"Соёлын бүтээлч сар-2024” аян эхэллээ. Тус аяны хүрээнд “Эртний сайхан” нэртэй үзэсгэлэнг өнөөдөр Монголын урчуудын эвлэлийн “Artzone” галерейд нээлээ. Түүхэн алдар суутнууд, ахмад уран бүтээлчдийн алдар гавьяа, амьдралаас сэдэвлэсэн энэхүү үзэсгэлэнг дэлгэснээр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой гэж үзжээ. Тухайлбал, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсны тив, дэлхий, олимпын дэвжээнээ амжилт байгуулсан ховор гэрэл зураг, өөрийнх нь өмсөж эдэлж байсан дээл, зодог, шуудаг, малгай, монгол гутал болон төрийн одон медаль зэрэг 50 орчим эд зүйлсийг дэлгэжээ. Энэхүү түүхэн алдар гавьяатнуудын үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.



