Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийж эхлэх гэж буй. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат мэдээлэл өглөө.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор  Хүний папиллома вирусийн өвчлөлийг хамгаалах дархлаажуулалтад 11 настай хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар болсон. Хүний папиллома вирус нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст үтрээ, бэлгийн уруул, шодой, ам хоолой, умайн хүзүүн хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр хүний папиллома вирусийн вакцинийг хийлгэснээр 15 жилийн 93 хувийн дархлаа тогтоож чаддаг. Охидоос гадна хөвгүүдэд хийснээр олон хавдраас сэргийлэх боломжтой. Монгол Улсад АНУ-ын, хамгийн сүүлийн үеийн вакцинийг худалдан авч, хүүхдүүдэд хийхээр худалдан авалт хийгээд байна. Өмнө нь иргэд хүүхдээ хамгаалахын тулд 99-120 ам.долларын төлбөртэйгөөр гаднын улсад хийлгэдэг байсан. Одоо харин үнэ төлбөргүй хийхээр болж байна. Товлолт вакцинд хамрагдаж чадаагүй бол дараа нь мөнгөө төлөөд хамрагдах боломжтой. Энэ вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрч, батламж олгосон. Жирэмслэлт, төрөлтөд нөлөөлдөг, хавдар үүсгэдэг зэрэг мэдээлэл нь худал мэдээлэл. ДЭМБ 160 гаруй оронд судалгаа хийхэд гаж нөлөө илрээгүй нь тогтоогдсон. 2023 онд умайн хүзүүний хорт хавдрын 160 шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс ДЭМБ-ийн зөвлөснөөр бид урьдчилан сэргийлэх гурван арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, 15 хүртэлх насны хүүхдүүдийн 90 хувийг вакцинд хамруулна. Дараа нь, 35-45 насныханд илрүүлэг хийж, эмчлэх арга хэмжээ авч байна. Мөн умайн хүзүүний эмгэгтэй эмэгтэйчүүдийг эрт илрүүлж, эмчлэхээр болж байгаа. Товлолт вакцин хийснээр, өнөөдөр вакцин хийлгэсэн хүүхдүүд 15-25 жил дээрх хорт хавдруудаас хамгаалагдах боломжтой" гэв.