Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар улсын төсөв батлах нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд Улсын Их Хурал төсвийг хэлэлцэх эрх, мөн үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд бид өнөөдөр Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа.

Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа.

Өнөөдрийн хүрсэн үр дүнг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлт, сэргэлтийг хадгалж, цаашид тогтвортой авч явах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн чин эрмэлзэл байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

УИХ-ын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргалаа. Иймд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байна.

Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлыг Засгийн газраас дахин нягталж, төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгож байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахад Засгийн газар анхаарах ёстой" гэлээ.