Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авч байгааг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд гаргасан нэхэмжлэлийн талаар хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар мэдээлэл хийлээ.

Хуульч Ө.Эрдэнэ-Очир "Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өнгөрсөн жил баталсан. Энэ хуулийн дагуу ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хоёр талаас нийгмийн даатгалын шимтгэл авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байгаа юм. Хуулийг анх хэлэлцүүлгийн шатанд байхад нь энэ талаарх дүгнэлтийг бичгээр гаргаж, холбогдох Байнгын хороонд хүргүүлж байсан. Гэвч дүгнэлт, зөвлөмжийг хүлээж авахгүйгээр 2023 оны наадмын үеэр хуулийг баталсан. Одоо энэ хууль хэрэгжиж байгаа. Тиймээс бид Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан ч хүлээж авахаас татгалзсан.

Тиймээс бидний хувьд хууль зүйн талаасаа цааш явах арга мухардсан. Улмаар энэ асуудлыг олон нийтийн анхааралд оруулсны хүчинд зарим улс төрийн хүчнүүд сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Мөн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ хуулийн заалтыг өөрчилнө хэмээн мэдэгдсэн. Ингээд тэдэнд итгээд өөрчлөлт оруулах нь гэж хүлээж байтал 2025 оны төсөвтэй холбоотой төсөлд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл авах заалтаа хасаагүй байна. Тэр чигээрээ явж байна. Энэ байдлаараа 2025 онд хуулийн заалтыг өөрчлөхгүй нь. Тухайн хуулийн заалт бол нийгмийн даатгалын шимтгэл нэрээр харгис татвар авч байгаа юм. Тиймээс энэ заалтыг хасуулахаар нөлөөллийн ажил хийнэ. Хэрвээ энэ заалтыг хасахгүй бол аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг Эрүүгийн хуулиар яллаж, шийтгэнэ" гэлээ.

Мөн энэ үеэр эдийн засагч С.Баярхүү "2024 онд нийгмийн даатгалаас төсөвт төвлөрүүлэх орлого 5.9 их наяд байсан. Гэтэл 2025 оны төсөлд 6.9 их наяд болгожээ. Нэг их наяд төгрөгийг төвлөрүүлэх зорилгоор ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс татвар, шимтгэл авна. Энэ бол аж ахуйн нэгжийн ачаалал дээр нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид татвар, нийгмийн даатгалын шимтгэлд дарлуулж байна" гэсэн юм.

Хуульч Ө.Эрдэнэ-Очир "Нийгмийн даатгалын байцаагч, цагдаа нартай хамтран ажиллах юм байна. Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлээр аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг дарамтлахаар зэхэж байна. Тиймээс үүнийг хасах санал гаргамаар байна" гэв.

Түүнчлэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг хасах саналыг D parliament цахим өргөдлийн системд оруулж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн билээ.