Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 16, 17-нд "Кармен" дуурийг толилуулах гэж байна. Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзан дээр ихээр харуулдаг энэхүү бүтээл нь анх 1875 онд нээлтээ хийснийхээ дараа ихээхэн шүүмжлэл сонсож байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болсон юм.

П.Меримегийн алдар сууг гэрчлэх гайхамшигт бүтээл "Кармен хүүхэн" зохиолоос сэдэвлэн дэлхийн хөгжмийн гайхамшиг "Кармен" дуурь бий болсон түүхтэй. Хувь зохиол нь ч, зан араншин нь ч халуухан, эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа "Кармен" дуурь гайхалтай юм.

Уг дуурьт гардаг аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн, цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийдэг наймаачид, 19-р зууны Севиль хотыг бодитоор нь бүтээдэг юм. 1985 онд энэхүү бүтээл УДБЭТ-ын тайзнаа монгол хэлээр анх тавигдсан түүхтэй. Түүний дараа буюу бүтээснээс нь 30 жилийн дараа 2013 онд дахин шинээр, франц хэл дээр, анхны эхээр нь тавьсан юм.

Бямба гарагт толилуулах Карменд гавьяат жүжигчин М.Дариймаа, ням гарагт толилуулах Карменд Т.Чулуунчимэг дуулна.

Дүрийн танилцуулгыг хүргэе.

Монголын анхны Кармен ардын жүжигчин Т.Баадайжав гуай бөгөөд тайзнаа тавигдсанаас хойш нийт есөн Кармен мэндэлсэн юм.

Анхны Кармен Ардын жүжигчин Д.Баадайжав

2 дахь Кармен Ардын жүжигчин Ч.Мөнхшүр

3 дахь Кармен Гавьяат багш Ц.Ерөө

4 дэх Кармен Ардын жүжигчин А.Долгор

5 дахь Кармен Буриад улсын ардын жүжигчин Д.Долгормаа

6 дахь Кармен Гавьяат жүжигчин Р.Доржхорол

7 дахь Кармен Ц.Арюна

8 дахь Кармен М.Дариймаа

9 дэх Кармен Т.Чулуунчимэг

Хэрвээ та уг дуурийг үзэхээр шийдсэн бол либреттог заавал уншаарай.

"Кармен" дуурийн либретто

Нэгдүгээр үзэгдэл

Испанийн өмнө зүгт Севил хотод талбай дээр хамгаалагч цэрэг, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн дунд Кармен харагдсангүй. Тэнд байсан эрчүүд Карменыг өөрийн амрагаа болгохыг мөрөөдөж байлаа. Кармен “Хабанера”-г дуулж байлаа. Дон Хозе Карменыг яагаад цэцгийн баглаа түүн рүү шидсэн болох, түүний сэтгэлийг өөртөө татсан болохыг ойлгосонгүй. Цэргүүд Карментай хамт ажилладаг тамхины үйлдвэрийн эмэгтэйчүүдийн хоорондох зодооныг зогсоохоор ирээд, Карменыг шоронд хорихоор шийдэв. Кармен хэрвээ түүнийг суллаж явуулбал түүнийг хайрлах болно гэдгээ Дон Хозед амлалаа.

Хоёрдугаар үзэгдэл

Дэн буудалд Карменыг бүжиглэж байхад, залуухан бухтай тулалдагч Эскамилио ирэн түүнд татагдана. Харин Кармен дөнгөж шоронгоос гаргаад байсан Дон Хозегоо хайрласаар л байлаа. Хайрт Дон Хозег нь цэргийн хорооноос нь дуудаж байгаа бүрээний дуу сонсогдоно. Тэр үед Дон Хозед зориулан Кармен бүжиглэж дуулж байлаа. Дон Хозе цэргийн хороо руугаа явсангүй. Эцэстээ Дон Хозе хориотой наймаа хийхээр шийдэн Карментай хамт явлаа.

Гуравдугаар үзэгдэл

Хориотой, хууль бус наймаачид ууланд явж байх үеэр Дон Хозе өөрийнхөө эхийг санагалзаж байгааг харсан Кармен эхийгээ хайхаар явахыг түүнд зөвлөлөө. Кармен хөзрөөр өөрийгөө мэргэлтэл түүний үхэл тун ойрхон, хажууд ирсэн тухай мэргэнд буулаа. Бүх наймаачдын дунд Дон Хозе Карменыг хардана. Кармены шинэ хайр Эскамилиог болсон тухай бүгд ойлгоно.

Дөрөвдүгээр үзэгдэл

Севил хотын баяр дээр Эскамилио бухын тулаанд бэлдэж байх үеэр эмэгтэйчүүд цугларсан бөөн хүмүүсийн дунд Дон Хозег нуугдаж байна хэмээн Карменд сануулав. Кармен, Дон Хозе хоёрын нүүр тулгарах мөчид Дон Хозе түүний амийг хөнөөснийхөө дараа, “Би Карменд маш их хайртайдаа түүнийг алчихлаа, намайг баривчлаач” хэмээн хэлснээр төгсөнө.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 30-80 мянган төгрөгийн үнэтэй.