"Чингис хаан" одонг хүртээх 18 дахь эрхмийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.10.30) зарлалаа. Тэрээр "Чингис хаан" одонгоор дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мүнийг шагнахаар болсныг мэдэгдэж байна. БНСУ-ын гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол, Солонгос улсын харилцааг стратегийн түвшинд хүргэж, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. 2009 онд Монгол Улсад айлчлахдаа хүмүүнлэгийн салбар, улс төр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
НҮБ ба Монгол Улсын харилцааг шинэ шатанд гаргасан. НҮБ бол аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд маш олон зуун сая долларын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Далайд гарцгүй орнуудын төвийг Монгол Улсад байгуулж, Монгол Улсын тээвэрлэлт, эдийн засаг, геополитикийн газар зүйн онцгой нөхцөл байдалтай уялдуулан дэмжлэг үзүүлсэн.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх цөлжилтийн эсрэг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлүүд рүү олон төсөл хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрүүдийн шугамаар дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд ганцхан жишээ дурдахад, “Бан Ги Мүн” сангийн санаачилгаар Тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан “Ногоон хөгжлийн сан” Монгол Улсад 470 сая долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгож, төслүүд хэрэгжиж эхлээд байна. Бан Ги Мүний тэргүүлдэг “Global green growth” институт нь Монгол Улсад 100 гаруй сая долларын буцалтгүй тусламж, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Үүгээр зогсохгүй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, Монгол Улсын цэнхэр дуулгатнууд, НҮБ-ын харилцаа шинэ шатанд гарсан. Монгол цэргийн дэлхийн энх тайвны үйлсэд оруулах хувь нэмэр ихээхэн өргөжсөн.
Бан Ги Мүн нь дэлхийн түвшинд НҮБ-ын шинэчлэлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван аюулгүй байдлыг тогтоож ирсэн. 10 жил НҮБ-д ажиллахдаа дэлхийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Хүний эрхийн чиглэлээр нэн ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийсэн. НҮБ-ын эмэгтэйчүүдийн хороог байгуулахаас эхлээд олон санаачилгуудыг хэрэгжүүлсэн байдаг. Тогтвортой хөгжлийн зорилтыг баталж, дэлхийн бүх улсын удирдагч нар 2030 он хүртэл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Мөн тэрээр Парисын хэлэлцээрийн гол автор санаачлагч, хэрэгжүүлэгч юм. Хоёр улсын харилцаанд төдийгүй дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж, эзэн "Чингис хаан" одонгоор НҮБ-ын найм дахь нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг шагнахаар шийдвэрлэсэн" хэмээсэн юм.