УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Ч.Лодойсамбуу, Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Гашуун сухайт-Ганц мод боомтын төмөр замтай холбоотой асуудлаар БНХАУ-ын талаас манайд санал ирсэн тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар бүлгийн хуралд мэдээлэл өглөө. Гашуун сухайт-Ганц мод боомтын асуудал Монгол Улсын хувьд 20-иод жилийн улс төрийн халуун сэдэв байсан. Уул уурхайгаас маш өндөр хамааралтай орон болсон. Уул уурхай дотроо нүүрснээс маш их хамааралтай. Тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс Гашуун сухайт-Ганц модны боомтоор ямар ч саадгүй гарч байх шаардлагатай. Тиймээс хил холболтын асуудал чухал. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын талд баригдсан төмөр замыг ашиглах нь эдийн засгийн хувьд нөлөөтэй учраас сайн ярилцаад явуулах ёстой гэж үзсэн. Бүлгээс энэ асуудлаар тодорхой томъёолсон санал гаргаагүй, цаашдаа УИХ-д танилцуулагдаад явна.
Хоёрдугаарт, бид Улаанбаатар хотын агаарын бохирдол болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг даргын орлогчийн ярьснаар V цахилгаан станцыг ирэх дөрвөн жилд барихаар төлөвлөж байгаа юм байна. Гурван сарын өмнө УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ тухай тусгаагүй. Тэгэхээр Засгийн газраасаа тусдаа V цахилгаан станц барих гэж байгаа юм уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Эрчим хүчний яам нь оролцдоггүй эрчим хүчний байгууламж байж болох уу.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу: -Нийслэлээс агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр танилцуулга хийхээр орлогч дарга нь болоод бусад албаных хүмүүс нь ирсэн. Мэдээллийг хангалттай өгсөнгүй. Х.Нямбаатар дарга томилолттой гээд ирээгүй. Тийм учраас Х.Нямбаатар даргыг өөрөө биеэрээ байлцаж мэдээлэл өгөх ёстой гэж бүлэг үзлээ. Ер нь УИХ-аас Нийслэлийн Засаг даргад асуудал хэлээд арга хэмжээ авч чадахаа байсан. УИХ-ын зүгээс тодорхой ажлын санал тавьж байсан. Миний хувьд өмнө нь Х.Нямбаатар даргад явган хүний зам засвартай холбоотой асуудлаар танилцая гэдэг санал тавьж байсан, эрүүл мэндийн чөлөө авсан гэж байсан ч худлаа хэлсэн. Дөнгөж томилогдсон Засаг даргын орлогч явуулчихаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийх ажлыг нь асуухаар мэдэхгүй байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан: -Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Орон гэртээ сайжруулсан түлшний улмаас угаартаж амиа алдсан эмгэнэлтэй тохиолдол олон гарсан. Гэтэл энэ жил сайжруулсан түлшээ дахиад л түлнэ гэсэн хариултыг нийслэлээс өгч байна. Сайжруулсан түлшний улмаас хүхрийн агууламж нэмэгдэж байгаа гэлээ. Мөн гишүүдийн асуусан асуултад хангалттай хариулт өгч чадахгүй байна. Агаарын бохирдолттой тэмцэх үндэсний хороог 2023 оны арваннэгдүгээр сард татан буулгасан байна. Улсын нэгдсэн төсөв маш их хэмжээгээр тэлсэн байгаа. Зэс, алт, нүүрснээс мөнгө олж чадаж байгаа бол нэг номерт агаарын бохирдолтой тоэмцэх ёстой. Нийслэлд өнгөрсөн онуудад маш их хэмжээний төсөв тавьсан. Тухайлбал, 2024 оны төсвийн тодотголд нийслэд маш их хэмжээний мөнгө тавигдсан. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөхөд 584.3 тэрбум төгрөг суулгасан. Газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй байгаа гэлээ. Нийслэл өөрөө бонд гаргаад улсын өр нэмээд явж байгаа. Бондоос татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүрээнд Сэлбэ дэд төв дээр чөлөөлсөн газар дээр нийслэл өөрөө захиалгачаар нь ажиллаад 240 тэрбум төгрөгөөр орон сууц бариулах гэж байгаа. Есдүгээр сард тендер зарласан. Нийслэл өөрөө орон сууц барьдаг арга руу шилжиж байгаа. Чөлөөлсөн газраа дуудлага худалдаагаар хувийн хэвшилдээ шилжүүлдэггүй юм уу. Хувийн хэвшлийн хийж чадах ажил дээр нийсэлэл яагаад ажиллаад байна вэ. Нийслэлээс ирсэн хүмүүс энэ асуудал дээр хангалттай хариулт өгөхгүй байна. “Сэлбэ” дэд төвийн хүрээнд 824 тэрбумын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байгаа хэрнээ 12 мянган айлын орон сууц барих болж байна. Хот өөрөө орон сууц барина гэхчлэн мөнгө угаасан хэлбэрийн арга хэмжэ авагдаж байгаа нь хангалтгүй байна. Нийслэлийн удирдлагаас асуулт асуусан ч хариулт өгч чадсангүй. Х.Нямбаатар даргыг ирж хариулт өгөхийг хүсч байна.