Швейцарь улсын Акспо компани Европ тивийн хамгийн эртний атомын цахилгаан станц болох Везнауг унтраах товыг тогтоосон тухай мэдэгдлээ. Акспо компанийн мэдээлснээр Везнау атомын цахилгаан станцыг 2033 он гэхэд бүрэн унтраахаар болжээ.
Тус цахилгаан станц нь Европын төдийгүй дэлхийн хамгийн ууган атомын цахилгаан станцуудын нэгт зүй ёсоор багтдаг. 1969 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2033 он хүртэл ажиллавал 64 жил наслах юм.
Хэдийгээр 64 жил наслах ч энэ Везнау атомын цахилгаан станцын бүрэн насжилт биш юм. Үүнээс ч удаан тус станцыг ашиглаж, эрчим хүч гаргаж авах боломжтой гэж Акспо компаниас мэдэгджээ. Одоогоор тус станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж Швейцарь улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний гуравны нэгийг нь хангаж байгаа ажээ.
Везнау станцыг унтраах хугацааг тогтоохдоо аюулгүй байдлыг нэн тэргүүний чухал асуудалд тооцож, бусад бүх талуудыг харгалзан үзсэн гэж Акспо компанийн төлөөлөгч мэдээлсэн байна. Станцын хоёр байгууламжийн нэгийг нь 2032 онд түрүүлж унтраан, үлдсэн нэгийг нь 2033 онд унтраах юм байна. Энэ хүртэл 350 сая швейцарь франкын хөрөнгө оруулалтыг нэмж хийхээр төлөвлөжээ. Станц ашиглалтад орсноос хойш эзэмшигч нь болох Акспо компани нийт 2,5 тэрбум швейцарь франкыг хоёр байгууламжийг сэргээн засварлах, орчин үеийн технологид нэвтрүүлэх ажилд зарцуулсан байна.
Швейцарийн эрчим хүчний сангаас Везнау станцыг бүрэн унтраах хугацааг хамгийн зөв хугацаа гэж тодорхойлсон байна. Тус улс 2050 он гэхэд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хөгжүүлэх хөтөлбөрийг өнгөрсөн зун эцэслэн баталсан юм.
Түүнээс ч өмнө 2017 онд явуулсан бүх нийтийн санал хураалтаар Швейцарь улс атомын цахилгаан станцуудыг нэмж барихгүй, цөмийн станцуудаас алхам алхмаар ангижрах шийдвэрийг баталсан байдаг ажээ. Энэ нь 2011 онд Японы Фүкүшима Дай Чи цөмийн цахилгаан станцад сүйрэл болсноос улбаатай явуулсан санал хураалт байсан юм.
Везнау станц байрладаг Берн хот дахь Холбооны засгийн газрын ордны гадаа байгаль орчны төлөө тэмцэгчид жагсаал хийсэн байна. Тэд Везнауг илүү эрт унтраах ёстой гэж шаарджээ. Жагсаалд хүрээлэн буй орчныг хамгаалагчдаас гадна эмч нар оролцож, атомын эрчим хүчний хорт хавдар үүсгэх эрсдэл болоод хүрээлэн буй орчинд учруулж буй хорт нөлөөний тухай илүү нарийвчилсан судалгаа хийхийг уриалсан байна.