Өмнөд Америкийн Уругвай улсад аравдугаар сарын 27-ны өдөр болсон сонгуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшсэн 11 хүний аль нь ч 50-аас илүү хувийн санал авч чадаагүй. Тиймээс Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны санал хураалтыг энэ сарын 24-ний өдөр товлосон юм. AFP агентлагийн мэдээлснээр сонгуулийн санал хураалт дуусч, саналын хуудсыг тоолох ажил эхэлсэн байна.
Хоёрдугаар шатны Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Үндэсний намаас Альваро Дельгадо, зүүнтний үзэлтэй Өргөн Фронт намаас Яманду Орси нэр дэвшиж өрсөлдлөө. Одоогийн Ерөнхийлөгч Луис Лакалле Поу энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй бөгөөд аль нэг нам засаглал дангаараа биш хамтдаа шийдвэр гаргах боломжийн эхлэл энэ жилийн сонгуулиар тавигдаж байгааг онцолсон байна. Уругвайн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч дахин сонгуульд өрсөлдөх эрхгүй байдаг.
Уругвай улс 3,4 сая хүн амтай. Хүн амын 2,7 сая нь сонгуульд санал өгөх эрхтэй. Энэ удаад нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийн аль нэг нь сонгогчдын тавиас илүү хувийн саналыг авах шаардлагагүй. Аль олон хүний санал авсан нь дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ирэх жилийн гуравдугаар сарын 1-ний өдөр тангаргаа өргөж ажлаа хүлээж авна. Санал хураах байрууд өчигдөр орой 19:30 цагт хаалгаа барьсан. Сонгуулийн дүн өнөөдөр орой 22:00 цаг гэхэд гарна гэж тооцоолж байна. Урьдчилсан байдлаар хоёр нэр дэвшигч тун ойрхон санал авч, саналын хуудасны зөрүү маш бага гарна гэж шинжээчид таамаглаж байна. Сарын өмнө болсон анхан шатны сонгуулиар сөрөг хүчний зүүнтний Өргөн Фронт намын нэр дэвшигч Орси 43,9 хувийн санал авч бусад нэр дэвшигчдийг тэргүүлсэн. Тиймээс энэ удаад ч өрсөлдөгчөөсөө илүү санал авч магадгүй дүр зураг ажиглагдаж байна. Харин одоогийн эрх баригч Үндэсний намын нэр дэвшигч Дельгадо өнгөрсөн сонгуулиар 26,7 хувийн саналыг авч хоёрдугаард бичигдэж байжээ.
Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах арай өндөр магадлалтай байгаа зүүнтний үзэл баримтлагч Орсийг Уругвай улсын Ерөнхийлөгч асан 89 настай Хосе Альберто Пепе Мухика Корданогийн залгамжлагч гэж харах хүмүүс олон байгаа юм. Пепе 2010-2015 оны хооронд улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа амьдралын хэв маягаараа дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгчөөр тодорч байжээ. Мөн тэрээр хуучны дарангуйллын дэглэмийн партизан гэдгээрээ алдартай, цэргийн дарангуйллын он жилүүдэд үйлдсэн гэмт хэргээрээ 1980-аад онд 14 жилийн хорих ял сонсож байсан юм. Пепе Мухика хорт хавдартай тэмцэж байгаа бөгөөд ням гарагт санал хураах байр руу очихдоо таягтай байжээ. Санал өгөх үедээ тэрээр “Миний ойрын ирээдүй бол оршуулгын газар. Гэвч залуу хүмүүс шинэ, өөр ертөнцөд амьдрах эрхтэй” хэмээжээ.
Сонирхуулахад Уругвай улс газар нутгийнхаа хэмжээгээр Суринам улсын дараа Өмнөд Америк тивийн хоёр дахь жижиг улс юм. Мөн зүүнтнүүд төрийн эрхийг эвсэж барьж байсан жилүүдэд Уругвай үр хөндөлт болон ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилж байжээ. Түүнчлэн 2013 онд олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон дэлхийн анхны улс болж байсан юм.