ТЕХНОЛОГИ, ШИНЖЛЭХ УХААН ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ, БИДНИЙ АМЬДРАЛД ОРЖ ИРСНЭЭР ОЛОН АСУУДЛЫГ ХӨНГӨВЧИЛЖ БАЙНА. МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ГЭЖ АТМ ГҮЙДЭГ, ЗЭЭЛ АВАХ ГЭЖ БАНКАНД ОЧДОГ, ҮҮР ШӨНИЙН ЗААГААР ЭМНЭЛГИЙН ГАДАА ДУГААРЛАДАГ, ТАТВАР, ШИМТГЭЛЭЭ ТӨЛӨХ ГЭЖ ДУГААРЛАН ЗОГСДОГ ЦАГ ХЭДИЙНЭ АРД ХОЦОРЧЭЭ. ЦАГ, НЕРВ, САНХҮҮГЭЭ БАРДАГ БАЙСАН ЭНЭ ЦАГ ҮЕ ЕРДӨӨ САЯХНЫХ Ч БИД ТЕХНОЛОГИЙН АЧААР БАРАГ МАРТАЖ БАЙНА. ӨДӨР, ӨДРӨӨР БИДНИЙ АМЬДРАЛ АМАР ХЯЛБАР БОЛЖ БУЙ Ч САЙНЫГ ДАГАЖ СААР ДУТСАНГҮЙ.

Монголчуудын хэтийдсэн цахим хэрэглээ
Монгол Улс интернэт хэрэглэгчдийн тоогоор дэлхийд Монголчуудын тэргүүлнэ. интернэтийн хэрэглээний түвшин төв Азийн улсуудаас нэг пунктээр, өмнөд Азийн улсуудаас 19 пунктээр, Зүүн Африкийн улсуудаас 37 пунктээр тус, тус илүү байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан “Иргэдийн интернэтийн хэрэглээний талаарх суурь судалгааны тайлан”-д дурдсан байдаг.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсын интернэт хэрэглэгчийн тоо 2023 онд 2 536 900-д хүрсэн.
Монгол Улсын 18-64 насны иргэд өдөрт дунджаар 433 минутыг интернэт орчинд идэвхтэй өнгөрүүлж буй. Долоон цаг гаруй хугацаа гэсэн үг.
Гэтэл “Datareportal”-аас жил бүр гаргадаг судалгаагаар 2024 онд хамгийн их цагийг цахим орчинд зарцуулж буй улсаар Кени улс шалгарсан бөгөөд 3 цаг 53 минутыг зарцуулдаг гэсэн судалгаа гарсан нь бид хэтийдсэн их хэрэглээтэйг илтгэнэ.
Технологийн “шид”-ээр үйлдэгдсэн гэмт хэргүүдийн үнэмлэхүй өсөлт
Хэтийдсэн энэ хэрэглээг дагаад технологийн ид шидийг ашигласан гэмт хэрэг секунд, минут, хормоор өсөн нэмэгдэж байна. Цагдаагийн ерөнхий газраас цахим гэмт хэргийн талаарх тоо баримтыг сонирхвол, 2023 онд цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг 9270 бүртгэгдсэн бол он гарсаар эхний есөн сарын байдлаар 7900 гэмт хэрэг бүртгэгджээ.
2024 оны эхний есөн сард цагдаагийн байгууллагад нийт 32492 гэмт хэрэг бүртгэгдсэний 7900 буюу 24.3 хувийг цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн байна. Дөрвөн хэрэг тутмын нэгийг цахим хэрэгсэл ашиглан үйлдэж байгаа аж.

Үүнээс гадна технологи ашиглан бусдыг заналхийлсэн 40, мөрийтэй тоглоом зохион байгуулсан 38, хүчиндэх 15, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах 21 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэхдээ энэ бол зөвхөн бүртгэлтэй тоо. Энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчдын 70 хувь нь цагдаагийн байгууллагад бүртгүүлдэггүй гэсэн статистик бий.
Цахим хэрэглээг дагаад технологид суурилсан хүчирхийллийн тоо жил бүр нэмэгдэж, 2021 онд 4825 байсан бол 2022 онд 8563 болж 77.5 хувиар өссөн үзүүлэлт бий.

Цахим гэмт хэргийн хамгийн хорлонтой нь
Цахим гэмт хэргийн үнэмлэхүй олонхийг залилах гэмт хэрэг эзэлж буй. Гэвч технологи ашиглан үйлдэж буй гэмт хэргүүдээс хамгийн хорлонтой, үхэлд хүртэл хүргэж буй нь технологи ашигласан хүчирхийлэл. Дургүй хүрсэн нэгнээ цохиод авдаг байсан цаг ард хоцорч, “Бичлэгийг чинь олон нийтийн сүлжээнд тавиад чамайг байхгүй болгоно...” гэж сүрдүүлдэг болов. Нэр, нүүрээ хаасан хаягаас дургүй нэгнээ хүссэнээрээ, өөрийн санаснаараа гүтгэн доромжилж нэр төрд нь халдах болов. Нэгнээ намнахын тулд санаатайгаар болон зорилготойгоор зохион байгуулалттай зураг авч, дүрс бичлэг хийн гутамшигтайгаар доромжилно. Үе тэнгийн хүүхдүүд нэгнээ амиа хорлох хүртэл нь үеэрээ нийлж буллидэн сэтгэл санааг нь сийчиж орхино.
Эхнэр эсвэл нөхрийнхөө утсанд байршил тогтоогч программ суулгаж, алхаж гишгэх, 00 орохыг нь хүртэл мөрдөж, үүгээр ч зогсохгүй бүхий л дансыг нэгд нэгэнгүй шалгаж, худалдан авсан баримт бүрийнх нь учир шалтгааныг эрнэ. Эсвэл гэртээ болон ажлын байрандаа нууц камер байршуулж, мөрдөн мөшгөнө. Харамсалтай нь эдгээр нь гэмт хэрэг мөн боловч бид үүнийг гэмт хэрэг гэж ойлгох сэтгэхүйгүй, нөгөө талаас энэ төрлийн шинэ гэмт хэргийг зохицуулах хуулийн нарийвчилсан зохицуулалт алга.
Технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийлэл нь тодорхой орон зайнаас үл хамааран бидний эргэн тойронд доорх хэлбэрээр үйлдэгдэж байна гэж үзэж буй.
- Cuber bulling буюу цахим дээрэлхэлт
- Цахимаар өдөөн хатгах, доромжлох
- Бусдыг дарамталж, хувийн цахим хэрэглээний нууц үгийг хулгайлж, харилцаа холбоо, мэдээллийг хянах, хязгаарлах, мөшгих, дарамтлах
- Нууцаар эсвэл хүчээр гэрэл зураг, дуу-дүрсний, эсвэл дүрсний бичлэг хийж дарамтлах- Бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох
- Хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд түгээх- Цахим орчинд мөшгих (өнгөрсөн болон одоо үеийн амьдралыг)

"Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандагсад дунд бие махбодийн хүчирхийллийн хэрэг давамгайлдаг байсан бол сүүлийн үед цахимаар доромжлуулсан, нэр төрд халдсан, мөрдөн мөшгүүлсэн гэх мэт хэргээс гадна хууран мэхлэх, гэр бүлийн гишүүнээ дарамталж аппликэйшнээр зээл авах, өрөнд оруулах, хөдөлмөрийн мөлжлөгт оруулах гэх мэт хэлбэрүүд нь улам нарийн болж байна."

"Манай төвд хандаж буй 10 хүн тутмын 6-7 нь технологи ашиглан үйлдэгдсэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн асуудлаар хандаж үйлчилгээ авч байна."
“Шинэ” хэргийн “байхгүй” зохицуулалт
Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” төслийн хүрээнд хараат бус судлаач Л.Ариунзул “Технологийн тусламжтай үйлдэгддэг жендэрт суурилсан хүчирхийлэл” судалгааг хийж гүйцэтгэжээ.
Судалгааны дүнг нийтэд түгээх хараахан болоогүй ч энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой асуудал манай улсад шинэ ойлголт гэдэг нь судалгаагаар батлагджээ. Мөн Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг сайжруулах, хуульд нарийн зүйл заалт оруулж өгөх шаардлагатайг олж тогтоосон байна.

"Сүүлийн жилүүдэд технологи ашигласан гэмт хэргийн төрөл зүйл нэмэгдэж байна. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь хүйсийн ялгаатай байдлаас улбаатайгаар хохирогчид бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийлэл үйлдэх нь хүний эрхийн ноцтой зөрчил, гэмт хэрэг юм. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь далд үйлдэгддэг, давтагдах тусам улам даамжирч, хүний нэр төрд холбоотой гэмт хэрэг байдаг ба технологи ашиглан үйлдэгдэхээрээ илрүүлэхэд улам бэрхшээлтэй болгодог."
Саяхан нэг охин жирэмсэн болсныг сургуулийн орчинд түгээж, хүүхдүүд цахим орчинд тарааснаар тэрхүү охин амиа хорлосон хэрэг гарсан.
"Тиймээс бид уг асуудалд төрийн холбогдох байгууллагууд бүртгэлжүүлж чадаж байгаа эсэх, хүний нөөцийн бэрхшээл байна уу, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн хүрээнд ямар шийдэл, гаргалгаа байна гэдгийг хамтран хэлэлцэж байна."

"Гэмт хэрэгтэн бэлгийн хүчирхийллийн сэдлээр интернэт орчинд холбоо тогтоож байна. Гэтэл манай улсын Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэгдэж, хохирсны дараагаар арга хэмжээ авдаг. Ийм төрлийн гэмт хэргийг хуульд хуульчилж оруулаагүйн улмаас гэмт хэрэгтнүүд ял завших асуудал гарч байна."

"Шинжлэх ухаан, техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед гэмт этгээдүүд гэмт хэрэг үйлдэхдээ технологийг гэмт үйлдлийнхээ арга болгон ашигладаг болсон. Ялангуяа сүүлийн үед бага насны болон насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үйлдэхдээ технологийг ашиглах нь ихсэж байна. Ийм төрлийн гэмт хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байх явцад “Хохирогч сайн дураараа холбогдогчтой харилцаж байсан”, “Хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн” гэдэг үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн ял шийтгэл оногдуулж байгаа нь нийгмийн хор аюул их гэмт хэрэгт ял шийтгэл тохирохгүй байна гэж үзэж буй. Тиймээс хуульчдын хандлага, хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий гэж харж байна."
Өөр нэгэн бэрхшээл буй нь технологийн гэмт хэрэгтэй тэмцэх ур чадвар. Нотлох баримтаа устгах тохиолдол энэ төрлийн гэмт хэрэгт цөөнгүй давтагддаг байна. Судалгааны явцад гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэж байгаа хууль хүчний байгууллага, цагдаа, шүүх, прокурорын чадавх ямар байгааг судалж үнэлгээ хийхэд нотлох баримтыг бэхжүүлэх, устгасан тохиолдолд сэргээх программ хангамж шаардлагатай байгаа төдийгүй мөрдөн байцаах ур чадварыг сайжруулах шаардлагатайг тогтоосон байна.
Мөн энэ хэрэгт өнөөдрийг хүртэл хохирогчид сэтгэл санааны хохирлоо хэрхэн яаж барагдуулах нь тодорхой бус байна. Хохирогч болсон хүмүүст дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа ч мэргэжлийн сэтгэлзүйчид дутмаг байна гэж албаныхан хэлсэн. Технологийн тусламжтайгаар үйлдсэн гэмт хэргийн хохирогчдын 70 орчим хувь нь цагдаа шүүхийн байгууллагад ханддаггүй, нуун дарагдуулдаг гэдгийг судлаачид мөн тогтооосон байна. Тиймээс албан болон албан бус боловсрол олгохдоо технологи ашиглан үйлдэж буй гэмт хэргээс сэргийлэх мэдээллийг цогц байдлаар олгох хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.
Орон нутагт ч цахим булли хүчээ авсаар
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг Монгол орны баруун хязгаар Ховд аймагт ажиллажээ. Энэ үеэр “Үе тэнгийн дарамт, хүчирхийлэл, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх арга зам, Хүүхэд хамгааллын тухай хууль” сэдэвт сургалтыг Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, сургалтын нийгмийн менежер, ахлах ангийн сурагчдад орсон юм. Гэтэл сургалтад оролцогчдын зүгээс цахим гадуурхалт, дээрэлхэлт нэмэгдэж байгаад сэтгэл зовниж байгаагаа Комисст илэрхийлсэн байна. Энэ төрлийн дарамт, хүчирхийлэл, дээрэлхэлтийн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн нийгмийн давхаргын ялгаатай байдал буюу амьжиргааны түвшин, хувь хүний ялгаатай байдал, хүүхдийн сэтгэл зүйн гэмтэл, харилцааны зөрчил, үл ойлголцол, гэр бүлийн хүмүүжил, гэр бүл салалт, гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, архидалт зэргээс үүдэлтэй байгаа талаар мөн өгүүлсэн байна.
Автобусанд утсаа суйлуулчихаад камер шүүлгэхээр очвол хижээл насны эгч “Урьд нь бэлэн мөнгө, түрийвчээ хулгайд алдлаа гэдэг байсан бол одоо утсаа л алддаг болжээ” гэж байв. Үүнтэй адил хүчирхийллийн гэмт хэрэг ч өнгөө хувиргаж, бие мах бодид халддаг байсан цаг өнгөрч, технологи ашиглан хүчирхийлсэн хэрэг ийнхүү үнэмлэхүй өсөж байна. Хуулийн зохицуулалтыг даруйхан шийдэж өгөхгүй бол энэхүү хэргийн хор хохирол үлэмжээр хэмжигдэх нь.