АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод буй Дональд Трамп түүний засаг захиргаа бүтэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээр үндэсний хэмжээнд хилийн онц байдал зарлаж, хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчнийг дайчилна гэж мэдэгдлээ.
"Judicial Watch" консерватив бүлгийн ерөнхийлөгч Том Фиттон нийгмийн сүлжээнд "Дараагийн засаг захиргаа цагаачлалын талаар Байдены хэрэгжүүлсэн буруу бодлогыг залруулахын тулд цэргийн хүчээр албадан гаргах хөтөлбөр хэрэгжүүлнэ" хэмээн бичсэнийг Д.Трамп "ҮНЭН!!!" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ .
Сонгуульд ялалт байгуулж Цагаан ордонд эргэн ирэх нь тодорхой болсон өдрөөсөө хойш Дональд цагаачлалын талаар хатуу байр суурь баримталж, хууль бус оршин суугчдыг албадан гаргах сонгуулийн амлалтаа биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь ч онц байдал зарлаж цэргийн хүч болоод муж улсын эрх баригчдын дэмжлэгт тулгуурлан цагаачлалын хатуу бодлого хэрэгжүүлэхийг санал болгож байв.
АНУ-д хууль бусаар оршин сууж буй 11 сая хүнийг албадан гаргахад зэвсэгт хүчнийг ашиглах нь Конгресс дэх Ардчилсан намын хууль тогтоогчдоос эсэргүүцэлтэй тулах нь мэдээж. Тэдний зарим нь Трампын албадан гаргах хөтөлбөртэй хамтран ажиллахаас татгалзана гэдгээ аль хэдийн мэдэгдээд буй. Гэхдээ Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх засаг захиргааны бүрэлдэхүүнд цагаачлалын талаар хатуу байр суурьтай улстөрчдийг сонгон оруулж байна. Түүний өмнөх багт Цагаачлал, гаалийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Том Хоман гэхэд хатуу байр сууриараа “Хилийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн нэгэн. Энэ удаад Хоман АНУ-ын хилийн асуудал эрхэлсэн даргаар томилогдож хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагааг удирдах нь тодорхой болсон. Харин Цагаан ордны бодлогын асуудал эрхэлсэн орлогч даргын албан тушаалд сонгогдсон Стивен Миллер хууль бус болон хууль ёсны цагаачлалыг бууруулах төлөвлөгөөг боловсруулах гол хүмүүсийн нэг гэж ажиглагчид үзэж байна.