлалын орчин үеийн үйл явцаас үүдэн соёлын биет бус өвд тулгараад буй аюул эрсдэлийг даван туулах, нэгдэн шийдвэрлэх алхам болсон юм. “Юнеско”-ийн санхүүжилтээр Соёлын яам, Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургууль хамтран “Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг тогтворжуулах нь” төслийг 2022-2025 оны хооронд хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд 5 аймагт бий биелгээний танхим нээгдэж байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн музейд төслийг хэрэгжүүлэх танхим нээж, 10 сая орчим төгрөгийн тоног төхөөрөмжөөр тохижуулсан боловч сургалтын үйл ажиллагаа явуулахад танхим багтаамжгүй, өвлөн уламжлагч багш байхгүйгээс сургалтын үйл ажиллагаа зогссон байна. Иймд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн чиглэлийн нэг соёлын салбарын асуудлыг тусгаж, төр, засгаас  соёлын салбарыг дэмжиж, анхаарал хандуулж байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймагт амьдарч байгаа Уранхай, Тува, Дөрвөд иргэдийн өв соёлыг хүүхэд залууст танин мэдүүлэх өвлөн уламжлуулах тал дээр анхаарч, аймагт хэрэгжүүлж буй соёлын чиглэлийн бодлого, өв соёлыг хамгаалах, өв уламжлалыг хүүхэд залууст танин мэдүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулах арга хэмжээг аймгийн Хөгжимт драмын театртай хамтарч зохион байгуулах, дэмжиж ажиллах зүйтэй байна.  Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Баянхонгор 1. Баянхонгор аймаг нь уул уурхайн олборлолт хийдэг Шинэжинст сумд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” уурхайн хүнд даацын машин механизмын нөлөөгөөр говийн эмзэг хуурайшил ихтэй хөрс эвдэн сүйдэж тоосжилт маш ихээр бий болж уурхайн ойр орчмын 4000 гаруй мал, ан амьтан, хүмүүс амьдрахад бэрхшээлтэй болж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрсэн талаар  Шинэжинст сум 2023 оны хүний эрхийн нөхцөл байдлын тайландаа онцлон дурдсан.  Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн тэнцэл алдагдаж буй өнөө цагт хүн, мал, ан амьтны эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах асуудлыг нэн тэргүүнд анхааралдаа авч иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өөрсдөө болон нутгийн өөрөө удирдах байгууллагаараа дамжуулан хуулийн хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн асуудлаар төрийн зохих байгууллагад ирүүлсэн аливаа санал, хүсэлт, гомдлыг шуурхай шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариуг өгч хэвших нь чухал байна.  Цаашид уул уурхайн төсөл хэрэгжүүлэхэд сум, багийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж, санал бодлыг нь сонсох, тэднийг үнэн зөв мэдээллээр хангах, мэдээллээ иргэд, малчдад ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх, иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хяналттайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, тэдний тавьж буй асуудлыг харилцан зөвшилцөх, маргааныг эв зүйгээр шийдвэрлэх, “Бодитоор зөвлөлдөх” механизмыг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал бүсийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болж буй учир Комисс уг асуудлыг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгайлан тусгасан.  Баянхонгор аймгийн хувьд 2023-2024 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд 126, сургуулийн өмнөх боловсролд 20, насан туршийн боловсролд 38, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд 20 нийт 204 хүүхэд буюу 45 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Эдгээр хүүхдүүд хэдийгээр боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа ч бэрхшээл бүрд тохирсон ном, хэрэглэгдэхүүн байхгүй, бэлтгэгдсэн мэргэжлийн багш хүрэлцээгүй зэрэг нь сурч хөгжихөд хүндрэл үүсдэг талаар эцэг, эхийн төлөөлөл ярилцлагадаа дурдсан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуульд хамрагдалт, суралцаж буй байдалд тусгайлан анхаарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулж, тэдэнд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэх, сургалтын тохирох хэрэглэгдэхүүнээр хангах, тэдэнтэй ажиллах багш боловсон хүчнийг тусгайлан бэлдэх асуудлыг нэн түрүүнд авч үзэж тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад анхаарч бодлого хөтөлбөрөө төлөвлөх нь чухал байна.   Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан хүртээмжтэй орчныг сайжруулахад анхаарч орчин үеийн дуут дохио бүхий явган хүний гэрлэн дохиог суурилуулах, брайл үсгийн хэрэглээг төрийн байгууллагуудад нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан ажлын байрыг нэмэгдүүлж хөдөлмөрлөх эрхийг хангах зэрэгт анхаарч аймгийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт үе шаттайгаар төлөвлөж тодорхой тусгах нь зүйтэй.  3. Хөгжлийн бэрхшээлтэй /сонсголгүй, хэлгүй/ албан ёсны дохионы хэл мэдэхгүй иргэн гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирсон тохиолдолд дохионы хэлний хэлмэрч оролцуулахад хүндрэлтэй, гэр бүлийн гишүүдийн зүгээс болсон явдлыг бүрэн хэлмэрчилж чадахгүй тохиолдолд тухайн иргэдийн эрх зөрчигдөх нөхцөл бий болдог. Иймд аймаг орон нутгийн зүгээс анхаарч дохионы хэлний хэлмэрч орчуулагчийг бэлтгэн зорилтод бүлгийн эрхийг хангах шаардлагатай байна. 4. Цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2023 онд 232 зөрчил, 31 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 31 хүн хохирсон үүнээс эмэгтэй 26, хүүхэд 3 хохирч 28 хүн гэмтсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил жил тутам өсөн нэмэгдэж түүний хор уршгийн нөлөөгөөр хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөж байна.  Аймгийн хэмжээнд 30 хамтарсан баг ажилладаг бөгөөд 2023 онд гэр бүлийн хүчирхийллийн 209 кейс тохиолдол дээр ажилласан байна.  Гэр бүлийн хүчирхийлэл нь архидалттай холбоотойгоор нэмэгдэж байгаа бөгөөд 2023 оны байдлаар 200 гаруй архины хамааралтай хүн байна. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газраас гаргасан гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын мэдээнээс харахад нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 2021 онд 55 буюу 23.8 хувь нь, 2022 онд 60 буюу 26 хувь нь, 2023 онд 57 буюу 20.9 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.  Иймд гэр бүлийн хүчирхийлэл, архидалт зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарч, зорилтот гэр бүлийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна.  5. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд нийгмийн бүхий л хүрээнд өөрөөр хэлбэл гэр орон, сургууль гэх зэрэг хүүхдийн хамгийн ойр дотны халуун дулаан уур амьсгалтай байх ёстой газруудад тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэгдсээр байна.  Баянхонгор аймгийн нийт хүн амын 37,1 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. 2023 онд 108 хүүхэд ямар нэг төрлийн хүчирхийлэлд өртсөн гэх статистик судалгаа байна. Тэр дундаа бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх асуудал Баянхонгор аймгийн хэмжээнд ихээхэн анхаарал татахуйц асуудлын нэг болоод байна. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нь ихэнх тохиолдолд тэдний ойр дотны хүмүүсийн зүгээс болон ахуйн хүрээнд ихээр үйлдэгддэг байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр жилд дунджаар 400-500 орчим хүчиндэх гэмт хэрэг үйлдэгддэг ба тэдгээрийн 50-60 хувьд нь хүүхэд өртөж бие махбод болон сэтгэл санаагаар хохирч ялангуяа сэтгэцийн гэмтэл маш ихээр авдаг байна.  Баянхонгор аймагт бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэрэг 2022 онд 12 гарсан  бол 2023 онд 16  болж өссөн байна. Баянхонгор аймаг дахь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр нь 2023 онд нийт 92 үйлчлүүлэгч хүлээн авч байрлуулсан бөгөөд  үүнээс насанд хүрсэн 23 хүн,  хүүхэд 69, /эрэгтэй 23, эмэгтэй 69/ хүлээн авчээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 8 хүүхэд байрласан ба ураг төрлийн болон хойд аавын зүгээс хүчирхийлэлд өртсөн байна. Гэвч хамгаалах байр 2023 оны 2 сараас хойш хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажиллах  мэргэжлийн сэтгэл зүйчгүй ажиллаж байна.  Түр хамгаалах байраар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хүүхэд байх тул сэтгэл зүйчийн орон тоог нэн даруй шийдвэрлэх арга хэмжээг орон нутгийн удирдлагын зүгээс авах,  ялангуяа хүчирхийллийн улмаас үл хайхрах болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөлд байгаа хараа хяналтгүй хүүхдүүдийг онцгой анхаарч сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж хэвших шаардлагатай байна.      6. Сүүлийн 3 жилийн байдлаар тус аймгаас Комисст ирүүлсэн 46 гомдлоос 21 нь хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол байна. Үүнээс үзэл бодол, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж шахаж хавчдаг, ажлаас нь халдаг, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг, хэл амаар доромжилж нэр төр алдар хүндийг нь гутаадаг, сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэх зөрчлүүдийг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд эдгээр зөрчилд холбогдогч нь төрийн тусгай болон захиргааны, үйлчилгээний, улс төрийн удирдах албан тушаалтнууд байна. Нөгөө талаас ажил үүргээ гүйцэтгэж буй төрийн алба хаагчдын ажиллах нөхцөл хангагдаагүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай дүрэмт хувцас, хоол хүнс, техник хэрэгсэл, бусад нөөцийн хүртээмж дутагдалтай байдал нь тэдний хөдөлмөрлөх эрх хангагдаагүй гэж үзэхээр байна.  Комисс хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 17 удаагийн илтгэлдээ Хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал, Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан эрхийн хэрэгжилт, Гадаадад хөдөлмөр эрхлэгч иргэдийн эрх, Уул уурхайн салбарт ажиллагсдын эрх, Хөдөлмөр эрхлэх харилцаанд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хэрэгжилтийн төлөв байдал зэрэг 32 сэдвийг хөндөж, 19 удаагийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн байна. Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан хэдий ч хөдөлмөрлөх эрхийг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт, салбар хоорондын уялдаа холбоо хангалтгүй байна. Цаашид хөдөлмөрлөх эрхийн хүрээнд гарч буй ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор шинэчлэн батлагдсан хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд байгууллагын удирдлагууд болон иргэдийн мэдлэгийг  нэмэгдүүлэх сургалт мэдээлэл өгөх ажлыг үр дүнтэй өргөн хүрээтэй зохион байгуулах, орон нутгийн хэмжээнд шинээр ажлын байр бий болгож буй төсөл хөтөлбөрийг санаачилж  ажиллах шаардлагатай байна. 7. Орон нутагт хэрэгжиж байгаа урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан хүний эрхийн асуудлын хэрэгжилт хангалтгүй байх тохиолдол байна. Тухайлбал Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 231 дүгээр тогтоолоор "Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)"-г баталсан. Уг төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааг байгууллагын жил бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, биелэлтийг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан боловч дээрх төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааны хэрэгжилтийг Баянхонгор аймаг үнэлээгүй байна. Цаашид аймаг, орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого, хөтөлбөртөө Комиссын жил бүр Улсын Их Хуралд хүргүүлдэг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгагдсан асуудал, дэвшүүлсэн санал, түүний мөрөөр Улсын Их Хурлаас баталсан тогтоол зэрэг албан ёсны эх сурвалжийг ашиглан, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг тусгаж хэвших нь зүйтэй байна. 8. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх байдаг бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Иргэд мэдэх эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадаагүйгээс нийгэмд шударга бус байдал бий болж төрийн үйлчилгээг авахад ч бэрхшээл тулгарч авлига газар авч байна. "Авлига гэдэг бол итгэж хүлээлгэсэн эрх мэдлийг амин хувийн сонирхлоор ашиглах явдал юм. “Авлига нийгэм дэх шударга бус байдлыг дордуулж, хамгийн эмзэг бүлгүүдэд тэгш бус нөлөөлж байна. Авлигатай тэмцэх газраас 2013 онд аймгуудын авлигын индексийг тогтоосон бөгөөд Баянхонгор аймаг 0,59 хувь байсан байна. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны эхний хагас жилд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 3, хахууль авах гэмт хэрэг 1 шийдвэрлэсэн байна. Иймд авлига, шударга бус байдлыг халахын тулд ардчиллын үндсэн зарчим болох иргэдийн мэдэх эрхийг хангах тэднийг соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нөгөө талаас төрийн албан хаагчдыг хариуцлагатай болгох, мэргэшүүлэх, чадавхжуулах ажлыг хүний эрхэд суурилан, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж ажиллахад чиглүүлэх шаардлагатай байна.  9. Нийгмийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн зэрэгцээ хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, мөн тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд ахуйн хэрэглээндээ, аж ахуйн нэгж, байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх нь нэмэгдэж байгаагаас түүнийг хадгалах, хамгаалах болон устгах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэтэл аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар хадгалж байгаа болон ашиглаж буй химийн хорт болон аюултай бодисын талаар нарийвчлан гаргасан мэдээлэл судалгаа байхгүй, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөнд тавих хяналт хангалтгүй байна. Үүнээс үүдэн химийн хорт болон аюултай бодис алдагдах тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсний уршгаар хүн ам үй олноороо амь насаа алдах, аюултай өвчин, эмгэг үүсэх, тархах, хүний удамшилд нөлөөлөх эрсдэлтэй байна. Түүнчлэн мал аж ахуй, ан амьтанд учрах хор уршгийг урьдчилан тооцоолох аргагүй юм. Тиймээс химийн хорт болон аюултай бодисын асуудалд анхаарал хандуулж, хүн, амьтан, хүрээлэн буй орчныг учирч болох аливаа эрсдэлээс сэргийлж ажиллах нь чухал байна.   Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Булган 1. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь өргөн хүрээний асуудал бөгөөд хүн байгалийн болон нийгмийн аливаа сөрөг нөлөөллөөс хамгаалагдах хэрэгцээ байдаг. Учир нь хүний хүчин зүйл болон байгалийн аливаа үзэгдлээс бий болж буй агаар, ус, хөрс, орчны бохирдол, барилга байгууламж, авто зам, хот суурин газрын аюулгүй байдал, стандарт, химийн хорт болон аюултай хог хаягдлын менежментийн асуудлыг нарийн зохицуулж үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулахгүй бол иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсэж байна. Комисс агаар, хөрс болон усны бохирдол, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнд Булган аймгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах ямар эрх зөрчигдсөн талаар тусгасан.  Булган аймгийн төвийн нийт цэгийн хяналт шинжилгээгээр хром, стронцийн дундаж агууламж стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Эдгээр аймгуудын өнгөн хөрсөнд хөрс үүсгэгч чулуулгийн үндсэн эрдсээс үүдэлтэйгээр хром, стронци тархсан байх магадлалтай.  Булган аймгийн хэмжээнд суурьшлын бүсэд хүн амын нягтрал их, хөлс элэгдэл эвдрэлд орсон, төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагаа хүртээмжтэй бус, гэр хорооллын айл өрхийн 80 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон ажиглаж байгаагаас хөрсний хөрсний бохирдол үүсэх, цаашлаад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсээр байна. Иймд хөрсний бохирдол үүсгээд байгаа хог хаягдал, нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэхээс гадна байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдсэн бодлого, хөтөлбөр арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хөрсний бохирдолд өртсөн газруудад нөхөн сэргээх аргачлал, арга зүйг боловсруулж, батлах, хэрэгжүүлэх нь хөрсний бохирдлоос үүдэлтэй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй байна. Мөн Монгол Улсад Бүгд найрамдах Чех Улсаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн тусламжийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд тус улсын санхүүжилтээр хийгдсэн Экологийн бохирдлыг арилгахад ноу-хау технологи нэвтрүүлэх 2-р шат Монгол Улс - Булган орчмын эрсдэлийн шинжилгээгээр “Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн  барилгын газар болон ойр орчмын газрын хөрс маш их хэмжээгээр пестицидээр бохирдсон” гэх дүгнэлт гарсан тул мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилгын газар болон ойр орчмын пестицидээр бохирдсон газрыг хуулах, цэвэрлэх, үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй байна.  2. Аймгийн хэмжээнд нийт хүн амын 3,9 хувь буюу хөгжлийн бэрхшээлтэй 2595 иргэдийн 6,4 хувийг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд эзэлдэг байна. Тус аймгийн төрийн захиргаа болон төрийн тусгай 15 байгууллагын барилга, орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлсэн эсэхэд Комиссоос хяналт шалгалт хийхэд стандартын бус налуу замтай эсхүл огт налуу замгүй болон бусад зөрчлүүд илэрч тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн үйлчилгээнд тэгш хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлээгүй гэж дүгнэсэн. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш хамруулах боломж нөхцөлийг бүрдүүлж, барилга, байгууламж, зам талбайг “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, техникийн шаардлага MNS:5682:2006”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009” стандартад тус тус нийцүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байх, цаашид энэхүү стандартад нийцээгүй барилга байгууламж, зам талбайг хүлээн авахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгуулан батлуулахад онцгойлон анхаарах шаардлагатай байна. 3. Комиссоос аймгийн болон Орхон, Хутаг-Өндөр, Тэшиг сумын ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг 5 дотуур байранд хяналт шалгалт хийхэд тус дотуур байрууд нь хүүхэд хамгааллын бодлогогүй, стандартын шаардлага хангахгүй, дотор орчны гэрэлтүүлэг муу, байрны 00-ын өрөөнд бие засах боломжгүй учир гаднах модон жорлонд сурагчид бие засдаг, угаалтуур хүйтэн устай, дотуур байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан угаалтуур, шүршүүр байхгүй, алжаал тайлах өрөө тасалгаагүй, сурагчдын өрөөний таазаар дулааны шугам, сүлжээг ил байрлуулсан, өрөө тасалгаа хүйтэн зэрэг дүгнэлт гарсан нь сурагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд стандартын бус барилгыг үе шаттай стандартын шаардлагад нийцсэн барилга байгууламж ашиглалтад оруулахад анхаарах, дотуур байрны дотор, гадна орчны аюулгүй байдал, усны хангамжийг сайжруулахад анхаарал хандуулж шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч хүүхдийн сурч боловсрох эрхийг хангаж ажиллах нь зүйтэй байна. 4. Нийгмийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн зэрэгцээ хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, мөн тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд ахуйн хэрэглээндээ, аж ахуйн нэгж, байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх нь нэмэгдэж байгаагаас түүнийг хадгалах, хамгаалах болон устгах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэтэл аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар хадгалж байгаа болон ашиглаж буй химийн хорт болон аюултай бодисын талаар нарийвчлан гаргасан мэдээлэл судалгаа байхгүй, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөнд тавих хяналт хангалтгүй байна. Үүнээс үүдэн химийн хорт болон аюултай бодис алдагдах тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсний уршгаар хүн ам үй олноороо амь насаа алдах, аюултай өвчин, эмгэг үүсэх, тархах, хүний удамшилд нөлөөлөх эрсдэлтэй байна. Түүнчлэн мал аж ахуй, ан амьтанд учрах хор уршгийг урьдчилан тооцоолох аргагүй юм. Тиймээс химийн хорт болон аюултай бодисын асуудалд анхаарал хандуулж, хүн, амьтан, хүрээлэн буй орчныг учирч болох аливаа эрсдэлээс сэргийлж ажиллах нь чухал байна.   5. Аймгийн хэмжээнд 2020 оноос хойш гэмт хэргийн гаралт жилээс жилд өссөн байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал 2020 онд 349, 2021 онд 388, 2022 онд 467, 2023 оны 392 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75 буюу 16.1 хувиар буурсан байна. Хулгайлах гэмт хэрэг 123, Хөрөнгө завших гэмт хэрэг 6 бүртгэгдэж 100 хувиар өссөн бол залилах гэмт хэрэг 36, хүрээлэн байгаа  орчны эсрэг гэмт хэрэг 35, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 26 бүртгэгдэж өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас иргэд аж ахуйн нэгж байгууллагад 2,577.9 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд 833.8 сая төгрөг буюу 32.3 хувийн төлүүлж ажилласан байна. Гэмт хэргийн улмаас 15 хүн нас барсан, 134 хүн гэмтсэн байна.  Гэмт хэрэг, зөрчлийн гаралт жилээс жилд нэмэгдэж байгаа нь хүний аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байх ба гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл, арга, ажиллагааг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байна.

6. 2023 оны жилийн эцсийн байдлаар ажиллах хүч буюу хөдөлмөрийн насны 27680 иргэн, тэдний хөдөлмөр эрхлэлтийн түвшин 62.7 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 9,8 хувиар өссөн байна. Харин албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байгаа 15328 иргэний 55.1 хувь нь эрэгтэй, 44.9 хувь эмэгтэй байна. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүй 2226 иргэний 73.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар нэмэгдсэн байна. Харин ажилгүйдлийн түвшин өмнөх онд 7.2 хувь байсан бол энэ онд 8.0 хувь болж өссөн байна.  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил хайж бүртгүүлсэн иргэд 2023 оны байдлаар 97 бүртгэлтэй ажилгүй иргэдийн 35 нь эмэгтэйчүүд, 49,3 хувийг 15-34 насны залуучууд, 36.6 хувийг 35-44 насныхан, 9.9 хувийг 45-54 насныхан, 4.2 хувийг 55 дээш насныхан тус тус эзэлж байна. Үүнийг боловсролоор нь авч үзвэл 64.8 хувийг бүрэн дунд, 14.1 хувийг дипломын болон бакалаврын дээд, 4.2 хувийг техник мэргэжлийн, 0,0 хувийг тусгай мэргэжлийн дунд, 5.6 хувийг суурь, 8.5 хувийг бага, 2.8 хувийг ямар ч боловсролгүй иргэд эзэлж байна.  2023 оны байдлаар аймгийн хэмжээнд 19069 өрхийн 3820 нь буюу нийт өрхийн 20.0 хувь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. Иймд ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай орлоготой болгох асуудалд анхаарах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. 7. Аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар 2595 хөгжлийн бэрхшээлтэй хүн буюу нийт хүн амын 3,9 хувийг эзэлж байх бөгөөд үүнээс 9.7% нь буюу 230 гаруй нь байнгын асаргаатай хүүхэд байна. Сүүлийн жилүүдэд байнгын  асаргаатай хүүхдийн тоо тасралтгүй өсөж байгаа бөгөөд 3 жилийн хугацаанд  буюу 2021 онд 17, 2022 онд 27, 2023 онд 34, нийт 78 хүүхэд шинээр асаргаа тогтоолгосон байна.   Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төв, орон тооны ажилтан байхгүйгээс Орхон аймгийн бүсийн оношилгооны төв эсвэл Улаанбаатар хот руу жилд 1-2 удаа явж үйлчилгээ авдаг байна. Энэ нь санхүүгийн бэрхшээл үүсгэхээс гадна үр дүн гардаггүй тул хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг нэн тэргүүнд байгуулах нь чухал байна.  Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, арга хэмжээ хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний тулгамдсан асуудалд анхаарал хандуулж ажилладаггүй, хүртээмжтэй орчин бүрдээгүй гэж дүгнэж болохоор байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн түвшинд анхаарч ажиллах, шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусган баталж байх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулах шаардлагатай байна.  8. Аймгийн хэмжээнд 2023 оны төрөлтөөс тооцсон дундаж наслалт нь 74.37 болжээ. Дундаж наслалтыг хүйсээр авч үзвэл эмэгтэйчүүдийнх 76.76, эрэгтэйчүүдийнх 70.1 болж, эрэгтэй эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 6.6 болжээ. Үүнээс дүгнэхэд аймгийн хүн амын дундаж наслалт эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү их байна.  Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистик судалгааны нас баралтыг шалтгаанаар авч үзвэл хамгийн өндөр буюу зүрс судасны тогтолцооны өвчин 161, гэмтэл, хордлого ба гадны шалтгаанаар бусад эмгэгээр 43, хоол боловсруулах тогтолцооны өвчин 10, амьсгалын тогтолцооны өвчин 12, хавдрын шалтгаан 84, бусад шалтгаанаар 28 хүн нас барсан байна.   Иймд 2023 онд эрүүл мэндийн салбарт нийт 3.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс улсын төсвөөс 3.1 тэрбум, орон нутгийн төсвөөс 405,8 сая, хандив тусламжаар 30,8 сая төгрөг болсон. “Эрүүл мэнд хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг 16 суманд хийж, 3899 иргэнийг хамруулж эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг авч, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хамрагдвал зохих 59553 иргэдээс 9147 буюу 15.4 хувийг хамруулаад байгаа ч аймгийн хэмжээнд өвчлөлийг бууруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулахад анхаарах шаардлага байна.  Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна.

Дундговь

1. Дундговь аймгийн уул уурхайн усны хэрэглээ нэмэгдэх төлөвтэйг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь усны хэрэглээний өнөөгийн байдал, хэтийн төлөв, төлөвлөлтөөс харагдаж байна. Тухайлбал: Дундговь аймагт хэрэгжих Нүүрс хийжүүлэх үйлдвэрүүдэд 9,9 сая м3, Зэс баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдэд 8,6 сая м3, Төмөрлөгийн үйлдвэрүүдэд 9,2 сая м3 зэргээр технологийн усны хэрэгцээ үүсэх судалгаа гарчээ. Усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд уул уурхайн усны ашиглалтын судалгааг аймгийн хэмжээнд тогтмол хийж, нээлттэй мэдээлэх, цаашлаад улсын болон орон нутгийн төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа уул уурхайн үйл ажиллагаанаас олж буй орлогын тодорхой хэсгийг аймгийн хөрсний усыг хамгаалах, дэмжихэд зарцуулах шаардлагатай байна. 2. Аймгийн төв Сайнцагаан сум нь ус хангамжийн эх үүсвэр нь хотоос 35 км-ийн зайтай Олгойн говьд байрлах гүний 3 худаг, завсрын өргөлтийн 2 насос станцын тусламжтайгаар ф200 мм-ийн голчтой ган хоолойгоор дамжуулан аймгийн төвийн хэрэглэгчдийг ундны усаар хангаж байна. Улирал бүр усны шинжилгээг Стандарт хэмжил зүйн газрын лобарторийн шинжилгээгээр ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018 стандартын шаардлагад нийцсэн унд ахуйн усаар хэрэглэгчдийг хангадаг. Гэвч усны эх үүсвэрийн худгуудад цэрэг, хүчний харуул хамгаалалт байхгүй. Мөн Онцгой байдал үүссэн нөхцөлд нарны эрчим хүчний эх үүсвэр байхгүй байгаа нь цэвэр усаар хангагдах иргэдийн эрх зөрчигдөж болзошгүй тул яаралтайгаар усны эх үүсвэрийн худгуудад цэрэг, хүчний харуул хамгаалалтад авах, онцгой байдал үүссэн нөхцөлд нарны эрчим хүчний эх үүсвэртэй болоход анхаарч ажиллах  3. Аймгийн хэмжээнд нийт 8337 тээврийн хэрэгсэл, авто машин бүртгэлтэй бөгөөд 2022 онд 18 зам тээврийн осол гарч, ослын улмаас 12 хүн бэртэж гэмтсэн, 3 хүн амь насаараа хохирсон бол 2023 онд 28 зам тээврийн осол гарч, 19 хүн бэртэж гэмтэн, 9 хүн амь насаараа хохирсон байна. Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг  гэмт хэрэг 2023 оны байдлаар 28 бүртгэгдэж 55,5 хуувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг харахад, нэг талаас авто замын эвдрэл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байх ба авто замын эвдрэл гэмтэлд замын даац, чанар, насжилт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж амьд явах эрхийн баталгаа хангагдахгүй байна.  Нөгөөтээгүүр, бүрэн бус техник, шөнийн цагаар амралтгүй ажиллах, жолоочийн хариуцлагагүй байдал, ААН-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйгээс үүдсэн осол аваар гарч байгаад анхааран урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй байна. 4. Аймгийн Цагдаагийн газрын ирүүлсэн мэдээллээр сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага гэр бүлийн хүчирхийллийн 157 удаагийн дуудлага мэдээлэл эзэлж байгаа бөгөөд тэр дундаа гэр бүлийн хүрээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл өндөр байна. Эцэг, эхийн хариуцлагагүй, хараа хяналтгүй, үл хайхрах байдлаас үүдэж хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирогч болох явдал их байна. Гэр бүл салалтад нөлөөлж буй шалтгаан нь хосуудад өгөх зөвлөгөө мэдээлэл хангалтгүй, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ сул, ялангуяа сэтгэл зүйч хүрэлцээгүй, сэтгэл зүйн үйлчилгээний төлбөр нь хэт өндөр, гэр бүл цуцлалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байгаа болохыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд дурдсан. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулж, засаг даргын үйл ажиллагааны бодлого хөтөлбөрт хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүндэтгэх үйл ажиллагаанд санхүүжилтийг тусгайлан зарцуулах шаардлагатай байна. 5. Тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ирүүлсэн мэдээллээр хүүхдийн тусламжийн 108 утсанд 2023 онд 65 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс бодит дуудлага 57, хуурамч дуудлага 8 байна. Бодит дуудлагаас 4 дуудлага мэдээлэл давхардсан. Нийт хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 61 дуудлагаас 37 дуудлага мэдээллийг хаасан, 27 дуудлага мэдээлэлд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үйлчилгээг төлөвлөн үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд дуудлагын шийдвэрлэлт 56.9%-тай, үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь 43.1% байна. Өмнөх оны дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 8.3%-иар өссөн үзүүлэлтэй байна. Хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө төсвийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого хөтөлбөртөө хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй, хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь чухал юм. 6. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээллээр өсвөр насны охидын төрөлт 2022 онд 45, охидын үр хөндөлт 3 бол 2023 онд өсвөр насны охины төрөлт 34, охидын үр хөндөлт 1 гарсан байна. Энэ өсвөр насны хүүхдэд нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаар олгож буй боловсролын чанар, хүртээмж хангалтгүй, энэ чиглэлийн мэдээлэл, тусламж үйлчилгээг хаанаас авах талаар мэддэггүй, эцэг эхийн зүгээс хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналт сул байна. Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн төлөвлөлтийн талаар олгох боловсролыг бага наснаас нь нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг сайжруулж ажиллах зэрэг тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. 7. 2022 оны эцсээр аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 1914 хүн байгаа нь өнгөрсөн оноос 87 хүнээр буюу 4.8 хувиар өсжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 41.4 хувь нь/792/ эмэгтэйчүүд, 58.6 хувь нь /1122/ эрэгтэйчүүд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний 7.8 хувийг 0-14 насны хүүхэд, 84.8 хувийг 15-64 насныхан, 7.4 хувийг 65 болон түүнээс дээш насныхан эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 17.6 хувь буюу 337 иргэн ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь өнгөрсөн оноос 4.7 пунктээр өссөн байна. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийг өвчний хэлбэрээр авч үзвэл харааны бэрхшээлтэй иргэдийн 33.8 хувь /74/, сонсголын бэрхшээлтэй иргэдийн 31.1 хувь /32/, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн 16.5 хувь /67/, ярианы бэрхшээлтэй иргэдийн 16.4 хувь /10/, хавсарсан төрлийн бэрхшээлтэй иргэдийг 12.4 хувь /10/, сэтгэцийн төрлийн бэрхшээлтэй иргэдийн 6.6 хувь /28/, бусад төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.9 хувь /113/ нь хөдөлмөр эрхэлж байгаа нь  хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, арга хэмжээ хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний тулгамдсан асуудалд анхаарал хандуулж ажилладаггүй, хүртээмжтэй орчин бүрдээгүй, хөдөлмөрлөх эрх хангагдаагүй гэж дүгнэж болохоор байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн түвшинд анхаарч ажиллах, шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусган баталж байх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулах шаардлагатай байна. 8. Дундговь аймгийн хувьд өнчин хүүхдийн тоо 523 болж өнгөрсөн оноос 8 хүүхдээр буюу 1.6 хувиар өссөн байна. Тэдгээрийн 494 буюу 94.5 хувь нь хагас өнчин, 5.5 хувь буюу 29 нь бүтэн өнчин хүүхэд байна. Өнгөрсөн оноос бүтэн өнчин хүүхдийн тоо 14.7 хувиар буурсан бол, хагас өнчин хүүхдийн тоо 2.7 хувиар өссөн байна. Бүтэн, хагас өнчин, эрсдэлт нөхцөл дэх хүүхдийн эрх, дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн эрхийн асуудал, хүүхэд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн хохирогч болж байгаа тулгамдсан асуудлуудад анхаарч, хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн үйл ажиллагааг үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах, ахуйн болон гадаад орчны аливаа эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авч ажиллах нь чухал байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоон өгөгдлийг цуглуулах, боловсролд тэгш хамран сургах цогц арга хэмжээ авах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхах хандлагатай тэмцэх зорилгоор олон нийт, төрийн албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.  9. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх ойлголт, хүний эрхийн боловсрол, мэдрэмж, соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, соён гэгээрүүлэх ажлыг тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын түвшинд үе шаттай зохион байгуулах, ажлын байрны дарамт, хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэх хуульд заасан үүргийг төрийн байгууллагын нийт удирдах бүрэлдэхүүнд тусгайлан үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна. 10. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх байдаг бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Гэтэл тус аймгийн түвшинд энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 1 дүгээр улирлын нээлттэй мэдээллийн хувь буюу шилэн индексийн хувь нь 82 хувьтай буюу сумдын Засаг даргын тамгын газрууд нь 0 хувиар үнэлэгдсэн байна.  Байгууллагаас үзүүлдэг үйлчилгээ, бүрдүүлэх материал, хариуцдаг албан тушаалтан, шийдвэрлэх хугацаа зэрэг мэдээллийг шат дамжлагагүйгээр, ойлгомжтой байдлаар иргэдэд хүргэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.  Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Говьсүмбэр

1. Монгол Улсын нийслэл Улаанбаатар-Замын-Үүд чиглэлтэй хатуу хучилттай зам Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг. Түүнтэй хамааралтайгаар авто замын эвдрэл гэмтэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг багагүй бүртгэгддэг. Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2021 онд 48, 2022 онд 24, 2023 онд 10 зам тээврийн осол гарч, ослын улмаас 2023 онд 129 хүн бэртэж гэмтсэн, 43 хүн амь насаараа хохирсон бол 2022 онд 711 зам тээврийн осол гарч, 78 хүн бэртэж гэмтэн, 29 хүн амь насаараа хохирсон байна. Эндээс харахад, зам тээврийн осол өмнөх оныхоос 75-аар өссөн байна. Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг харахад, нэг талаас авто замын эвдрэл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байх ба авто замын эвдрэл гэмтэлд замын даац, чанар, насжилт нөлөөлж байна. Нөгөөтээгүүр, бүрэн бус техник, шөнийн цагаар амралтгүй ажиллах, жолоочийн хариуцлагагүй байдал, ААН-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйгээс үүдсэн осол аваар гарч байна. Улаанбаатараас Говьсүмбэр чиглэлийн автозамын даац, замын эвдрэлээс үүдэн осол аваар нэмэгдэж, хүний амь нас, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа талаар иргэдийн зүгээс Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яаманд орон нутгаас уламжилснаар зам засварын ажил хийгдсэн. Гэвч авто замын эвдрэл гэмтэл багасаагүй, нөхцөл байдал хүндэрч байгааг холбогдох эрх бүхий байгууллага, аймгийн удирдлагууд анхаарах шаардлагатай байна. Иймд Улаанбаатараас Говьсүмбэр чиглэлийн авто замын зам засварын ажлыг чанартай хийж гүйцэтгүүлэх шаардлага тулгараад байна.

Ингэснээр гэмт хэрэг, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол, гэмтэл, хүндээ ээлгүй бодлого, төлөвлөлт, стандартын шаардлага хангаагүй зам талбай, барилга байгууламж, орчны бохирдол, байгалийн гамшиг, санамсар болгоомжгүй байдал, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалж иргэдийн амьд явах эрхийн баталгаа хангагдахгүй байна. Цаашид аймгийн нутаг дэвсгэр дээр гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхой болгох урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, нэн ялангуяа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, шаардлагатай зам арчлалтын зардал, төсвийг тооцоолж шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй байна.

2. Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 100%, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96.06 хувьд хүрч улсад 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Сургалтын чанарын үнэлгээгээр сургуулийн өмнөх боловсролын гүйцэтгэлийн үнэлгээ 87.8, ерөнхий боловсролын сургуулийн дундаж 72.5% үнэлэгдсэн нь улсын хэмжээнд 6 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж үнэлгээ дээшилж, 2022 онд 528 оноо, 2023 онд 523 оноогоор улсын дунджаас дээгүүр амжилт гаргасан ба улсад 6 дугаарт эрэмбэлэгдэж байгаа хэдий ч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын ерөнхий боловсролын сургууль нь орон сууцны зориулалттай 5 давхар байранд, Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгыг 2020 онд шинээр барьж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй гацсан байдалтай байгаа асуудалд холбогдох байгууллагаас анхаарч улс, орон нутгийн төсөв хөрөнгөөр баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй.

3. Аймгийн Засаг даргын 2023 оны А/41 дугаар захирамжаар “Эрүүл мэндийг дэмжих” арга хэмжээний төлөвлөгөө”-г аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 20.0 сая төгрөгөөр батлан, 2 зорилтын хүрээнд 4 үйл ажиллагааг төлөвлөн бэлгийн замын халдварт өвчний эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ зохион байгуулахад 2.9 сая төгрөг зарцуулж, үзлэг оношилгоонд 6620 хүн хамруулснаас тэмбүү өвчний 34 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг эмчилгээнд хамруулж, 100 хувийн үр дүнтэй эмчлэгдсэн  талаар Эрүүл мэндийн статистик мэдээлэлд   дурджээ. Гэвч орон нутагт бэлгийн замын халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэдийн энэ талын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, өвчнийг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж хэвших хэрэгтэй.

4. Аймгийн Засаг даргад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг авч үзвэл 2021, 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 325 өргөдөл, гомдол хүлээн авч 299-ийг шийдвэрлэж, ажиллагаанд 26 өргөдөл, гомдол, 2023 оны жилийн эцсийн байдлаар 476 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 116 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудад иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлыг ангилах боломжгүй байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас өргөдөл, гомдлын мэдээг гаргаж ирүүлсэн хэдий ч хүний эрх, эрх чөлөөг хангах буюу зөрчсөн эрхийг хэрхэн сэргээсэн, дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэх боловч энэ талаар тодорхой дүгнэлт хийх боломжгүй, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагуудад нь шилжүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа асуудлыг цаашид анхааралдаа авч холбогдох хууль, журамд нийцүүлэн мөрдөж ажиллах нь чухал байна.

5. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг жил бүр төлөвлөж, хэрэгжүүлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар дүгнүүлж байгаа боловч эн тэргүүнд шаардлагатай хүний эрхийн асуудлуудыг орхигдуулж байна. Тухайлбал Говьсүмбэр аймгийн орон нутгийн хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайланд аймгийн хэмжээнд нийт хөгжлийн бэрхшээлтэй 828 иргэн байгаагаас 83 хүүхэд байна. 2023 онд аймгийн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээ”-ний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн 10 арга хэмжээг хэрэгжүүлж, 28.5 сая төгрөг зарцуулан, хөгжлийн бэрхшээлтэй 155 иргэнийг хамруулжээ. Аймгийн хэмжээнд 2023 онд 2,006.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийснээс 1 барилга, 2.5 м.кв зам, талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг шинээр бий болгосон. Мөн аймгийн хэмжээнд 3 төрийн байгууллага, орц гарц, үйлчилгээ авах орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчилгээ авах боломжтой болгосон  байна.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг стандартад нийцүүлэх ажлын хүрээнд Сүмбэр суманд Боржигон чуулгын барилга, Халуун усны барилга, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга, Шивээговь суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 320 хүүхдийн сургуулийн барилга зэрэг барилгуудын зураг төсөл, тоо хэмжээнд тусгагдсаны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орц гарц дэд бүтцийн асуудлыг холбогдох норм дүрэм, стандарт шаардлагын дагуу гүйцэтгүүлэхээр шаардлага тавин хангаж ажилласан гэж дурдсан боловч одоо үйл ажиллагаа явуулж байгаа зарим төрийн болон төрийн бус байгууллагын барилгын орц, гарц дэд бүтцийн асуудлыг стандартын дагуу бий болгох, төсөв хөрөнгийг төсөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд бусдын адил бүрэн дүүрэн оролцох боломжийг бүрдүүлэх тусгайлан бодлого үйл ажиллагаа төлөвлөх, бусад зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагааг аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  6. 2023 онд орон нутгийн төсвийн 40.0 сая төгрөгөөр Сүмбэр суманд 18 камер, Баянтал суманд 14 камер шинээр суурилуулж, Шивээговь суманд 13 камерыг засварласан. Аймгийн хэмжээнд нийт 92 камер байгаагаас Сүмбэр суманд 60, Баянтал суманд 14, Шивээговь суманд 18 камер байна. Үүнээс Сүмбэр суманд байгаа 27 камерын ашиглалтын хугацаа дууссан. Сүмбэр суманд “Ногоон бүс” төслийг эхлүүлсэн хэдий ч гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр цаашид хяналтын камерыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацаа дууссан камерыг шинэчлэх, засварлах ажлыг тогтмол гүйцэтгэх шаардлагатай байна.  7. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, арга хэмжээ, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлж, Улсын төсвөөс 594917.0 мянган төгрөг баталж, 1292 хүн хамруулж, төсвийн 445387,1 мянган төгрөг буюу 75 хувийг зарцуулсан байна. Бий болгосон байнгын ажлын байрны тоо 60, түр ажлын байрны тоо 229, ажилд зуучлагдсан хүний тоо 240, хөдөлмөрт бэлтгэгдсэн хүний тоо 759, ажлын байр хадгалсан 4 иргэн байна. Ажил олгогчоос гадаад улсаас ажилтан авч ажиллуулах хүсэлтийг хүлээн авч, и-жоб мэдээллийн санд байршуулж, 14 хоногийн дотор дотоодоос ажилтан бүртгүүлээгүй тохиолдолд ажил олгогчид холбогдох бичиг баримтыг гаргаж өгч ажиллаж байна. Одоогоор и-жоб платформд ажил хайгчаар бүртгүүлсэн 488 иргэнээс 240 хүнийг байнгын болон түр ажлын байранд зуучилж, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн гэх боловч цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай орлоготой болгох асуудалд анхаарах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Дорноговь

1. Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрх ба хүрээлэн буй орчны асуудал хариуцсан Тусгай илтгэгч Жон Нокс хүний аюулгүй цэвэр, эрүүл, тогтвортой орчинд амьдрахтай холбоотой эрхийг хангах үүргээ Монгол Улс хэрхэн биелүүлж байгаатай танилцаад уул уурхай нь уур амьсгалын өөрчлөлт, агаарын болон усны бохирдол, мал аж ахуйн болон бэлчээрийн хомсдол, нүүдлийн ахуй соёлд ноцтой аюул занал учруулах томоохон эх үүсвэр болж байгаа талаар дурдсаныг Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлд онцолсон.

Дорноговь аймгийн хэмжээнд ашигт малтмалын нийт 353 тусгай зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 215, хайгуулын 138, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 9, хайгуулын 8 тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 9 хувийг эзэлж байна.

Уул уурхайн нөлөөгөөр эвдрэлд орсон газрын 20 орчим хувийг нөхөн сэргээх, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх замыг нэгдсэн сүлжээнд оруулж, компани тус бүрд тээврийн маршрут баталж өгөх бус, тогтсон 1 чиглэлийн замаар арчлалт хамгаалалт, тоосжилтыг бууруулах ажлыг хийлгэхээр аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/324 дугаар захирамжаар  ажлын хэсэг томилсон байна. Гэвч уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдын өдөр тутмын амьдралд уурхайн үйл ажиллагаатай холбоотой үүсэж буй бэлчээрийн доройтол, хомсдол, усны асуудал буюу гүний усны ашиглалт, уурхайн усыг ил задгай урсгаснаас үүссэн тогтоол ус, тоосжилт зэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.  Комисс уул уурхайн бүсэд амьдарч буй малчдын эрхийн асуудлаар холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд хүн мал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, малын удмын сан болон малын өвчин хорогдол, үхлийн шалтгааныг судалж тогтоодоггүй, мөн компанийн нөлөөллийн бүсийн ундны усны худгуудад хийсэн шинжилгээний хариуг үндэслэн тодорхой арга хэмжээ авахгүй байгаагаас ундны усны аюулгүй байдал алдагдаж, цэвэр усаар хангагдах эрх зөрчигдсөн зэрэг асуудлыг тогтоож аймгийн Засаг даргад Комиссын гишүүний 2023 оны 7/14 дугаартай зөвлөмж, мөн Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны 58 дугаар тэмдэглэлээр үүрэг болгосны дагуу Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/45 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хүн малын ундны усны чанарыг сайжруулах талаар зөвлөмж хүргүүлсэн байна.

Гэвч зөвлөмжид дурдсан асуудалд дорвитой арга хэмжээ аваагүй байх тул иргэд малчдын усны чанарт нэн тэргүүнд анхаарч, ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах санхүүжилтийг шийдвэрлэх, худаг, булаг шандын эргэн тойронд эрүүл ахуйн бүс тогтоох, усны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Цөмийн энергийн тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиудын хүрээнд хүний усаар хангагдах эрх болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах талаар бүх нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг бүх түвшинд зохион байгуулах зэрэг Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилтэд анхаарал хандуулах шаардлагатай байна.

2. Уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас хүн, мал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад тухайн бүс нутаг дахь иргэд, малчдыг үнэн зөв мэдээллээр хангахгүй, тэдэнтэй зөвлөлдөх, зөвшилцөх үйл явцыг бодитоор хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсэх, байгаль орчны хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагааг хязгаарлах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчсөн тохиолдол цөөнгүй гарч байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох харилцаанд орон нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо хязгаарлагдаж, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, нутгийн иргэдийн дунд үл ойлголцол бий болж байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороонд тайлагнадаг орон нутаг дахь Хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайланд дурдсан. Тухайлбал тус аймгийн Мандах сумын нутагт байрлах Алхан тээг, Баянхошуу багуудын отрын бүс нутагт нүүрс олборлох болсонтой холбоотойгоор орон нутгийн иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд иргэд малчид нэгдэж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар, тайван замаар жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлэх явцад эрх зөрчигдөж, улмаар шахалт, хавчилгад өртөх болсон талаар “Мандах есөн гайхамшиг” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, нэр бүхий 500 гаруй иргэдийг төлөөлөн ирүүлсэн гомдолд Комисс шалгах ажиллагаа явуулж Комиссын гишүүний 2023 оны 07/53 дугаар зөвлөмжийг Аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

3. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.3-ыг үндэслэн эрх баригчдын зүгээс тэдний үйл ажиллагааг үгүйсгэх, хууль бусад тооцох, эсхүл хүний эрх хамгаалагчийг Эрүүгийн хуулийн 19.4 гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, 19.6 хорлон сүйтгэх гэмт хэрэгт холбогдуулан шалгах зэрэг асуудал гаргаж буйг шүүмжилсэн. Хүний эрх хамгаалагчдыг, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн төлөө ажиллаж буй хүний эрх хамгаалагчдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эсэргүүцэх үйлдлийг төрийн байгууллага, хувийн хэвшлийн зүгээс үзүүлж болохгүй юм. Аливаа бизнесийн үйл ажиллагаа нь зарим тохиолдолд шууд ба шууд бус хэлбэрээр хүмүүсийн амьжиргаа, амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлж болохуйц байдаг тул шийдвэр гаргах ажиллагаанд олон нийтийн оролцоотой хамтарсан зөвлөл байгуулан ажиллах, үйл ажиллагаа эхлэхээс өмнө тэдэнд мэдэгдэх, бодитоор зөвлөлдөх замаар олон нийттэй байнга холбоотой ажиллах нь чухал байна.

Цаашид аймгийн Засаг дарга болон түүний эрхлэх асуудлын хүрээн дэх байгууллагуудын удирдах албан тушаалтнууд Мандах сумын иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж, санал бодлыг сонсох, тэднийг үнэн зөв мэдээллээр хангах, мэдээллээ иргэд малчдад ойлгомжтой, энгийн үг хэллэгээр тогтмол хүртээмжтэй хэлбэрээр хүргэж, тэдний оролцоо хяналттайгаар хэрэгжүүлэхэд, аж ахуйн нэгж байгууллагатай  хамтарч ажиллах нь зүйтэй байна.

4. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар эрх зүйн орчин шинэчлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж төрөөс тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл, статистик тоо төдийлөн буурахгүй байна. Мөн эцэг, эхийн хариуцлагагүй, хараа хяналтгүй, үл хайхрах байдлаас үүдэж хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирогч болох явдал их байна. Аймгийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо 2023 онд 35, зөрчлийн хэргийн тоо 228 байна. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 2022 онд 60 буюу 26 хувь нь, 2023 онд 57 буюу 20.9 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байх бөгөөд ахуйн хүрээнд архидан согтуурч байнгын хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгдөг өрх 2023 онд 49 болж өмнөх оноос 5-аар өсжээ. Үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүл салалт жил ирэх тусам нэмэгдэж буйг аймгийн шүүхийн статистик мэдээллээс харагдаж байна.

Гэр бүл салалтад нөлөөлж буй шалтгаан нь хосуудад өгөх зөвлөгөө мэдээлэл хангалтгүй, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ сул, ялангуяа сэтгэл зүйч хүрэлцээгүй, сэтгэл зүйн үйлчилгээний төлбөр нь хэт өндөр, гэр бүл цуцлалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй байна. Иймд гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл, ахуйн хүрээний архидалт зэрэг асуудалд анхаарч, зорилтот гэр бүлийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна.   5. НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос “...хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа архины хамааралтай эцэг эхийн зүгээс үйлдэж буй бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд хүүхдүүд өртсөөр байгааг шүүмжилж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, хүүхдэд туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй мэргэшсэн, чадварлаг нийгмийн ажилтны тоог тогтвортойгоор нэмэгдүүлэх, хүчирхийллийн шалтгаан нөхцөлд цогц үнэлгээ хийх, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад хангалттай хүний, техникийн, санхүүгийн нөөц хуваарилах шаардлагатай” болохыг сануулсан. Эцэг, эхийн хариуцлагагүй, хараа хяналтгүй, үл хайхрах байдлаас үүдэж хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирогч болох явдал их байна. Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын хяналтад 95 хүүхэд бүртгэгдсэнээс 73 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч 67, гэмт хэрэгт холбогдож, шийтгүүлсэн 6 хүүхдэд хууль эрх зүйн болон хамгааллын үйлчилгээг үзүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүний тоо 2023 онд 228, хохирсон хүүхдийн тоо 3 байна. Хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох шалтгаан нь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөн, эцэг, эх, асран хамгаалагч нь уул уурхай дагаж ажиллах хугацаандаа хүүхдийг хараа хяналтгүй орхисноос хүүхэд төрөл садан, бусдын зүгээс үзүүлэх бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөх, өсвөр насандаа жирэмслэх, түүнийгээ эцэг эхээсээ нуух, холбогдох байгууллагад оройтож хандсанаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол багагүй байна.    Гэр бүлийн орчинд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, зөрчил болон гэмт хэргийн хохирогч болж байгаа асуудалд онцгой анхаарал аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон бусад баримтуудаас үзэхэд урьдчилан сэргийлэх болон нөлөөллийн олон арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байгаа боловч үр дүнд хүрэхгүй байгаа шалтгаан нөхцөлийг судалж, шат дараатай арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай болохыг харуулж байна.  Иймд дээрх хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, гарахаас урьдчилан сэргийлэхэд уул уурхайн компанид ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлийн хамтаар ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах бодлого, төлөвлөгөө боловсруулж, мөн  жендэрийн эрх тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тодорхой арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй.

6. Өсвөр насны охидод тохиолддог тулгамдсан асуудлуудын нэг нь охидын жирэмслэлт юм. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон охид сурч боловсрох, хөгжих, гэр бүл төлөвлөх боломжоо алдах, сэтгэл зүйн дарамтад орох, үр хөндүүлэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дагуулсаар байна.

Улсын хэмжээнд 2023 онд нийт үр хөндөлтийн 432 тохиолдол буюу 3.5 хувийг хожуу үр хөндөлт, 611 тохиолдол буюу 5.0 хувийг өсвөр насны үр хөндөлт эзэлж байна. Тус аймгийн хувьд өсвөр насны охидын төрөлт 2022 онд 52, 2023 онд 57, өсвөр насны охидын үр хөндөлт 2022 онд 27, 2023 онд 29 болж өссөн байна. Энэхүү мэдээлэл нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт юм. Гэвч бүртгэлд ороогүй далд, нууц хэлбэртэй тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Охидын дийлэнх нь бэлгийн боловсролын мэдлэг, мэдээлэлгүйгээс эрт бэлгийн харилцаанд орох, ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан бэлгийн хүчирхийллийн хохирогч болж жирэмслэх, үр хөндүүлэх, хүсээгүй хүүхдээ төрүүлэх, үүнээс үүдэж амиа хорлох магадлал өндөр байдаг байна.

Цаашид зорилтод бүлгийн болон эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах зорилгоор төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн эрүүл мэнд, бэлгийн боловсролын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сурталчилгаа, мэдээллийг түгээх, өсвөр насны жирэмслэлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд анхаарах эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулахад дорвитой арга арга хэмжээ авах, аймагт өсвөр үе кабинетын үйл ажиллагааг хэвиийн явуулахад шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэх, эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ төрлийн зөрчлийг бууруулахад дэмжлэг үзүүлж, ажиллах шаардлагатай байна.  7. Хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар Комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт жил бүр зөвлөмж хүргүүлсэн боловч тус аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт 2 удаа дараалан морины үсэргээ, сунгаа зохион байгуулсан болох нь тогтоогдож, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулагдсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ тооцуулахаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 02/11 дугаартай Комиссын гишүүний шаардлагыг Аймгийн Засаг даргад хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосныг анхаарч ажиллах нь зүйтэй байна.  8. Тус аймагт Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг  гэмт хэрэг 2021 онд 19, 2022 онд 32, 2023 онд 42, зөрчил 2021 онд 1250, 2022 онд 2161, 2023 онд 21071 үйлдэгдсэн байна. Аймгийн  хэмжээнд 2021 онд 175 зам тээврийн осол гарч, ослын улмаас 42 хүн бэртэж гэмтсэн, 8 хүн амь насаараа хохирсон бол 2022 онд 42 зам тээврийн осол гарч, 30 хүн бэртэж гэмтэн, 9 хүн амь насаараа хохирсон байна. Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг харахад авто замын эвдрэл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байх ба замын даац, чанар, насжилт нөлөөлж байна. Нөгөө талаас бүрэн бус техник, шөнийн цагаар амралтгүй ажиллах, жолоочийн хариуцлагагүй байдал, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйгээс үүдсэн осол аваар гарч байна. Тухайлбал Улаанбаатар-Сайншанд чиглэлийн автозамын даац, замын эвдрэлээс үүдэн осол аваар нэмэгдэж, хүний амь нас, эд хөрөнгөнд хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа талаар иргэдийн зүгээс Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яаманд орон нутгаас уламжилснаар зам засварын ажил хийгдсэн байна. Гэвч автозамын эвдрэл гэмтэл багасаагүй, нөхцөл байдал хүндэрч байгааг холбогдох эрх бүхий байгууллага, аймгийн удирдлагууд анхаарах шаардлагатай байна.

Зөрчил гарах өөр нэг шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүний зарим тээвэрлэлтийг шороон замаар гүйцэтгэж байгаатай холбоотой юм. Энэхүү зам нь тусгай зориулалтын автозамын ангилалд багтдаг ч Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын автозам, замын байгууламж барих, ашиглах журам"-ын хэрэгжилт хангагдахгүй байгаатай холбоотой тул тусгай зориулалтын автозамыг хатуу хучилттай болгох, хатуу хучилттай автозам барьсны үндсэн дээр тээвэрлэлт гүйцэтгэдэг байх дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай байна. 9. Тус аймгийн Статистикийн эмхэлтгэлд гаргасан дүн мэдээллээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2023 онд 3174 болж өмнөх оноос 80 (2.5%)-аар буурч, 2020 оноос 465 (17.2%)-аар нэмэгдсэн байна. Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээр нь авч үзвэл 989 (31.2%) нь төрөлхийн, 2185 (68.8%) нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 28.8 хувь нь бусад хэлбэрийн, 24.5 хувь нь хөдөлгөөний, 18.8 хувь нь сэтгэцийн, 12.4 хувь нь харааны, 6.7 хувь нь сонсголын, 6.4 хувь нь хавсарсан, 2.4 хувь нь ярианы, хэлбэрийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс ажил хөдөлмөр эрхэлж байгаа 561, төрийн байгууллагад 392, хувийн хэвшилд 169 байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийт тоо 281, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа 190 хүүхэд байна.

Аймгийн засаг даргын нөөц хөрөнгө, Тайваний “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдэд сэргээн засах, өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэх “Эрүүлжин хөгжих төв” байгуулж 2022 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг төвд хамрагдсан хүүхдүүдийн 50 хувьд нь бие бялдар, үйл хөдлөл, сэтгэхүйн онцлогт эерэг өөрчлөлт гарснаас гадна 4 асран хамгаалагчийг байнгын ажлын байртай болгосон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоон өгөгдлийг цуглуулах, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, боловсролд тэгш хамран сургах цогц арга хэмжээ авах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд хөдөөгийн, тэр дундаа нүүдэлч малчдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, хөгжих эрхийг хангах үр дүнтэй ажил зохион байгуулах нь зүйтэй байна.

10. Аймгийн хэмжээнд 2021 оноос хойш гэмт хэргийн гаралт жилээс жилд өссөн байна. Тухайлбал 2023 онд 677 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 56 (9.0%)-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 2023 онд 649 хүн хохирч, 228 хүн гэмтэж, 31 хүн нас барсан байна. Өмнөх оноос хохирсон хүн 41 (6.7 %)-ээр, нас барсан хүний тоо 14 (82.3 %)-өөр, гэмтсэн хүний тоо 7 (3.2 %)-оор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Аймгийн хэмжээнд 2023 онд нийт 35043 зөрчил бүртгэгдсэн бөгөөд өмнөх оноос 9356 (36.4%) зөрчлөөр нэмэгджээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 50.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 26.4 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг, 6.2 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, 17.4 хувийг бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 50.2 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа, энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд огт буурахгүй байгаа нь  хүний наад захын орон гэр, хоол хүнс, хувцас хэрэглэл, өмчийн хэрэгцээ шаардлага хангагдахгүй буюу ядуурлын түвшин буурахгүй байгаа болон нийгмийн дунд анги бүлгийн ялгаатай байдал, хүний ёс суртахуун, хүний хүмүүжил болон бусад суурь хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа байдалтай холбоотой байна гэж үзэхээр байна. Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь өмнөх онтой харьцуулбал олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 17, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт 10, хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 8, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 2-оор тус тус өссөн байна. Тус аймгийн  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл болон хууль зүйн салбарууд олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээ баталж, төсөв хөрөнгийг зарж хэрэгжүүлэн ажиллаж байгаа хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй байх тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага байна.

11. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх байдаг бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Гэтэл тус аймгийн түвшинд энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 онд 92 хувьтай үнэлэгдэж байсан бол 2024 оны 2 дугаар улирлын байдлаар 0 хувьтай  байна. Үүнээс харахад энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй, аймгийн тэргүүлэх голлох салбарууд болох Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин /аялал жуулчлал, Эрчим хүч/ Дулаан, Зам, тээвэр, Боловсрол, Эрүүл мэнд, Нийгэм зэрэг салбаруудын цахим хэлбэрт шилжсэн үйлчилгээ хангалтгүй түвшинд байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг шударга байдлын үнэлгээгээр Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад шударга байдал 2022 онд 68.1 оноогоор үнэлэгдэж 2021 оноос 7.9 оноогоор нэмэгдсэн байна.

Тус аймгийн ЗДТГ-ын ил тод байдал хамгийн бага буюу 54.0 оноогоор үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн талаарх мэдээлэл, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийн ил тод байдал нь аймаг, нийслэлийн ЗДТГ-ын хувьд тааруу байгааг илэрхийлж байна. Иймд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, манлайлал чухал үүрэгтэй ба  алсын хараа, зорилго, зорилт нь цахим шилжилтэд чиглэсэн байх, төрийн албан хаагчид нь иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хүртээмжтэй төрийн үйлчилгээ үзүүлдэг байх, түүнчлэн өөрсдийн гүйцэтгэж байгаа ажил, үзүүлж байгаа үйлчилгээндээ мэдээллийн технологи нэвтрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх, иргэдийн цахим ур чадварын түвшнийг тогтоон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлдог байх, тус системийг хөгжүүлэх технологийн болон харилцаа холбооны дэд бүтэц болох харилцаа холбооны дэд бүтцийн бэлэн байдлыг хангасан байх зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байна.  Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Дархан-Уул

1. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг жил бүр төлөвлөж, хэрэгжүүлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар дүгнүүлж байгаа боловч эн тэргүүнд шаардлагатай хүний эрхийн асуудлуудыг орхигдуулж байна. Тухайлбал Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэрэгжилтийн тайланд “төрийн болон төрийн бус байгууллагуудын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц гарцыг сайжруулж нэмэгдүүлнэ” гэх хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 95 аж ахуй нэгж байгууллагад албан бичиг хүргүүлэн ажилласан. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн зориулалтын өрөөтэй 27, гадна дотор орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтын зам талбайтай 104 албан байгууллага хэрэгжилтийг хангаж ажилласан гэж дурдсан боловч хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг төсөвлөөгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжтэй орчин бүрдүүлэх чиглэлээр аймгийн хэмжээнд албан газар, нийтийн тээвэр, олон нийтийн үйлчилгээний газар, эмнэлэг, орон сууц, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн үйлчилгээний газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандарт мөрдөгдөж байгаа эсэхэд үзлэг хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тэгш хамруулах, хүрэлцээтэй байх орчин нөхцөл бүрдүүлээгүй аж ахуй нэгж байгууллагын барилга байгууламжийг холбогдох стандартад нийцүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгуулан батлуулах, төсвийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.  2. Дархан-Уул аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4714 иргэн бүртгэлтэй байгаагаас, 438 хүүхэд байна. Тэдгээрийг хөгжлийн бэрхшээлийн төрлөөр нь авч үзвэл, харааны бэрхшээлтэй 14.8 хувь, тулгуур эрхтэний бэрхшээлтэй 9.8 хувь, хэл ярианы бэрхшээл 8.3 хувь, сонсголын бэрхшээлтэй 12.6 хувь, сэтгэцийн хувьд бэрхшээлтэй 10.9 хувь, бусад 23.5 хувь байна. 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 1-10/823 дугаар “Дархан-Уул аймаг дахь хүний эрхийн төлөв байдал”-ын тайланд 2021-2022 онд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 456 хүүхдүүдээс ерөнхий боловсролын сургуульд 232 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд 88 хүүхэд хамрагдаж, 136 хүүхэд нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдэд гэрээр боловсрол олгох зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж дурджээ. Гэвч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн нарийвчилсан бодлого, хөтөлбөр, арга хэмжээний талаар тусгагдаагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагаанд санхүүжилт тусгайлан тусгагдаагүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх, нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна. Цаашид онцгойлон Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн нарийвчилсан бодлого, хөтөлбөрийг тусгах, хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагаанд санхүүжилтийг анхаарч нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангаж эдлүүлэх нь төрийн үүрэг юм.  3. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1-10/823 дугаар “Дархан-Уул аймаг дахь Хүний эрхийн төлөв байдлын тайлан”-д тусгасан тулгамдсан асуудал нь газар нутгийн онцлогоос шалтгаалан 2015 оноос хойш гэр бүлийн хэрэгцээнд иргэдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаагүй бөгөөд үүнтэй холбоотой иргэдийн газар өмчлөх, эзэмших эрх зөрчигдөж байгаа талаар иргэдээс ихээхэн санал, гомдол ирдэг тухай дурдсан бөгөөд иргэдийн өмчлөх эрхийн хэрэгжилт тулгамдсан асуудал болж байна.  Иймд иргэдийн өмчлөх эрхийг хангах, эдлүүлэх нь төрийн үүрэг бөгөөд иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх эрхийг хангах чиглэлээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн тухайн жилийн орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгуулан батлуулахад анхаарч ажиллах нь зүйтэй байна.  4. Тус аймаг нь 2022, 2023 онуудад “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан боловч Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн нийгэм, эдийг засгийн үзүүлэлт тоон мэдээний гэмт хэрэг бүлгийн гэмт хэрэг үйлдэгдсэн байдалд дүн шинжилгээ хийхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 онд 55, 2021 онд 72, 2022 оны 10 дугаар сарын байдлаар 69,  хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо 2020 онд 24, 2021 онд 18, 2022 онд 30 хүүхэд оролцсон нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Хүүхэд өсвөр үеийнхэнд хүмүүжил төлөвшилд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээнд улсын төсвөөс 15 сая төгрөг төсөвлөсөн хэдий ч ямар үйл ажиллагаанд зарцуулсан талаарх мэдээлэл байхгүй байна. Хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулж, Засаг даргын үйл ажиллагааны бодлого хөтөлбөрт хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүндэтгэх үйл ажиллагаанд санхүүжилтийг тусгайлан зарцуулагдах хөрөнгө төсвийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого хөтөлбөртөө хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй, хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. 5. Комиссоос тус аймаг дахь Нарны хүүхдүүд асрамжийн төвд амьдарч буй хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж тус төвийн байранд урсгал засвар хийх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хичээлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангах, төвийн байрны цэвэр, бохир ус, цахилгаан дулааны төлбөрт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээг авхуулахаар Комиссын гишүүний 2023 оны 06/04 дугаар шаардлага хүргүүлж хяналт тавьж байна. Гэвч хэрэгжилтийн явцаас харахад хүүхэд хамгааллын бодлого хэрэгжилт хангалтгүй, хүүхдийн эрхийн зөрчил төдийлөн буураагүй байна.   Түүнчлэн 2022 оны байдлаар Дархан-Уул аймагт бүтэн өнчин хүүхэд 88, хагас өнчин 967 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд бүтэн, хагас өнчин, эрсдэлт нөхцөл дэх хүүхдийн эрх, дотуур байранд амьдарч байгаа хүүхдийн эрхийн асуудал, хүүхэд гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн хохирогч болж байгаа тулгамдсан асуудлуудад анхаарч, хүүхэд хамгаалал, хүүхэд хөгжлийн үйл ажиллагааг үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах, ахуйн болон гадаад орчны аливаа эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авч ажиллах нь чухал байна. 6. Тус аймагт 2022 оноос хойш гэмт хэргийн гаралт жилээс жилд өссөн байгаа нь анхаарал татаж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 онд 7 гэмт хэрэг, 124 зөрчил, 2022 онд 5 гэмт хэрэг, 198 зөрчил, 2023 онд 3 гэмт хэрэг, 248 зөрчил үйлдэгдсэн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгааг харуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчлийн нэг шалтгаан болдог ба ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг. Иймд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийг барих ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарч, зорилтот гэр бүлийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна.  7. Ахмад настны эрхийн чиглэлээр Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 18,902 ахмад настан бүртгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмадын сан байгуулан ажиллуулах тухай журам”-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагуудад ахмадын сан байгуулах арга хэмжээ авч, зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах нь зүйтэй байна.

8. Аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/342 дугаар захирамжаар аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн салбар хороог шинэчлэн, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-г боловсруулж 4 зорилт 22 арга хэмжээг тусган баталжээ. Мөн 2021-2022 онууд орон нутгийн төсвөөс 7 сая төгрөгийг төсөвлөсөн байх бөгөөд Жендэрийн салбар хороо 4 сумдад дэд салбар хороог байгуулсан талаараа дурдаж дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Жендэрийн салбар хороо 2 удаа хуралдаж, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 11 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байна. Салбар хорооны гишүүдийг чадавхжуулах хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран өглөөний уулзалтыг зохион байгуулж, холбогдох хуулийн чиглэлээр сургалт хийсэн.  Төрийн өмчит үйлдвэрийн 5 газарт Жендэрийн салбар хороотой хамтран ажиллах уриалгыг 2-10/296 тоот албан бичгээр хүргүүлж, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 30 гаруй хорооны гишүүдэд Жендэрийн тухай сургалтыг цахимаар зохион байгуулжээ. Хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд дэд хөтөлбөрийн хэрэгжилт 93.85 хувь буюу 4.69 оноогоор үнэлэгдсэн байна” гэж хэрэгжилтэд дурдсан боловч хэдэн төгрөгийг хэрхэн хуваарилсан талаарх мэдээлэл байхгүй байна. Түүнчлэн улс төрийн эрхийн хүйсийн тэнцвэртэй байдалд дүн шинжилгээ хийхэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 33 төлөөлөгчөөс эрэгтэй 29, эмэгтэй 4 буюу эзлэх хувь нь 12.1 хувь, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нийт 5 хүнээс хүйсийн хувьд эрэгтэй 4, эмэгтэй 1 буюу эзлэх хувь нь 20.0 хувь тус тус байгаа нь орон нутагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх, хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхийн асуудал байна. Тухайлбал орон нутгийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сонгуульд нэрээ дэвшүүлэх, сонгогдох байдал маш бага байгаа нь зорилтот бүлгийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна. Мөн цаашид орон нутгийн улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүйсийн төлөөллийг хангуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, эдлүүлэхэд анхаарч бодлого хөтөлбөрт тусгаж ажиллах нь зүйтэй байна.  9. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2021 оны хэрэгжилтэд эрүүл мэндийн салбарт 7 төсөл арга хэмжээг 3.1 тэрбум төгрөг хэрэгжүүлсэн сайшаалтай боловч 2022 онд амбулаторын үзлэгт 514.7 мянга, 2023 онд 536.4 мянган иргэн буюу хүн амын 51 хувь нь үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагджээ. Цаашид иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хүрээнд хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх шаардлагатай байна.     10. Аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2022 оны байдлаар 49 хувь, 2023 оны байдлаар 44,4 хувь болж буурсан үзүүлэлттэй байна. Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 166 нь буюу 52.0 хувийг нь 16-34 насны залуучууд эзэлж байна. Иймд ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай орлоготой болгох асуудалд анхаарах зайлшгүй хэрэгцээ чухал байна.  Мөн хөдөлмөрлөх эрхийн асуудлын хүрээнд 2021-2023 онд Комиссын гишүүний 2 Зөвлөмж, 1 Шаардлагыг хүргүүлсэн бөгөөд үүнийг агуулгаар нь авч үзвэл ажлын байрны дарамт, бэлгийн дарамтад өртсөн, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах зэрэгтэй холбоотой байна. Аймгийн хэмжээнд зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг гаргахгүй байхад анхаарах нь зүйтэй юм.  Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Дорнод Төв аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой дараах асуудлууд байгааг цаашид анхаарч үзэх шаардлагатай байна. Үүнд: 1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газар ажилгүйдлийг бууруулах хүчин чармайлт гаргаж байгаа нь сайшаалтай ч авсан арга хэмжээний үр нөлөөг харуулах статистик хангалтгүй байгаагийн зэрэгцээ залуучууд, малчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд ажилгүйдлийн хувь өндөр байна. Хөдөлмөр эрхлэгчдийн 25 хувь нь хөдөлмөрийн аятай таатай нөхцөлд ажиллаж чадахгүй байгаа, албан бус салбарт ажиллагсад албан салбарт шилжих үйл явц удаан, шинэ хөдөлмөрийн хуульд туссан ажлын байран дахь бэлгийн дарамтыг бууруулах зохицуулалтын нөлөө хангалтгүй байгаад шүүмжлэлттэй хандсан. Комиссоос 2023 онд тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудалд Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт, байгаль орчны нөлөөлөлд хяналт шалгалт хийхэд ажилтны хөдөлмөрлөх эрхийн асуудал тэр дундаа ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, цалин хөлс олгох, удирдлагад өргөдөл, гомдол гаргаж, шийдвэрлүүлэх, хэвийн нөхцөлд ажиллах боломжоор хангагдах эрхийн зөрчил тогтоогдсон тул зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн боловч биелэлт хангалтгүй байна. Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, холбогдох бусад хуульд нийцүүлж, тухайн салбарын үйл ажиллагааны онцлогт тохирсон хүний эрхийн мэдлэг, шинэлэг агуулга бүхий сургалт, сурталчилгааны ажлыг нийт ажилтнууд  болон удирдах албан тушаалтанд зориулан зохион байгуулах заалтын биелэлтийг ирүүлээгүй тул орон нутгийн удирдлагын зүгээс тус компанийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд анхаарч ажиллах шаардлагатай байна. 2. Буйр нуурын сав газар тус аймаг дахь аялал жуулчлалын идэвхтэй бүс бөгөөд дулааны улиралд аялагчид гол нуурын эргээр байрлаж амрахдаа ил задгай хог хаягдлаа орхиж явдгаас үүдсэн орчны бохирдол (зарим жуулчны бааз төвлөрсөн бие засах газаргүй, загасны халдварт өвчин гарах) ихэссэн, нэгдсэн байдлаар цэвэрлэгээ хийдэг төрийн болон хувийн байгууллага байдаггүй байна. “Буйр нуурын экосистемийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх төв” орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг аймгийн төвийн Хэрлэн суманд байгуулан орон тоог батлан үйл ажиллагааг эхлүүлсэн боловч цалингаас өөр төсөвгүй байгаагаас Буйр нуурын орчинд хяналт тавьж, хамгаалах үйл ажиллагаа төдийлөн хийдэггүй байна. 3. Аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр 2022 онд осол гэмтэлд өртөж нас барсан 49 тохиолдол байсан бол 2023 онд гэмтэл, хордлого, гадны шалтгаант нас баралт 60 бүртгэгдсэн нь 2022 оныхоос 22 хувиар өссөн байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтын нэгдүгээрт бусдад хорлогдсон 2, хоёрдугаарт амиа хорлолт 9, гуравдугаарт зам тээврийн осол 16, дөрөвдүгээрт бусад байдлаар 33 тохиолдол гарсан байна. Гэмт хэрэг, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол, гэмтэл, хүндээ ээлгүй бодлого, төлөвлөлт, стандартын шаардлага хангаагүй зам талбай, барилга байгууламж, орчны бохирдол байгалийн гамшиг, санамсар болгоомжгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж гэмт хэрэг, осол буурахгүй байх тул үүний шалтгаан нөхцөлийг судалж бууруулах, урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээг авах нь зүйтэй.

4. Олон нийтийг холбосон цахим мэдээллийн сүлжээ хөгжиж, иргэд мэдээлэл олж авахын зэрэгцээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжууд нэмэгдсэн. Технологи нийгмийн амьдралд өргөн нэвтэрч байгаатай холбоотойгоор хүний хувийн мэдээллийг хамгаалах талаарх төр, бизнесийн болон бусад байгууллагын үүрэг, хариуцлагыг сайжруулах, цахим орчинд аюулгүй байдлаа хангах иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх асуудал тулгамдаж байна. Өндөр настай, үндэстний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим орчинд харилцах мэдлэг, ур чадвар дутмаг байгаагаас шалтгаалан төрийн болон хувийн хэвшлийн нэвтрүүлсэн цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг авч чадахгүй, нийгмийн амьдралд оролцож чадахгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Иймд иргэд Төрийн байгууллагад цахимаар хандаж гомдол гаргах нь цаг хугацаа, хөрөнгө хэмнэх тул уг нөхцөлийг бүрдүүлэн ажиллах шаардлага байна.  Дорнод аймагт иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж, хүний эрхийг хангах буюу зөрчсөн эсэх талаар шийдвэрлүүлэхээр 2021 онд 32984 иргэн, 2022 онд 2800 иргэн, 2023 онд 4310 иргэн хандаж өргөдөл, гомдол гаргасан байна. Төрийн байгууллагад гаргасан гомдлуудаас цахимаар гаргасан нь тоон үзүүлэлт бага байх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн, үндэслэлтэй байсан эсэх нь тодорхой бус байх тул цаашид гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг байгууллагууд тайландаа тусгаж байх шаардлагатай байна. Ийнхүү тайландаа шийдвэрлэлтийг тусгаснаар тухайн байгууллага болон иргэдэд ямар бэрхшээл, тулгамдсан асуудлууд гарч байгааг анхаарч, гомдол мэдээлэл нь үндэслэлтэй бол дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ.

5. Дорнод аймгийн Хэрлэн суманд 54.7 мянган иргэн буюу 13104 өрх амьдарч байгаа бөгөөд 5592 өрх нь төвлөрсөн усан хангамжаар, 7614 өрх зөөврийн усан хангамжаар хангагдсан байна. Уг төвлөрсөн усан хангамжийн шугам хоолой нь стандартын шаардлага хангаагүйгээс шугам хоолой зэвд идэгдсэн бөгөөд иргэд цэвэр усаар хангагдаж чадахгүй байна. Дорнод аймгийн 2024 оны улсын төсөвт Ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэхээр 10 тэрбум төгрөг тусгасан боловч бүрэн шинэчлэхэд хүрэлцэхгүй байх тул даруй бүрэн шийдвэрлэх шаардлагатай байна. 6.  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 415 арга хэмжээ явуулахаар тусгаснаас дараах 25 асуудал нь хүний эрхэд хамаарах нэн шаардлагатай асуудал гэж үзсэн. Гэвч тус арга хэмжээнээс зарим хэсгийг нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хассан байна. Үүнд:  а/ арга хэмжээ 2.3.7-д Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны барилгыг үе шаттайгаар шинээр барьж, хүүхдийн сурч, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах талаар тусгасан боловч төсөв мөнгө суулгаагүйгээс тус ажлыг хэрэгжүүлээгүй; б/ арга хэмжээ 3.3.7-д аялалын маршрутыг стандартын тэмдэг, тэмдэглэгээтэй болгох ажлыг зохион байгуулахаар тусгасан хэдий ч хэрэгжилт, үр дүнг тооцох боломжгүй;  в/ арга хэмжээ 2.8.6-д Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийг сургалт, мэдээллээр хангах, дохионы хэлмэрчийг сургаж, бэлтгэн ажиллуулна гэж төлөвлөж 10 багш бэлтгэсэн гэх боловч хэд нь багшаар ажиллаж хэд нь цааш хэдэн хүнийг сургаж бэлтгэсэн талаар тодорхой бус байгаагаас үр дүнг тооцох боломжгүй тус ажил удаашралтай;  г/ арга хэмжээ 2.8.2-д Хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлагатай хэрэгслийн засвар, жижиг үйлдвэртэй болох ажлыг эхлүүлэх” тус ажлыг гүйцэтгэх хүний нөөцийг бэлтгэхээр төлөвлөж байна гэх тайлбартай гүйцэтгэлийг 30 хувьтай тооцсон байна.

Цаашид Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө төлөвлөлтөд анхаарч, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна.

7. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн зөрчлийг арилгуулах, цаашид урьдчилан сэргийлэх талаар тус аймагт шаардлага, зөвлөмжийг хүргүүлж, хяналт  тавьж ажилласан байна. Тухайлбал:  Комисс 2020-2023 онд иргэний эрх, эрх чөлөөнд халдаж, дарамталсан асуудлаар аймгийн Цагдаагийн газарт Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлж тус газраас биелэлтийг хангаж 2023 оны 57/294 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Мөн Комисс “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, байгаль орчны нөлөөллийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж шаардлага хүргүүлэхэд тэдний зүгээс 2024 оны 24/1-24 дугаартай албан бичгээр хариуг өгсөн боловч хэрэгжилт хангалтгүй байсан.  - ”Өвлийн улиралд хурдан морь уралдуулахад анхаарах тухай” зөвлөмжийг аймгийн Засаг дарга нарт 3 удаа; - “Хүний эрх хамгаалагчийн талаар тодорхой үйл ажиллагаа зохион байгуулах” тухай зөвлөмжийг Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад; - “Залуус хорооллын айлууд зэвтэй ус хэрэглэж байгааг шийдвэрлэж ажиллах”, “Туслах малчдын тухай” зөвлөмжийг аймгийн Засаг даргад; - Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар “Дорнод нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт зөвлөмж; - “Хан-Уул цогцолбор” сургууль, 2 дугаар сургуулийн сурагчдын дотуур байрны асуудлаар аймгийн Засаг даргад тус тус зөвлөмжийг хүргүүлсэн байна.              Дээрх шаардлага зөвлөмжийн биелэлтийн хариуг ирүүлдэггүй, хэлбэрийн төдий биелүүлэх асуудлыг арилгаж, цаашид Комиссын зөвлөмж, шаардлагын биелэлтийг холбогдох албан тушаалтнаар бүрэн хангуулж ажиллах зүйтэй байна.

8. Хүний эрхийг хангах үндэсний хорооны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолоор баталсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, аймгийн хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайлантай танилцахад 11 хуудас бүхий 26990 тэмдэгттэй байсан нь уг тайлан хэт товч, гүйцэтгэсэн үйл ажиллагааны агуулгыг бүрэн илэрхийлээгүй байна гэж үзсэн.

Тус тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороогоор 2024 оны 01 сарын 24-ний өдөр хэлэлцүүлсэн бөгөөд аймгийн хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайланг хэлэлцэхээс өмнө аймгийн Засаг даргын Тамгын газраас Комиссын орон нутаг дахь ажилтанд ирүүлсний дагуу танилцаж Хүний эрхийг хангах механизмыг орон нутгаас дэмжин хамтарч ажилласан тухай, тус аймагт гарч байсан жагсаал, цуглаан, орон байргүй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа, иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх талаарх мэдээллийг тусгахыг зөвлөж тайланд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг өгсөн боловч тусгаагүй байна. Зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, амьдралын түвшин доогуур иргэд, охид, эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагааны талаарх мэдээлэл тусгасан боловч тус ажлын үр дүнг тооцож, түүний ач холбогдлын талаар тайлагнаагүй, мөн тайланг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагад танилцуулж, санал аваагүй байх бөгөөд цаашид тайланг боловсруулахдаа үйл ажиллагааны үр дүнг тодорхой тусгаж, санал дүгнэлтдээ бодитой гаргах нь зүйтэй байна.  Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Сэлэнгэ

1. Сэлэнгэ аймагт 2023 оны байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах, танхайрах, бусдын эд зүйлийг хулгайлах, халдах, үе тэнгийн дээрэлхэл, эвдэн сүйтгэх, тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг гэмт хэрэг, зөрчилд 54 хүүхэд холбогджээ. Мөн 2023 онд 24 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх бөгөөд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулах, анхан шатны хамгааллын үйлчилгээг үзүүлэх, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад сургалт зохион байгуулах, гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдийн судалгаа гаргах зэрэг ажлыг тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай ч аймгийн Засаг дарга УИХ-ын 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг нарийвчлан баталж, хэрэгжүүлэх нь зүйтэй байна. 2. 2023 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан элсэлтийн ерөнхий шалгалтад 918 шалгуулагч бүртгүүлснээс 893 шалгуулагч шалгалт өгч, хэмжээст онооны дундаж 497 бөгөөд өнгөрсөн оны 506.6 онооноос 9.6 оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Боловсролын чанарыг сайжруулахад эрчимтэй анхаарч сургалтын чанар хүртээмж,  хамран сургалтыг нэмэгдүүлэх, багш сурагчдыг идэвхжүүлэх талаар хэрэгжилтэд нь анхаарах хяналт тавих шаардлагатай байна. Багш нарыг чадавхжуулах, заах арга зүйг сайжруулах, сургалтын орчныг хүртээмжтэй болгох, сум аймгийн боловсролын үйлчилгээг ижил түвшинд хүргэх, сумын сургууль цэцэрлэгт дутагдалтай багш сурган хүмүүжүүлэгч нарт дэмжлэг үзүүлж ажиллуулах шаардлагатай байна. 3. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 20 дотуур байранд 1,383 хүүхэд амьдарч, дотуур байранд суух хүсэлтийн дагуу амьдарч байгаа суралцагчийн хувь 97,9 байна. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар байрны ашиглалтын хугацаа дууссан, 60-85 хувь нь 1978-1990 онд баригдсан барилга байдаг. Дотуур байранд хүүхдийн амьдрах орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эрүүл аюулгүй байдал хангагдаагүй, нийтийн халаалт, ариун цэврийн байгууламж байхгүй, хатуу зөөлөн эдлэлийн хүртээмж хангалтгүй хуучирсан, инженерийн дэд бүтцэд холбогдоогүй зэрэг хүүхдийн эрх зөрчигдөж байгааг тогтоосон. Иймд дотуур байрын барилгыг шинэчлэх ажлыг эрчимтэй хийх хэрэгцээ шаардлага тулгарч байна.  4. 2023 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 4957 иргэн бүртгэлтэй байх бөгөөд дэд бүтэц, нийтийн зориулалттай барилга байгууламжийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шат дараалсан арга хэмжээний төлөвлөгөө хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахад шаардлагатай хөрөнгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгуулан батлах зэрэг үйл ажиллагааг аймгийн Засаг дарга тэргүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Үндэсний зөвлөлөөр дамжуулан шийдвэрлүүлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. 5. Эрүүгийн багц хуулиудад Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн дэвшилттэй зохицуулалт тусгагдаж, тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч шударга шүүхээр шүүлгэх эрхийн зарим асуудал анхаарал татсаар байна. Комиссын Сэлэнгэ аймаг дахь ажилтанд хандсан байдлаар шударгаар шүүлгэх эрхийн хүрээнд гомдол мэдээлэл 12, хууль зүйн зөвлөгөө авсан 55 иргэн байна. Иймд шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд хойшлуулшгүй ажиллагааны улмаас баривчлагдсан иргэнд ямар хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа талаар танилцуулах, мөн ар гэрийн гишүүдэд дариу мэдэгдэх, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэл, нотлох баримт, тайлбарыг прокурорт хүргүүлж, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр хангах эрх хөндөгдөж байгаад анхаарч, холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй байна. 6. Хүний эрхийн Үндэсний Комисс Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны нөхцөл байдалтай танилцахад тус байр нь 1984 онд ашиглалтад орсон, Цагдаагийн газрын суурийн давхрын 335 м.кв талбайтай барилгад байрладаг байна. Тухайн барилгад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр барилгын насжилт дуусаж, эрүүл ахуйн стандартад нийцэхгүй гэсэн дүгнэлт гарсан боловч шинэ байрны төсөв шийдэгдээгүй тул стандартад нийцэхгүй байранд үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсаар байна. Дээрх байрны зай талбай, барилгын насжилт, барилгын суурийн давхарт байрладаг зэргээс хамаарч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/246 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Баривчлах байрны дотоод журам”-ын 2.2, 2.3, 2.4, 2020 оны А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Саатуулах байрны дэглэм журам”-ын 2-т заасан “Эрүүлжүүлэгдсэн, албадан саатуулагдсан, шүүхийн шийтгэврээр баривчлагдсан хүмүүсийг хүйсээр, эрүүл мэндийн шалтгаантай, насанд хүрээгүй этгээдийг тус тус ялган тусгаарлах, байгалийн ердийн гэрэлтэй, салхивчтай байх, хоолны өрөө, бие засах өрөөг эмэгтэй, эрэгтэйгээр тусгаарлах, нэг хүнд ноогдох зай, талбайн хэмжээ 2,5 м.кв-аас багагүй байна” гэсэн журмын хэрэгжилт хангагдаагүйгээс үүдэлтэйгээр хүний эрхийн зөрчил үүсэж байна. Түүнчлэн барилгын насжилт их, эрүүл ахуйн стандартад нийцэхгүй, орон нутагт үеэр усны гамшиг тохиолдоход үерийн усанд автах, мөөгөнцөртөх эрсдэл өндөр нөхцөлд албан үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчдын хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх зөрчигдөж байна. Тиймээс Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрын барилгыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шинээр барих төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг туслалцааг үзүүлж хамтран ажиллах арга хэмжээг авах нь зүйтэй байна. 7. 2023 онд Сэлэнгэ аймагт орон гэргүй 36 иргэн бүртгэгдсэн байх ба тэдний эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагууд нэгдсэн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байна. Цаашид орон гэргүй, асран хамгаалах гишүүнгүй, орон байргүй өндөр настнуудыг холбогдох хууль, журмын дагуу асрамж, халамжийн төвд шилжүүлэх, өвлийн улиралд тэднийг хооллох, бичиг баримтжуулах, хэвийн амьдралд нь оруулах нөлөөллийн ажлын зардлыг орон нутгийн төсөвт суулгаж, зохион байгуулах шаардлагатай байна. 8. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх байдаг бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Гэтэл Сэлэнгэ аймгийн түвшинд энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 онд нээлттэй мэдээллийн хувь буюу шилэн индексийн хувь нь 96 хувьтай үнэлэгдсэн байгаа хэдий ч агентлаг, сумд  0 хувьтай үнэлэгдсэн байна. Байгууллагаас үзүүлдэг үйлчилгээ, бүрдүүлэх материал, хариуцдаг албан тушаалтан, шийдвэрлэх хугацаа зэрэг мэдээллийг шат дамжлагагүйгээр, ойлгомжтой байдлаар иргэдэд хүргэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.   9. Нийгмийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн зэрэгцээ хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэлд хүргэх үйлчилгээтэй, мөн тэсрэмтгий, шатамхай, исэлдүүлэгч, идэмхий, цочроогч шинж чанартай химийн хорт болон аюултай бодисыг иргэд ахуйн хэрэглээндээ, аж ахуйн нэгж, байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэх нь нэмэгдэж байгаагаас түүнийг хадгалах, хамгаалах болон устгах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Гэвч аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар хадгалж байгаа болон ашиглаж буй химийн хорт болон аюултай бодисын талаар нарийвчлан гаргасан мэдээлэл судалгаа байхгүй, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөнд тавих хяналт хангалтгүй байна. Үүнээс үүдэн химийн хорт болон аюултай бодис алдагдах тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлсний уршгаар хүн ам үй олноороо амь насаа алдах, аюултай өвчин, эмгэг үүсэх, тархах, хүний удамшилд нөлөөлөх эрсдэлтэй байна. Түүнчлэн мал аж ахуй, ан амьтанд учрах хор уршгийг урьдчилан тооцоолох аргагүй юм. Тиймээс химийн хорт болон аюултай бодисын асуудалд анхаарал хандуулж, хүн, амьтан, хүрээлэн буй орчныг учирч болох аливаа эрсдэлээс сэргийлж ажиллах нь чухал байна.  Сэлэнгэ аймаг дахь хүний эрхийн төлөв байдлын тайланг “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын дагуу тайлагнахдаа орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг анхааралдаа авч, тус журмын дагуу тайлагнаж хэвших шаардлагатай.   Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээрх дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх тогтвортой байдлын зорилтын зарчмыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Орхон 1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Цагаан тоосжилтын бүсэд Жаргалант сум, Говил, Баянцагаан багийн нийт 2452  өрхийн 9484 иргэд оршин сууж амьдарч байна. Мөн 2024 оны 02 дугаар сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18-р хуралдаанаар Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн хугацааг сунгаж дахин хэлэлцэн баталсан байна. Нийт 5 зорилтын хүрээнд 18 үйл ажиллагааг тусгасан тус хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2031 он хүртэл  хугацаанд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн эхний үе шат 2024-2027 он хүртэл хугацаанд, хоёр дахь үе шат 2028-2031 он хүртэл хугацаанд үргэлжлэхээр төлөвлөсөн байна. Нийт 5 зорилтын хүрээнд 18 үйл ажиллагааг тусгасан тус хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2031 он хүртэл  хугацаанд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн эхний үе шат 2024-2027 он хүртэл хугацаанд, хоёр дахь үе шат 2028-2031 он хүртэл хугацаанд үргэлжлэхээр төлөвлөсөн байна. Цагаан тоосжилтын хувьд жил ирэх тусам хүдэр олборлолт нэмэгдэхийн хэрээр хаягдсан элсний хэмжээ 2018 онд 807,1 сая тонн байсан бол 2023 онд 969,2 сая тонн болж нэмэгдэн хуурай талбайн хэмжээ томрохын зэрэгцээ хаягдлын аж ахуй нь 2018 онд элстэй талбайн хэмжээ 1302.8 га, далангийн өндөр далайн түвшингээс дээш 1295 метр байсан бол 2022 онд элстэй талбайн хэмжээ 1482.4 га, далангийн өндөр далайн түвшингээс дээш 1305 метр өндөр өргөгдсөн байгаа нь агаарт дэгдэх тоосны хамрах хүрээг нэмэгдүүлж байна. Иймд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, Цагаан тоосны хаягдлын аж ахуйг төв суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлж холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй байна. 2. “Хүүхдийн тусламж”-ийн 108 утсанд 2021 онд 192, 2022 онд 2013 тус тус дуудлага  бүртгэгдэж өссөн байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил нэмэгдэж буй байдлыг илэрхийлж байна. 2021 онд хүүхдийн 108 утсанд ирсэн дуудлагын 80 хувь гэр бүлийн хүчирхийлэл буюу гэр бүлийн орчинд хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл бүртгэгдсэн бол 2022 онд ирсэн дуудлагын 53 нь бие махбод, 4 нь бэлгийн, 81 нь сэтгэл санааны, 52 нь үл хайхрах хүчирхийлэл тус тус байгаа статистик тоо мэдээ гаргасан байна. Мөн 2023 оны хагас жилийн байдлаар 32 хүнд үйлчилгээ үзүүлсэн ба үүнээс 28 хүүхэд, насанд хүрсэн 4 иргэнд 10 төрлийн үйлчилгээг үзүүлсэн ба эдгээр хүмүүс давхардсан тоогоор 180 хоног байрлаж эрүүл мэндийн тусламж, аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүй, хууль эрх зүйн болон асрамжлах үйлчилгээ зэрэг давхардсан тоогоор 93 удаагийн үйлчилгээг авсан байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2023 оны хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд гэр бүлээ цуцлуулсан гэр бүл салалтын гол шалтгаан дээр судалгаа хийхэд зан харилцаа таарамжгүй 44.3 хувь, гэр бүлийн талаар тогтворгүй, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг 24.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэдэг шалтгаанаас болж гэр бүл цуцлуулсан 22.9 хувь нь байна. Гэр бүлээ цуцлуулсан гэр бүлээс 1 хүүхэдтэй 38.8 хувь, 2 хүүхэдтэй 45 хувь, 3 хүүхэдтэй 11.3 хувийг эзэлж байна. Иймд гэрлэгчдэд сэтгэл зүйн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, уулзалт хийх, гэр бүлийн хөгжил-боловсрол, тогтвортой байдлыг дэмжиж сургалт, зөвлөгөөг явуулах замаар гэр бүл цуцлалтын тоог бууруулах зорилгоор Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газартай хамтран "Гэр төсөл"-ийг хэрэгжүүлсэн хэдий ч 2021, 2022 онд хийсэн үйл ажиллагаа, статистик тоо мэдээг харьцуулж дүгнэхэд хүүхдийн эрхийн зөрчил өмнөх оноос нэмэгдсэн байна. Иймд аймгийн хэмжээнд нийт 30 багийн “Хамтарсан баг”, Ерөнхий боловсролын 27 сургуулийн “Хүүхэд хамгаалал”-ын багуудын үйл ажиллагаа болон хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны үйл ажиллагааг эрчимжүүлж, хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулах нь зүйтэй байна.  3. Тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн гаралт буурахгүй байгааг цагдаагийн газрын статистик мэдээнээс харвал бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2021 онд 238 гэмт хэрэг, 592 зөрчил, 2022 онд 324 гэмт хэрэг, 687 зөрчил, 2023 онд 287 гэмт хэрэг, 43 зөрчил үйлдэгдсэн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгааг харуулж байна.  Хамтарсан багууд нь 2023 онд гэр бүлийн хүчирхийллийн 347 зөрчил, дуудлага мэдээллийг хүлээн авч, 209 кейсийг  хааж, 138 кейс дээр ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь архидалттай холбоотойгоор нэмэгдэж байгаа бөгөөд 2023 оны 12-р сарын байдлаар архины албадан эмчилгээнд 21 иргэнийг хамруулсан байна. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газраас гаргасан гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын мэдээнээс харахад нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 2021 онд 117 буюу 23.2 хувь нь, 2022 онд 731 буюу 30.2 хувь, 2023 онд 761 буюу 26.8 хувь нь тус тус согтуугаар үйлдэгдсэн байна.  Гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчлийн нэг шалтгаан болдог ба ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг. Иймд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийг барих ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарч, зорилтот гэр бүлийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна.  4. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор 2020-2023 оны хугацаанд хэрэгжүүлэхээр батлагдсан ба уг хөтөлбөрийн хүрээнд “Жендэрийн дэд хөтөлбөр”-т 2021 онд орон нутгийн төсвөөс 41,0 сая, 2022 онд 30,0 сая, 2023 онд 27 сая, тус тус төгрөгийн санхүүжилт олгосон, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3 жилийн хугацаанд нийт 98 сая төгрөгийн санхүүжилт олгосон ба хөтөлбөрийн хүрээнд 2021, 2022 онуудад Жендэрийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн талаар тодорхой ажлуудыг санаачилж хийсэн байна. “Жендэрийн дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тусгасан ажил болох Хүүхдийн хөгжил,  хамгааллын төв “Түр хамгаалах байр”-ыг 2020 онд стандартад нийцүүлэн шинээр барих төсөл боловсруулан газрын асуудлыг шийдвэрлэж, улсын төсвийн 1,261,592.003 төгрөгийн санхүүжилтээр  барилгажилтын ажлыг эхлүүлсэн боловч одоогийн байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил зогсож тус “Түр хамгаалах байр” одоог болтол ашиглалтад ороогүй байгаа нь эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хангагдаагүй байна. Иймд “Түр хамгаалах байр”-ны барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулж хүчирхийлэлд өртсөн зорилтод бүлэгт хуульд заасан үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөлөөр хангах шаардлагатай байна. 5.    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 105 дугаар тогтоолоор  батлагдсан “Иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалтыг тогтоох тухай” тогтоолын дагуу аймгийн хэмжээнд 2023 онд газар өмчлөх эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан 5  иргэний 0.07 га газрын өмчлөх эрхийг хүчингүй  болгож, иргэний гаргасан хүсэлтийн дагуу 58 иргэний  хамтран өмчлөх эрхийг хүчингүй болгож, 199 иргэнд 15.42га газрыг өмчлүүлсэн байна. Аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 01/1307 дугаар “Орхон аймаг дахь Хүний эрхийн Төлөв байдлын тайлан”-д тусгасан тулгамдсан асуудалд Орхон аймаг нь нийт 84.4 мянган га/кв.м  нутаг дэвсгэрт Монгол Улсын хамгийн бага  газар нутагтай аймаг. Нийт 29.3 мянган өрх, 106.2 мянган хүн амтай, газар зүйн байрлалын хувьд Монгол Улсын төв хойд хэсэгт Сэлэнгэ, Булган аймагтай хил залгаа оршдог  онцлогтой. Цаашид хүн ам өсөн нэмэгдэх тоон судалгаатай гэтэл газар нутаг багатайгаас хамаарч иргэд газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй, иргэдийн гаргасан газар өмчлөх хүсэлтийг шийдвэрлэх асуудал удаашралтай байгаагаас иргэдийн өмчлөх эрхийн хэрэгжилт тулгамдсан асуудал болж байна.     Иймд Эрдэнэт хот нь хотын статустай хөгжихөд шаардлагатай газар нутгийн тэлэх асуудлыг шийдвэрлүүлэх талаар Улсын Их Хурал, Засаг газарт санал гаргаж, орон нутгийн нутаг дэвсгэрийн хилийн зурвасыг дахин тогтоолгох, Булган болон Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрээс тодорхой хэмжээний газрыг Орхон аймгийн нутаг дэвсгэрт шилжүүлж шийдвэрлүүлэх тал дээр анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй.  6. 2023 оны байдлаар Орхон аймгийн хүн амын 4.3 хувь буюу 4648 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний бүртгэлтэй байна. "Тэгш боломж" төслийн хүрээнд 1, 7, 20 дугаар сургуулиудад "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв", 4 дүгээр сургуульд "Эрүүл мэндийг дэмжих төв" байгуулагдаж, ерөнхий боловсролын 7 сургуульд "Хүүхдийн хөгжил" төслийн хүрээнд хөгжим, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнүүд нийлүүлэгдсэн байна. Дээрх 3 төслийг 2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж "Тэгш боломж" төслийн хүрээнд орон нутгийн төсвийн 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3 сургуульд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төв", 50.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Эрүүл хүүхэд" төслийн хүрээнд 15 дугаар сургуульд "Эрүүл мэндийг дэмжих төв" байгуулагдаж, "Хүүхдийн хөгжил" төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад 241.0 сая төгрөгийн хөгжим, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнүүд нийлүүлсэн байна.  Нийт 8 төрлийн 23 арга хэмжээг зохион байгуулахад 30,0 сая төгрөгийг зарцуулж, 12500 гаруй иргэнийг хамруулсан байна. MNS 5682:2006 "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам", техникийн шаардлага, стандартын хүрээнд Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга, Ерөнхий архитекторын баталсан нэг загварын зургийн дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон Баян-Өндөр, Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар дараах байршлуудад явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам барьж байгуулах, засварлах ажлыг гүйцэтгэж, 2023 оны хагас жилийн байдлаар 2384,5 м2 явган хүний замын ажил 67 хувьтай хийгдсэн байна.  7. Комиссын гишүүний удирдамжийн дагуу 2023 онд аймгийн хэмжээнд иргэдийн тогтмол үйлчилгээ авдаг нийт 32 төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын барилга, байгууламжид MNS5682:2006 “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, техникийн шаардлага” стандартыг хангасан болон орчин хүртээмжийг бүрдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийхэд төрийн 16 байгууллага, үйлчилгээний газруудын барилгын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэний орчны хүртээмжийг бүрдүүлээгүй буюу орох, гарах гарцын хувьд стандарт шаардлагыг хангаагүй байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд төрийн үйлчилгээ болон нийгмийн бусад үйлчилгээ авахад барилга байгууламжийн орц, гарцын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, шинээр ашиглалтад орж буй барилгад стандартын шаардлага хангасан налуу замтай барилгыг хүлээн авах талаар “Улсын комисс”-ын зүгээс шаардлага тавих, Комиссын гишүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг оруулах шаардлагатай. Хуучин барилгуудын хувьд MNS5682:2006 “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, техникийн шаардлага” стандартыг хангасан налуу замын зураг төслийн гаргаж шинээр барьж байгуулах, төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг бий болгох, мөн хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд мэдээлэл авах боломж, нөхцөлийг бүрдүүлж зориулсан мэдээллийн самбарыг байрлуулах, төрийн байгууллагын тодорхой албан хаагчдыг дохионы хэлний мэдлэг, чадвартай болгох, сургалтад хамруулах шаардлагатай байна.    Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Өвөрхангай Өвөрхангай аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой дараах асуудлууд байгааг цаашид анхаарч үзэх шаардлагатай байна. Үүнд: 1. Өвөрхангай аймагт оршин суугаа  нийт хүн амын 31,8  хувь  буюу 36,7 мянган  иргэн Арвайхээр суманд амьдарч байна. Тус  сумын 15кВт-ээс 100 кВт  хүчин чадалтай 56, 101 кВт -аас 4200 кВт хүчин чадалтай 21 зуухны  дулаан үйлдвэрлэл,  9673 тээврийн хэрэгсэл, 6470 гэр хорооллын айл өрхүүдийн ахуйн халаалтын зуухнаас (3-15  кВт-ийн хүчин чадалтай)  гарч буй утаа нь агаарын бохирдлын эх үүсвэр болж байна. Өвөрхангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн байгаль орчны шинжилгээний лабораторийн мэдээллээр бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламжийг агаарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулахад 2023 онд хүхэрлэг хийн сарын дундаж агууламж нь хүйтний улирлын 11-03 сар хүртэлх хугацаанд агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 1.2-4.1 дахин их, азотын давхар ислийн сарын дундаж агууламж нь мөн хугацаанд агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 1.1-2.2 дахин их, PM2.5 тоосонцрын сарын дундаж агууламж нь хавар, намар, өвлийн улиралд агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 1.2-3.6 дахин их бохирдолтой байна. Иймд судалгаа, шинжилгээ, эдийн засгийн үр ашгийн тооцоололд үндэслэн, сум суурин газрын хүн амын төвлөрлийг харгалзан гадаад болон дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулан, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. 2. Өвөрхангай аймгийн хэмжээнд 86 шатахуун түгээх станцад 284 нөөцийн сав байгаагийн 24 нь Арвайхээрт байна. Энэ 284 савны 59 нь шинэ, 225 нь хуучин байна. Шатахуун түгээх станц, техникийн ерөнхий шаардлага MNS4628:2013-ын 10.1.7-д “Нөөцийн савыг ашиглаж эхэлснээс хойш 10 жил, цаашид 5 жил тутам ханын зузааны нимгэрэлт, савны ашиглалтын нөөцөд  эрх бүхий байгууллагаар сорилт хийлгэж, баталгаажуулах”-аар заасан бөгөөд уг ажил өнөөг хүртэл хийгдээгүй, нефть бүтээгдэхүүн хөрсөнд нэвчин  газрын доорх гүний усыг бохирдуулж буй эсэхийг тогтоох боломжгүй байна. Иймд нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцын нөөцийн савыг мэргэжлийн байгууллагаар сорилт хийлгэж баталгаажуулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй. 3. Аймгийн төвд үзлэгийн 3000 гаруй худаг байгаагаас 50 хувь нь стандартын шаардлагад нийцсэн таггүй байна. “Онги ус суваг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас бетонон таг тавьдаг боловч энэ нь зуны улиралд борооны усанд норж үйрэх, улмаар худгийг бөглөх, ус бохирдох, хүн унаж гэмтэх аюул эрсдэл тулгарсаар байна. Түүнчлэн гудамж талбайд цахилгааны утас ил задгай үзэгдэх, багийн төв, нийтийн орон сууцны гадаах хүүхдийн тоглоомын талбай стандартын шаардлага хангаагүй явдал байсаар байна. Иймд үзлэгийн худгийн тагыг шаардлагад нийцсэн тагаар солих, нийтийн эзэмшлийн газрууд, хүүхдийн тоглоомын талбайд мэргэжлийн байгууллагаар нэгдсэн үзлэгийг тогтмол  хийлгэж аюулгүй байдлыг хангуулахад анхаарах хэрэгтэй байна.  4. Аймгийн Нарийнтээл сумын “Баянтээг” ХК-ийн нүүрсний уурхай нь Архангай, Баянхонгор, Булган, Дундговь аймгуудын сумдыг нүүрсээр хангадаг. Тус уурхайгаас А0302 улсын чанартай Арвайхээр-Нарийнтээл чиглэлийн хатуу хучилттай автозам хүртэл 22 км-ын зайтай бөгөөд шороон замаар нүүрс тээвэрлэж байгаагаас хавар, намрын улиралд тоосжилт ихсэн, хүн, малын өвчлөл нэмэгдэж, улмаар олон салаа замаас үүдэлтэй бэлчээрийн доройтол ихсэх, тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Иймээс А0302 улсын чанартай Арвайхээр -Нарийнтээл чиглэлийн хатуу хучилттай автозамтай  Баянтээгийн нүүрсний уурхайг холбосон 22 км хатуу хучилттай автозам барих асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай. 5. Тус аймагт cүүлийн жилүүдэд боловсролын байгууллагын орчинд хүүхэд хохирогч болсон хэргүүд гарсан, түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол, хүүхэд холбогдсон,  хохирсон гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна. 2021-2023 онд тус бүр 2 хүүхэд амиа хорлосон ба зам тээврийн ослын улмаас 2022 онд 4, 2023 онд   2, бусад ослын улмаас 2021 oнд 7, 2022 онд 4 , 2023 онд  8   хүүхдийн амь нас хохирсон байна.  Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд 108, 2023 онд 130 дуудлага мэдээлэл хүлээн авсан нь өмнөх онтой харьцуулахад 13 хувиар өсжээ. 2022 онд Хүүхэд хамгааллын 75 кейс нээн шийдвэрлэлт 84,  2023  онд 130 кейс нээж шийдвэрлэлт 80 хувьтай байна. Солонго хүүхдийн асрамж, халамжийн төвд 15 хүүхэд амьдарч, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2022 онд 48, 2023 онд 43, хүүхэд үйлчлүүлж, аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ авсан байна. Нийт 32 дотуур байранд 2135 хүүхэд амьдарч байна. Үүнээс малчны хүүхэд 1802   байна.  Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 53 дугаар тогтоолоор хүүхэд бүрийг үл хайхрах, хүчирхийлэх, аливаа эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах орон нутгийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх зорилгоор баталсан “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг баталж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  23/03 дугаар тогтоолоор Аймгийн Хүүхэд хамгааллын бодлогын  хэрэгжилтийг 46.7 хувь буюу эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэжээ. Хүүхдийн эрхийн нөхцөл байдлын талаарх статистик, аймгийн хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ зэргээс харахад хүүхдийн эрхийн зөрчил тулгамдсан асуудал байсаар байна. Иймд хүүхэд хамгааллын тогтолцоо, хүний нөөц, санхүүжилтийг шийдвэрлэх, хүүхдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдэж, амиа хорлох, хорлохыг завдах тохиолдол өсөж байгаа тохиолдлыг судалж, судалгаанд суурилсан хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулах, сэтгэл зүйч, хүүхдийн сэтгэцийн эмчийг бэлтгэх, сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээнд тусгах шаардлагатай байна. 6. Цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс харвал тус аймагт Гэр бүлийн    хүчирхийлэл үйлдэх болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг 2022 онд 82, 2023 онд 63, зөрчлийн хэрэг 2022 онд 237, 2023 онд 205 бүртгэгдсэн байна. Аймгийн хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2020-2023 оны хугацаанд хохирогч 58 эмэгтэй, 172 хүүхдэд нийгмийн ажил үйлчилгээ үзүүлсэн байна. Комисс болон бусад байгууллагаас гаргасан судалгаагаар жендэрийн эрх тэгш байдал тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлууд болох гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын асуудлууд тулгамдсан хэвээр байна. 7. Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд, иргэдийн эрхийг хангуулах чиглэлээр харааны бэрхшээлтэй иргэдэд брайл үсгийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, аймгийн номын санг 40 гаруй тооны  брайл ном, гарын авлагаар хангасан, Арвайхээр сумын 4 байршлын 14 цэгт явган хүний гарцад дуут дохио суурилуулж,  харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлсэн, 2023 онд “Бүтээлч гар” төрийн бус байгууллагатай хамтран төр болон хувийн хэвшлийн 25 аж ахуйн нэгж байгууллагын гадна орчны хүртээмжийн үнэлгээг хийж Монгол Улсад мөрдөгдөж байгаа “MNS 6055:2009 иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин” стандартыг хангаагүй 8 байгууллага стандартын дагуу налуу замыг хийлгүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлсэн, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, тэргэнцэр, тэргэнцэртэй хүний жин зэрэг багц тоног төхөөрөмжийг байршуулан, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг үзлэгт хамруулсан, Арвайхээр, Хархорин сумдад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулахаар ажиллаж байгаа зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ахиц дэвшил гарч байгаа  нь сайшаалтай байна. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бусдын адил чөлөөтэй оролцох болон хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, (ажлын байрны дутагдал) гадаад дотоод орчны болон мэдээллийн хүртээмж муу, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах, туслалцаа үзүүлэх тусгай арга хэмжээ хангалтгүй байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах, туслалцаа үзүүлэх тусгай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд  чиглэсэн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, боловсролд тэгш хамран сургах цогц арга хэмжээ авах, гадаад дотоод орчны болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх шаардлага байна. 8. Орон нутагт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрийн үр дүнд 5735 ажлын байр бий болсон, үүнээс улсын төсөв, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрийн дүнд 3501, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар 241, гадаадын зээл тусламж, бичил төслөөс  64, хувийн хэвшил 1929 ажлын байр бий болж, энэхүү ажлын байранд ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөрлөх эрх хангагдахгүй, эрх нь зөрчигдсөн тохиолдол нийт 25 удаа бүртгэгдсэнийг газар дээр арилгасан ч ажил олгогчдоос цалин хөлсийг бүрэн олгодоггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй зөрчил гарсаар байгааг дурджээ.  Харин Комисст хандаж  гомдол, мэдээлэл, хууль зүйн туслалцаа авсан байдлыг агуулгаар нь ангилбал үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт үүсгэх, ажлын хэт ачаалалтай нөхцөл байдалд ажиллуулах,  ажлын байрны чиг үүрэгт хамааралгүй ажил үүрэг гүйцэтгүүлэх, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангуулах, халдашгүй байх эрх  зөрчигдсөн гэх  асуудал нийтлэг байна. Төрийн тусгай албанд хүний нөөцийн дутагдлаас шалтгаалж ажиллаж буй алба хаагчдад ажил, амралтын цагийн горим алдагдаж, нормоос илүү ачаалал үүрүүлэхэд хүрдэг бөгөөд илүү цагийн урамшуулал олгох, амралтыг биеэр бүрэн эдлүүлдэггүй  зэрэг хөдөлмөрлөх эрхийг зөрчихөд хүрдэг тул уян хатан зохицуулалт шаардлагатай байна. Мөн  алба хаагчид ажил үүргээ хэвийн, тасралтгүй гүйцэтгэхэд шаардлагатай дүрэмт хувцас, хоол хүнс, техник хэрэгсэл, бусад нөөцийн хүртээмж, чанарыг сайжруулах, ажиллах орчин, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээтэй байна. Нийтийн аж ахуйн салбар боловсон хүчний дутагдалд орж, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудал орхигдсон байна. 24 цагийн аль ч үед дуудлагаар ажиллах шаардлагатай, хортой, хүнд нөхцөлд , ачаалал ихтэй ажилладаг салбарын онцлогийг харгалзан боловсон хүчнийг дэмжих, бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах асуудалд бодлогоор дэмжих шаардлага байна. 9. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас хийсэн “Аймгуудын цахим шилжилтийн тайлан-2023”-д аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг удирдлага ба манлайлал, хандлага, ур чадвар, инновац гэсэн 5 үзүүлэлтээр үнэлэхэд 21 аймгаас 15,1 оноогоор 10 дугаарт,  6 төрлийн индекс бүхий 66 асуулгаар цахим шилжилтийн  талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дүгнэхэд 21 аймгаас 29,4 оноогоор 15 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. Аймгийн хувьд бүх сумд шилэн кабельд холбогдсон бөгөөд 112 багаас 20 баг 4G сүлжээнд, 73 баг 3G сүлжээнд холбогдсон. 12 баг сүлжээнд холбогдоогүй байна. Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчийн тоо 2023 оны жилийн эцсийн байдлаар 121326, суурин интернэт хэрэглэгч 3707 байна. Хурдан цэгийн тоо 2, хурдан цэгээр үйлчлүүлсэн иргэдийн тоо 10123 /2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар/, төрийн үйлчилгээний нэгдсэн системд /И.Монгол/ холбогдсон үйлчилгээний тоо 67 байна. Аймгийн  хэмжээнд нийт 79,897 иргэнийг тоон гарын үсэгтэй  болгохоор тооцсон бөгөөд одоогоор 37,498 иргэн буюу 54% нь тоон гарын үсэгтэй болсон байна Нийт хүн амын дунд интернэтийн хурд, сүлжээний хүртээмж тэгш бус, харилцан адилгүй байна. Өндөр настан, бичиг үсэггүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим орчинд харилцах мэдлэг, ур чадвар дутмаг байгаагаас төрийн болон хувийн хэвшлийн нэвтрүүлсэн цахим бүтээгдэхүүн, үйлчилгээг авч чадахгүй, нийгмийн амьдралд оролцож чадахгүй байна. Энэ нь нийгэмд цахим хуваагдлыг бий болгож байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан төрийн цаасан суурьтай үйл ажиллагааг багасган цахим харилцаа, цахим засаглалд шилжиж буй  шилжилтийн үед иргэдийн технологийн мэдлэг, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах цахим ур чадвар, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх  чадавхыг  нэмэгдүүлэхийн зэрэгцээ төр мэдээллийн аюулгүй байдал, хүний хувийн мэдээллийг алдагдахаас сэргийлэх, хамгаалах тогтолцоог  үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй байна.

10. Зуд, үер, ой хээрийн түймэр, ган гачиг нь  хүний амьд явах, хоол хүнс, усаар хангагдах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд шууд заналхийлж байна. Монгол Улс эх газрын эрс тэс уур амьсгалтай, хүн амын амьжиргааны эх үүсвэр болон ахуй соёл, ахуй нь хүрээлэн байгаа орчноос ихээхэн хамааралтай учир уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөмтгий улсад хамаардаг. Тухайлбал: 2024 онд өвөлжилт хүндэрч Өвөрхангай аймгийн хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээг хийхэд аймгийн зудын эрсдэлийн түвшний индекс 7.0 буюу их түвшинд хүрч,  нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож Богд, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан сумдын эрсдэлийн түвшин маш их, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Хархорин, Хужирт, Төгрөг, Есөнзүйл, Нарийнтээл, Өлзийт сумдын эрсдэлийн түвшин өндөр, бусад 7 сум дунд эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд 71974 толгой мал хорогдож /2024 оны 04 дугаар сарын 05-ний өдрийн байдлаар/, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан,  Бүрд,  Баруунбаян-Улаан, Өлзийт, Есөнзүйл сумдын зарим багийн  нутаг дэвсгэрт зам даваа хаагдаж малчин өрхтэй холбоо харилцаа тасарч 276 малчин өрхөд өвс тэжээлийн хомсдол үүссэн, бөгөөд аймгийн хэмжээнд өөрийн аймагт 10 сумын 346 малчин өрхийн 101131 толгой мал, өөр аймагт 9 сумын 154 малчин өрхийн 51869 толгой мал отор нүүдэл хийжээ.

Иймд  өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийг гамшиг, онцгой байдлын үед хэрхэн хамгаалах төлөвлөлт, зохион байгуулалт болон гамшиг, осолд нэрвэгдсэн болон гамшиг, ослын улмаас эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийг орон байраар хангах, учирсан хохирлыг арилгах, нөхөн олговор олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг цогц бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал байна. 11. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Гэтэл тус аймгийн түвшинд энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба аймгийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ) 2023 онд 84 хувьтай үнэлэгдэж байсан бол 2024 оны 2 дугаар улирлын байдлаар 94 хувьтай үнэлэгдэж мэдээллийн ил тод байдал өсжээ. Харин 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Шил ажиллагаа (shilen.gov.mn)-ээс мэдээллийг татаж дүн шинжилгээ хийхэд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон сумдын ЗДТГ-ууд 2023 онд шилэн индекс 0 хувьтай үнэлэгдсэн бөгөөд 2024 оны 2 дугаар улирлын байдлаар Нийгмийн даатгалын хэлтэс  62 хувь, бусад агентлагууд 0 хувь,  Тарагт сумын ЗДТГ 54  хувь, Хархорин сумын ЗДТГ 52 хувь, бусад 17 сумын ЗДТГ 0 хувьтай тус тус үнэлэгдсэн байна. Иймд нутаг дэвсгэрийн хэмжээний төрийн бүх шатны байгууллагын үйл  ажиллагааг ил тод, нээлттэй байлгах,  мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод,  мэдээлэх  зохион байгуулалт, хяналт  хариуцлагын тогтолцоог бүрдүүлж төрийн үйл  ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах  шаардлагатай байна. Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх тогтвортой байдлын зорилтын зарчмыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Сүхбаатар Сүхбаатар аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой дараах асуудлууд байгааг цаашид анхаарч үзэх шаардлагатай байна. Үүнд: 1. Сүхбаатар аймгийн хэмжээнд хурдан морь унадаг уралдаанч 989 хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй байна. Тус аймагт хурдан морины уралдаан 2022 онд 13, 2023 онд 40 удаа зохион байгуулагдаж уралдааны замд мориноос унасан хүүхэд 2022 онд 86, 2023 онд 56 хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 15, 2023 онд 10 хүүхэд хөнгөн, хүнд хэлбэрийн бэртэл гэмтэл авч, эмчилгээ хийлгэсэн 19 хүүхэд хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалаас 89.650.000 төгрөгийн олговор олгогдсон байна. Хэдий албан ёсоор зохион байгуулагдаж буй морины уралдаанд хүүхэд унаж нас бараагүй ч ахуйн хүрээнд сунгаа морины ажил хийж байгаа айл өрхөд хүүхэд унаж эндсэн тохиолдол гарч байна. “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Мөн Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахгүй байх талаар арга хэмжээг авч ажиллах зөвлөмжийг бүх аймгийн Засаг дарга нарт хүргүүлдэг.   Гэвч 2024 он гарснаас хойш дээрх хориглосон хугацаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсан тул Комиссын гишүүний 2024 оны 02/07 дугаар шаардлагыг хүргүүлж, биелэлтийг хангуулсан. Цаашид Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж, харьяалах нутаг дэвсгэртээ заасан хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож, хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх тууштай арга хэмжээ авах шаардлагатай байна. 2. Өсвөр насны охидод тохиолддог тулгамдсан асуудлуудын нэг нь охидын жирэмслэлт юм. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон охид сурч боловсрох, хөгжих, гэр бүл төлөвлөх боломжоо алдах, сэтгэл зүйн дарамтад орох, үр хөндүүлэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дагуулсаар байна.  Улсын хэмжээнд 2023 онд нийт үр хөндөлтийн 432 тохиолдол буюу 3.5 хувийг хожуу үр хөндөлт, 611 тохиолдол буюу 5.0 хувийг өсвөр насны үр хөндөлт эзэлж байна. Тус аймгийн хувьд 2023 онд охидын жирэмслэлт 37 бүртгэгдсэн нь урьд оноос 5 тохиолдлоор нэмэгдэж, бүгд 10-19 настай охидын жирэмслэлт байгаа бол үр хөндөлт 7 тохиолдол бүртгэгдэж, тухайн оны охидын төрөлт 30 тохиолдсоноос 10-18 насны охид 29, 19 настай 1 эмэгтэй төрсөн байна. Энэхүү бүртгэгдсэн мэдээлэл нь бусад аймагтай харьцуулахад бага тоо биш бөгөөд зөвхөн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт юм. Гэвч бүртгэлд ороогүй далд, нууц хэлбэртэй тохиолдол байхыг үгүйсгэхгүй юм. Охидын дийлэнх нь бэлгийн боловсролын мэдлэг, мэдээлэлгүйгээс эрт бэлгийн харилцаанд орох, ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан бэлгийн хүчирхийллийн хохирогч болж жирэмслэх, үр хөндүүлэх, хүсээгүй хүүхдээ төрүүлэх, үүнээс үүдэж амиа хорлох магадлал өндөр байдаг байна.  Цаашид орон нутгийн зүгээс тус асуудалд анхаарал хандуулж, иргэдийн эрүүл мэнд, бэлгийн боловсролын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сурталчилгаа, мэдээллийг түгээх, өсвөр насны жирэмслэлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд анхаарах эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулахад дорвитой арга хэмжээ авах, аймагт өсвөр үе кабинетын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэх, эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ төрлийн зөрчлийг бууруулахад дэмжлэг үзүүлж, ажиллах шаардлагатай байна.  3. Улсын хэмжээнд 2023 оны жилийн эцсийн байдлаар 29 төрлийн 41051 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 118.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 284292 тохиолдлоор буюу 10000 хүн амд ногдох өвчлөл 835.4-оор буурсан байна. Халдварт өвчнийг аймгуудаар харьцуулбал Сүхбаатар (118.8) аймагт улсын дундаж үзүүлэлтээс 0.1-198.2 өндөр байна. Тус аймагт 2023 онд халдварт өвчнөөр өвчилсөн 924 хүн бүртгэгдэж, үүнээс амьсгалын замын халдварт сүрьеэ өвчнөөр өвчилсөн 55 хүн байсан бол 2022 онд 61 хүн, бэлгийн замаар дамжих халдвар тэмбүү өвчнөөр 2023 онд 34, гонококкт халдвар 2023 онд 49, трихомониаз 2022 онд 59 бүртгэгдсэн нь өмнөх оноос дунжаар 26-аар буурсан байна.  Мөн онд Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт зэрэг 8 суманд нийт 585 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, лабораторийн шинжилгээнд хамрагдсан 243 хүний 11.5 хувьд нь HBV-28,  6.9 хувьд нь HCV-17 вирус, элэгний хавдрын сэжигтэй 7 тохиолдлыг илрүүлэн нийт элэгний хавдрын сэжигтэй 50 тохиолдол бүртгэгдсэн байх тул цаашид орон нутагт хавдар, бэлгийн замын халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, өвчлөлийн шалтгааныг судлах, урьдчилан сэргийлэх, эмчилгээ, үйлчилгээний хүртээмж, чанарт анхаарах ажлыг үе шаттай зохион байгуулж хэвших хэрэгтэй байна. 4. Аймаг, сумдын хувьд ерөнхий боловсролын 16 сургууль 13 дотуур байртай. 2023 онд Комиссоос Онгон, Халзан, Баяндэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын бодлого, ээлтэй орчинд хийсэн хяналт шалгалтаар тус дотуур байрууд нь 1979-1984 онд ашиглалтад орсон 50-70 хүүхдийн багтаамжаар үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байрны барилгууд нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны C/40 дугаар тушаалаар баталсан MNS6781:019 стандартын шаардлага хангаагүй, Баяндэлгэр, Онгон сумын дотуур байр гаднаа бие засах өрөөтэй, халуун усны шугамд холбогдоогүй тул усанд орох шүршүүргүй, гадна, дотно орчны аюулгүй байдлыг хянах хяналтын камертай боловч ашиглалтын журмыг батлаагүй, агааржуулалтын системгүй, аянга сааруулагчгүй, нэг өрөөнд байрлах хүүхдийн багтаамж хэтэрсэн, хатуу эдлэлийн хүрэлцээ дутмагаас нэг орон дээр хоёр хүүхэд унтуулах зэрэг зөрчил байна. Мөн Баруун-Урт сумын “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байр нь 2014 онд ашиглалтад орсон, 24 ажилтны орон тоотой, 200 хүүхдийн хүчин чадалтай, аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн 225 сурагчдыг орон байраар хангах үйл ажиллагаа явуулдаг улсын төсвөөр баригдсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.   Тус байгууллагын санхүүжилтийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас шийдвэрлэж байсан бол Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 39 дүгээр тогтоолын 4-р хавсралтын 1.1-д “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив ашиглан боловсролын байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг тооцож хуваарилах, санхүүжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаанд энэ аргачлалыг мөрдөнө” гэж заасны дагуу тус газрыг сургалтын байгууллага бус аж ахуйн тооцоот газар гэдэг шалтгаанаар 2024 он 01 дүгээр сараар эхлэн санхүүжилтийг зогсоосон байна.  Иймд сумдын дотуур байрыг өргөтгөж багтаамжийг нэмэгдүүлэх буюу стандартад нийцсэн шинэ дотуур байрыг барих асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулах, үйл ажиллагааны төсөв хөрөнгийг хүрэлцээтэй төсөвлөх, дотуур байрын орчинд хүүхдийн оролцооны байгууллагын үйл ажиллагааг дэмжих, “Боловсрол-Өргөө” нэгдсэн дотуур байрын үйл ажиллагааг хэвийн явуулахад бүхий л арга хэмжээг авч, холбогдох байгууллагад хандаж хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангаж, эрүүл аюулгүй орчинд суралцаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй байна. 5. Аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 2,601 хүн байх бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тусгай хэрэгсэл олгох зэрэг үйл ажиллагааг улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил эрхээ эдлэх боломж хязгаарлагдмал байсаар байна. Тухайлбал 2023 оны 11 сарын байдлаар нийгмийн халамжид хамрагдаж буй 1,337 хүний 31 нь төрийн байгууллагад, 404 нь хувиараа аж ахуй эрхэлдэг, 778 нь хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн бол аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн мэдээллээр 2024 оны 4 сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй ажилгүй иргэн 1,308 байгаа нь тэдний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна.   Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төв байхгүйгээс хөгжлийн төвтэй аймаг эсвэл Улаанбаатар хот руу жилд 1-2 удаа явж үйлчилгээ авдаг байна. Энэ нь санхүүгийн бэрхшээл үүсгэхээс гадна эмчилгээ, үйлчилгээний үр дүн гардаггүй тул хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийн хэрэгцээ шаардлага байна.  Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, арга хэмжээ хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний тулгамдсан асуудалд анхаарал хандуулж ажилладаггүй, хүртээмжтэй орчин бүрдээгүй, хөдөлмөрлөх эрх хангагдаагүй гэж дүгнэж болохоор байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн түвшинд анхаарч ажиллах, шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусган баталж байх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулах нь зүйтэй байна.  6. Гэмт хэрэг үйлдэж, удаан хугацаанд хорих ял эдлээд суллагдсан иргэн нийгэмд дасан зохицох, шилжих үе нь тухайн хүнийг сэтгэл зүйн өөрчлөлтөд оруулж, амьдрах орон гэр, ажлын байр олох, гэр бүл, найз нөхөдтэйгөө тасарсан харилцаагаа сэргээх, ямарваа нэгэн ялгаварлан гадуурхалттай тулгарах, хуулиар тогтоосон хяналтын нөхцөлийг дагаж мөрдөх зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг тул зайлшгүй эрхийг нь хангах, дэмжлэг үзүүлэх, нийгэмд дасан зохицоход чиглүүлэх шаардлага гардаг.  Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны А/167, А/233 тоот хамтарсан тушаалаар баталсан “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр” болон бусад холбогдох хууль, журамд хорихоос суллагдсан хүнд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоос гадна хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамруулах, бичиг баримтжуулах, нийгэмшүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, ажлын байр болон түр хоноглох байраар хангах зэрэг үйлчилгээг үзүүлэхээр зохицуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, холбогдох газар хэлтсүүд хорих ял эдлээд суллагдсан хүний нийгэмд амьдрах, хөдөлмөр эрхлэх ур чадварт үнэлгээ хийх үүргээ хангалттай биелүүлдэггүй байна. Тус аймгийн хувьд өнгөрсөн онд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон урьд оны үлдэгдэл 6 этгээд, шинээр 27 этгээд нэмэгдэж нийт 32 этгээдийн гүйцэтгэх хуудасны 8 гүйцэтгэх хуудас дуусгавар болж, 25 этгээдэд хяналтад байна. 2017 оноос хойш Сүхбаатар аймагт хорих ял эдлээд суллагдсан нэг иргэнийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэн ажилласан нь холбогдох хууль, журмын хэрэгжилт хангалтгүй болох нь харагдаж байна.  Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний саналыг тусгаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 37 дугаар тогтоол гаргуулсан.   Иймд хорихоос суллагдсан иргэний хөдөлмөр эрхлэх авьяас, чадварыг тодорхойлж түүнд тохирсон мэргэжил олгох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж үе шаттай хэрэгжүүлэх, ажлын байраар хангах, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилсан сэргийлэхэд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж, төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэрэг дорвитой арга хэмжээг авч, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй байна. 7. Тус аймгийн хэмжээнд 2023 онд 456 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 55 гэмт хэргээр буурсан ба хөнгөн гэмт хэрэг 373, хүнд гэмт хэрэг 83 байна. Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 1631.2 сая төгрөгийн хохирол учирч, 10 хүн нас барж, 185 хүн гэмтсэн байна. Гарсан гэмт хэргийг өнгөөр нь авч үзвэл хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 60 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.8 хувиар буурч,  хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.8, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг өмнөх оноос 1 дахин өссөн ба нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 39.4 хувийг Эрдэнэцагаан суманд гарсан хэрэг эзэлж байна.

Эрдэнэцагаан сумын “Бичигт” олон улсын шалган нэвтрүүлэх боомтод шинэ суурьшлын бүсийг бий болгож хүн ам нэмэгдэж байгаатай холбоотойгоор гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байх тул тус боомтод цагдаагийн хэсгийг байгуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгцээ шаардлага байна.   8. Аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2023 онд 32 бүртгэгдсэн нь өмнөх оноос 8-аар буурсан байна. Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газраас ирүүлсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл 2022 онд 127 бүртгэгдсэн бол 2023 онд 132 болж өссөн ба хүчирхийллийг хэлбэрээр нь харуулбал 2023 онд бие махбод 33, бэлгийн 2, сэтгэл санааны 63, үл хайхрах 34 байна. Хамтарсан баг нь өнгөрсөн онд 6 удаагийн кейс хурлаар 15 тохиолдлыг хэлэлцэж, хариу үйлчилгээг үзүүлж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 4 тохиолдол байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээнд байгаа кейсийг үйлчилгээгээр нь ангилвал хууль ёсны төлөөлөгчөөр 5, аюулгүй байдлыг хангасан 4, боловсролын үйлчилгээнд холбон зуучилсан 8, эрүүл мэндийн үйлчилгээнд 15, өмгөөллийн үйлчилгээнд 6, сэтгэл зүйн үйлчилгээнд 15, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн 28, хохирогч хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээнд 5 хүүхдийг хамруулсан байна.  “Түр хамгаалах байр” нь 2022 онд ашиглалтад орж хохирогчид үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд тус байраар 2022 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж үйлчлүүлсэн 56 хүнээс 48 нь хүүхэд байсан бол 2023 онд үйлчилгээ авсан 57 хүнээс 38 нь хүүхэд байгаа нь хүүхдийн хүчирхийлэл өмнөх оноос 10-аар буурсан байна. Харин хүчирхийлэлд өртсөн насанд хүрсэн иргэн 11-ээр нэмэгдсэн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санааны хүчирхийллийн тоо буурахгүй байна. Хүчирхийллийн энэ хэлбэр нь бусдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх, өөрийн эрхшээлдээ байлгах, сэтгэл санаанд цочрол, гэмтэл учруулах цаашлаад амиа хорлох, бусдын амь насыг бүрэлгэх зэргээр ноцтой хохиролд хүргэдэг. Тухайлбал Баруун-Урт суманд оршин суугч Т нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэх бөгөөд түүнд 2020 оны 11 дүгээр сард шүүхээс баривчлах шийтгэл ногдуулж, шийтгэлийн хугацаа дуусаж гарч ирэн өс хонзонгийн сэдэлтээр эхнэрийнхээ амь насыг хохироосон эмгэнэлт хэрэг гарсан байдаг.  Иймд гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл өндөртэй өрхийн судалгааг тогтмол хийж, дотоодын болон холбогдох байгууллагаас зохион байгуулж буй чадавхжуулах сургалтад шаардлагатай албан хаагчдаа хамруулах, зорилтот гэр бүлийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах нь чухал байна.  9. Тус аймаг нь 2023 оны байдлаар 8.97 малчин өрхтэй, 15.642 малчинтай, 2020 онд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд хийсэн судалгаагаар тус аймаг нь үндсэн малчин 14.365, туслах малчин 641 гэж бүртгэгдсэн байна. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрч, тус аймгийн хувьд 7 суманд төмөр буюу шилэн зуд, 6 суманд зузаан цасны улмаас цагаан зудтай байсан байна. Тус аймаг өнгөрсөн онд 3,8 сая толгой мал тоолуулсан боловч өнгөрсөн өвөл, хаврын зуднаар 1,7 сая толгой мал хорогдсон байна. Тус аймагт хүнд нөхцөлд болон хоол хүнс, түлшгүй, өвс тэжээлгүй, шар усны үерт өртөх магадлалтай 924 малчин өрх бүртгэгдсэн байх бөгөөд хүндрэлд өртсөн буюу зудад нэрвэгдсэн 767 өрхөд хандив, тусламж, аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс цугларсан бэлэн мөнгө 275.498.970 төгрөг, 559.752.0 төгрөгийн өртөг бүхий бараа материалыг хандивласан байна. Эдгээр өрхийн амьжиргааг дэмжих малгүй болсон малчдыг малжуулах, орон нутгийн төсвөөс малчдад туслахад зарцуулах хөрөнгийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байна. Мөн дулааны улиралд мал, амьтны халдварт өвчин гарахаас сэргийлж, улсын хэмжээнд зудад үхсэн малын сэг зэмийг булшлах, хогийн цэгийг цэгцлэх ажил аймгийн хэмжээнд орон нутаг болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хийгдсэн боловч техник хэрэгсэл, хүн хүч, төсөв хүрэлцээгүй байсан байна. Цаашид зудад өртөх өндөр эрсдэлтэй өрхийн судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг төлөвлөж, зудад нэрвэгдсэн өрхөд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг үр нөлөөтэй хэрэгжүүлэх, зудын эрсдэлээс сэргийлэх, шаардлагатай төсөв, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй байна.    10. Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/35 дугаар тушаалаар баталсан Нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудын иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзах, иргэдийн санал хүсэлтийг 70510111 дугаарын утсаар, мөн цахимаар хүлээн авч холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэдэг байна. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад 13506 өргөдөл, гомдол, санал хүсэлт, талархал ирүүлснээс 13.425 буюу 99.4 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн талаар тайландаа тусгажээ. Гэвч өргөдөл, гомдлын биелэлтийг хувиар дүгнэсэн байх боловч гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, үндэслэлтэй байсан эсэх нь тодорхойгүй мөн харьяаллын дагуу шилжүүлсэн гэх үндэслэлээр өргөдөл гомдлыг хааж байгаа нь бодит үр дүнг тооцох боломжгүй байх тул өргөдөл, гомдлыг бүртгэлийн дагуу хөтөлж, ямар үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлсэн, шийдвэрлэсэн талаар тэмдэглэж, өргөдөл, гомдол, хүсэлт гаргагчид хариу мэдэгдэж хэвших нь зүйтэй юм.   11. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 446 арга хэмжээ явуулахаар тусгаснаас 27 асуудал нь хүний эрхэд хамаарах нэн шаардлагатай асуудал гэж үзсэн. Гэвч тус арга хэмжээнээс зарим хэсгийг нь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор өөрчлөлт оруулж санхүүжилтийн эх үүсвэрийг олох болон зураг төсвийг хийх шаардлагатай гэж хассан байна. Үүнд: а/ арга хэмжээ 2.3.3.3-д Баруун-Урт хотын 2-р сургуулийн урлагийн заалны өргөтгөл, Баяндэлгэр сумын 320, Мөнххаан, Түвшинширээ сумын 240 хүүхдийн багтаамжтай барилгын өргөтгөлийн ажлыг цуцалсан;  б/ арга хэмжээ 2.3.3.4-д Халзан, Баяндэлгэр сумдад шинэ дотуур байр барьж, Дарьганга, Мөнххаан, Түвшинширээ сумдын дотуур байранд их засвар хийх ажлыг тусгасан боловч дотуур байрын их засварын зураг, төсвийг хийхээр өөрчлөлт оруулж, тус арга хэмжээ хэзээ хэрэгжих нь тодорхойгүй; в/ арга хэмжээ 2.4.2.4-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг Баруун-Урт суманд байгуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх гэж тусгасан боловч “...хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж өөрчлөлт оруулснаар уг арга хэмжээний үр дүнг тооцох боломжгүй; г/ арга хэмжээ 3.6.3.1-д Бараа материалын үнийн өсөлттэй холбоотой төсөв хөрөнгө шийдэх ажлыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хассан байна.      Цаашид Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө төлөвлөлтөд анхаарч, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна.  12. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Гэтэл тус аймгийн түвшинд энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 онд нээлттэй мэдээллийн хувь буюу шилэн индексийн хувь 75-аар үнэлэгдсэн байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг шударга байдлын үнэлгээгээр Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад шударга байдал 2022 онд 78.2 оноогоор үнэлэгдэж 2021 оноос 5.9 оноогоор өссөн байна.  Иймд нутаг дэвсгэрийн хэмжээний төрийн бүх шатны байгууллагын үйл  ажиллагааг ил тод, нээлттэй байлгах,  мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод,  мэдээлэх  зохион байгуулалт, хяналт  хариуцлагын тогтолцоог бүрдүүлж төрийн үйл  ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах  шаардлагатай байна.                                                                                                                                        Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна.  Увс Увс аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой дараах асуудлууд байгааг цаашид анхаарч үзэх шаардлагатай байна. Үүнд: 1. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд агаар, ус, хөрсний бохирдол, ундны цэвэр усны хатуулгын асуудал, хорт хавдрын өвчлөл өндөр байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал: Увс аймгийн төв Улаангом суманд хүйтний улиралд агаарын бохирдол өндөр байгаа нь Ус цаг уур орчны шинжилгээний газрын Байгаль орчны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Сүүлийн 10 жилд агаарын бохирдолд нөлөөлж буй бодис болох хүхэрлэг хийн агууламж 2-4.5 дахин, азотын давхар ислийн агууламж 1.5-2 дахин өссөн байна. Агаар дахь бохирдуулагч  бодис нь  “Агаарын чанарын стандарт” дахь нэг удаагийн хүлцэх агууламжтай харьцуулахад давж бохирдсон тохиолдол цөөн ажиглагдаж байгаа боловч сүүлийн жилүүдэд агаарын бохирдол харьцангуйгаар ихсэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд азотын давхар ислийн болон нарийн ширхэгт тоосны жилийн дундаж агууламж MNS 4585:2016 Агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс хэт ихсэж байгаа нь  хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж  болзошгүй байна. Улаангом суманд өвлийн улиралд хүйтэн агаарын инверс тогтдогоос агаарын бохирдлын хэмжээ ихэссэн байна.  Увс аймгийн Дулааны II станцыг аймгийн төвд хэт ойрхон барьснаас шалтгаалан хүйтний улиралд уг станцын яндангаас гарсан утаа, тортог ойр хавийн орон сууцны хорооллын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлөх байдалд хүрсэн байна. Мөн тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ирүүлсэн мэдээллээр Улаангом суманд байрлах “Увс” Дулааны станц ХХК-д суурьшлын бүсэд олон жил хураан хадгалж байгаа их хэмжээний хаягдал үнсээ зөөвөрлөж холдуулах асуудлаар удаа дараа шаардлага тавьдаг хэдий ч хуримтлагдсан хур үнс зайлуулах зардал, төсөв байхгүй талаар тус компаниас хариу өгдөг байна. Иймд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс дулааны станцаас үүссэн их хэмжээний үнсийг зайлуулах хүрээнд тодорхой ажил зохион байгуулах, Улаангом хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, хогийн төвлөрсөн цэг, хог хаягдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэх, ялангуяа Улаангом хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр тусгайлан төсөл хөтөлбөр батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр Увс аймагт усны хатуулаг их байдаг учраас хорт хавдрын өвчлөл өндөр, хавдрын өвчлөлөөр 21 аймагтаа дээгүүр орж байгаа нь судалгаагаар  тогтоогдсон байна. Газрын гүний өндөр хатуулагтай худгийн усыг цэвэршүүлж зөөлрүүлэхгүйгээр унданд шууд хэрэглэж байгаа нь иргэд хорт хавдраар өвчлөх нэг шалтгаан байж болзошгүй юм.  Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчны шинжилгээний лабораторийн шинжилгээгээр Улаангом хотод өвлийн улиралд үүсдэг агаарын бохирдол, аймгийн төвийн төвлөрсөн хог хаягдлын цэгийн нөхцөл байдал, хотын суурьшлын бүсэд байгаа дулааны станцын олон жил хуримтлагдсан үнс, дулааны станцуудын яндангаас гарч байгаа утаа тортог, цэвэрлэх байгууламжийн асуудал гэх мэт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй байна. Улаангом хотын ундны усны хатуулгыг бууруулах зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулах чиглэлээр аймаг, орон нутгийн зүгээс бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хөрөнгийн асуудлыг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр шийдвэрлэх боломж бололцоог судлах, ”Чандмань Увс” ХХК-ийн төвлөрсөн шугамын болон эх үүсвэрийн гүний худгуудын  эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, нүхэн жорлонтой айлуудын ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх, худгийн усыг тогтмол шинжилгээнд хамруулж, ундны усны чанарт байнга хяналт тавьж байх, нийтийг хамарсан халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна.  2. Увс аймагт Хүний эрх хамгаалагчийн эрх хөндөгдөж, цаашид зөрчигдөж болзошгүй байна. Тухайлбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртөж байгаа иргэд, малчдын эрхийн асуудлаар Эрчим хүчний сайдад хүргүүлсэн Комиссын гишүүний 2023 оны 07/06 дугаартай Зөвлөмжид дурдсанаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртөж байгаа иргэд, малчдын эрх зөрчигдөж болзошгүй байгаа бөгөөд усан цахилгаан  станцын нөлөөлөлд өртөх иргэдийн нөхөн олговорт хамрагдах иргэдийн бүртгэл судалгаанаас орхигдсон гэх иргэдийн асуудал, малчдын шилжин суурьших газар өнөөг хүртэл тодорхой болоогүй гэх мэтээр хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд 125 өрхийн 523 иргэн багтаж байна. 2023 оны байдлаар 419 иргэнд 1.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгож, 80 хувьтай хэрэгжиж байна. Нөхөн олговорт хамрагдах иргэдийн бүртгэл судалгаанаас орхигдсон гэх Өмнөговь сумын 53 иргэн Комисст гомдол гаргасан бөгөөд усан сан бүрэлдэх хэсэгт амьдарч байгаа малчдыг шилжүүлэн суурьшуулах газрын асуудал өнөөг хүртэл тодорхой болоогүй байна. Иймд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртөж байгаа иргэд, малчдын эрх зөрчигдөж болзошгүй тул Эрчим хүчний сайд, аймгийн Засаг даргад хүргүүлсэн Комиссын гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07/06 дугаартай Зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад анхаарч хяналт тавих шаардлагатай байна. 3. Увс аймгийн Засаг даргын 2023 оны Хүний эрхийн төлөв байдлын тайланд тусгагдсанаар тус аймгийн хэмжээнд 2023 онд 323 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 48 нэгжээр буюу 17.5 хувиар өссөн. Аймгийн төвд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 46 нэгжээр буюу 37,4 хувиар өсөж, сумдын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 2 нэгжээр буюу 1.3 хувиар өссөн байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 163 бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 50,4 хувийг эзэлж байна. Авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдон шалгагдсан албан хаагчдын тоо нэмэгджээ. Аймгийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийн статистик үзүүлэлтээс харвал хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 50 хувь, хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 62.5 хувь, дээрэм 66.7 хувиар тус тус буурч хүний хувийн халдашгүй байх эрхийн эсрэг гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хууль бусаар ан агнах гэмт хэрэг бүртгэгдээгүй байна. Тус аймагт гэмт хэргийн хохирогч болсон малчин эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн судалгаа гарсан нь малчин эмэгтэйчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хүчирхийллээс ангид байх эрхийн зөрчил байгааг илтгэж байна. Увс аймгийн Засаг даргын 2023 оны Хүний эрхийн төлөв байдлын тайланд тусгагдсанаар тус аймагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 25 хувиар, зөрчлийн хуулиар шийдвэрлэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх онуудтай харьцуулахад 17,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн байдлыг авч үзвэл, 115 буюу 41.8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд нэгдсэн болон тусгай арга хэмжээ, уралдаан тэмцээнийг дэмжиж, гудамж талбайг камержуулах, ашиглалтыг сайжруулахад чиглэсэн ажилд олон талын хамтын ажиллагааг хэрэгжүүлж ажиллажээ. Нийгмийн байдлаар нь авч үзвэл ажилгүй иргэд, малчид гэмт хэрэгт ихээр холбогдож байгаад онцгой анхаарч ирэх оны урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөхдөө хууль хяналтын байгууллагууд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран үр дүнд суурилсан ажил зохион байгуулах шаардлагатай байна. 4. Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Увс аймгийн 19 сумаас хүмүүсийг хүлээн авдаг бөгөөд аймгийн төв Улаангом сум нь өөрийн эмнэлэггүй, хөдөө сумдын эрүүл мэндийн төвүүд болон аймгийн төвийн өрхийн эмнэлгүүд нь хүний нөөцийн чадавх, тоног төхөөрөмжийн хангалтаас хамаараад иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай үзүүлэн ажиллаж чадахгүй байгаа зэргээс шалтгаалан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж байгаа иргэдийн тоог ихээр нэмэгдүүлж, ингэснээр тус эмнэлэг ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус эмнэлэг нэгэн зэрэг үзүүлж, эмч мэргэжилтнүүд өндөр ачаалалтай ажиллаж байгаа нь үйлчилгээний чанар, хүртээмжийг цаашид бууруулах үр дагаврыг үзүүлж болзошгүй байна.  Иймд сумын болон өрхийн эмнэлгүүдийг нарийн мэргэжлийн эмч нараар стандартын дагуу бүрэн хангаж, эмч мэргэжилтний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, сум, өрхийн эмнэлгийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  5. Комисс 2019-2023 онд тус аймгийн 9 сумын ЕБС-ийн 14 дотуур байранд хяналт шалгалт хийхэд дотуур байрны ариун цэврийн байгууламж болон хатуу, зөөлөн эдлэлийн хүртээмж хангалтгүй, ариун цэврийн байгууламж нь инженерийн дэд бүтцэд холбогдоогүй, зарим сумдын дотуур байрны барилга стандартын шаардлага хангахгүй зэрэг нийтлэг зөрчил их байсан.   Иймд тус аймгийн зарим сумдын сургуулийн дотуур байрыг стандартын шаардлага хангасан барилга байгууламжтай болгох, дотуур байранд хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, хөдөө сумдын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. 6. Комиссоос хийсэн дүн шинжилгээгээр тус аймагт цалин хөлс хангалтгүй байгаагаас багшийн тогтвор суурьшилтай ажиллах, чанартай боловсрол олгох байдал хумигдсан, аймгийн төвийн зарим сургуулийн ачаалал хэт ихэссэн, хүүхдийн тоо өндөр, амьдралын боломж бололцоотой айлууд хүүхдээ хувийн сургуульд сургаж байгаа зэргээс үүдэн боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа сургуулиудын боловсролын чанарын үзүүлэлтээс үүдэн хүүхдүүд хоорондоо ялгарах байдал үүссэн зэрэг нь сурч боловсрох эрхтэй холбоотойгоор үүсэж байгаа хүүхдийн эрхийн зөрчил тус аймагт байгааг илтгэж байна. 7. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд оролцсон, холбогдсон гэмт хэрэг зөрлийн тоо буурсан үзүүлэлтэй байгаа хэдий ч охидын нөхөн үржихүйн болон хүчирхийллээс ангид байх эрхийн зөрчил байсаар байна. Иймд охидын хүчирхийлэлтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс үр дүн хэмжигдэхүйц төрөл бүрийн нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад гэр бүл, хүн амд илүүтэй чиглэсэн үр дүнтэй ажил зохион байгуулах шаардлагатай байна. 8. Увс аймгийн Засаг даргын 2023 оны Хүний эрхийн төлөв байдлын тайланд тусгагдсанаар тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн зөрчил их байна. Хөгжлийн бэрхшээлтэй 402 хүүхдээс 0-5 насны 136 хүүхэд байгаа бөгөөд 6-16 насны буюу ЕБС-д  хамрагдах 266 хүүхдээс 6 настай 8 хүүхэд эцэг эхийн хүсэлтээр цэцэрлэгт хамрагдан, 220 хүүхэд сургуульд суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлийн төрлөөр авч үзвэл харааны 33, хөдөлгөөний 52, дауны 2, аутизмын 5,  оюуны 11, сэтгэцийн 17, ярианы 18, сонсголын 12, хавсарсан бэрхшээлтэй 70 хүүхэд байна. Бага ангид 108, дунд ангид 71, ахлах ангид 41 хүүхэд суралцаж, хамрагдалт 86.3 хувь байна.  Иймд хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, тэдгээр хүүхдийн нийгэм, эдийн засаг, сурч боловсрох эрхийг хангах хүрээнд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тэдний оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тусгайлан арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн багш, боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусгах шаардлагатай байна. Хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулж, аймгийн засаг даргын үйл ажиллагааны бодлого хөтөлбөрт хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүндэтгэх үйл ажиллагааны санхүүжилтийг тусгайлан нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого хөтөлбөртөө хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх, хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. 9. Аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 4,472 хүн байгаа бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тусгай хэрэгсэл олгох зэрэг үйл ажиллагааг улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын нэгэн адил эрхээ эдлэх боломж хязгаарлагдмал байсаар байна.  Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төв байхгүйгээс өөр аймаг эсвэл Улаанбаатар хот руу жилд 1-2 удаа явж үйлчилгээ авдаг байна. Энэ нь тухайн иргэдэд санхүүгийн бэрхшээл үүсгэхээс гадна үр дүн гардаггүй тул хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг тус аймагт нэн тэргүүнд байгуулах нь чухал байна.  Аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 3394 хүн байх бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тусгай хэрэгсэл олгох зэрэг үйл ажиллагааг улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын нэгэн адил эрхээ эдлэх боломж хязгаарлагдмал байсаар байна. Тухайлбал аймгийн Хөдөлмөр халамжийн газраас авсан судалгаагаар 2023 оны байдлаар нийгмийн халамжид хамрагдаж буй 947 хөгжлийн бэрхшээлтэй хүний 138 нь төрийн байгууллагад, 378 нь ажил хөдөлмөр эрхэлдэг, 386 нь хувиараа аж ахуй эрхэлдэг, 280 нь хөдөлмөр эрхэлдэггүй, 1058 нь ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй гэсэн судалгаа гаргасан байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт тус аймагт хангалтгүй байгааг илтгэж байна. Комиссын Увс аймаг дахь референтийн хийсэн ажиглалтаар Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн тэн хагаст нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэвтрэх налуу зам шат байхгүй болон байгаа налуу зам, шат нь холбогдох стандартын шаардлагыг бүрэн дүүрэн хангахгүй нөхцөл байдалтай байна.  Иймд Увс аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, арга хэмжээ хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний тулгамдсан асуудалд анхаарал хандуулж ажилладаггүй, хүртээмжтэй орчин бүрдээгүй, хөдөлмөрлөх эрх хангагдаагүй гэж дүгнэж болохоор байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн түвшинд анхаарч ажиллах, шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусган баталж байх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулах шаардлагатай байна.  Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж, хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Өмнөговь Өмнөговь аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой дараах асуудлууд байгааг цаашид анхаарч үзэх шаардлагатай байна. Үүнд: 1. Өмнөговь аймагт ашигт малтмалын 160 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 108, хайгуулын 52 зөвшөөрөл олгогдож, тус аймгийн газар нутгийн 2.9 хувьд уурхайн ашиглалт, 2.4 хувьд хайгуулын үйл ажиллагаа явагдаж байна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас говийн бүсийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал болон тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөх асуудал буурахгүй байна. Ялангуяа усны нөөцийн асуудал тулгамдаж байна. 2008 оноос хойш хийсэн хэд хэдэн судалгаанд Таван толгойн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа цаашид эрчимжсэн тохиолдолд 2030 он гэхэд газрын доорх их гүний усны нөөц хүрэлцэхгүй болох эрсдэл байгааг тооцоолсон байна. Цаашид ч говийн бүсэд уул уурхайн усны хэрэглээ нэмэгдэх төлөвтэйг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь усны хэрэглээний өнөөгийн байдал, хэтийн төлөв, төлөвлөлтөөс харагдаж байна.  Түүнчлэн уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас үүдэж хүн, мал, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, иргэд, малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад тухайн бүс нутаг дахь иргэд, малчдыг үнэн зөв мэдээллээр хангахгүй, тэдэнтэй зөвлөлдөх, зөвшилцөх үйл явцыг бодитоор хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсэх, байгаль орчны хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагааг хязгаарлах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн тохиолдол цөөнгүй гарч байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг 2018 онд хийж, үнэлгээний тайланг Монгол Улсын Ерөнхий сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн болон Цогтцэций сумдын удирдлага, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Таван толгой, Энержи Ресурс, Таван толгой зэрэг компани, байгууллагуудад хүргүүлсэн.  Иймд Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн зөвлөмж болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороонд тайлагнадаг аймгийн Хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайланд тусгасан саналуудыг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.   2. Өмнөговь аймаг 2023 оны байдлаар 75458 хүн амтай болж, өмнөх оны хүн амаас 2.2 хувиар буюу 1616 хүнээр өссөн байна.  Түүнчлэн 2022 оны байдлаар зөвхөн Ханбогд суманд гэхэд уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан хөдөлгөөнт хүн амын тоо 20.000  гэсэн мэдээлэл байдаг. Тус аймагт бүртгэлтэй хүн амын өсөлтийн зэрэгцээ уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд, хувь хүн, бусад дэд бүтцийн төслүүдэд ажиллагсад зэрэг аймагт бүртгэлгүй хөдөлгөөнт хүн амын тоо хурдацтай нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ба бүртгэлгүй хүн амын өсөлтийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, боловсролын үйлчилгээний хүртээмж, гэмт хэрэг, нийгмийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, нийгмийн гадуурхал, ялгаварлал, орчны бохирдол, эрүүл ахуй зэрэг нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж, хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, хүүхдийн сурч боловсрох зэрэг эрхүүд хөндөгддөг.   Иймд уул уурхайгаас үүдэлтэй тоосжилтыг бууруулах арга хэмжээ авах, агаарын бохирдолтой тэмцэх, орчны хяналт, шинжилгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, хүн амын суурь судалгаа зэргийг хийж, эмнэлгийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн шинэ цогцолбор барьж байгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай. 3. Монгол Улс 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш хүүхдийн эрхийн чиглэлээр дотоодын хууль тогтоомжийг олон улсын гэрээ конвенцтой нийцүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоо, үйлчилгээг шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлж, ахиц гаргаж байгаа хэдий ч шийдэгдээгүй асуудлууд байсаар байна. Ялангуяа эмзэг, эрсдэлт бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал орхигдож байгаа нь төрийн, төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ, судалгаа, Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй гомдол, мэдээлэл, эдгээрийн мөрөөр хийсэн хяналт шалгалт, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран 2023 онд хийсэн хүүхдийн эрхийн нээлттэй хяналт шалгалтын үр дүнгээс харагдаж байна.   Хүүхдийн эрхийн олон улсын механизмын зүгээс ч мөн энэ асуудалд анхаарал хандуулахыг Монгол Улсад зөвлөсөн. Тухайлбал, “...эцэг эх нь гадаад болон дотоодод шилжин суурьшсаны улмаас бусдын асрамжид амьдардаг хүүхдүүд, ...эцэг эхийн хараа хяналтаас гадуур амьдарч буй хүүхдүүдийн тоо өндөр байгаа, мөн ...өрх толгойлон амьдардаг хүүхдийн тоо нэмэгдэж буйд” Хороо туйлын харамсаж байгаагаа илэрхийлээд “Өрх толгойлсон хүүхдийн тоог бууруулах, ийм байдалд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нь дээшлүүлэх”-ийг зөвлөсөн байна.  Сүүлийн жилүүдэд ялангуяа Өмнөговь аймгийн хувьд эцэг, эх нь уул уурхайд ажиллаж байгаагаас үүдэлтэй өрх толгойлон амьдарч буй хүүхдийн асуудал ихээр хөндөгдөх болсон тул өрх толгойлсон болон айлд амьдарч байгаа хүүхэд рүү чиглэсэн дэмжлэг туслалцаа, хяналтыг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.  4. Өмнөговь аймагт 2023 оны байдлаар 60.618 тээврийн хэрэгсэл, 39.905 авто машин бүртгэлтэй  бөгөөд 2021 онд 324 зам тээврийн осол гарч, ослын улмаас 33 хүн бэртэж гэмтсэн, 24 хүн амь насаараа хохирсон бол 2022 онд 303 зам тээврийн осол гарч, 29 хүн бэртэж гэмтэн, 17 хүн амь насаараа хохирсон байна.   Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг харахад, нэг талаас авто замын эвдрэл, гэмтэл тодорхой хувийг эзэлж байх ба авто замын эвдрэл гэмтэлд замын даац, чанар, насжилт нөлөөлж байна. Нөгөөтээгүүр бүрэн бус техник ашиглах, шөнийн цагаар жолооч амралтгүй ажиллах, жолоочийн хариуцлагагүй байдал, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйгээс үүдсэн осол аваар гарч байна. Мөн зөрчил гарах бас нэг шалтгааныг уул уурхайн бүтээгдэхүүний зарим тээвэрлэлтийг шороон замаар гүйцэтгэж байгаатай холбоотой бөгөөд энэхүү зам нь тусгай зориулалтын автозамын ангилалд багтдаг ч Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан "Тусгай зориулалтын автозам, замын байгууламж барих, ашиглах журам"-ын хэрэгжилт хангагдахгүй байгаатай холбоотой тул тусгай зориулалтын автозамыг хатуу хучилттай болгох, хатуу хучилттай автозам барьсны үндсэн дээр тээвэрлэлт гүйцэтгэдэг байх дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавих талаар Өмнөговь аймгийн 2023 оны хүний эрхийн төлөв байдлын тайланд  ч дурдсан байдаг тул цаашид авто замын стандартын шаардлагыг хангуулах, хүртээмжийг нэмэгдүүлж иргэдийн аюулгүй байдал, зорчих эрхийг хангахад анхаарлаа хандуулах нь зүйтэй байна.

5. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар эрх зүйн орчин шинэчлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж төрөөс тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл, статистик тоо төдийлөн буурахгүй байна.  Мөн эцэг, эхийн хариуцлагагүй, хараа хяналтгүй, үл хайхрах байдлаас үүдэж хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирогч болох явдал их байна. Өмнөговь аймагт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо 2023 онд 44, зөрчлийн хэргийн тоо 44 байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүний тоо 110, хохирсон хүүхдийн тоо 4 байна.  Мөн байнгын хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгдөг өрх 2022 онд 82 байсан бол 2023 онд 99 болж өссөн байна.  Өмнөговь аймгийн хувьд 2021 онд 60, 2022 онд 94, 2023 онд 112 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байх бөгөөд гэрлэлт цуцлалт жил бүр өсөж байгаа нь гэр бүлийн гишүүд, гэр бүлийн амьдралд таагүй байдал үүсгэж, хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд сөргөөр нөлөөлж, нийгмийн олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Иймд уул уурхайн компанид ажиллаж буй ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлийн хамтаар ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх талаар уул уурхайн компаниудтай хамтарч ажиллах бодлого, төлөвлөгөө боловсруулж,  жендэрийн эрх тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тодорхой арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй.

6. Аймгийн хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тоо өмнөх онтой харьцуулахад 31.8 хувиар өссөн , хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 2022 онд 3 бүртгэгдсэн бол 2023 онд 16 болж өссөн , өсвөр насны 1 хүүхэд амиа хорлон нас барсан бол 1 хүүхэд амиа хорлохыг завдсан гэмт хэрэг гарчээ. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо 2022 онд 5 бүртгэгдэж байсан бол 2023 онд 12 болж өссөн , 2023 онд гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 35 хүүхэд хохирсон, хамгаалалтад авагдсан 381 хүнээс гэр бүлийн хүчирхийлэлд автсан 44 хүн, үүнээс 4 нь хүүхэд байна.  Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг хөтөлбөр”-т Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хангах явдлыг эрчимжүүлнэ гэж тусгасан хэдий ч 2021 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөнд үе тэнгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сургуулийн захиргаа, удирдах албан тушаалтан, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажил зохион байгуулах талаар ямар нэгэн арга хэмжээ төлөвлөгдөөгүй байна. Хүүхдийн эрхийн зөрчил нь гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, дотуур байранд амьдардаг, сумын удирдах албан тушаалтнуудын халаа сэлгээ, сургуулийн захиргаа, удирдах албан тушаалтан, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүний эрхийн мэдлэг ойлголт хангалтгүй, үе тэнгийн дарамт, шахалтаас үүдэлтэй аливаа гэмт хэргийг нуун дарагдуулдаг, хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө биш сургуулийн нэр хүндийн төлөө ажилладаг, хандлагаа өөрчлөхийг хүсдэггүй байдал гэх мэт нийгмийн бусад хүчин зүйлээс шалтгаалан гарч байгааг анхаарч Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, хүүхдийн эрхийг ханган ажиллахад анхаарч ажиллах хэрэгтэй байна.  7. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж гэмээнэ иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Гэтэл тус аймгийн түвшинд энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба  аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 онд 56 хувьтай үнэлэгдэж байсан бол 2024 оны 2 дугаар улирлын байдлаар 0 хувьтай  үнэлэгдсэн байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг шударга байдлын үнэлгээгээр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад шударга байдал 2022 онд 61.9 оноогоор үнэлэгдэж 2021 оноос 0.2 оноогоор буурсан байна.  Иймд нутаг дэвсгэрийн хэмжээний төрийн бүх шатны байгууллагын үйл  ажиллагааг ил тод, нээлттэй байлгах,  мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц,  төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод,  мэдээлэх  зохион байгуулалт, хяналт  хариуцлагын тогтолцоог бүрдүүлж төрийн үйл  ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах  шаардлагатай байна. 8. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тусгай хэрэгсэл олгох зэрэг үйл ажиллагааг улсын төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын нэгэн адил эрхээ эдлэх боломж хязгаарлагдмал байсаар байна. Тухайлбал аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2477 байгаагийн 14.5 хувь буюу 361 хүн хөдөлмөр эрхэлж байсан бол 2023 оны жилийн эцсийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2319 байгаагийн 14.8 хувь буюу 345 хүн хөдөлмөр эрхэлж байгаа нь  тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, арга хэмжээ хангалтгүй, хүртээмжтэй орчин бүрдээгүй, хөдөлмөрлөх эрх хангагдаагүй гэж дүгнэж болохоор байна.  Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудлыг бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байна.  9. Аймгийн хэмжээнд хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөө авсан байдлыг сүүлийн 3 жилээр авч үзвэл нийт өгсөн зөвлөгөөний 2022 онд 68 хувь, 2023 онд 70 хувь, 2024 оны эхний улирлын байдлаар 90 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой байна. Мөн өргөдөл, гомдлын хувьд 2022 онд 46 хувь, 2023 онд 71 хувь, 2024 оны эхний улирлын байдлаар 80 хувь нь хөдөлмөрийн харилцаан дахь эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулах, ялгаварлан гадуурхалт, дарамт, бэлгийн дарамтад өртсөн талаарх гомдлууд эзэлж байна.  Гомдлын агуулгад дүн шинжилгээ хийж үзэхэд төрийн байгууллагад хөдөлмөрлөх эрхийн зөрчил нь намын үзэл суртлаас үүдэлтэй ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, ажлаас үндэслэлгүй халах, ажил албан тушаалд нь эргүүлэн томилохгүй байх байдлаар илэрч байгаа бол хувийн хэвшлийн буюу уул уурхайн компаниудад эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулах, илүү цагийн цалин хөлс авах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамтаас ангид байх эрх зөрчигдөж байгаа байдлаар илэрч байна. Иймд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх ойлголт, хүний эрхийн боловсрол, мэдрэмж, соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, соён гэгээрүүлэх ажлыг тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын түвшинд үе шаттай зохион байгуулах, ажлын байрны дарамт, хүчирхийллээс ангид орчин бүрдүүлэх хуульд заасан үүргийг төрийн байгууллагын нийт удирдах бүрэлдэхүүнд тусгайлан үүрэг хүлээлгэх нь зүйтэй. 10. Уул уурхайн болон хөгжлийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хамгаалж, ханган ажиллах нь Монгол Улсын Засгийн газар олон улсын өмнө болон нийт иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэлбэр юм. Хөгжлийн төсөл, санаачилга хэрэгжсэнээр манай улсын нийгэм, эдийн засгийн чадавх сайжирч, иргэдийн амьдралын чанар, амьжиргааны түвшин дээшлэхэд чухал ач холбогдолтой билээ.  Түүнчлэн эдийн засаг, нийгмийн харилцааны тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах нь хөгжлийн зорилго төдийгүй, хөгжилд хүрэх үндсэн арга хэрэгсэл бөгөөд томоохон төслийн үйл ажиллагаанд иргэдийн гаргасан санал, санаачилгыг тусган хэрэгжүүлж, үнэн зөв мэдээллийг шуурхай, тасралтгүй хүргэж, тэдэнтэй бодитоор зөвлөлдөх нь хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үндсэн шаардлага болно. Хөгжлийн төсөл, хөтөлбөр, санаачилга дахь төлөвлөлтийн үйл явц, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хууль ёсны дагуу, хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх, оролцогч талуудын эрх ашгийг тэгш хангахад сум, багийн иргэд, малчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох, нөлөөлөлд өртөж буй өрх гэрийн гишүүн тус бүртэй “Бодитоор зөвлөлдөх" механизмыг иж бүрэн, үр нөлөөтэй хэрэгжүүлэх тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатай байна. Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Ховд  1. Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн шинжилгээний лабораторийн мэдээллээр Жаргалант суманд суурин цэгээс агаарын дээжийг агаар дахь хүхэрлэг хийн 643 удаа, азотын давхар исэл 643 удаа сорьцыг авч нийт 1286 удаа сорьц авч шинжилгээ хийж дүнг боловсруулан агаарын чанарын мэдээг мэдээлсэн. Агаарын шинжилгээний дүнгээс харахад азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ MNS 4585:2016 стандартаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй байна. РМ2.5 тоосонцрыг 365 удаа 24 цагаар авч агаарын чанарыг хянаж үзэхэд 136 удаа MNS 4585:2016 стандартаас давсан байна. Аймгийн төв Жаргалант суманд 5300 орчим айл өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд айл өрхийн зуух, салхинаас үүдэн боссон шороо тоос, үнс нурам, цахилгаан станц, тээврийн хэрэгслийн утаанаас ялгаран гарч байгаа нарийн ширхэгтэй тоосонцор нь PM2,5-ийг үүсгэдэг, агаарын бохирдлын хэмжээ стандарт хэмжээнээс 14-18 дахин их байна. Иймд судалгаа,шинжилгээ, эдийн засгийн үр ашгийн тооцоололд үндэслэн, сум суурин газрын хүн амын төвлөрлийг харгалзан гадаад болон дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулан, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна. 2. Аймаг сумдын хувьд ерөнхий боловсролын сургууль 18 дотуур байртай. 2023 онд Комиссоос Жаргалант, Ховд, Буянт, Манхан, Мянгад сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын бодлого, ээлтэй орчинд хийсэн хяналт шалгалтаар Ховд сумын сургуулийн дотуур байр нь 1990 онд ашиглалтад орсон 150 хүүхдийн багтаамжтай боловч өнөөгийн байдлаар 200 хүүхэд амьдран суралцаж байна. Тус байрны барилга нь Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны C/40 дугаар тушаалаар баталсан MNS6781:019 стандартын шаардлага хангаагүй, орчин нөхцөл сайн боловч ариун цэврийн байгууламж хангалтгүй, ариун цэврийн өрөө, ундны усны хүрэлцээ дутмаг байгаа нь тогтоогдсон.

Ховд сумын ерөнхий боловсролын сургууль аймгийн хэмжээнд 230 гаруй буюу хамгийн их хүүхдийг хүлээн авч боловсролын үйл ажиллагаа явуулдаг алслагдмал газраас ирж суралцаж буй хүүхдүүдийг байрлуулах дотуур байрны хүрэлцээ дутагдалтай байх тул дотуур байрыг өргөтгөж багтаамжийг нэмэгдүүлэх буюу шинэ дотуур байртай болгох асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулах, төсөв хөрөнгийг хүрэлцээтэй төсөвлөх зэрэг хүүхэд эрүүл аюулгүй орчинд суралцаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. 3. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар эрх зүйн орчин шинэчлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж төрөөс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж буй хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл, статистик тоо төдийлөн буурахгүй байна.  Аймгийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил 2022 онд 127, 2023 онд 161 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 34 зөрчлөөр буюу 26.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газраас гаргасан мэдээллээр хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага, мэдээлэл 2022 онд 170 байсан бол 2023 онд 224 болж гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 33, хүүхдийн хүчирхийллийн шинжтэй 191 гомдол байна. Хүүхдийн хүчирхийллийн шинжтэй 191 дуудлагаас бэлгийн хүчирхийлэл 14, бие махбодийн хүчирхийлэл 41, сэтгэл санааны хүчирхийлэл 39, үл хайхрах хүчирхийлэл 97 бүртгэгдсэн байна. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллийг харьяаллын дагуу 17 сумын Засаг даргын Тамгын газар, багийн нийгмийн ажилтанд шилжүүлж хамтарсан багаар хариу үйлчилгээ үзүүлэн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог 4 удаа хуралдуулж, гэмт хэргийн хохирогч 9 хүүхэд, гэмт хэрэгт холбогдсон 4, эрсдэлт нөхцөлд амьдарч буй 3, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 2, нийт 18 хүүхдийн асуудлыг хэлэлцэж боловсрол, хууль зүй, сэтгэлзүй, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлж, бэлгийн хүчирхийллийн хохирогч 8 хүүхдэд хууль зүйн хорооны үйлчилгээг үзүүлж, хохирогч 6 хүүхдийн өмгөөллийн хөлсийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэсэн байна. Хүүхдийн эрхийн нөхцөл байдлын талаарх статистик мэдээллээс харахад аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл өндөр байгаагийн дотроос хүүхдийн бие махбод, бэлгийн хүчирхийлэл, үл хайхарсан зэрэг зөрчлийн гаралт  их бүртгэгдсэн байх тул хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх зан үйлд нөлөөлөх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх, сум, багийн Засаг дарга нар хүчирхийллийн өндөр эрсдэлтэй өрх, иргэдийн судалгааг тогтмол хийж, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах, хууль сахиулах болон хүүхдийн байгууллагатай хамтран ажиллах нөхцөл боломжоор хангах, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүний нөөц, төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна. 4. НҮБ-ын Нэн ядуурал болон хүний эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч үндэстний цөөнх бусадтай адил тэгш байх үндсэн дээр эрхээ эдлэх бололцоог хангах, эх хэл дээр ном сурах бичгээр хангагдах, мэдээлэл хүлээн авах бололцоог олгосон соёлын болон боловсролын бодлого хэрэгжүүлэх, Комиссоос гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Казах, тува, цаатан иргэдийн бага, дунд, дээд боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх хувь үндэстний дундажтай харьцуулахад доогуур, төрөөс хос хэлний бодлого нэвтрүүлж байгаа ч үндэстний цөөнхийн хувьд тухайн боловсролын хүртээмж хангалтгүй, эх хэлээрээ суралцаж чадахгүй байгаа бүлгийн хувьд эх хэлээ мартах зэрэг асуудал тулгамдаж байдаг. Ховд аймагт сургуулийн өмнөх боловсролын 33 цэцэрлэгт 25 казах багш, 614 казах хүүхэд, ерөнхий боловсролын 26 сургуульд 82 казах багш, 2822 казах хүүхдүүд суралцаж байна. Тус аймгийн хувьд олон үндэстэн ястнаас Казах үндэстэн өөрийн эх хэлийг түлхүү хэрэглэдэг. Ховд аймгийн нийт казах иргэдийн 11692 буюу 99.5 хувь нь Ховд, Жаргалант, Үенч, Мянгад, Эрдэнэбүрэн, Буянт, Булган суманд амьдардаг бөгөөд Ховд суманд суралцаж буй хүүхдэд зориулсан хос хэлний боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж, бусад суманд амьдарч буй казах хүүхдүүдэд тус хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, эх хэлээр мэдээлэл авах телевизийн суваг, радио, хэвлэл байдаггүй байна. Казах хүүхдүүд суралцах явцад хүндрэл бэрхшээл ажиглагдахгүй мэт боловч цөөнхийн эх хэлээрээ суралцах, харилцах, мэдээлэл авах цаашлаад эх хэл зонхилсон бусад улс оронд ерөнхий болон их дээд сургуульд суралцахад сөрөг нөлөө үзүүлдэг байж болзошгүй юм.  Цаашид Казах иргэдийг эх хэлээрээ суралцах, телевизийн суваг, сонин, хэвлэл, сурах бичиг зэрэг наад захын мэдээлэл авах хэрэгцээ шаардлагыг хангах боломжийг судалж, хэрэгжүүлэх монгол хэл болон эх хэлээрээ боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх нөхцөлийг бүрдүүлэх төсөв хөрөнгийг шийдвэрлэх, арга хэмжээг авах нь зохистой юм.   Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос “Соёлын өвийг хадгалах, хамгаалах хүрээнд урлаг соёлын асуудлаарх Үндэсний бодлогын хэрэгжилтийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг зарцуулах, мөн 2014 оны Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтыг сайжруулах замаар соёлын өвийн хадгалалт, хамгаалалтад оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, энэ чиглэлээр хүчин чармайлтаа сайжруулах”-ийг зөвлөсөн.  Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн “Соёл ба хүний эрх” судалгаагаар үндэсний цөөнхийн, соёлын өвийн болон зохиогчийн оюуны өмчийн эрхийн асуудал тэр бүр яригддаггүйн дээр мэргэжлийн болоод төрийн байгууллага ч бага анхаарч байгаа нь судалгааны явцад илэрсэн. Иймд эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхийн тухай хамтатгасан судалгаа хийж, уг эрхийг нийт багцаар нь олонд таниулах ажил зохиох боломжтойг уг судалгаа давхар харуулсан. Тус аймгийн Засаг даргын 2021 оны А/405 дугаар захирамжаар Боловсрол соёл, урлагийн газарт Соёлын хэлтэс байгуулж, бүтэц, орон тоог баталжээ.  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 62 дугаар тогтоолоор “Олон угсаатны өв соёл, урлаг” хөтөлбөрийг баталж 2021 онд 20, 2022 онд 46, 2023 онд 43, 2024 онд 33 арга хэмжээг тус тус төлөвлөн хэрэгжүүлсэн байна. Тухайлбал “Юнеско”-ийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр бий биелгээний танхим байгуулах, соёлын биет болон биет бус өвийн цахим мэдээллийн санг бүрдүүлж түүх соёлын хөрөнгө бүртгэж, хамгаалалтад авах, соёлын өвийн чиглэлээр дугуйлан сургалт хичээллүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна. Мөн соёлын өвийг хамгаалах чиглэлээр 2023 онд “Торгууд бий биелгээг өвлөхүй” эрдэм шинжилгээний хурал, сургалт, “Угсаатны гоёл” арга хэмжээг 3 үе шаттай зохион байгуулах, угсаатны хувцас урлал, тууль, Урианхай сур харваа ардын язгуур урлагийн тоглолт сурталчлах зэрэг үйл ажиллагааг явуулж 140 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.  Цаашид сурч боловсрох эрхийн хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичигт үндэсний цөөнхийн эрх, соёлын талаар тусгах соёлын эрхийг олон талаас, өргөн агуулгаар нь хамгаалж, бусад салбар эрхүүдтэй уялдуулан хөгжүүлэх, хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн үйл ажиллагаа тэр дундаа угсаатан бүр хэл, соёлоо гээгдүүлэхгүй байхад анхаарч өвийн талаарх ном, бүтээлийг үндэстний эх хэлээр гаргахад дэмжлэг үзүүлэх, сумдын Засаг дарга нарт соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэх, үйл ажиллагааг дэмжиж ажиллах шаардлагатай байна.  5. Өсвөр насны охидод тохиолддог тулгамдсан асуудлуудын нэг нь охидын жирэмслэлт юм. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон охид сурч боловсрох, хөгжих, гэр бүл төлөвлөх боломжоо алдах, сэтгэл зүйн дарамтад орох, үр хөндүүлэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дагуулсаар байна.  Улсын хэмжээнд 2023 онд нийт үр хөндөлтийн 432 тохиолдол буюу 3.5 хувийг хожуу үр хөндөлт, 611 тохиолдол буюу 5.0 хувийг өсвөр насны үр хөндөлт эзэлж байна. Тус аймгийн хувьд 2023 онд охидын жирэмслэлт 31 бүртгэгдсэн нь урьд оноос 5 тохиолдлоор нэмэгдэж, бүгд 15-19 настай охидын жирэмслэлт байгаа бол үр хөндөлт 9 тохиолдол бүртгэгдэж, тухайн оны охидын төрөлт 51 гарснаас бүгд 15-19 насны охидын ангилалд багтаж байна. Энэхүү тоон мэдээлэл нь бусад аймагтай харьцуулахад дундаж байх хэдий ч зөвхөн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт юм. Гэвч бүртгэлд ороогүй далд, нууц хэлбэртэй тохиолдол байхыг үгүйсгэхгүй юм. Охидын дийлэнх нь бэлгийн боловсролын мэдлэг, мэдээлэлгүйгээс эрт бэлгийн харилцаанд орох, ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан бэлгийн хүчирхийллийн хохирогч болж жирэмслэх, үр хөндүүлэх, хүсээгүй хүүхдээ төрүүлэх, үүнээс үүдэж амиа хорлох магадлал өндөр байдаг байна.  Цаашид орон нутгийн зүгээс тус асуудалд анхаарал хандуулж, иргэдийн эрүүл мэнд, бэлгийн боловсролын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сурталчилгаа, мэдээллийг түгээх, өсвөр насны жирэмслэлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд анхаарах эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулахад дорвитой арга хэмжээ авах, аймагт өсвөр үе кабинетын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэх, эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ төрлийн зөрчлийг бууруулахад дэмжлэг үзүүлж, ажиллах шаардлагатай байна.  6. Аймгийн хэмжээнд нийт 3210 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 1342 буюу 41.8 хувь нь эмэгтэйчүүд, 310 нь хүүхэд байна. Хөгжлийн бэршээлтэй иргэдийн 1216 буюу 37.9 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бол үлдсэн 1992 буюу 62.1 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй байна. Үүнээс сонсголын бэрхшээлтэй иргэн 250 буюу 8.1 хувь, хүүхэд 42 буюу 3.1 хувийг тус тус эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 1528 буюу 47.6 хувь нь аймагт, 1682 буюу 52.3 хувь нь сумдад амьдардаг байна.  2023 онд сургуулийн өмнөх боловсролд 21, ерөнхий боловсролын сургуульд 155 хүүхэд хамрагдаж байгаагаас 23 нь хараа, 18 сонсголын бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Аймгийн хэмжээнд дохионы хэлний багшгүй, явган хүний гарц дээр харааны бэрхшээлтэй хүнд зориулсан 3 байршилд 16 тоног төхөөрөмжийг байрлуулсан нь сайшаалтай ч тэдэнд зориулсан тохирох хэрэглэгдэхүүн, бусдын адил эрх тэгш суралцах, хүртээмжтэй орчин, дэмжлэг дутагдалтай байна.   Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.5.8.9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулахаар тусгасны дагуу тус аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулж 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус төв  нь 2024 оны 8 дугаар сарын байдлаар давхардсан тоогоор хөгжлийн бэрхшээлтэй 1975 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх, гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, орон нутагтаа сэргээн засалтын чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Үйлчилгээ авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1656 нь аймаг, 319 нь бусад сумдад ажиллаж, амьдардаг иргэд байна. Төв нь шаардлагатай тохиолдолд бүсийн болон ойролцоох аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд холбогдох сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна.  Тус төвийн бүтэц орон тоог 25 хүнээр баталсан боловч хөдөлмөр, хөдөлгөөн засалч, протезийн мэргэжилтний орон тоо дутуу, хөдөө, алслагдмал газар амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх зөөврийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тоног төхөөрөмж тээвэрлэх автомашингүй улмаас хүнд хэлбэрийн болон хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх эрт илрүүлэг, хөдөлгөөн, хөдөлмөр засал, сэргээн засах үйлчилгээ, сумын дэмжлэгийн багийг чадавхжуулах зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна.   Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай төсвийг шийдвэрлэж, тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах цогц арга хэмжээг авах, хөдөөгийн, тэр дундаа нүүдэлч малчдын хөгжлийн бэрхшээлтэй хүнийг боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хангаж гадаад дотоод орчны болон мэдээллийн хүртээмжийг сайжруулж, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх шаардлага байна. 7. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсын хувьд хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, аливаа хүн хүчирхийлэл, дарамтаас ангид орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудалд анхаарал хандуулж, тодорхой зохицуулалтуудыг хуульчлан үндэсний хууль тогтоомжид тусгагдсан боловч улс төрийн намын гишүүнчлэл зэрэг улс төртэй холбоотой аливаа зүй бус ашиг сонирхлын үүднээс хүнийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, үндэслэлгүйгээр ажлаас халах чөлөөлөх асуудал төрийн албанд байсаар байна.  Аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхээр шийдвэрлүүлэхээр 2023 онд хөдөлмөрийн эрх зүйн маргаан буюу ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар 28 нэхэмжлэл хүлээн авч 17 нэхэмжлэл, аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр төрийн албаны маргаан буюу ажлаас үндэслэлгүй халагдсан гэх 3 нэхэмжлэлийг тус тус  шийдвэрлэсэн байна.  Сүүлийн 3 жилийн байдлаар Комисст ирүүлсэн гомдлын 90 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл байсан ба Ховд аймгийн хэмжээнд нийт ирүүлсэн өргөдөл, гомдлын 42 хувь нь 2022 онд, 48 хувь нь 2023 онд, 2024 оны өнөөгийн байдлаар 52 хувь нь хөдөлмөрлөх эрхийн маргаантай холбоотой асуудал байна. Мөн иргэдээс авсан хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөөний мэдээлэлд 3 жилийн дунджаар 80 хувийг тус асуудал эзэлж байх бөгөөд асуудлыг агуулгаар нь авч үзвэл ажил олгогч, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь бууруулсан болон ажлаас халсан, ялгаварлан гадуурхаж, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт үзүүлэх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх зөрчигдсөн гэх асуудлууд байна. Комисс болон бусад байгууллагын судалгааг авч үзвэл аймгийн хэмжээнд хөдөлмөрлөх эрхийн зөрчил нь намын үзэл суртлаас үүдэлтэй ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, ажлаас үндэслэлгүй халах, ажил албан тушаалд нь эргүүлэн томилохгүй байх байдлаар илэрч байгаа бол хувийн хэвшлийн буюу уул уурхайн компаниудад эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулах, илүү цагийн цалин хөлс авах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамтаас ангид байх эрх зөрчигдөж байгаа байдлаар илэрч байна. Тухайлбал Комиссоос тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “МоЭнКо” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудалд Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт, байгаль орчны нөлөөлөлд хяналт шалгалт хийхэд ажилтны хөдөлмөрлөх эрхийн асуудал тэр дундаа ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, цалин хөлс олгох, удирдлагад өргөдөл, гомдол гаргаж, шийдвэрлүүлэх, хэвийн нөхцөлд ажиллах боломжоор хангагдах эрхийн зөрчил тогтоогдсон тул зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүний 2023 оны 07/27 дугаартай шаардлага хүргүүлсэн боловч биелэлт хангалтгүй байна.  Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэж мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалтад “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж хуульчилсан  тул төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн намын гишүүнчлэл, сонгуулийн үр дүнгээр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүйгээр ажлаас халах зэрэг хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй. 8.  2023 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17599 тохиолдол бүртгэгдсэн ба Ховд аймгийн хувьд 365 иргэн нас барснаас 10000 хүн амд ногдох осол гэмтэл, гадны шалтгаант нас баралтаас амиа хорлолт 33.3, бусдад хорлогдсон 2.6, зам тээврийн ослоор 46.2, бусад осол 17.9 бүртгэгдэж амиа хорлолт, зам тээврийн ослын нас баралт бусад аймгаас хамгийн өндөр, нэгдүгээрт эрэмбэлэгдсэн  байна. Аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэнээр өөрийгөө боомилсон 11, галт зэвсэг ашигласан 2 тохиолдлын 12 нь эрэгтэйчүүд байна. Үүнийг насаар ангилбал 13-41 насны 6, 44-70 насны 7 хүн байна.  Иргэдийн амиа хорлох болсон сэдэл, шалтгааныг нас, хүйсийн онцлогоос хамааруулан нарийвчлан тодорхойлж, эрсдэл бүхий бүлгийг тогтоон, түүнд тохирох арга хэмжээг авах, урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор амиа хорлох арга замыг багасгахад галт зэвсэг, эмийн хэрэглээг хянах, хязгаарлах, архи, согтууруулах ундааны хэрэглээг багасгах бодлого хэрэгжүүлэх, өсвөр үе, хүүхдүүдэд зөвлөгөө, тусламж авах боломжийг нэмэгдүүлэх, амиа хорлохыг завдсан өсвөр үеийнхнийг анхаарч эрүүл мэндийн сайдын 2022 оны А/149 тушаалын хавсралтаар баталсан зааврын дагуу эмнэлгийн байгууллагыг ажиллуулах, мэргэшсэн эрүүл мэндийн ажилтнууд болон сэтгэл зүйчдийг бэлтгэх, иргэдийн энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд шат дараатай арга хэмжээг төлөвлөн, цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Мөн зам тээврийн осол нь стандартын шаардлага хангаагүй зам талбай, жолоочийн хариуцлагагүй байдал, бүрэн бус техникийн хөдөлгөөн, болгоомжгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж гэмт хэрэг, осол буурахгүй байх тул үүний шалтгаан нөхцөлийг судалж бууруулах, урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээг авах нь зүйтэй. 9. “Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Гэтэл тус аймгийн түвшинд энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба  аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 онд 100 хувьтай үнэлэгдэж байсан бол 2024 оны 2 дугаар улирлын байдлаар 0 хувьтай үнэлэгдсэн байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг шударга байдлын үнэлгээгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад шударга байдал 2022 онд 58.2 оноогоор үнэлэгдэж 2021 оноос 9.1 оноогоор буурсан байна.  Иймд нутаг дэвсгэрийн хэмжээний төрийн бүх шатны байгууллагын үйл  ажиллагааг ил тод, нээлттэй байлгах,  мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц,  төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод,  мэдээлэх  зохион байгуулалт, хяналт  хариуцлагын тогтолцоог бүрдүүлж төрийн үйл  ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах  шаардлагатай байна.     10. Хүний эрхийг хангах үндэсний хорооны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолоор баталсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, аймгийн Хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайлантай танилцахад 9 хуудас бүхий 2928 үгтэй хэт товч, гүйцэтгэсэн үйл ажиллагааг үр дүн талаас нь тайлагнаагүй, агуулгыг бүрэн илэрхийлээгүй байна.          Тус тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороогоор 2024 оны 01 сарын 26-ны өдөр хэлэлцүүлсэн бөгөөд тус аймагт хүний эрхийн зөрчил тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүүхдийн хүчирхийллийн асуудал, үндэстний цөөнх, хөдөлмөрлөх эрхийн зөрчил байсаар байхад эдгээр асуудалд чиглэсэн үйл ажиллагааны талаар дурдаагүй, 2023 онд тус аймагт хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөрчил гараагүй гэж тайлагнасан нь бодит бус, зорилтод бүлэг болох ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, амьдралын түвшин доогуур иргэд, охид, эмэгтэйчүүд, хүүхдэд чиглэсэн тодорхой үйл ажиллагаа явуулаагүй байх тул тус аймгийн зүгээс зорилтот бүлгийн иргэдийн эрхийн асуудалд анхаарал хандуулаагүй, орхигдуулсан гэж үзэж байна.      Иймд аймгийн Хүний эрхийн төлөв байдлын тайланг Хүний эрхийг хангах үндэсний хорооны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолоор баталсан “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах, илтгэх журам”-ын дагуу тайлагнаж, тайланг боловсруулахдаа хүний эрхийн асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн пакт, бусад хуулиар баталгаажуулсан эрх, төлөвлөсөн үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжилтийг үр дүн талаас нь судалгаатай, бодитой гаргах, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас гаргасан санал, зөвлөмжийг тусгаж хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, Хүний эрхийг хангах Үндэсний хороо болон бусад байгууллагаас зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлэгт хамруулж хэвших шаардлагатай байна. Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна. Хөвсгөл  1. Хөвсгөл аймаг нь Дулааны цахилгаан станцыг 2014 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж, 1 зуух нь 10 ккал буюу 3 зуух 30 ккалын хүчин чадлаар ажиллаж байна. халаалтын 3 зуухаар Мөрөн сумын хэрэглэгч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг дулаанаар ханган байгаа ч аймгийн хэмжээнд дулааны станцын хүчин чадал хүрэлцэхгүй байна. Энэ нь тус аймагт дулааны хэрэглэгч байгууллага болон айл өрхийн тоо эрс нэмэгдсэнээс үүдэж дулааны станцын ачаалал нэмэгдэж, хүчин чадал нь хүрэлцэхгүй 2023-2024 онд дулаан, халаалтын асуудал доголдож өвлийн улиралд айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангаж чадахгүй, хөлдөх эрсдэл учирсан байна. Тухайлбал сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангаж чадахгүйгээс үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Энэ нөхцөл байдлаас үүдэж иргэд, бага насны хүүхдүүд гэртээ ханиад томуу, томуу төст өвчин тусах, хүндрэх, хатгаа болох зэргээр өвчлөл өмнөх оныхоос 2 дахин нэмэгдсэн тоо баримтыг аймгийн Эрүүл мэндийн байгууллагаас өгчээ. Иймд энэхүү хүндрэл дахин гарахаас урьдчилан сэргийлж дорвитой арга хэмжээ авах, цаашлаад Дулааны станцын өргөтгөл хийх асуудлыг шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хяналт тавьж тулгамдсан асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байх нь зүйтэй байна.      2. Дотуур байранд амьдарч буй сурагчдын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж Комисс 2022-2024 онуудад ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар Хөвсгөл аймгийн 9 сумын ерөнхий боловсролын сургууль болон ШУТИС-ийн харьяа Политехникийн коллежийн дотуур байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийв.  2022-2024 онд Чандмань-Өндөр, Ханх, Алаг-Эрдэнэ, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант, Цагааннуур, Улаан-Уул сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байруудад хяналт шалгалт хийхэд урсгал засвар үйлчилгээг тухай бүр хийдэггүй, засвар үйлчилгээг хийх төсөв хөрөнгийн асуудлыг шийддэггүй, ариун цэврийн байгууламж нь шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй, барилгын шавар нурсан, дулаан алдагдлаас шалтгаалж өрөө тасалгааны цонх, хана нь хөлрөх, цантах, дээврээс ус гоожих, мөөгөнцөртөх, өрөө тасалгаа нь нэг хүүхдэд ногдох талбай хүртээмжгүй, хоол ундны хүртээмж нь ЕБС-ийн суралцагчдын дотуур байрны орчин, үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 6781:2019 стандартад нийцээгүй, хүүхэд сурч боловсрох тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн.  Иймд Ерөнхий боловсролын сургуулийн шаардлага хангаагүй дотуур байрыг стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэх, шаардлагатай тохиолдолд шинээр дотуур байр барих төсвийг шийдвэрлэх, дотуур байрны гадаад орчны гэрэлтүүлэг, тохижилтыг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллах нь чухал байна.    3. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2023 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 312 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Үүнээс Зөрчлийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн, 5.4-4.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон 166 хүн, 5.4-4.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан 31 хүнийг, 5.4-4.4 дэх хэсэгт зааснаар хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан 1 хүнийг, тус хуулийн 6.20-7 дахь хэсэгт зааснаар хүүхдийн бие махбодод халдсан эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн 124 хүнийг тус тус баривчилж, албадан сургалтад хамруулах зэрэг албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.  Дээрх мэдээллээс харахад аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл өндөр байгаагийн дотроос хүүхдийн бие махбодод халдсан, үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн гэх зөрчил багагүй бүртгэгдсэн байх тул хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх зан үйлд нөлөөлөх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх, сум, багийн Засаг дарга нар хүчирхийллийн өндөр эрсдэлтэй өрх, иргэдийн судалгааг тогтмол хийж, хууль сахиулах болон хүүхдийн байгууллагатай хамтран ажиллах нөхцөл боломж, төсөв хөрөнгийг шивэрлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.  4. 2021-2023 онуудад насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон тоог харвал 2021 онд 20 гэмт хэрэгт 25 хүүхэд, 2022 онд 27 гэмт хэрэгт 31 хүүхэд, 2023 онд 30 гэмт хэрэгт 39 хүүхэд тус тус холбогдож гэмт хэргийн тоо, холбогдогч хүүхдийн тоо өсөх хандлагатай байна. Аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, Хамтарсан баг, Нэг цэгийн үйлчилгээний төвийн 2024 оны 01 дүгээр сард Комиссын ажлын хэсэгт гаргаж өгсөн мэдээллээр гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн 71,0 хувь нь хулгайн гэмт хэрэгт холбогдож байгаа нь өрхийн амжиргаа, ажил, хөдөлмөр эрхлэлтийн байдал нөлөөлж байна нөгөө талаас гэмт хэргийн хохирогч болж хүүхдийн 56 хувь нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа нь бусад гэмт хэргийн хохирогч хүүхэдтэй харьцуулахад өндөр үзүүлэлт харагдаж байгаа нь анхаарал татаж байна.

Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4.1 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 2021 онд 6, 2022 онд 8, 2023 оны 18 болж өссөн бол 2024 оны эхний хагас жилийн байдлаар 8 хэрэг шийдвэрлэсэн байна.   Орон нутгийн түвшинд хүүхэд оролцсон гэмт хэрэг, гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, сэтгэл зүйн үйлчилгээ, зөвлөгөөг чанаржуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцох асуудлыг хуулийн дагуу шийдэхэд тусламж дэмжлэг үзүүлэх, хууль сахиулах болон хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг хуулийн дагуу эрчимтэй явуулахыг чухалчлах ёстойг анхааралдаа авах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг хууль, эрх зүйн мэдээллээр хангах талаар шат дараатай арга хэмжээ авахыг холбогдох байгууллагад  хариуцуулж, хяналт тавьж хэвших шаардлагатай.

5.Өсвөр насны охидод тохиолддог тулгамдсан асуудлуудын нэг нь охидын жирэмслэлт юм. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон охид сурч боловсрох, хөгжих, гэр бүл төлөвлөх боломжоо алдах, сэтгэл зүйн дарамтад орох, үр хөндүүлэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дагуулсаар байна.  Улсын хэмжээнд 2023 онд нийт үр хөндөлтийн 432 тохиолдол буюу 3.5 хувийг хожуу үр хөндөлт, 611 тохиолдол буюу 5.0 хувийг өсвөр насны үр хөндөлт эзэлж байна. Тус аймгийн хувьд 2023 онд охидын жирэмслэлт 79 бүртгэгдсэнээс бүгд 15-19 настай охидын жирэмслэлт байгаа бол үр хөндөлт 11 бүртгэгдснээс 10-14 насны охидын үр хөндөлт 1 тохиолдол, 15-19 насны охидын үр хөндөлт 10 тохиолдол бүртгэгджээ. Тухайн оны охидын төрөлт 122 гарснаас бүгд 15-19 насны охидын ангилалд багтаж байна. Энэхүү мэдээлэл нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт юм. Гэвч бүртгэлд ороогүй далд, нууц хэлбэртэй тохиолдол байхыг үгүйсгэхгүй юм. Охидын дийлэнх нь бэлгийн боловсролын мэдлэг, мэдээлэлгүйгээс эрт бэлгийн харилцаанд орох, ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан бэлгийн хүчирхийллийн хохирогч болж жирэмслэх, үр хөндүүлэх, хүсээгүй хүүхдээ төрүүлэх, үүнээс үүдэж амиа хорлох магадлал өндөр байдаг байна.  Цаашид орон нутгийн зүгээс тус асуудалд анхаарал хандуулж, иргэдийн эрүүл мэнд, бэлгийн боловсролын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сурталчилгаа, мэдээллийг түгээх, өсвөр насны жирэмслэлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд анхаарах эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулахад дорвитой арга арга хэмжээ авах, аймагт өсвөр үе кабинетын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэх, эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ төрлийн зөрчлийг бууруулахад дэмжлэг үзүүлж, ажиллах шаардлагатай байна.  6. Аймгийн хувьд 2021 онд нийт ажиллах хүч 58,925, 2022 онд 46307, 2023 онд 64913 болж өссөн байна. Үүнээс ажиллах хүчний оролцооны түвшин 2021 онд 71,7 хувь, 2022 онд 59,4 хувь, 2023 онд 71,3 хувь болж өмнөх оныхтой харьцуулахад 11,9 хувиар өсжээ. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2021 онд 60,4 хувь, 2022 онд 57,5 хувь, 2023 онд 68,5 хувь болж өссөн ба ажилгүйдлийн түвшин 2021 онд 18,8 хувь байсан бол 2022 онд 3,1 хувь болж буурч, 2023 онд 4 хувьтай болсон байна.  Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ажлаас үндэслэлгүй халагдаж, ажилд эгүүлэн тогтоолгох иргэний хэргийг 2021 онд 31, 2022 онд 5, 2023 онд 5-ийг тус тус шийдвэрлэсэн байна. Шүүхээр шийдвэрлэж буй хэргийн тоо жилд буурсан харагдаж байгаа хэдий ч хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хүний эрхийн зөвлөгөө авах, гомдол шийдвэрлүүлэхээр Комисст хандаж буй иргэдийн тоо буурахгүй байна. Ялангуяа энэхүү тохиолдол нь орон нутгийн сонгууль болсны дараах хугацаанд төрийн захиргааны болон удирдах албан тушаалтныг ажлаас халах, ажлын байрыг нь өөрчлөх, хөдөө алслагдсан сумдад албан тушаал бууруулж шилжүүлэх зэрэг нь тэднийг нам, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж буй хэлбэр юм.  Иймээс цаашид албан хаагч ажлын байран дээр ямар нэг дарамт, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх, улс төр, намын харьяаллаас ангид байх орчныг бүрдүүлэх, харьяа байгууллага түүний удирдах албан тушаалтнуудын ёс зүйг дээшлүүлэх, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулж хэвших хэрэгтэй. 7. Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудын албан тушаалтны зүгээс төрийн үйлчилгээг үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэл учруулдаг эсэх талаар 2022 онд нээлттэй санал, асуулгыг иргэдээс авсан байна. Үүгээр Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэл, Нэгдсэн эмнэлэг, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын үйлчилгээ иргэдэд чирэгдэл учруулдаг гэсэн мэдээллийг өгчээ. Мөн үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас 2021, 2022 онд хийгдсэн шударга байдлын үнэлгээг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд хийхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар 2021 онд 72,1 хувьтай үнэлэгдэж 21 аймгийн жагсаалтаас 20 дугаар байрт орж байсан бол 2022 онд 77,3 хувьтай үнэлэгдэж жагсаалтын 18 дугаарт буюу 4,8 хувиар буюу нэг байр урагшилсан байна.  Энэ нь төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй, чирэгдэлгүй, түргэн шуурхай явуулахад төрийн албан хаагчийн хүний эрхийн мэдлэг, хандлага, ёс зүйг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад тодорхой үр дүнтэй ажлуудыг төлөвлөн гүйцэтгэх шаардлагатай байна.  8. Аймгийн хэмжээнд 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй 6034 иргэн бүртгэлтэй байгаагаас 99 байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 117 иргэн хөдөлмөр эрхэлж байсан бол 2024 оны хагас жилийн байдлаар 88 байгууллагад 153 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Хөдөлмөрийн хуулийн 144 дүгээр зүйлийн 144.2 дахь хэсэгт заасан “Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна” гэсэн заалтыг баримтлахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах талаар дорвитой арга хэмжээг авч ялгаатай байдлыг арилгах, тэдний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, зарж борлуулахад аймгаас тодорхой дэмжлэг, туслалцааг үзүүлэх зэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарал хандуулах, хүртээмжтэй орчныг бий болгох, тэдний эрхийг хангах асуудлыг бодлого төлөвлөлтдөө тусгаж, шаардлагатай төсөв, хөрөнгийг орон нутгийн төсөвт тусган баталж байх шаардлагатай байна.  9.  Хөвсгөл аймагт нутагшиж буй Цаатан иргэдийн 86 хүүхэд Цагааннуур сумандаа боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Цаатан иргэдийн хэл, соёлыг авч үлдэх үүднээс төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын түвшинд 2005, 2013 онд цаатан хүүхдүүдэд эх хэлийг нь эзэмшүүлэх зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байсан боловч тус хөтөлбөрийг зогсоосон байна.  Одоогийн байдлаар Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор баталсан 10 хөтөлбөрт үндэсний цөөнхөд хамааралтай зарим заалтыг тусгаснаар тэдний эх хэлээрээ сурч боловсрох, соёл зан заншлаа өвлүүлэх эрхийг баталгаажуулжээ.  Цаатан хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын Хэлний бодлогын зөвлөл хариуцан 2024-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Эх хэл” хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Тува хэлний гарын авлага-I дэвтрийг хэвлэн гаргаж, сургалтын хэрэгцээнд ашиглаж байна. Мөн тус арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Эх хэлний баяр” зохион байгуулах, “6 угсаатны эрдэм шинжилгээний ажил” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  Цаатан хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангахад Тува хэлний сурах бичиг, гарын авлага хэвлүүлэх төсөв дутмаг, улсын хэмжээнд Тува хэлний багш, боловсон хүчин бэлтгэх сургууль, сургалтын төв байхгүйгээс багшлах боловсон хүчин, сургалтын орчин хангалтгүй, Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ байрны барилгын төсвийг 2024-2026 онд шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Цагааннуур сумын Тува-цаатан иргэд, хүүхдүүд монгол хэлээр ярилцаж, Тува хэл нь мартагдах эрсдэлтэй байна.  Мөн Тува-цаатан иргэдэд тулгамдаж буй асуудлын нэг цаатан иргэдэд олгодог тэтгэмжийн асуудал юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/198 дугаар тушаалаар баталсан “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын 2.1.1-д “сүүлийн 12 сар ба түүнээс дээш хугацаагаар тайгад амьдарч цаа буга маллаж байгаа цаатан иргэн”, 2.1.2-д “цаатан иргэнтэй гэр бүл болж тайгад цаа буга маллан амьдарч байгаа бусад угсааны иргэн” тэтгэмж авахаар заасан байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/57 дугаар тушаалаар “...цаатан иргэд, мөн ан агнуур, загас, цаа бугын аж ахуйд ажиллаж байсан өндөр насны тэтгэвэрт гарсан уйгар угсааны ахмад настан тэтгэмжид хамрагдах”-аар нэмж зохицуулжээ.  Гэвч зарим цаатан өрхүүд цаа бугаа өөрсдөө биечлэн малладаггүй бусдаар маллуулдаг боловч буга малладаг гэх тооллогод хамрагдаж, тэтгэмж авах хүсэл сонирхолтой байдаг байна. Цаатан иргэний ажиллаж байсан ан агнуур, загас, цаа бугын аж ахуй тэднийг өндөр насны тэтгэвэрт гарахаас өмнө татан буугдаж ажилгүй болсон тохиолдолд тус аж ахуйд ажиллаж байхдаа тэтгэвэрт гараагүй гэх шалтгаанаар ахмад настны тэтгэмжид хамрагдаж чаддаггүй байна. Иймд цаатан иргэдээс гаргаж буй цаатны тэтгэмжид хамрагдах хүсэлт, маргааныг шийдвэрлэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/198 дугаар тушаалаар баталсан журам, 2019 оны А/57 дугаар тушаалын заалтыг нэг мөр ойлгуулах, төрөөс олгож буй тэтгэмж, тусламж дэмжлэгийг хүн бүрд холбогдох хууль, журмын дагуу алагчлалгүй олгох асуудалд аймгийн Засаг даргын зүгээс анхаарал хандуулах нь зүйтэй байна.  Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх тогтвортой байдлын зорилтын зарчмыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна.  Хэнтий 1. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар эрх зүйн орчин шинэчлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж төрөөс тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж буй хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл, статистик тоо төдийлөн буурахгүй байна.  Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 4 бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 23 буюу 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 285 зөрчил буюу нийт зөрчлийн 0,9 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил байна.  Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газраас өгсөн мэдээллээр хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага, мэдээлэл 2022 онд 215 байсан бол 2023 онд 308 болж, түр хамгаалах байранд 19 хүн байрлаж 212 хүн үйлчилгээ авсан байна. Хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл 2023 онд бие мах    бодийн 4, бэлгийн 3, үл хайхрах хүчирхийлэл 12 бүртгэгдсэн байна.  Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг 2022 онд 9, 2023 онд 4 байх бөгөөд байнгын архидалттай, архины хамааралтай 202 өрх, орон гэргүй иргэн 35, 20 өрх бүртгэлтэй байна. Аймгийн зүгээс “Архидалтгүй хэтийн Хэнтий” арга хэмжээний төлөвлөгөөг батлан төрийн бус байгууллагатай хамтран хорт зуршлаасаа ангижрах хүсэлтэй 25 хүнийг эмийн эмчилгээнд, 3420 иргэнийг сургалтад хамруулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архины эсрэг сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа, эмчилгээ, архины асуудлаа шийдсэн иргэдэд зориулсан сэтгэл зүйн сургалт, арга хэмжээнд 23.5 сая төгрөгийг зарцуулсан талаар аймгийн хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайландаа тусгажээ. Дээрх статистик мэдээллээс харахад Аймгийн хэмжээнд 2022-2023 оныг “Хүүхэд хөгжил-Хамгааллын жил” болгон зарласан ч хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гаралт багагүй байх тул хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх зан үйлд нөлөөлөх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, нөлөөллийн ажлыг эрчимтэй явуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардлагатай төсөв хөрөнгийг нэмэгдүүлэх, сум, багийн Засаг дарга нар хүчирхийллийн өндөр эрсдэлтэй өрх, иргэдийн судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэл, архидалт зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарч, зорилтот гэр бүлийн иргэдийг ажил орлоготой болгох, амьжиргааг дээшлүүлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил зохион байгуулах, хууль сахиулах болон хүүхдийн байгууллагатай хамтран ажиллах нөхцөл боломжоор хангах, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүний нөөц, төсөв хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.  2. Хэнтий аймгийн хэмжээнд 2023 онд хурдан морь унадаг уралдаанч 2093 хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй байх ба тус аймагт хурдан морины уралдаан 2022 онд 25, 2023 онд 17 удаа зохион байгуулагдаж уралдааны замд мориноос унасан хүүхэд 2022 онд 12, 2023 онд 8 хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд хөнгөн бэртсэн 4, нас барсан 1, 2023 онд 3 хүүхэд хөнгөн бэртэл авсан гэх мэдээлэл байна.  2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр болсон иргэний цолны мялаалга, наадмаар зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд оролцох шаардлага хангаагүй уралдаанч хүүхдийг хамтарсан багийн зүгээс уралдаанд оролцохыг хориглосон боловч ар гэрийн зүгээс холбогдох дүрмийг зөрчиж 6 настай хүүхдийг уралдуулснаас тус хүүхэд мориноос унаж амь насаа алдсан байна.   Гэвч аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Хүний эрхийг хангах Үндэсний хороонд аймгийн Хүний эрхийн төлөв байдлын 2022 оны тайланг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр илтгэхдээ “…аймгийн хэмжээнд нэг ч хүүхэд мориноос унаж бэртээгүй” гэх мэдээлэл өгч байна. “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Мөн Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулахгүй байх талаар арга хэмжээг авч ажиллах зөвлөмжийг бүх аймгийн Засаг дарга нарт хүргүүлдэг.  Цаашид Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж, харьяалах нутаг дэвсгэртээ заасан хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих, уралдаанч хүүхэд, гэнэтийн ослын даатгалын судалгааг гаргах, уралдаанч хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчид холбогдох хууль, журмыг танин мэдүүлэх сургалт, мэдээллийг өгөх, хууль зөрчсөн иргэн, албан тушаалтанд хариуцлага тооцож, хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх хэмжээг авч хэвших шаардлагатай байна. 3. Өсвөр насны охидод тохиолддог тулгамдсан асуудлуудын нэг нь охидын жирэмслэлт юм. Манай улсад сүүлийн жилүүдэд нөхөн үржихүйн гол насны буюу үндсэн бүлгийн эмэгтэйчүүдийн төрөлт буурч байхад өсвөр насны охидын төрөлтийн давтамж нэмэгдсээр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон охид сурч боловсрох, хөгжих, гэр бүл төлөвлөх боломжоо алдах, сэтгэл зүйн дарамтад орох, үр хөндүүлэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл дагуулсаар байна.  Улсын хэмжээнд 2023 онд нийт үр хөндөлтийн 432 тохиолдол буюу 3.5 хувийг хожуу үр хөндөлт, 611 тохиолдол буюу 5.0 хувийг өсвөр насны үр хөндөлт эзэлж байна. Тус аймгийн хувьд 2023 онд охидын жирэмслэлт 52 бүртгэгдсэн нь урьд оноос 12 тохиолдлоор буурсан ч бусад аймагтай харьцуулахад өндөр байна. Үр хөндөлтийн 5 тохиолдол бүртгэгдэж, тухайн онд охидын төрөлт 64 гарснаас бүгд 10-19 насны охидын ангилалд багтаж байна. Энэхүү тоон мэдээлэл нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт боловч бүртгэлд ороогүй далд, нууц хэлбэртэй тохиолдол байхыг үгүйсгэхгүй юм. Мөн өсвөр насны хүүхэд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол 2022 онд 27 бүртгэгдсэн бол 2023 онд 40 болж өсжээ. Өсвөр насны охид, хөвгүүдийн дийлэнх нь бэлгийн боловсролын мэдлэг, мэдээлэлгүйгээс эрт бэлгийн харилцаанд орох, жирэмслэх, ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалан охид бэлгийн хүчирхийллийн хохирогч болох, үр хөндүүлэх, хүсээгүй хүүхдээ төрүүлэх, үүнээс үүдэж амиа хорлох магадлал өндөр байдаг байна.  Цаашид орон нутгийн зүгээс тус асуудалд анхаарал хандуулж, иргэдийн эрүүл мэнд, бэлгийн боловсролын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сурталчилгаа, мэдээллийг түгээх, өсвөр насны жирэмслэлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд анхаарах эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулахад дорвитой арга хэмжээ авах, аймагт өсвөр үе кабинетын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэх, эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ төрлийн зөрчлийг бууруулахад дэмжлэг үзүүлж, ажиллах шаардлагатай байна.

4. Тус аймгийн хувьд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2022 онд 34, 2023 онд 52 болж өссөн байна. Мөн аймгийн Цагдаагийн газрын хэмжээнд нийт бүртгэгдсэн зөрчлийн 28724 буюу 86,2 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна. Тус зөрчлийн улмаас 2022 онд 9, 2023 онд 34 хүн нас барж, гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан нөхцөлийг харахад нэг талаар хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, амралтгүй жолоо барих зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэм мөрддөггүй жолоочийн буруутай үйлдэл, нөгөө талаас авто замын эвдрэл гэмтэл, чанар насжилт, том даацын машин хот хоорондын замаар тээвэрлэлт хийснээс зам эвдрэх, уул уурхайн бүтээгдэхүүн шороон замаар тээвэрлэснээр шороо тоосжилт үүсэх зэрэг нөхцөл байдлаас үүдэж зам тээврийн осол гарах, хүний амь нас хохирох, иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна.  Иймд авто замын стандартын шаардлагыг хангуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг мөрдөж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийг дахин зөрчил гаргахгүй байхад анхаарч иргэдийн аюулгүй байдал, зорчих эрхийг хангахад дорвитой арга хэмжээ авах нь зүйтэй байна.

5. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын гишүүн улсын хувьд хөдөлмөрийн хүрээний хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, аливаа хүн хүчирхийлэл, дарамтаас ангид орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудалд анхаарал хандуулж, тодорхой зохицуулалтуудыг хуульчлан үндэсний хууль тогтоомжид тусгагдсан боловч улс төрийн намын гишүүнчлэл зэрэг улс төртэй холбоотой аливаа зүй бус ашиг сонирхлын үүднээс хүнийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, үндэслэлгүйгээр ажлаас халах чөлөөлөх асуудал төрийн албанд байсаар байна.  Аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхээр шийдвэрлүүлэхээр 2023 онд хөдөлмөрийн эрх зүйн маргаан буюу ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар 3 нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 3-аар буурч, аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр төрийн албаны маргаан буюу ажлаас үндэслэлгүй халагдсан гэх 3 нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь өмнөх оноос 1-ээр нэмэгдсэн байна.  Сүүлийн 3 жилийн байдлаар Комисст ирүүлсэн гомдлын 90 хувь нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол, мэдээлэл байсан ба Хэнтий аймгийн хувьд хөдөлмөрлөх эрх зөрчсөн гэх асуудлаар иргэд, албан хаагчаас Комисст хандаж ирүүлсэн 5 гомдолд хяналт шалгалт хийж тогтоогдсон зөрчлийг арилгуулахаар 4 зөвлөмж, 1 шаардлага хүргүүлсэн байна. Мөн иргэдээс авсан хүний эрхийн болон хууль зүйн зөвлөгөөний мэдээлэлд 3 жилийн дунджаар 80 хувийг тус асуудал эзэлж байх бөгөөд асуудлыг агуулгаар нь авч үзвэл ажил олгогч, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр албан тушаалаас нь бууруулсан болон ажлаас халсан, ялгаварлан гадуурхаж, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт үзүүлэх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх зөрчигдсөн гэх асуудлууд байна.  Комисс болон бусад байгууллагын судалгааг авч үзвэл аймгийн хэмжээнд хөдөлмөрлөх эрхийн зөрчил нь намын үзэл суртлаас үүдэлтэй ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, ажлаас үндэслэлгүй халах, ажил албан тушаалд нь эргүүлэн томилохгүй байх байдлаар илэрч байгаа бол хувийн хэвшлийн буюу уул уурхайн компаниудад эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангуулах, илүү цагийн цалин хөлс авах, ажлын байрны дарамт, бэлгийн дарамтаас ангид байх эрх зөрчигдөж байна. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэж мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалтад “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” гэж хуульчилсан  тул төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн намын гишүүнчлэл, сонгуулийн үр дүнгээр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж, үндэслэлгүйгээр ажлаас халах зэрэг хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй.  6. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.3-д “аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настныг дэмжих талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, энэ талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих, ахмад настныг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах” гэж тус тус заасан.

Тус аймгийн Хэрлэн сумын ахмад, Эрүүл мэндийн салбарын ахмад настнуудаас ахмадын сангийн асуудлаар ирүүлсэн гомдлын дагуу Комиссын гишүүний 2021 оны 5/40 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.8-д “Ахмадын хөгжлийн төв болон ахмад настны чадамжийг дэмжиж 178 байгууллагад ахмадын сан байгуулна” гэж тусгасан байна. Гэвч 2023 оны байдлаар 71 байгууллага “Ахмадын сан”-ийн дансыг нээсэн боловч баталсан төсөв байхгүй, төвлөрсөн төсвийн зарцуулалтад Аудитын байгууллагаас “төсөвлөөгүй зардал гаргасан” гэх шалтгаанаар акт тавьсан нь холбогдох байгууллага энэ талаарх мэдээлэл, нэгдсэн ойлголтгүй, ахмадын эрхийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэхээр байна. 2022 он гарсаар аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв зэрэг нийт 103 төсөвт байгууллага улсын төсвийн байгууллага болж хасагдсанаар орон нутгийн нийт 75 байгууллагаас 70 нь ахмадын сангийн данстай болж 93 хувьтай хэрэгжиж байгаа талаар тайландаа тусгасан байх боловч цаашид ахмад настны хөгжих, хамгаалуулах эрхийг хангах талаар хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн холбогдох санг байгуулж, төсвийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй байна.

7. Гэмт хэрэг үйлдэж, удаан хугацаанд хорих ял эдлээд суллагдсан иргэн нийгэмд дасан зохицох, шилжих үе нь тухайн хүнийг сэтгэл зүйн өөрчлөлтөд оруулж, амьдрах орон гэр, ажлын байр олох, гэр бүл, найз нөхөдтэйгөө тасарсан харилцаагаа сэргээх, ямарваа нэгэн ялгаварлан гадуурхалттай тулгарах, хуулиар тогтоосон хяналтын нөхцөлийг дагаж мөрдөх зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг тул зайлшгүй эрхийг нь хангах, дэмжлэг үзүүлэх, нийгэмд дасан зохицоход чиглүүлэх шаардлага гардаг.  Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны А/167, А/233 тоот хамтарсан тушаалаар баталсан “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр” болон бусад холбогдох хууль, журамд хорихоос суллагдсан хүнд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоос гадна хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамруулах, бичиг баримтжуулах, нийгэмшүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, ажлын байр болон түр хоноглох байраар хангах зэрэг үйлчилгээг үзүүлэхээр зохицуулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, холбогдох газар хэлтсүүд хорих ял эдлээд суллагдсан хүний нийгэмд амьдрах, хөдөлмөр эрхлэх ур чадварт үнэлгээ хийх үүргээ хангалттай биелүүлдэггүй байна. Тус аймгийн хувьд 2022 онд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон 50 этгээд байсан бол 2023 оны байдлаар 69 этгээд болж нэмэгдэж аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хяналт тавьж байх ба хяналтын хугацаанд 2 этгээд дахин гэмт хэрэгт холбогдсон байна. Комиссоос Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ, аймгийн Хүний эрхийн төлөв байдлын 2022, 2023 оны тайланд хорих ялаас хугацаанаас нь өмнө суллагдсан этгээдүүдийн амьжиргааг дэмжих тусламж, дэмжлэг үзүүлэх, сургалтад хамруулах зэрэг холбогдох хууль, журамд заасан ямар нэг үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээлэл байхгүй байна. Харин аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас 2023 онд хорихоос өөр төрлийн ялтай 16 иргэнд хүнд машин механизмын сургалтад хамруулж, 7 иргэнийг уул уурхайн компанид ажилд зуучилсан гэх албан бус мэдээлэл өгсөн байна.  Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний саналыг тусгаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 37 дугаар тогтоол гаргуулсан.   Иймд хорихоос суллагдсан иргэний хөдөлмөр эрхлэх авьяас, чадварыг тодорхойлж түүнд тохирсон мэргэжил олгох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж үе шаттай хэрэгжүүлэх, ажлын байраар хангах, дахин гэмт хэрэгт холбогдохоос урьдчилсан сэргийлэхэд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж, төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэрэг дорвитой арга хэмжээг авч, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй байна. 8. 2023 онд аймгийн Цагдаагийн газарт 669 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 195 нь хүндэвтэр гэмт хэрэг байх бөгөөд үүнээс Залилах, Мал хулгайлах, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг зэрэг зарим гэмт хэргийн үзүүлэлт өссөн байна.

Тухайлбал Хэнтий аймаг нь 2023 онд 4,398,6 толгой мал тоолуулж улсад их мал тоолуулсан аймгийн 5 дугаарт жагссан ба үүнийг дагаад малын хулгай ч багагүй байдаг байна. Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн нийт гэмт хэргээс мал хулгайлах гэмт хэрэг орон нутагт 2022 онд 742, 2023 онд 605 бүртгэгдэж өмнөх оноос буурсан хэдий ч тус аймгийн хувьд 83 бүртгэгдсэн нь бусад аймагтай харьцуулахад хамгийн өндөр байна. Тус гэмт хэргийн улмаас иргэдэд 2022 онд 437.494.783 сая төгрөгийн хохирол учирснаас 205.799.002 сая төгрөг, 2023 онд 414.390.000 сая төгрөгийн хохирлоос 113.270.000 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.

Аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн газарт алдагдсан болон хулгайд алдагдсан малыг бүртгэлжүүлэх тусгай дугаарыг бий болгож, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасагт 18 сумын нэгдсэн малын цахим санг үүсгэж хяналт тавин ажиллаж байгаа талаар аймгийн Хүний эрхийн төлөв байдлын 2023 оны тайландаа дурджээ.

Цаашид мал хулгайлах гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан, арилгах арга хэмжээг зохион байгуулах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг татан оролцуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, малаа байнгын хариулга, манаатай байлгаж хулгайд алдахгүй байх бусад арга хэмжээ авах талаар малчдад мэдээлэл, сурталчилгаа хийх зэрэг үе шаттай арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага байна.

9.  Аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтээс үзэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүн 2022 онд 3501 байсан бол 2023 онд 3629 болж 27 хувиар өссөн. Ерөнхий боловсролын 28 сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 216 хүүхэд суралцдаг бөгөөд үүнээс харааны бэрхшээлтэй 11, сонсголын бэрхшээлтэй 5, тулгуур эрхтний бэрхшээлтэй 4 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 12 цэцэрлэгт 36 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдаж байна. Тархи, 4 мөчний саажилт, уналт таталт, хэвтрийн өвчтэй 7-15 насны 29 хүүхэд сургуульд хамрагддаггүй байна.

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэн суралцах 6 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг шинэчлэн гаргахад 9 суманд хөгжлийн бэрхшээлтэй 6 настай 21 хүүхэд байгаагаас 19 хүүхэд 1 дүгээр ангид элсэн суралцаж байна. Харааны бэрхшээлтэй хүүхэд гадаад, дотоод орчинд бусдын туслалцаагүйгээр бие даан явах боломжгүй байдаг тул тэдний эцэг, эх, асран хамгаалагчийн аль нэг нь хүүхдийг байнга дагуулж явж, танхимаар суралцахад нь дэмжлэг туслалцааг үзүүлдэг байна.   Батширээт, Дэлгэрхаан, Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн шинээр баригдсан дотуур байруудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй болгож, сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор нийт 1,282.8 сая төгрөгийг зарцуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаж аймгийн Засаг даргын Тамгын газрын сайт болон пэйж хуудсаар орон нутгийн бодлогын хэрэгжилт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэр, цаг үеийн шинжтэй 10,000 орчим текст мэдээ, 60 гаруй дуут бичлэг, 30 гаруй хадмал орчуулгатай мэдээллийг оруулж олон нийтэд түгээсэн зэрэг ажлыг хэрэгжүүлсэн нь сайшаалтай байна.  Гэвч цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд тэгш хамруулах боломж нөхцөлийг бүрдүүлж, аймаг төрийн захиргаа болон тусгай чиг үүргийн байгууллагын барилга, орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгож, барилга, байгууламж, зам талбайг “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, техникийн шаардлага MNS:5682:2006” стандартад нийцүүлэх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагааг аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгаж хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусган батлуулахад онцгойлон анхаарах шаардлагатай байна. 10. Мэдэх эрх нь иргэдийн бусад эрхээ эдлэх суурь нь болдог буюу хүний жам ёсны эрх бөгөөд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээлэлтэй байж иргэдийн хяналт, оролцоо үр дүнтэй, идэвхтэй хэрэгжинэ. Гэтэл тус аймгийн түвшинд энэхүү эрхийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас төрийн байгууллагуудын хуулиар ил тод байлгах үүрэгтэй 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн индексийг гарган зарладаг ба  аймгийн Засаг даргын Тамгын газар 2023 онд 100 хувьтай үнэлэгдэж байсан бол 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 54 хувьтай үнэлэгдсэн байна. Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг шударга байдлын үнэлгээгээр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын гадаад шударга байдал 2022 онд 67.9 оноогоор үнэлэгдэж 2021 оноос 6.0 оноогоор буурсан байна.  Иймд нутаг дэвсгэрийн хэмжээний төрийн бүх шатны байгууллагын үйл  ажиллагааг ил тод, нээлттэй байлгах,  мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц,  төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод,  мэдээлэх  зохион байгуулалт, хяналт  хариуцлагын тогтолцоог бүрдүүлж төрийн үйл  ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах  шаардлагатай байна. Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх тогтвортой байдлын зорилтын зарчмыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна.  Төв Төв аймгийн хувьд хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалтай холбоотой дараах асуудлууд байгааг цаашид анхаарч үзэх шаардлагатай байна. Үүнд: 1. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу чиглэсэн хатуу хучилттай зам Төв аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг. Түүнтэй хамааралтайгаар Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг багагүй гардаг бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны “Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал” судалгаанд дурдсанаар Төв аймгийн нутаг дэвсгэрт 2022 онд 84 хэрэг шийдвэрлэгдсэн бол,  2023 онд 90 хэрэг шийдвэрлэгдэж 7.1 хувиар өссөн дүнтэй  байна.  Үндэсний Статистикийн хорооны мэдээллээр Төв аймгийн нутаг дэвсгэрт 2022 онд 655 тохиолдол бүртгэгдэж авто тээврийн ослын улмаас өсвөр насны 8 хүн, насанд хүрсэн 20 хүн нас барж, 2023 онд 602 тохиолдол бүртгэгдэж өсвөр насны 8 хүн, насанд хүрсэн 32 хүн нас баржээ .  Иймд гэмт хэрэг, үйлдвэрлэлийн болон зам тээврийн осол, гэмтэл, хүндээ ээлгүй бодлого, төлөвлөлт, стандартын шаардлага хангаагүй зам талбай, барилга байгууламж, орчны бохирдол, байгалийн гамшиг, санамсар болгоомжгүй байдал, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжгүй байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалж амьд явах эрхийн баталгаа хангагдахгүй байна. Цаашид аймгийн нутаг дэвсгэр дээр гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхой болгох урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэр ялангуяа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, шаардлагатай зам арчлалтын зардал, төсвийг тооцоолж шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй.  2. Газар тариалангийн бүс нутаг болох аймгийн онцлогоос хамаарч ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хичээлээс чөлөөлж, ургац хураалтын ажил гүйцэтгүүлэх, хичээлийн цагаар суралцагчдыг хичээл таслуулж, хурдан морины ажил, сунгаа, уралдаанд оролцуулах, зарим сумдын цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлт хэтрэх байдлаас хамаарч хүүхдийн хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч хөгжих эрхийн зөрчил гарч байна. 2024 он гарсаар хүйтний улиралд хурдан морины сунгаа, уралдаанд бага насны хүүхэд уралдуулсан тохиолдол тус аймгийн Сэргэлэн суманд 2 удаа, Баян суманд 1 удаа бүртгэгдэж Комиссоос аймгийн Засаг даргад шаардлага хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.   Тиймээс хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, газар тариалангийн салбарын хоорондын уялдааг хангах, тухайн салбарт ажиллаж буй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн асуудалд тусгайлан анхаарал хандуулж, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна.  3. Аймгийн хэмжээнд хохирогч, гэрчийг хамгаалах байр байхгүй, ахуйн архидалт, ажилгүйдэл их байгаагаас гэр бүлийн хүчирхийллийн зөрчил багагүй гарч байна.  Аймгийн 2023 оны “Орон нутаг дахь хүний эрхийн төлөв байдлыг тайлагнах тайлан”-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй иргэдэд сэтгэл заслын цогц сургалт зохион байгуулах “Гэрэлт-Ирээдүй” төрийн бус байгууллагатай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж орон нутгийн төсвөөс 3 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутагт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж 17 сум 32,3 сая төгрөг батлан төрийн 24 байгууллагын 487 ажилтан албан хаагч, 650 иргэн, 27 сумын хамтарсан багийн гишүүдийг 199 албан хаагчийг хамруулсан сургалт, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлагдсан 384 иргэнд зан үйл өөрчлөх сургалтыг 34 удаа зохион байгуулсны үр дүнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 13 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 53,5 хувиар, зөрчил 75 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 45,2 хувиар буурсан  гэжээ.  Тоон мэдээллээс харахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил буурч байгаа нь сайшаалтай ч 27 сум болон аймгийн төвдөө “түр хамгаалах байр”-гүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д заасан аюулгүй байдлын хамгаалалтад авах үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдээгүй байх тул түр хамгаалах байр, хүний нөөц, төсвийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.  4. Төв аймгийн хэмжээнд нийт хөгжлийн бэрхшээлтэй 3593 иргэн, 301 хүүхэд амьдардаг бөгөөд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах" төслийг хэрэгжүүлснээр 2022-2023 оны хичээлийн жилд нийт хүүхдийн 57,2 хувь нь боловсролд хамрагдаж байсан бол 2023-2024 оны хичээлийн жилд  61,6 хувь буюу  өмнөх оноос 8,4 хувиар ахисан үзүүлэлттэй байна . Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд ээлтэй  орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  4 сургууль, 3 цэцэрлэг, 1 байгууллага хүүхэд хөгжлийн танхимыг байгуулж, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын нийт 135,5 сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан налуу замтай байгууллага 56, ариун цэврийн өрөөтэй 13 байгууллага, суултууртай 24 байгууллага, угаалтууртай 20 байгууллага, Хүүхэд хөгжлийн танхимтай нийт 22 байгууллага тус тус үйл ажиллагаагаа явуулж байгаа  талаар тайланд дурджээ. Гэтэл бодит байдал дээр холбогдох стандартыг хэрэгжүүлээгүй, бодит тооцоотой төлөвлөөгүйгээс тухайн зорилтот бүлэг өдөр тутамд хэрэглэх боломжгүй, үзвэр төдий бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд бусдын адил бүрэн дүүрэн оролцох боломжийг бүрдүүлэх тусгайлан бодлого үйл ажиллагаа төлөвлөх, бусад зорилтот бүлгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагааг аймгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусгаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  5. Төв аймгийн Зуунмод сумын хөгжилтэй холбоотойгоор орон сууц болон амины орон сууц бүхий хорооллууд нэмэгдэж, 40-50 жил ашиглагдсан дулааны шугам сүлжээ нь ачааллаа даахгүй гэмтэл гарах, стандартад заасан буюу хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байдал сүүлийн 5-6 жил үргэлжилж, иргэдийн зүгээс аймгийн удирдлагад гомдол хүсэлт ихээр ирүүлэх болжээ.  Төв Чандмань Дулаан эрчим хүчний газар нь Зуунмод сумын 6 багийн 196 байгууллага аж ахуйн нэгж, 2901 айл өрхийн халаалтыг 9 хэсгийн 34.7 км дулаан хангамжийн шугамаар дамжуулан хангадаг байна. Халаалтын 9 хэсэгт шинэчлэл хийх шаардлагатайгаас гадна дулаан хангамжийн 34.7 км шугамын 10 жил хүртэлх насжилттай 13 хувь, 20 жил хүртэлх насжилттай 14 хувь, 30 жил хүртэлх насжилттай 39 хувь, 30 болон түүнээс дээш 34 хувь насжилттай байгаа нь өвлийн улиралд холбогдох стандартад заасан дулаанаар хэрэглэгчдээ бүрэн хангаж чадахгүй байгаа нь үндсэн шалтгаан болоод байна. 2023 онд Төв Чандмань Дулаан эрчим хүчний газар нийт 94 өргөдөл, гомдол хүлээн авсны 17 нь дулаан хангамжтай, 94 төлбөр тооцоотой, 2 нь бусад асуудлаар хандсан байна .  Иймд Төв аймгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүднээс иргэдэд эн тэргүүнд хэрэгцээ, шаардлагатай байгаа асуудлыг тодорхойлж, бүрэн дүүрэн судалж, төлөвлөж, холбогдох хэм хэмжээнд заасан стандарт, норм нормативыг хангаж хэрэгжүүлэх нь зүйтэй. 6. Ажиллах хүчний судалгааны 2023 оны 4 дүгээр улирлын дүнгээр аймгийн хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 38.7 мянга нь ажиллах хүч юм. Ажиллагчид 38.2 мянга, ажилгүй хүн 0.6 мянга боллоо. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам 17.7 мянга боллоо. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2023 оны 4 дүгээр улиралд аймгийн хэмжээнд 68.5 хувь (улсын дундаж 57.6%) болж өмнөх улирлаас 4.8 пунктээр буурч, өмнөх оны мөн үеэс 6.7 пунктээр өсжээ. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2023 оны 4 дүгээр улиралд 1.5 хувь (улсын дундаж 3.9%) болж өмнөх улирлаас 0.9 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр буурлаа .  Аймгийн хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 1.6 хувьтай, ажилгүйдлийн түвшин 1.5 хувьтай, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 1.5 хувьтай, ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 1.6 хувьтай байна . Ажилгүйдэл нь хүмүүсийн амьдралын түвшнийг бууруулаад зогсохгүй бас биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндийг доройтуулдаг. Тиймээс аймгийн хүн амын ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөлтийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн мэргэжлийн ур чадвар олгох, хүн амын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх шаардлага гарч байна.  7. Төв аймгийн нутаг дэвсгэрт 2023 онд малтай 17.4 мянган өрх, үүний дотор 13.2 мянган малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, 18.9 мянган малчид ажиллав. Малчдын 35.7 хувь нь буюу 6.8 мянга нь эмэгтэй малчид. Насны бүлгээр авч үзвэл 20.2 хувь нь 15-34 насны, 61.7 хувь нь 35-аас тэтгэвэрт гарах насны, 18.2 хувь нь тэтгэврийн насны хүмүүс юм. 2023 онд малчин өрхийн тоо 2022 онтой харьцуулахад 171-ээр, малчдын тоо 494-өөр тус бүр буурлаа .  Малчин өрх, малчдын тоо буурч байгаа гол шалтгаан нь зундаа ихэнх нутгаар хуурай гантай, өвөлдөө их хэмжээний цас орсноос өвөлжилт хүндэрч, мал сүрэг ихээр хорогдож, малчдын амьжиргаанд хүндээр тусаж байна.  Төв аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны эхний малын 3.7 хувь буюу 156482 том мал зүй бусаар хорогдсон нь урьд оноос 3.7 дахин буюу 156482 толгойгоор; 2014-2022 онуудын дунджаас 93.1 хувь буюу 95617 толгойгоор тус бүр өслөө. Хамгийн их хорогдолтой 5 сум Баянцогт, Архуст, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр сумд оны эхний малынхаа 17.4-12.2 хувь буюу 22341-6925 толгой том мал зүй бусаар хорогдуулсан нь аймгийн бүх хорогдлын 34.5 хувь (бүгд 68355) эзлэв .  Тиймээс цаашид зудын эрсдэлээс сэргийлэх, зудад нэрвэгдсэн өрхөд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд анхаарч, зудад хамгийн ихээр өртөх магадлалтай малчин өрхийн судалгааг гаргаж, мэдээллээр хангах, тусламж дэмжлэг үзүүлэх, малаас гадна малчдад эрүүл мэндийн үйлчилгээг яаралтай хүргэх төлөвлөлтийг хийж, шаардлагатай төсөв, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм.  8. Тус аймгийн хэмжээнд 2023 оны байдлаар төрийн 211 байгууллагад 5951 албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр аймгийн шилжих үлдэгдлийн эх үүсвэр, сум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 1.5 тэрбум төгрөгөөр 15 суманд төрийн албан хаагчдын 4 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 2018-2023 оны хооронд Засаг даргын магистрын зэрэг олгох сургалтын 32 сая төгрөгийн тэтгэлэг 8 албан хаагчийг хамруулж, төлөвлөгөөт ажлууд хийгдэж байгаа хэдий ч суманд ажиллах боловсон хүчин дутагдалтай байсаар байна.   2023 онд аймгийн Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс 291 сул орон тоонд 10 удаагийн сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зохион байгуулснаар 166 сул орон тоог нөхсөн, 125 сул орон тоо байгаагийн төрийн захиргааны албан тушаалтан 1, гүйцэтгэх албан тушаалын 117, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 7 албан тушаал байна. Сул орон тоог байршлаар нь авч үзвэл аймгийн төвд 11 буюу 8.8 хувь, суманд 114 буюу 91.2 хувь байна . Төрийн албаны ажлын их ачаалал, ажиллах нөхцөл, гэр бүлээрээ сумдад очиж амьдрахад орон гэр, хүүхдийн сургууль цэцэрлэгийн чанар, гэр бүлийн гишүүний ажил эрхлэлт зэргийг шийдвэрлэдэггүй, нийгмийн баталгаа муу, боловсон хүчнийг байнга сольдог, өөрийгөө болон гэр бүлээ хөгжүүлэх боломж муу зэрэг олон шалтгаанаас болж сум орон нутагт ажиллах боловсон хүчин хүрэлцэхгүй байна.  Тиймээс төрийн байгууллага албан хаагчийнхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг холбогдох хууль, журамд үндэслэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ тооцож байгууллагынхаа төсвийн тодорхой хувийг нийгмийн баталгааг хангахад зарцуулж хэвших нь зүйтэй байна. Цаашид аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болоод бусад бодлогын баримт бичгүүдийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээр дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байхыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэй байна. Завхан 1. Хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэнд нөлөөлж буй зүйл бол хүний хүчин зүйлээс хамаарсан хог хаягдал, буруу зан үйл, аж ахуй нэгжүүдийн хууль, журам, стандарт дагаж биелүүлдэггүйгээс хамаарч хөрс, ус, агаарын бохирдол үүсэж байна. Агаарын бохирдол сүүлийн үед аймаг сумын төвүүдэд нэмэгдэж байна. Томоохон уурын зуухнууд утаа шүүх шүүлтүүргүй, мөн яндангийн өндөр нь стандарт шаардлага хангаагүй нүүрсний дутуу шаталт их хэмжээгээр агаарт цацагдах, үнсний сав ил задгай байгаа нь салхины нөлөөний улмаас орчны болон агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна.   Аймгийн 2023 оны нэгдсэн тоо, бүртгэлийн дүнгээр агаар бохирдуулагч суурин эх үүсвэр нийт 10753 бүртгэгдсэн. 3-15 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 10639 айл өрх, аж ахуй нэгж, 15-100 кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 70 аж ахуй нэгж, 100-4200 кВт хүчин чадалтай зуух 44, 13429 авто тээврийн хэрэгсэл тоологдсон байдаг.   Үүнээс хамаарч Хүхэрлэг хий 4-26мкг3 11, 12, 1 сард бохирдол их байна. Хамгийн их агууламж 1 сард 159 мкг3 хүрч байна.  Азотын давхар ислийн дундаж 4-17 мкг3  10, 12, 1, 2 сард дунджаас их бохирдолтой байна. Хамгийн их агууламж нь 2 сард 61 мкг3  хүрч байгаа боловч MNS4585:2016 стандартыг даваагүй байна. РМ10 тоосонцрын агууламж 4-58 мкг3 1 сард 2 удаа давсан үзүүлэлтэй гарсан байна. Мөн авто засварын газар, шатахуун түгээх станц, барилгын хог хаягдал, замын эвдрэл гэмтэл хүнсний эрүүл ахуй, ил задгай хог хаягдал нь агаар, ус, хөрсийг бохирдуулж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлж байна. Завхан аймагт 24 суманд хог хаягдлыг төвлөрүүлэн хаях цэгтэй шатаах зуухтай боловч бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байна. Тиймээс аймгийн төвийн төвлөрсөн хог хаягдал, уурын зуурхны яндангаас гарч байгаа утаа тортгийг бууруулах талаар арга хэмжээ авах шаардлагатай байна. Аймгийн төвд дулааны цахилгаан станц байгуулах ажлыг эрчимжүүлэх, сумдыг төвлөрсөн халаалтын системд шилжүүлэх замаар нам даралтын зуухнуудаас агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг бууруулах нүүрсний хэрэглээг багасгах, боловсруулсан түлшээр хангах, байгалийн хий болон цахилгаан халаалтыг өргөнөөр нэвтрүүлэх, орон сууцжуулах, төвлөрсөн халаалтын системд холбох зэргээр агаарын бохирдлыг бууруулж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.  2. Завхан аймагт гэмт хэргийн  улмаас 14 хүн амь насаа алдсан байна. Эрүүл мэндийн газрын статистик мэдээллээр гадны шалтгаант нас баралт 33 тохиолдол, үүнээс амиа хорлосон 6, бусдад хорлогдсон 4, зам тээврийн ослын улмаас 13, бусад тохиолдол 10, хорт хавдрын нас баралт 97 байна.  Тиймээс цаашид аймгийн нутаг дэвсгэр дээр гарч буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхой болгох урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тэр дундаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ нэмэгдүүлэх, зам арчлалтын зардал, төсвийг тооцоолж шийдвэрлэх бусдыг амиа хорлох бусдын амь насанд халдах урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн шалтгаанаас жирэмсэн төрөлтийн үед эх хүүхдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт өвчлөлөөр амь насаа алдах байдлыг бууруулах талаар нийгмийн эрүүл мэндийг дэмжих нөлөөллийн ажил хийх шаардлага байна.  3. Эрүүгийн багц хуулиудад Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн дэвшилттэй зохицуулалт тусгагдаж, тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч шударга шүүхээр шүүлгэх эрхийн зарим асуудал анхаарал татсаар байна. Комиссын Завхан аймаг дахь ажилтанд хандсан байдлаар шударгаар шүүлгэх эрхийн хүрээнд гомдол мэдээлэл 7, хууль зүйн зөвлөгөө авсан 40 иргэн байна.  Иймд шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд хойшлуулшгүй ажиллагааны улмаас баривчлагдсан иргэнд ямар хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа тухай танилцуулах, мөн ар гэрийн хүмүүст дариу мэдэгдэх, 24 цагийн доторх прокурор, шүүхийн байгууллагад мэдэгдэж, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөөр хангах эрх хөндөгдөж байгаад анхаарч арга хэмжээг авах.  4. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах, хамгаалах ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенц, хууль тогтоомжоор баталгаажуулж, бодлогын баримт бичигт холбогдох зорилгыг тодорхойлж, ахиц гаргах зорилтыг дэвшүүлсээр ирсэн боловч нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд дээшлэхгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, сурч боловсрох эрхийн хэрэгжилт хангалтгүй, эдгээр эрхийн талаар зөрчил дутагдал гарсаар байна. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 2.5.4.1 арга хэмжээ буюу Ажлын байрны захиалгад нийцүүлсэн бодлогоор ажилгүйдлийн түвшинг бууруулна гэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан боловч ажилгүйдлийн түвшин буураагүй байна. Ажилгүйдлийн түвшинг 21 аймгийн эрэмбээр Завхан аймаг 19-д 12.3 хувийн түвшинтэй байна. Орон нутагт тогтвортой ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар тодорхой бодлого үйл ажиллагаа шаардлагатай байна. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа, болон үйлдэж буй хүмүүсийн нийгмийн байдлыг дүгнэж үзэхэд дийлэнх хувь нь ажилгүй, боловсролын байдал бүрэн дундаас доош байгаа зүйл ажиглагддаг. Гэмт хэрэг зөрчлийг бууруулах, ажилгүйдлийг бууруулахад боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүнд байна. Иргэдийн амьжиргааг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх бууруулахад ажлын байр бий болгох нь хүмүүсийн суурь хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэх алхам болно. 5. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар  байрны ашиглалтын хугацаа дууссан, 85-90 хувь нь 1970-1990 онд баригдсан барилга байдаг. Дотуур байранд хүүхдийн амьдрах орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эрүүл аюулгүй байдал хангагдаагүй, нийтийн халаалт, ариун цэврийн байгууламж байхгүй, хатуу зөөлөн эдлэлийн хүртээмж хангалтгүй хуучирсан, инженерийн дэд бүтцэд холбогдоогүй зэрэг хүүхдийн эрх зөрчигдөж байгааг тогтоосон. Иймд дотуур байрын барилгыг шинэчлэх ажлыг эрчимтэй хийх хэрэгцээ шаардлага тулгарч байна.  6. Орон нутгаас Комисст ирж буй хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл 2021-2023 оны байдлаар 33 ирснээс 18 нь хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрийн харилцаан дахь бусад зөрчил, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын зөрчилтэй холбоотой байдаг. Хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийг зөрчих, хууль бус шийдвэр гарах, гарахад нөлөөлөх, ажлын байранд ялгаварлан гадуурхалт, дарамт, ажлын байрны бэлгийн дарамт, хууль бусаар ажлаас халагдах чөлөөлөгдөх, сахилгын шийтгэл оногдуулах зэрэг байдлаар бусдын хөдөлмөрлөх эрхийг зөрчих асуудал  гарсаар байна. Иймд хувийн болон төрийн байгууллагын удирдлага, ажилтнуудад хөдөлмөрийн харилцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх үүргийн нь талаар сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 7. Аймгийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо авалт болон нийт боловсролын чанарын хувьд сүүлийн 5 жилийн дотор байр ухарч 20 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Боловсролын чанарыг сайжруулахад эрчимтэй анхаарч сургалтын чанар хүртээмж,  хамран сургалтыг нэмэгдүүлэх, багш сурагчдыг идэвхжүүлэх талаар хэрэгжилтэд нь анхаарах хяналт тавих шаардлагатай байна. Багш нарыг чадавхжуулах, заах арга зүйг сайжруулах, сургалтын орчныг хүртээмжтэй болгох, сум аймгийн боловсролын үйлчилгээг ижил түвшинд хүргэх, сумын сургууль цэцэрлэгт дутагдалтай багш сурган хүмүүжүүлэгч нарт дэмжлэг үзүүлж ажиллуулах шаардлагатай байна. Хамран сургалтыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгааг хүний сурч хөгжих эрх бүрэн хангагдахгүй байна гэж дүгнэж болохоор байна.  Түүнчлэн боловсролын багц хуульд тусгасан тэгш хамран сургах бодлогын хэрэгжилт хангалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх талаар орон нутгаас анхаарах шаардлагатай байна. 8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал орчны хүртээмж, сэргээн засах хөгжлийн үйл ажиллагааг дэмжих, суралцах боломжийг олгох нөхцөл байдал дутагдалтай байна. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” байгуулах тухай дурдсан мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын үйл ажиллагааг дэмжих тал дээр дутагдалтай байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг харж хандах өдөр өнжүүлэх болон асрах газар байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг нээгдэж үйл ажиллагаа явуулж байсан боловч тэгш хамран сургах зорилтын хүрээнд үйл ажиллагаа зогссон, сургуулийн өмнөх боловсролын 2 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түшиглэж үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа боловч зориулалтын хувьд нийцэхгүй, хүүхдүүдийн хувьд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нас өнгөрсөн, ажиллаж буй ажилчдын цалин, хөлсний асуудал бүрэн шийдэгдээгүй, стандартад нийцсэн гадна болон дотор орчны хүртээмжийн асуудал тулгамдсаар байна.  Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоон өгөгдлийг цуглуулах, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, боловсролд тэгш хамран сургах цогц арга хэмжээ авах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхах хандлагатай тэмцэх зорилгоор олон нийт, төрийн албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 9. Завхан аймагт нийт 25172 хүүхэд бүртгэлтэй байх бөгөөд бүтэн өнчин 55, хагас өнчин 962, айлд үрчлүүлсэн 2021 онд 19, 2022 онд 20 хүүхэд байна. Хүүхэд хамгааллын тогтолцоо болох Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан баг, Хүүхдийн элч, Хүүхдийн эрхийн байцаагч нар хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, тандан судалгаа хийх, зөрчил гарсан үед хамгаалах үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Гэвч хүний нөөц тогтворгүй, санхүүжилт хүрэлцээгүй, хүүхэд хамгааллын үйлчилгээний асуудал түүний дотор бэлгийн хүчирхийллийн хохирогч, хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өрх толгойлсон хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд үзүүлж буй хууль зүйн болон сэтгэл зүйн үйлчилгээ, хохирлыг барагдуулах, эрхийг нь сэргээх, асрамж, халамж, эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байна. Үрчлэгдсэн хүүхдийн амьдралын чанарт эргэн хяналт тавьдаггүй талаарх асуудал хөндөгдсөөр байна. Иймд хүний нөөц, санхүүжилтийг шийдвэрлэх, хүүхдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдэж, амиа хорлох, хорлохыг завдах тохиолдол өсөж байгаа тохиолдлыг судалж, судалгаанд суурилсан хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бодлого боловсруулах, хүүхдийн сэтгэцийн эмчийн тоог нэмэгдүүлж, сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээнд энэ чиглэлээр мэргэшсэн сувилагч, сэтгэл зүйч  ажиллуулах шаардлагатай байна. 10. Завхан аймгийн хувьд 2012 онд Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв”  буюу хамгаалах байрыг цагдаагийн газрын дэргэд байгуулжээ. Орон нутгийн төсвөөс жил бүр 20 сая төгрөг өгч дэмжлэг үзүүлдэг байсан боловч 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд  төсөв болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төсөвт суулгаагүй мөн гэрээний хугацаа дууссан гэдэг үүднээс үйл ажиллагаа зогссон байдаг. Улсын хэмжээнд  ч аймаг орон нутагт ч гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл гарсаар байна. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хамгийн чухлаас гадна хэрэв хохирсон тохиолдолд хамгаалах арга хэмжээг авах шаардлагатай байдаг. Хүний нөөц санхүүжилтийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулахад анхаарах, үйл ажиллагааны төсөв санхүүжилтийг орон нутгийн удирдлага тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулахад анхаарч  ажиллах  шаардлагатай юм. Цаашид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөнд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төсвийг тэгш хуваарилах, ялангуяа дээрх дурдсан асуудлуудад онцгой анхаарч жил бүрийн төсөвт тусгайлан хөрөнгө баталж зарцуулж хэвших, хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх тогтвортой байдлын зорилтын зарчмыг эрхэмлэж хүний эрхийн болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй байна.