Исланд улсад өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, 39.1 хувийн саналаар бие даан нэр дэвшигч Гудни Йоханнэссон ялжээ. Түүхч мэргэжилтэй тэрээр өнгөрсөн ням гарагт 48 насныхаа төрсөн өдрөөр улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Панамын материалууд гэж нэрлэгдсэн 11.5 сая нууц бичиг баримт задарч дэлхийн нийтэд ил болсон билээ. Тус бичиг баримтуудад тухайн үеийн Ерөнхий сайд Сигмундур Дэвид Гунлугсоны нэр байсан бөгөөд түүнийг нууц хөрөнгөтэй, мөнгө угаасан хэрэгт буруутгасан. Исландчууд хээл хахуульд холбогдсон Ерөнхий сайдаа эсэргүүцэн, 10 мянга гаруй хүний эсэргүүцлийн жагсаал хийсэн юм. Улмаар Гунлугсон Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцроход хүрсэн юм.

Уг үйл явдал исландчуудад улстөрчдөд итгэх итгэлийг бууруулсан хэмээн шинжээчид үзэж байна. Тиймээс исландчууд энэ удаа бие даагчдад илүү итгэл үзүүлжээ. Йоханнэссоны араас 27.9 хувийн саналаар хоёрдугаарт жагссан бизнес эрхлэгч Халла Томасдоттир ч мөн л намын харьяалалгүй бие даан нэр дэвшжээ. Харин Йоханнэссоны гол дайсан гэгдэж байсан Консерватив намын харьяалалтай, Ерөнхий сайд асан Дэвид Оддсон 13 хувийн санал авсан байна.

Ийнхүү Иоханнэссон 1996 оноос хойш 20 жилийн турш Ерөнхийлөгчөөр ажилласан 73 настай Оулавюр Рагнар Гримссоны халааг авахаар боллоо.