Ганцаардал өдөрт 15 ширхэг тамхи татахтай адил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Жил бүр БНСУ-ын олон мянган иргэн гэр бүл, найз нөхдөөсөө тусгаарлагдан орь ганцаар амьдарсаар хорвоогоос буцдаг. Тэдний цогцсыг олох хүртэл заримдаа хэдэн өдөр, бүр хэдэн сар өнгөрөх нь ч бий. Улс орнууд хүн амын дундах сэтгэл гутрал, ганцаардалтай тэмцэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ авч байгаагаас үлгэрлэн Сөүл хот ирэх таван жилд 327 сая доллар зарцуулан “Хэн ч ганцаарддаггүй хот” болох төлөвлөгөө танилцууллаа. Уг нь 2016 онд Сөүл дэлхийн хамгийн аз жаргалтай хотоор шалгарч байсан ч одоо ганцаардал, тусгаарлагдмал байдал хүн амын эмзэг сэдэв боллоо. Сөүл хотын дарга О Се Хуны хэлснээр ганцаардал, тусгаарлагдмал байдал нь зөвхөн хувь хүний асуудал биш, харин нийгмээрээ хамтдаа шийдэж гарц хайх ёстой. Өөрөөр хэлбэл, хот ганцаардсан хүмүүсээ эдгээж, амьдралын идэвхтэй хэмнэлд эргэн ирэхэд нь туслахын тулд бүх боломжоо дайчлах учиртай аж. Ирэх жилүүдэд Сөүл хот сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг өргөжүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламжуудыг илүү ихээр бий болгох, дунд болон өндөр настай оршин суугчдад зориулсан хоол хүнс тараах хөтөлбөр гаргах, тусламж хэрэгтэй ганцаардсан иргэдийг олж тогтоох тусгай системийг хөгжүүлэх, мөн цэцэг ногоо тарих, спортоор хичээллэх, номын хэлэлцүүлэгт оролцуулах зэргээр ганцаардсан хүмүүсийг гадуур явах, нийгэмшихэд нь туслах олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах ажээ.
Өнгөрсөн жил ДЭМБ ганцаардлын асуудлаар олон улсын комисс байгуулж, насанд хүрэгчдийн дөрвөн хүн тутмын нэг, өсвөр насны долоон хүүхэд тутмын нэгд нь ганцаардлын улмаас эрүүл мэндийн эрсдэл үүсэж байгааг анхааруулсан. Нийгмийн харилцаа холбоогүй хүмүүс цус харвалт, зүрх судасны өвчнөөр шаналж айдас, сэтгэл гутралын улмаас амиа хорлох өндөр эрсдэлтэй байдаг тул ганцаардлыг шийдвэрлэхийн тулд улс орнууд хүчин чармайлт гаргаж бодлогоо уралдуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Дотогшоо чимээлсэн амьдрал
Гадаад орчноос хүчээр өөрийгөө тусгаарлаж, гэрийнхээ буланд шигдэх хандлага залуусын дунд түгээмэл болж буйг сэтгэл судлаачид анхааруулсаар ирсэн. Япон хэлээр “хикикомори” хэмээн томьёолдог энэхүү үзэгдэлд технологийн хэтийдсэн хэрэглээ ч нэрмээс болж хувь хүний дасан зохицох чадвараа алдсан бүхэл бүтэн үе үүсэх эрсдэлтэй.
Зургаагаас дээш сар гэрээсээ цухуйлгүй өөрийгөө тусгаарладаг япон залуусын тоо хагас саяд хүрсэн бол Өмнөд Солонгосын хүн амын 0.3 хувь, Хонконгийн оршин суугчдын 1.9 хувь нь ийм хэв маягаар амьдарч байна. Хувь хүний дасан зохицох чадвар нь ноцтой алдагдсан буюу хөдөлмөрлөх чадвартай АНУ, Испани, Итали, Францад ч хикикомори ажиглагдаж нийгмээс сайн дураараа тусгаарлагдсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн сард гаргасан тоо баримтаас үзвэл, орь ганцаар амьдарсаар бие барсан хүний тоо 2023 онд 3661 болж өссөний зэрэгцээ ганцаардмал нас баралтын 84 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа нь эмэгтэйчүүдийн үхлээс тав дахин их байгаа аж. Сэтгэл судлалын профессор Аны бодлоор нутаг нэгтнүүд нь бусад үндэстнээс илүү ганцаардмал гэж хэлэхэд хэцүү ч солонгос хүмүүс өөрсдийгөө хангалттай үнэ цэнэтэй биш, амьдралын зорилгогүй гэж мэдэрвэл асар ихээр сэтгэл гутралд өртдөг байна. Үүний өмнө амжилтад улайрсан Солонгосын нийгэмд Z үеийн залуус шүүмжлэлд хэт мэдрэмтгий, бүтэлгүйтэхээс асар ихээр айдаг болж төлөвшиж буйг нотолсон судалгааг CNN дэлгэж байв.
БНСУ-ын эрх баригчид энэ асуудалтай тэмцэхийн тулд олон санаачилга өрнүүлсний дотор 2023 онд нийгмээс тусгаарлагдсан залуусыг идэвхтэй амьдралд эргэн ирэхэд нь туслах зорилгоор сар бүр 650 мянган вон хүртэлх амьжиргааны зардал олгох журам баталжээ. Хикикомори чиг хандлагыг анх хүлээн зөвшөөрч, гүнзгий судалж буй Япон улс 2021 онд Ганцаардал, нийгмээс тусгаарлах үзэгдлээс сэргийлэх сайд томилж 24 цагаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгмийн үйлчилгээг өргөжүүлэх зэргээр нийгмийн сөрөг хандлагатай эрчимтэй тэмцэж эхэлсэн.
Есөн сая иргэн нь ганцаардалд шаналж буйг тогтоосон Их Британи ч энэ жишгээр Засгийн газрын бүтцэд сэтгэцийн эрүүл мэнд, ганцаардлын асуудал эрхлэх сайдтай болоод буй. Хүн амынх нь 30 хувь ганцаардал, сэтгэл гутралын эмгэгээр шаналж буй АНУ-д ногоон байгууламж нийтийн эзэмшлийн орон зайг өргөтгөх, номын сан соёлын үйлчилгээг үнэ төлбөргүй санал болгох зэргээр нийгмийн дэд бүтцийг бэхжүүлэхэд голлон анхаарч байна.

Хаалгыг минь тогшооч
Олон улсын “Gallup” судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтээр дэлхий даяар насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь ганцаардал мэдэрдэг аж. Ялангуяа 19-29 насны залуусын дунд ганцаардлын түвшин өндөр буюу 27 хувь нь маш их эсвэл нэлээд ганцаарддаг гэж хариулсан бол ахмад настнууд эсрэгээрээ ийм мэдрэмж харьцангуй бага төрдөг хэмээн хариулсан байх юм. Өтөлж доройтон, хайртай дотны хүмүүсээсээ хагацаж хоцорсон ч 65 ба түүнээс дээш насныхны амьдралд тэмүүлэх итгэл харьцангуй тогтвортой байгаа нь нэгийг өгүүлнэ. Энэ талаар судалж АНУ-д ганцаардлын эмгэг тахал лугаа дэлгэрч буйг сануулсан доктор Вивек Муртийн бодлоор хүмүүс 20 жилийн өмнөхтэй харьцуулахад бие биедээ бага цаг зарцуулдаг болжээ. Цар тахлын хөл хорионоос хойш байдал улам дордож, 15-24 наснынхны хоорондын харилцаа ерөнхийдөө цахим төлөвт шилжиж найз нөхөдтэйгөө биечлэн уулзах, хамтдаа цагийг өнгөрөөх нь даруй 70 хувиар буурсан байна.
Тэгвэл Израилын сэтгэл судлаач, доктор Ами Рокачийн үзэж буйгаар ганцаараа амьдарч, нийгмийн харилцаанд оролцохоос татгалзсан бүхэн ганцаарддаг гэсэн үг биш. Харин ч хорвоогийн үймээн шуугианаас дайжсанаар ухаан бодол эмхэрч, эрч хүч сэлбэдэг давуу тал бий. Мөн ганцаардмал, дотогшоо хүмүүс нийтэч нэгнээс илүү задгай сэтгэлгээтэй, чадварлаг байдаг нь уран бүтээлчдээс тодорхой харагддаг. Тэгэхээр ганцаардлыг зөвхөн бие махбодийн байдлаар дүгнэж болохгүй нь.