Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдсан хамгийн анхны мэргэжлийн балет өдгөө 60 жилтэйгээ золгож байна. Тодруулбал, ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолтоо өнгөрсөн амралтын өдөр тайзнаа дахин амилуулсан юм.
-Балетмейстер А.В.Хабаева-
Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх энэхүү балет нь 1956 оны зургаадугаар сарын 18-нд балетмейстер А.В.Хабаевагийн дэглэлтээр ДБЭТ-ын тайзнаа тавигдан, Монголын үзэгчид анхны мэргэжлийн түвшний балетыг шимтэн үзсэн түүхтэй юм.
Уг балетад хайрт залуу, эх орноосоо харамсалтайгаар хагацаж, харийн хааны хайрыг татсан үзэсгэлэнт бүсгүй Марияагийн тухай өгүүлнэ. Тэрээр харийн хааны ордонд хайртай залуугаа санагалзан, хааны түүнийг гэсэн хайр сэтгэлээс татгалзаж, дурласан залуудаа үнэнч үлдэх хэдий ч харамсалтайгаар хааны хатны гарт хорлогдон хорвоог орхидог. Б.Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг" балет нь Монголд европ урсгалыг оруулж ирсэн анхны балет бөгөөд Монголын сонгодог урлаг тэр тусмаа балетын урлагт гайхамшигт хөгжим, тайзны чадварлаг драматизмыг оруулж ирснээрээ өвөрмөц үнэ цэнэтэй бүтээл гэж үнэлэгддэг.
“Бахчисарайн оргилолт булаг” балетын анхны удирдаачаар Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ж.Чулуун, ерөнхий зураачаар Ардын зураач Л.Гаваа нар ажиллаж, гол дүрүүдийг Ц.Тоомой, гавтяат жүжигчин Н.Баатар, Гавьяат жүжигчин Ц.Дашдулам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Булхүү, Б.Гүрбазар нар бүтээсэн юм. Уг балетын хийл хөгжмийн гоцлолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэндолгор, виолончель хөгжмийн гоцлолийг Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Г.Жамъян нар анх тоглосон юм.
Харин энэ сарын 25-ны өдөр тайзнаа амилсан уг балетын гол дүр Марияд ДБЭТ-ын гоцлол бүжигчин Гавьяат жүжигчин Г.Цолмон, түүний ээж Соёлын тэргүүний ажилтан Б.Энхээ, Грей хааны дүрд Япон улсын балетын сургуулийн балетмейстер багш, зочин уран бүтээлч Г.Валери, монголын анхны Грей хааны дүрийг бүтээсэн Гавьяат жүжигчин Н.Баатар нар тоглож, хийл хөгжмийн гоцлолыг Соёлын тэргүүний ажилтан М.Ариунцэцэг, виолончель хөгжмийн гоцлолийг Ц.Ариунаа нар хөгжимдсөн юм. Мөн энэ өдөр ахмад бүжигчин Ардын жүжигчин О.Ганбааатар, Соёлын тэргүүний ажилтан А.Батдэлгэр нар тоглолтод оролцон үзэгч та бүхэндээ хүндэтгэл үзүүлсэн нь хэн хүний сэтгэлийг хөдөлгөв.
Түүнчлэн 26-нд тоглох уг балетын гол дүрд ДБЭТ-ын гоцлол бүжигчин Соёлын тэргүүний ажилтан Г.Батчимэг, Х.Мөнгөнхөлөг, А.Эрдэнэболд, Б.Баасансүрэн нар тоглож, хийл хөгжмийн гоцлолыг Гавьяат жүжигчин Л.Мөнхцэцэг, виолончель хөгжмийн гоцлолийг С.Баяртуяа нар хөгжимдсөн.
Уг хоёр өдрийн тоглолтыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд удирдан, ДБЭТ-ын симфони найрал хөгжим, балетын бүх жүжигчид, найрал дуучид, ХБК-ийн оюутан сурагчид оролцлоо.
Нэгэн жарны нүүрийг үзэн буй энэхүү гайхалтай бүтээл дахин тайзнаа амилахдаа 60 жилийн түүхийг өөртөө хадгалан байгаа уран бүтээлчдийн хамт үзэгчдийн хүртээл болсон юм. Мөн уг бүтээлийг үе үеийн ахмад уран бүтээлчид, балетмейстр А.В.Хабаева өөрийн биеэр ирж тольдлоо.