Ням гарагт явагдсан парламентын сонгуульд эрх баригч "Гүржийн мөрөөдөл" нам ялалт байгуулсан тухай тус улсын Сонгуулийн төв байгууллагаас мэдээлсэн. Гэвч тус улсын Ерөнхийлөгч, хатагтай Саломе Зурабичвили сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйн дээр "Гүрж улс Оросын тусгай ажиллагааны золиос болсон" гэж мэдэгдэв. Харин Ерөнхий сайд Иракли Кобахидзе санал хураалтыг будлиантуулсан, хүчирхийлэл үйлдсэн гэх гомдлыг няцааж, 3111 санал авах байрнаас хоёрхон хэсгийн хороонд зөрчил гарсан нь сонгуулийн үйл явцад тохиолддог л энгийн зүйл гэжээ.
Сонгуулийн төв байгууллагаас өгсөн мэдээллээр Оросын талыг баримтлагч "Гүржийн мөрөөдөл" нам 54.8 хувийн санал авч, парламентад 89 суудал авсан бол өрнөдийн чиг баримжаатай сөрөг хүчний дөрвөн нам нийтдээ 61 суудал авчээ.
Сөрөг хүчин ийнхүү ялагдал хүлээснээр Гүржийг Европын Холбоонд элсүүлэх үйл явц саарах нь тодорхой. Дөрвөн сая хүн амтай тус улсын сонгогчид 2012 оноос хойш эрх барьсан барууны чиг баримжаатай намуудад итгэл үзүүлэхээс татгалзаж, улс орноо консерватив чиг хандлага руу чиглүүлж, улам бүр авторитар болж ээлжит сонгуулийн дүн тодорхой харууллаа.
1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносноос хойшхи хамгийн чухал сонгууль гэгдэж байсан санал хураалт хаагдсаны дараа "Гүржийн мөрөөдөл" намыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бидзина Иванишвили "Нэг нам ийм хүнд нөхцөлд амжилтанд хүрсэн нь дэлхийд ховор тохиолдол. Энэ бол Гүржийн ард түмний ялалт" гэж мэдэгдлээ.