“Дүүрэг, хорооны оршин суугч тэр мөн үү. Танай хороонд ямар хүн нэр дэвшиж байгаа вэ. Мэдээлэл бий юү. Би тэр нэр дэвшигчийн штабаас ярьж байна. Манай нэр дэвшигчийг дэмжээрэй” гэж орон нутгийн сонгуулийн өмнө олон хүн утас цохилоо.

Тэр өдрүүдэд сошиал ертөнцөд “Ийм тийм дугаараас “хэнийг дэмжих вэ” гэж асуулаа” гэх постны илэрц олон байлаа. Дөрвөн сарын өмнө болсон УИХ-ын сонгуулиар ч ийм сурталчилгаа, тандалт судалгаа нэлээд идэвхтэй байсан. Сонгуулийн сурталчилгаа, судалгаа ч яах вэ, хийж болох. Гол нь хүний хувийн мэдээллийг хаанаас, хэрхэн авч байна вэ гэдэг анхаарах асуудал болоод байна.

Овог нэр, гэрийн хаяг, регистр, утасны дугаар гээд энгийн мэдээлэл мэт боловч хуулиар хамгаалагдсан хүний хувийн мэдээлэл. Регистрийн дугаараар л гэхэд хаана, хэзээ төрсөн хийгээд бусад төрлийн хувийн мэдээллийг мэдэх боломжтой. Мөн хүний бүхий л мэдээллийг агуулах цахим платформууд бүгд утасны дугаартай холбоотой. Гэрийн хаяг, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл ч аюулгүй байдал талаасаа тарааж болох мэдээлэл яавч биш. Гэвч хэн нэгэн нэр дэвшигчийн сонгуулийн штаб эсвэл аль нэг төрийн бус байгууллагад хүний амьдардаг хаяг байршил, овог нэр, утасны дугаар, ажлын газрын мэдээлэл байна гэдэг байж боломгүй асуудал. Бүр хууль зөрчсөн үйлдэл.

Гэмт хэрэгт гүйцэтгэх холбогдсон ажилллагаанаас болон бусад тохиолдолд иргэний зөвшөөрлөөр хувийн мэдээллийг нь боловсруулж, үйлчилгээ үзүүлэх зохицуулалтай. Харин хуулийн хувийн мэдээллийг хариуцагч байгууллага бусдад дамжуулах, өөр зорилгоор ашиглахыг хуулиар хориглодог. Гэвч хүний хувийн мэдээлэл хариуцдаг субъектүүдээс хууль зөрчиж, хувийн мэдээлэл дамжуулж байгаа нь сонгуулийн энэ үйл явцаас мэдэгдэж буй.

"Регистрийн дугаар хүний хувийн мэдээлэл бөгөөд үүгээр дамжуулан хүний бусад олон төрлийн хувийн мэдээллийг авах боломж бүрддэг. Тиймээс хувийн мэдээллээ хамгаалахыг зөвлөж байна. Нөгөө талаас хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр, эсвэл хуурч төөрөгдүүлэх замаар авах нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, сонгуулийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох тул нам, эвсэл, нэр дэвшигч, тэдгээрийн сонгуулийн үйл ажиллагаанд ажиллаж буй албан хаагчдад хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэдгийг анхааруулж байна."

Мэдээлэл хадгалагчдыг хариуцлагажуулъя

Сонгуулийн үеэр гомдол мэдээлэл, хэрэг зөрчлийг холбогдох байгууллагууд шийдвэрлэдэг. Хүний хувийн мэдээлэлтэй холбоотой хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллага хянан шийдвэрлэнэ. Цагдаагийн байгууллагаас сонгуулийн үеэр энэ төрлийн гомдол мэдээлэл хэр их ирдэг, хаанаас мэдээлэл задруулдаг талаар тодруулахад тодорхой мэдээлэл өгсөнгүй. УБЕГ-аас сонгогчдын нэрсийн жагсаалтыг нам, эвсэл, хэсгийн хороодод хуулийн хугацаанд өгдөг. Гэхдээ сонгогчийн регистр, утас, ажлын байр зэрэг тодорхой мэдээллийг өгдөггүй. Ам дамжсан яриагаар бол банк, хороо, үүрэн телефоны оператор зэрэг нь хүний хувийн мэдээллийг бусдад дамжуулах хамгийн ойрын субъект гэж хардаж болохоор байна. Саяхан л гэхэд банкны ажилтнууд мөрийтэй тоглоомчдод хүний хувийн мэдээлэл дамжуулсан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар мэдээлэл гарсан. Тэгэхээр аль ч үйлчилгээний байгууллагаас хувийн мэдээллийг гаргах эрсдэл байна. Хуулиа хэрэгжүүлж, мэдээлэл хадгалагчдыг хариуцлагажуулахгүй бол хувийн мэдээллийн хуудуу сонгуулийг, хүнийг хаашаа ч хүргэж мэдэх нь.

"Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгуулийн нам, эвсэлд иргэний хувийн мэдээллийг өгдөг. Гэхдээ энэ нь хязгаартай. Сонгогчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнгын оршин суугаа хаягийг өгнө. Гэтэл бодит байдалд үүнээс хальсан. Сонгуульд нэр дэвшигчдийн штаб эндээс илүү мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигласан тохиолдол цөөнгүй. Энэ нь Сонгуулийн болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг зөрчиж байна. Тухайлбал, хүний төрсөн газрын мэдээллийг олж авч байна. Утасны дугаарыг нь өгөх талаар тусгаагүй. Гэтэл утасны дугаарыг нь олж аваад “Манай нэр дэвшигчийг дэмжээрэй” гэж ярих жишээтэй. Энэ нь хуульд заагаагүй үндэслэлээр хүний хувийн мэдээллийг хэтрүүлэн цуглуулж, боловсруулж, ашигласан гэсэн үг."

Хуульд хувийн мэдээллийг өөр зорилгоор ашиглах, бусдад дамжуулах зэрэгт хуулийн ямар хариуцлага хүлээлгэж болохыг сонирхуулъя.

Өөр зорилгоор ашиглавал 50 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Хувийн мэдээллийн нууцлал нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг хэсэг. Тиймээс хуульд заасан үндэслэл байхгүй л бол хүний хувийн мэдээлэл цуглуулах, ашиглах, боловсруулахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг авна гэсэн хуулийн зохицуулалт бий. Мөн, хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй бусдад дамжуулахгүй, ил болгохыг хориглодог. Хэрвээ хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд энэ нь гэмт хэрэг болно.

- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсвэл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

- Мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг өөр зорилгоор ашигласан, хууль бусаар олж авсан зэрэг зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хуулиар хүнийг 500.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 50.000.000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Хувь хүний нууцад хууль бусаар халдсан бол Эрүүгийн хуулиар 450.000 5.400.000 төгрөг хүртэл торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Харин хувь хүний нууцад харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж халдсан бол 5.400.000-27.000.000 төгрөг хүртэл торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ял оногдуулна.

- Хувь хүний нууцыг задруулсан бол 1.300.000 10.000.000 төгрөг хүртэл торгох, 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэнэ. Хувь хүний нууцад харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж халдсан бол 5.400.000 - 27.000.000 төгрөг хүртэл торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ял ногдуулдаг.

Хувь хүний нууцад харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж халдсан бол 5.400.000-27.000.000 төгрөг хүртэл торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ял оногдуулна.

2021 онд баталж, 2022 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болоод бусад хуульд хариуцлагыг ингэж ногдуулахаар заажээ. Гэвч сонгуулийн үеэр хүний хувийн мэдээлэл задруулсан, хууль бусаар олж авсан асуудалд хариуцлага хүлээлгэх хандлага олон нийтэд ч, хуулийн байгууллагуудад ч алга.

Хувь хүн ч өөрийн хувийн мэдээллийг нууцлах, хамгаалуулах, мэдээллийг хэн цуглуулж, хэрхэн ашиглаж байгааг мэдэх эрхтэй. Нөгөө талаас хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, ёс зүйтэй хандах ёстой.

Хаяг байршил, овог нэр, регистр, холбогдох утас зэрэг хувийн мэдээлэл ил байх тусам залилан, хулгай дээрмээс эхлээд хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насанд ч халтай. Тиймээс хуулиар эрх олгоогүй этгээд хүний хувийн мэдээллийг ашиглах, боловсруулах үйлдлийг таслан зогсоодог болъё. 2021 оноос регистрийг халж, иргэний бүртгэлийн дугаар бий болгосон. Байгууллага ч, хувь хүн ч регистр бус иргэний бүртгэлийн дугаараар үйлчлүүлж хэвшье. Ядаж л хаана, хэзээ төрснөө хэнд ч зарлах шаардлагагүй болно. Мөн утасны дугаараар холбогдож сурталчилгаа, судалгаа хийж буй байгууллага, хүмүүсээс зорилго чиглэлийг нь тодруулж, хувийн мэдээллээ хамгаалан хуулийн байгуулалагад ханддаг болъё.