Сонгуулийн дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гарган олон асуудлаар ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үүнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, тэрээр өөрт нь мэдэгдэлгүйгээр хоёр хуулийн ажлын хэсгийг ахлуулах, долоон ажлын хэсэгт ажиллах шийдвэр гаргасан гэдгийг хэллээ. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үүнийг нь үгүйсгэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Парламент бол дээрээ ямар нэгэн даргатай бус Монголын ард түмэн гэсэн ганцхан даргатай, олон ургальч үзэлтэй, ардчилсан тогтолцооны баталгаа болсон бүтэц. УИХ-ын дарга маань их олон ажлын хэсэг байгуулсан. Одоо бараг 60 хүрсэн байх. Энэ нь Байнгын хороодыг хүчгүй сул болгож байна. Өөрөөр хэлбэл, Байнгын хороодоос ажлын хэсэг байгуулах шаардлагагүй болж байна. Хоёрдугаарт, сайд нарын эрх асуудлын хүрээний бодлогын асуудлыг УИХ хариуцах юм уу, Засгийн газар хариуцах юм уу гэсэн асуулт үлдээж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулан оруулж ирэх ажлын хэсгийг Н.Наранбаатар гишүүн ахалж байгаа юм билээ. Тэгэхээр энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх асуудлыг Н.Наранбаатар хариуцах юм уу, Ц.Туваан хариуцах юм уу.
Урьд нь ажлын хэсэгт оруулах асуудлаар тухайн гишүүнээс нь асууж шийддэг байсан юм. Гэтэл надтай огт ярилцахгүйгээр намайг долоон ажлын хэсэгт оруулсан байна лээ. Бас би хоёр ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Тухайлбал, Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа юм билээ. Би энэ хуулийг эсэргүүцсэн болохоос ажлын хэсгийг нь ахалъя гэж ерөөсөө хэлээгүй. УИХ бол даргын тушаал шийдвэрээр ажилладаг байгууллага биш. Юун дээр ажиллах, ажиллахгүйг ч дарга заах ёсгүй. Ингэж ажлын хэсэгт оруулж байгаа хэрнээ найман жилийн турш судалгааг нь хийсэн төрийн өмч, компанийн засаглэлын асуудлаарх ажлын хэсэгт оруулахгүй юм. Асуудалд үзэмжээр хандаад байгаа юм уу?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -Сүүлийн үед гөрддөг боллоо. УИХ-ын Тамгын газар зар тавиад, биечлэн уулзаад бүгдээс нь ямар ажлын хэсэгт орж ажиллах вэ гэдгийг нэг бүрчлэн асуусан. Гэтэл улаан цагаан гөрдөж ярьдаг асуудал хэрээс хэтэрлээ. Нотлогдоогүй янз бүрийн асуудлаар гөрдөж байна. Гэхдээ яахав попроод яваад байж болно. Тэр бол гишүүний эрхийн асуудал.