Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан үнэ нэмэх талаар танилцууллаа.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун "Сүүлийн үед эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэлтэй асуудал олон нийтийн дунд хүчтэй яригдаж байгаа. Эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Цахилгаан, дулаан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн үнээс нь хямд буюу алдагдалтай үнээр борлуулж байгаатай холбоотойгоор их хэмжээний алдагдал үүсэж байна. Үүний улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч байна. Тиймээс үнэ тарифын үнийг зайлшгүй авч үзэх шаардлагатай тулгарч байна. Бид үнэ тарифыг өөрчлөхдөө хоёр зүйлийг авч үзсэн. Нэгдүгээрт, цахилгаан дулааны үнийг өөрийнх нь өртөгт хүргэх арга хэмжээ авч байна. Үүнд ямар нэг ашиг тооцогдоогүй. Хоёрдугаарт, хэрэглэгчид дээр ачаалал бага очих хувилбарыг сонгож хэрэгжүүлж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөхөөр шийдсэн. Аж ахуйн нэгж, айл өрхүүд энэ халаалтын улирал буюу ирэх тавдугаар сар хүртэл хуучин үнээр төлбөрөө төлнө. Цахилгааны үнийн тухайд аж ахуйн нэгж байгууллагын үнэ тарифыг 30 хувиар өөрчлөлт оруулж байна. Айл өрхийн хувьд, шинэ аргачлал оруулж ирсэн. Нэгдүгээрт, хэрэглээнээс хамаарсан шаталсан тарифыг шинээр мөрдүүлж эхэлж байна. Энэ нь хэрэглэгч хэрэглэж байгаа эрчим хүчнийхээ хэрэглээнээс хамаараад төлбөрөө төлнө гэсэн үг. 0-150 квт.цаг хүртэлх хэрэглээг 140 төгрөгөөр тооцож байгааг 175 төгрөг болгосон. 150-300 квт.цаг хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр тооцно. 300 квт.цагаас илүү хэрэглээг өртөгт нь хүрч байгаа үнэ буюу 285 төгрөгөөр тооцно. Тухайн айл өрх сард 350 квц цахилгаан хэрэглэсэн бол эхний 150-ыг 175 төгрөгөөр, 150-300-г нь 256 төгрөгөөр бодно. 300-аас илүү гарч байгааг 285 төгрөгөөр тооцно. Энэ нь олон улсад мөрдөгддөг тооцоолол. Хэрэглээгээ хэмнэсэн тохиолдолд бага үнээр бодогдож, бага төлбөр бодогдоно. Ахуйн хэрэглээний хувьд, 1 квт.цаг цахилгаан эрчим хүч дээр 35-131 төгрөгийн өөрчлөлт орж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 788 мянган цахилгааны ахуйн хэрэглэгч байдаг. Үүний 45 хувь нь 0-150 квт.цаг, 40 хувь нь 150-300 квц-ын хэрэглээтэй байдаг. 10 гаруй хувь нь 300 квт.цагаас илүү хэрэглээтэй байна.

Оргил ачааллын тарифыг шинээр гаргаж байгаа. Хэрэглэгч хэрэглээгээ зохицуулаад, гурван тарифт тоолуулаар тооцоолно гэвэл шөнийн тариф илүү хямд байхаар тооцоолсон. Айл өрхийн хувьд, хүмүүс асуудал тавьж байгаа. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айл өрх байгаа. Тиймээс гэр хорооллын айл өрхийн шөнийн хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ. Хуучин журам үргэлжилнэ. Нийгмийн туслалцаа дэмжлэг шаардлагатай айл өрх гэсэн ангилал өмнө нь байсан. Энэ ангиллын тарифт ямар нэг өөрчлөлт оруулаагүй, хэвээр мөрдөнө. Цахилгааны тарифын өөрчлөлт өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө" гэв.