Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны дэлхий нийтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр улс орнууд "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье" уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
2024 онд шинээр бүрдсэн УИХ иргэдийнхээ эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох сайжруулалт, нэмэлт, өөрчлөлтийг хийх, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж байгаа ажээ.
Мөн Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх, бие даан амьдрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулахаар төлөвлөжээ.