Даваа гарагт Израилын парламент Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусламжийн агентлагийн үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргалаа.
Хууль тогтоох дээд байгууллага буюу кнессетээр хоёр хууль баталсны нэг нь Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусламжийн агентлагийг Израилын дотор үйл ажиллагаа явуулахыг цуцалсан бол нөгөө нь Израилын эрх баригчдыг уг агентлагтай ямарваа холбоо тогтоохыг чандлан хоригложээ. Кнессет ийнхүү араб гаралтай гишүүдийн ширүүн эсэргүүцэл, барууны орнуудын шахалтыг үл харгалзан Израилын хяналтын бүс нутагт палестин дүрвэгсдэд үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрсөн 1967 оны гэрээг хүчингүй болгож байна.
Хуулийн төслийг санаачлагч, эрх баригч Ликуд намын гишүүн Боаз Бисмут "Террорист үйл ажиллагаа явуулдаг тусламжийн нэртэй агентлаг Израильд нэвтрэх эрхгүй. Палестины дүрвэгсдийн агентлаг Хамас бүлэгтэй яг адилхан" гэжээ.
Тус намын өөр нэг гишүүн Юли Эдельштейн уг хууль нь Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ямар нэгэн байдлаар хор хөнөөл учруулахгүй, Израиль олон улсын хуулийн хүрээнд ажиллаж байна гэж мэдэгдэв.
АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд дүрвэгсдийн агентлагийн үйл ажиллагааг хориглосноор тус байгууллагын тусламжаас хамааралтай сая сая палестинчуудын хоол хүнс, эрүүл мэнд, амьжиргаанд нөлөөлж болзошгүй хэмээн Израильд анхааруулсаар ирсэн.
Санал хураалтын өмнө АНУ-ын Төрийн департамент Израилыг уг хуулиа батлахгүй байхыг уриалж, дүрвэгсдийн агентлаг Газын зурваст орлуулашгүй үүрэг гүйцэтгэж байгааг анхаарч үзэхийг сануулж байв. Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өмнө нь Израиль уг хуулийг батлах нь АНУ-ын бодлогод нөлөөлнө гэж анхааруулсан билээ.
Израиль НҮБ-ын байгууллагыг татан буулгахыг удаан хугацааны турш эрэлхийлж, зарим ажилтнууд нь Хамас бүлэглэлтэй холбоотой, мөн сургуулиуд нь еврейн эсрэг үзэл номлол түгээдэг гэх мэтээр маргасаар ирсэн.
Баруун эрэг, Газын зурвас, Йордан, Ливан, Сири дэх палестин дүрвэгсдэд тусламж хамгаалалт үзүүлэх зорилгоор 1949 онд байгуулагдсан НҮБ-ын тусламжийн байгууллага болох UNRWA нь нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг олон сарын турш Израилын хүчтэй бөмбөгдөлтөд өртөж буй Газын зурвас руу илгээж байгаа юм.