Манай улс татварын хувь хэмжээгээ нэмэхээс бус иргэндээ үзүүлэх өчүүхэн хөнгөлөлтийг ч 10 гаруй жил өөрчилсөнгүй.

Туйлдсан татвар төлөгчид

Өдөр бүр үнийн өсөлттэй тэмцэж буй иргэд цалингийнхаа 30 гаруй хувийг татвар, шимтгэлд суутгуулчихаад үлдсэнээр нь өл дааж амьдарч байна. Төлсөн татвар, шимтгэлийнхээ үрээр хүртэх нийгмийн үйлчилгээг ч хангалттай авч чадахгүй байгаа. Тэр дундаа нийслэлийн иргэд цалингийнхаа татварыг хотод төлчихөөд агаарын бохирдол, авто замын түгжрэл, эмнэлгийн ачаалал, үнийн хөөрөгдөлд стресстэж бухимдсаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь үнэн. Татвараа төлсөн иргэд ийн туйлдаж байхад шийдвэр гаргагчид төсвийн мөнгийг үргүй зарцуулсан тухай мэдээлэл олонтаа цацагдах. Үр шимийг нь хүртэхгүй татвар, шимтгэлийг төлөх хүсэл сонирхол иргэдэд төрөхгүй нь ойлгомжтой. Тиймээс ч татвар, даатгалын шимтгэлээс бултаж зугтаах арга хэрэгсэл хайж, шимтгэл төлөхгүй бол ажиллах сонирхолтой түр ажилтнууд олширч байна.

Гэтэл үүний эсрэг иргэдийн татварыг төлүүлэх эерэг хөшүүрэг үнэндээ алга. Угтаа татвар төлөгчдийн хүрээг тэлж, төрдөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд чанартай нийгмийн үйлчилгээ хүртээх ёстой. Мөн татварын уян хатан бодлоготой байж, хөнгөлөлт урамшууллыг ч үзүүлдэг байх нь иргэндээ ээлтэй байх жишиг туршлага. Гэвч манай улс татварын хувь хэмжээгээ нэмэхээс бус иргэндээ үзүүлэх өчүүхэн хөнгөлөлтийг ч 10 гаруй жил өөрчилсөнгүй.

Шударга бус хөнгөлөлт

Иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос хувь хүний орлогын албан татвар авахдаа сар бүр татварын хөнгөлөлт үзүүлдэг. Тухайлбал, одоогийн хуулиар 500 мянга хүртэлх төгрөгийн цалинтай иргэд сард 20 мянган төгрөгийг татвараас хөнгөлүүлдэг бол 2.5 саяас 3 сая хүртэлх цалинтай иргэд 10 мянган төгрөг хөнгөлүүлж байгаа. Харин гурван саяас дээш цалинтай иргэд татварын хөнгөлөлт эдэлдэггүй. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 500 мянган төгрөгөөс дээш гарсан учир 20 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг хүн бараг байхгүй.

Энэ хөнгөлөлтийн тоо хэмжээг 10 гаруй жилийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байхад уялдуулж тогтоожээ. Харин үүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 660 мянган төгрөг болсон байхад иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийг уялдуулан өөрчилсөнгүй.

Энэхүү татварын хөнгөлөлт үзүүлэх аргачлалаар тооцож үзье. Одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгийг 12 сард хуваахад 55 мянган төгрөг гарна. Тэгэхээр одоо 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлж байгаа иргэн сард 55 мянган төгрөгийг татвараас чөлөөлүүлдэг болох нь. Өөрөөр хэлбэл, цалин дээр нэмэгдэх бодит орлого болно гэсэн үг. Хэдийгээр 20, 30 мянган төгрөгийн хөнгөлөлт ч гэлээ цалин орлого багатай иргэдэд чамлахааргүй мөнгө билээ.

Гэхдээ яг энэ аргачлалаар бус сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгийг татвараас чөлөөлдөг болох нь зүйтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Уг нь анх татварын хөнгөлөлтийг батлан хэрэгжүүлэх үеэр сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалинг татвараас чөлөөлөхөөр хэлэлцэж байжээ. Гэвч хэмжээг хэт багасган нэг жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хөнгөлөх зохицуулалтыг тоон утгаар оруулсан байна.

"Жилийн 0-240 мянган төгрөгийн хөнгөлөлт бол ямар ч үр нөлөөгүй зүйл. Сард гурван сая төгрөгийн цалинтай бол огт хөнгөлөлт эдлэхгүй. Хөнгөлөлт үзүүлж буй 10-20 мянган төгрөгөөр хүн юу шийдэх бол. 240 мянган төгрөг гэдэг бол 10 орчим жилийн өмнөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Татварын хуулийн шинэчлэлийг ярьж эхлэх үед л сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний орлогыг татвараас чөлөөлөх саналууд гарч байсныг санаж байна. Гэтэл жилд хөнгөлөх татварын хөнгөлөлтийн дээд хэмжээ 240 мянган төгрөг гэж баталсан. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг, ирэх оноос 792 мянган төгрөг болох гэж байна. Гэтэл жилийн 0-240 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт нь хэвээрээ байдаг. Дундаж орлоготой иргэний цалин, хөдөлмөрийн хөлсийг 10 сая төгрөг гэж үзэж байгаа мөртлөө татварын хөнгөлөлт эдлэхгүй цалингийн хэмжээ гурван сая төгрөг гэж байгаа нь шударга бус."

Иргэдэд ээлгүй татварын бодлого

Татвар төлөх нь зайлшгүй. Гэхдээ цалин орлогод уялдуулсан, уян хатан чанартай татварын бодлого хувь хүний орлогын албан татварт үгүйлэгдэж байна. Яагаад иргэн бүрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй цалинг татвараас чөлөөлж болохгүй гэж. Олон улсын жишиг туршлагууд ч ийм байна. Тухайлбал, БНХАУ сард иргэдийнхээ 5000 юанийн цалинг татвараас чөлөөлдөг аж. Мөн орон сууцны урьдчилгаанд зориулсан санд хуримтлуулсан мөнгө, эцэг эхээ асрах, биеэ эмчлүүлэх зардал зэргийг нь хасаж, үлдсэн мөнгөнд нь татвар ногдуулдаг байна. Ингээд тооцоолж үзэхээр дунджаар 10000 юань буюу манайхаар 4.7 сая төгрөгийн цалинг татвараас чөлөөлдөг аж. Хятадууд ийм л уян хатан бодлогоор иргэдээ ядуурлаас гаргах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлжээ. Ингэж байж иргэд нь цалингаараа хэрэглээгээ хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрддэг байна. Яг үүн шиг манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалинг татвараас чөлөөлж, бага цалинтай иргэдийнхээ амьжиргааг дэмжиж, цалингаараа амьдарч болох итгэл сонирхлыг сэргээх шаардлагатай байна.

Цалингийнхаа 10 хувь дээр нэмэх нь хотын татвар гэж хоёр хувийн албан татварыг сард, өдөр тутамдаа ч төлж байгаа. Харин татвар төллөө гээд улсын эмнэлэгтээ ч дугаар дараалалгүй, аятай тухтай үйлчлүүлэх боломж алга. Тиймээс ядаж иргэддээ үзүүлэх татварын хөнгөлөлтөө нэмэгдүүлж, бодит орлогыг нь бага ч атугай өсгөмөөр байна.

Түүнчлэн татварын хуульд хөнгөлөлт чөлөөлөлтийг тоогоор тусгах нь мөнгөний ханш тасралтгүй унаж байдаг манайх шиг улсад хоёр гуравхан жилийн дараа үр дүнгүй зохицуулалт болдгийн жишээ энэ болж байна. Тиймээс хуульд тоо бус хувь хэмжээгээр хөнгөлөлтийг тусгах нь зүй болов уу.