Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулж, мөн криптовалютыг дэмждэг зарим нэр дэвшигч Конгресст сонгогдсоны дараа биткойны ханш 81,000 ам.доллар давж шинэ дээд амжилт тогтоолоо.

Дэлхийн хамгийн алдартай криптовалют нэгдүгээр сард 38,505 ам.долларын ханштай байсан юм. Ням гарагт ханш 81,899 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосны дараа бага зэрэг суларч 81,024 дээр тогтворжжээ.

Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ыг дэлхийн крипто нийслэл болгож, биткойны стратегийн нөөц бүрдүүлнэ гэж амласан. Тэрээр мөн дижитал хөрөнгийг дэмжигч санхүүгийн зохицуулагчдыг томилж, Үнэт цаас, биржийн хорооны дарга Гари Генслерийг ажлаас нь чөлөөлнө гэж мэдэгдэж байв. Гари Генслер нь криптовалютын арилжааг хязгаарлах ажлыг удирдаж байсан юм.

Биткойноос гадна Трампын гол дэмжигч, тэрбумтан Илон Маскийн сурталчилдаг ether, dogecoin зэрэг бусад криптовалютын ханш ч өссөн байна.