Одоогоос гурван сарын өмнө Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Жоби” хочит Б.Түвшинжаргал нарын 11 хүнд холбогдох хар тамхины хэргийг шийдсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хүчингүй болгоод байна.

Учир нь, анхан шатны шүүх их хэмжээний метафетамин буюу донтогчдын нэрлэдгээр “мөс” гэх бодисыг оруулж ирсэн, бусдад өгсөн гэх Б.Түвшинжаргалын холбогдсон 5-12 жилийн ялтай хэрэгт зургаан жилийн хорих ял оноогоод байсан. Б.Түвшинжаргал нь 2010 онд Хонконгод хар тамхины хэргээр баригдаж долоон жил суусан. Тэнд байхдаа англи хэл сурч, хар тамхины наймаачидтай танилцсан. Тэр сүлжээгээ ашиглаад гадаадаас удаа дараа “метафетамин” буюу мөс оруулж ирсэн, хүмүүсийг зохион байгуулж бусдад зарсан гэдэг.

- Монгол Улсад 2020 оны хоёрдугаар сарын 19-нд 156.5047 грамм мөс хадгалсан.

- 2020 оны дөрөвдүгээр сард 8.3148 грамм мөс хадгалсан.

- 2020 оны 7-8 дугаар сард 9.3507 грамм мөс худалдаалах зорилгоор бусдад өгсөн.

- 2020 оны наймдугаар сарын 25-нд 20.5204 грамм мөс хадгалсан.

- 2020 оны есдүгээр сарын 8-нд Малайзын Куала Лумпур хотоос БНСУ-аар дамжуулж улс хоорондын буухиа шуудангаар улсын хилээр 883.75 гр мөс нэвтрүүлсэн.

- 2021 оны тавдугаар сарын 28-нд Африкийн Малави улсаас 208.82905 грамм мөс захиалж улс хоорондын буухиа шуудангаар улсын хил нэвтрүүлсэн.

- 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд 9.9176 грамм мөс бусдад худалдсан.

- 2023 оны арванхоёрдугаар сарын 8-нд 867.1142 грамм мөс хадгалсан.

Б.Түвшинжаргалын холбогдсон хар тамхи хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, худалдсан, бусдад ажил үүрэг хуваарилсан хэргээс хураагдсан мөсний жин 2,164.30145 грамм болж байна.

Нэг грамм мөсийг 3-4 хүн нэг удаад хэрэглэдэг. Хүн тунгаар нь бодож үзвэл Б.Түвшинжаргалд холбогдох хэрэгт дурдагдаж буй хоёр кг 164 грамм мөсөөр нэг удаад багадаа 64 929 хүн мансуурахаар байна. Ойролцоогоор 65 мянган хүнд нөлөөлөх мансууруулах бодис оруулж ирсэн гэмт хэрэгтэнд Монголын шүүх зургаан жилийн ял өгсөн байгаа юм. Грамм мөсний зах зээлийн үнэлгээ 800 000 - 1 000 000 төгрөг. Багаар тооцоход нэг тэрбум 731 сая 441 мянган төгрөгийн орлого олох бодис байна. Цар тахлын үед дээрх бодисыг өндөр үнээр борлуулсан гэдэг. Нийгмийн хортой ийм хэмжээний хэрэгт Монголын шүүхийн өгсөн шийтгэл зургаан жилийн хорих ял байсан учраас прокурор эсэргүүцэл бичиж л дээ. Гэтэл хилээр орж ирж байгаа бодисын хэмжээ жил ирэх тусам өсөж байгаа.

Цочроом статистик

Монгол Улс 2010 онд “хар тамхи дамжин өнгөрүүлэгч орон” байсан. 2014 онд “хар тамхины хэрэглэгч орон” статустай болсон. Манай улсыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба ингэж зарласан нь учиртай.

Статистик сөхвөл, манай улсад хар тамхины хэрэг 2002 онд хоёрхон бүртгэгдэж байв. Сүүлийн 10 жилд хар тамхины аюул огцом нэмэгдэж,

2014 онд 62,

2015 онд 79,

2016 онд 98,

2018 онд 128,

2019 онд 170,

2020 онд 181,

2021 онд 187,

2022 онд 230,

2023 онд 238 болж өслөө.

Эдгээр нь хар тамхи хилээр оруулж ирэх, тээвэрлэх, хадгалах, бусдад худалдах, бэлтгэх, хар тамхи хэрэглэхэд орон байраар хангах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар худалдах гэмт хэргүүд. Хар тамхи хэрэглэсэн байхдаа баригдсан тохиолдол ч нэмэгдэж байна.

Сүүлийн долоон жилийн статистик харахад,

2017 онд 52,

2018 онд 61,

2019 онд 192,

2020 онд 159,

2021 онд 173,

2022 онд 221,

2023 онд 197 зөрчлийн хэрэг бүртгэгджээ.

Мансуурагчдын тоог Монголын холбогдох албад зарлахаас зайлсхийдэг боловч тэдний НҮБ-д гаргаж өгсөн тайлангаас тус байгууллага хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн хүний тоог 70 мянга гэж мэдээлжээ.

Хар тамхины хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийн 86.6 хувь нь 13 35 насныхан байгаа нь анхаарал татаж байна. Мөн 2006-2010 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн ихэнх хувийг манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг эзэлж байсан бол оноос химийн аргаар боловсруулсан буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт синтетик бодис, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис агуулаагүй хэдий ч санаатайгаар урвуулан ашиглаж мансуурах боломжтой эмийн хэрэглээ жил бүр өссөн байдаг.

2022 онд эд мөрийн баримтаар хурааж авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг өмнөх онтой харьцуулахад каннабис 30 хувиар, гашиш 4.5 дахин, морфин 61.4 хувиар, DXM 2.7 дахин тус, тус өсчээ. Хураан авсан каннабис ойл 371.7 граммаар, дроп 300 миллилитрээр нэмэгджээ. Дээрх тоо баримт нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилтыг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн зохицуулалт хангаж чадахгүй байгааг харуулж байна.

Электрон тамхины импортод анхаарал шаардлагатай

Монголчуудын ихээр аялж зугаалдаг болсон Вьетнам, нэмээд АНУ-д үйлдвэрлэдэг электрон тамхи буюу “vape”-нээс мансууруулах төрлийн бодис илэрч байна. Дээрх орнуудаас Монголд оруулж ирсэн, хураагдсан электрон тамхинаас THC илэрсэн нь энэ төрлийн тамхины импортод анхаарал хандуулах ёстойг харуулж байна. Өнөөдөр хүзүүнээсээ электрон тамхи дүүжилсэн нөхөд хаа саагүй тэрийгээ хөхөөд явж байдаг болсон. Татдаг, зардаг газрыг нь тодорхой болгоё, хяналттай, татвартай болгоё гэдэг хуулийн төсөл уг нь явж байсан.

Хоёр гурван жил ярьсан мөртлөө гацчихсан. Яагаад. Тэр хуулийн төсөл санаачилсан, боловсруулсан хүмүүсийг электрон тамхи оруулж ирдэг, худалддаг компаниуд элдвээр гүтгэж, харлуулж байгаа. Тэд шантарсан уу, эсвэл электрон тамхины бизнес хийдэг нөхдөд худалдагдсан уу мэдэхгүй юм. Өнөөдөр дунд, ахлах ангийнхан, оюутнууд Vape татаад хэвшчихлээ. Тэд ч, бид ч дасаад тоохоо больж байна. Гэтэл хар тамхины төрлүүд vape хэлбэр рүү шилжиж, худалдаанд гарчихаад байна.

Энэ бол холбогдох албадын, хууль тогтоох байгууллагын, эцэг, эхчүүдийн анхаарал хандуулах зүйл юм. Дараагийн анхаарах ёстой зүйл бол зэрлэг олсны хэрэглээ. Монголд гарч буй хар тамхины хэргийн 70 гаруй хувь нь манай улсын 10-аад аймгийн нутагт ургадаг мансууруулах үйлчилгээтэй каннабис олс ургамалтай холбоотой. Иргэд түүж, цаасанд ороон татаж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон зэрэг аймгаас түүж мансуурдаг, бэлтгэж бусдад зардаг гэмт этгээдүүдийг барьж хориод нэмэргүй. Тухайн ургамлыг устгахгүйгээр, ургадаг талбайг хяналтад авахгүйгээр гэмт хэрэг багасахгүй. Зөвхөн устгалд жил бүр таван тэрбум төгрөг шаардагдах хэдий ч 2024 онд улсын хэмжээнд 125 сая төгрөг л зарцуулжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлж буйгаар ургамлын устгалын зардлыг аймгуудын төсөвт биш улсын төсөвт суулгах шаардлагатай. Гэвч 2025 оны төсөвт энэ зардал туссан эсэх нь тодорхойгүй байна.

Донтогчид нэмэгдэж байна

Хар тамхины хэрэгт холбогдогчдын 86.6 хувийг 13-35 насныхан эзэлж байгаа тухай дээр дурдсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүртгэлээс үзэхэд, 2012-2023 онд хар тамхины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношоор 262, каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношоор 176, тайвшруулах, нойрны эмийн шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношоор 184, дэгдэмхий уусгагч бодисын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношоор 114,олон төрлийн сэтгэц нөлөөт болон донтолт үүсгэгч бодисыг хольж хэрэглэсний улмаас сэтгэцийн болон зан төрхийн эмгэг оношоор 283 хүн хэвтэн эмчлүүлжээ.

Гэвч мансуурах донтой өвчтөнг донгоос нь бүрэн салгах сайн дурын болон албадан эмчилгээний хөтөлбөр, эмчилдэг газар нь Монголд байхгүйгээс гадна боловсон хүчин, холбогдох зохицуулалт нь байхгүй. Эрэлтийг багасгахгүйгээр нийлүүлэлт зогсохгүй. Донтсон иргэнийг хэрэглээнээс нь салгаж, эмчлэхгүй бол тэд бодисоо хайсаар, олж авахын тулд гаднаас оруулж ирсээр, түүж бэлтгэсээр, тэдний хэрэгцээг хэн нэгэн хангахын тулд хууль бус бизнесээ хийсээр байх болно.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхны санаа зовж байгаа нэг асуудал нь эмийн хяналтгүй бизнес. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхэн, залуучуудын дунд эмчийн жороор олгодог шахмал эмийг нунтаглан өөрсдөдөө тарьж мансуурах үзэгдэл нэмэгдэж байна.

Үүний улмаас судас нь бөглөрч гар, хөл нь харлан үхжихээс гадна тайруулсан тохиолдол хэд, хэд гарчээ. Хэрэв хүүхэд сэжигтэй санагдвал гар, хөлийнх нь судас тарианы сорвитой байгаа эсэхийг шалгаж үзэхийг албаныхан зөвлөж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасагт өөртөө эм тарьсны улмаас хялгасан судас нь бөглөрч, гар, хөлийн хуруугаа тайруулах хэмжээнд хүрсэн хүүхэд, залуучуудын ирэх тоо нэмэгдсээр байна. Оюутан, сурагчдын хэрэглэж мансуураад байгаа дээрх эмийг Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхан уг нь мэдэж байгаа. Тухайн эмийг Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад оруулах, тухайн эмийг хэрэглэх заалттай өвчтөнд цахим жороор дамжуулан олгодог байх саналыг цагдаагийн байгууллагаас тэдэнд хүргүүлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Харамсалтай нь, үүнийг салбарын яамныхан одоо хүртэл шийдээгүй байгаа юм.

Нэмээд сэтгэцэд мансууруулах бодис, нөлөөлөх эм, бэлдмэл, хар тамхины аюулаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр Монгол Улсын аль ч дунд сургууль, их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт байхгүй. Хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэхүү асуудлаар бэлтгэгдсэн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ч боловсролын салбарт дутагдалтай. Бид Боловсролын сайд П.Наранбаяраас энэ тал дээр ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэйг нь тодруулсан. Тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлтэй зөвлөлдөж, хичээлийн хөтөлбөрт дээрх төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх цаг, сургалт нэмэхээр ажиллаж байгаагаа хэлсэн.

Хар тамхитай тэмцэх явдал дан ганц тагнуул, цагдаа, хил, гаалийнхны ажил биш. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, байгаль орчин, хүүхэд хамгаалал гээд салбар дундын хамтын ажиллагаа чухал. Нэмээд улс хоорондын хамтын ажиллагаа, төсөв санхүү, техник, технологи, цахим шийдэл, эрх зүйн хөгжлөөс ихээхэн хамаарч байгаа. Төр байгаа хойно бага сагаар шийдээд явна. Гэхдээ хар тамхинаас бүрэн сэргийлэх дархлаа нь та бид өөрсдөө. Хүүхдээ, хань ижлээ, найз нөхдөө хар тахлаас хамгаалах дархлаа нь хайр, халамж, хариуцлага гэдэг дүгнэлтэд бид хүрч байна.