Үргэлж бусдын гарыг харж дадсан Монголын урлагт гарсан өөдрөг, шинэ эхлэл.
"Хүлэгү пикчерс” компани монгол киноны түүхэнд шинэ зам нээлээ. Монгол Улсын “Хүлэгү пикчерс” компани, БНСУ-ын “Кортоп медиа” компаниудын хамтрал “Өмнөдийг зорих замд” бүтээл хоёр улсын тайзнаа нээлтээ хийгээд удаагүй байна.
Энэ бол монголчууд ямар нэг зээл тусламжаар биш, ах дүү орнуудын найрамдалт харилцааны хүрээнд биш, кино сангийн дэмжлэгээр биш цэвэр бизнесийн зорилгоор гаднын ижил төст компанитай хамтран ажиллаж, бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн анхны тохиолдол юм.
“Сүхбаатар”-аас эхэлж “Газарчин”-гаар үргэлжилсэн зам
Монгол киноны түүхэнд гаднын мэргэжил нэгтнүүд болон кино студиудтэй хамтарсан, гаднын тэтгэлэг, хөгжүүлэлтээр бойжин бүтээсэн кино олон бий. Уг түүх 1942 онд дэлгэцнээ цацагдсан “Түүний нэр Сүхбаатар” (гадаад орнуудад цацагдсан нэр) киногоор эхэлдэг. Оросын од Лев Свердлин тоглож, Орос, Монголын уран бүтээлчид хамтран бүтээсэн уг киног хуучнаар ЗХУ-д буюу Ташкентын “Цокс”, Ленинградын “Ленфильм” студид бүтээжээ. Уг кинонд Т.Нацагдорж тэргүүтэй Монголын уран бүтээлчид, жүжигчид оролцсон. Тал нутгийн дайчин баатар Сүхбаатар хэмээх эр хувьсгал хийж буй тухай вестерн хэв шинжтэй кино нь баатарлаг туульсын хүмүүжилтэй ард түмний сэтгэлийг ихээхэн хөдөлгөж, Сүхбаатар жанжны талаар олон хуурмаг түүхийг амилуулж, дэлгэцээр гарсан бүхнийг үнэн хэмээн итгэж асан тухайн үеийн монголчуудын бараг генд нь кодолсон гэж андуурмаар бат суулгаж өгсөн билээ.
Хуучнаар Ардчилсан Германы DEFA үйлдвэр болон Монгол кино үйлдвэр хамтран социализмын үед хоёр ч сайхан бүтээл хийсэн. Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Алтан өргөө” киноны зохиолч, найруулагч, зураглаачдын багт хоёр талын уран бүтээлчид хамтран ажилласан. Монгол талаас зохиолчоор С.Эрдэнэ, найруулагчаар Р.Доржпалам, зураглаачаар О.Уртнасан тэргүүтэй уран бүтээлчид оролцсон. Харин социалист системийн том од, Гойко Митичийн тоглосон олон индиан цувралын нэг “Газарчин”-гийн зураг авалтыг Монголд хийсэн нь монгол киноны түүхэн дэх хамгийн даацтай гаднын продюссингийн хамтрал юм. Кинонд Гойко Митичийн хамтрагчаар жүжигчин Н.Батцэцэг тоглож, жинхэнэ утгаараа дэлхийд гарсан бол хамтарсан найруулагчаар Ж.Бунтар, оператораар Г.Маш нар ажиллажээ.
Дээр дурдсан гурван кино бол гаднын кино компанитай монголчууд хамтран бүтээсэн төслүүдийн хамгийн шилдгүүд нь гэж хэлж болно. Үүнээс гадна гаднын тэтгэлэг, хөгжүүлэлт, хамтралаар бүтээсэн “Ингэн нулимс”, “Mongolian Connection” зэрэг цөөнгүй төсөл бий.
Чимх санаанаас ургасан зам
Киноны монгол талын продюсер С.Сумъяа Өмнөговь аймгаас нэгэн санаа олсноос бүх зүйл эхэлжээ. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын малчин, онц хилчин, мөрч Л.Сүхээд тохиолдсон явдлыг Умард Солонгосоос эрх чөлөөт Монгол Улсыг зорин тэмцэгч дүрвэгсдийн тухай дам түүхүүдтэй холбох санаа кино зохиол болон хөгжиж өдгөө үзэгчдийн хүртээл болчихоод байна. “Хүлэгү”-ийн хувьд Солонгосын олон контентыг монгол ахуйд хөрвүүлэн бүтээл болгосон компани. Тэдэнд туршлага, бас харилцаа байсан нь продюсер С.Сумъяагийн санаа хилийн дээс давах нөхцөл болжээ.

Монголыг зорих солонгосчуудын зам
2023 оны статистикаар Монголыг зорих солонгос жуулчдын тоо 130 мянгыг давж өмнөд хөршийг гүйцэн түрүүлж, ОХУ-ын дараа бичигджээ. Монгол Улсыг зорьсон 10 жуулчин бүрийн хоёр нь солонгос хүн байна. Орос жуулчдын тоо өсөхөд дайны нөхцөл нөлөөлсөн бол солонгос жуулчдын өсөлт илүү органик.
Аялал жуулчлал, үйлчилгээний салбар дахь Солонгосын хөрөнгө оруулалт ч бодит болж, Өмнөд Солонгосын JTBC телевизийн бүтээл “Couriers in Mongolia” буюу “Хүргэлт ирлээ” шоу нэвтрүүлэг зэргээс эхлэн гуулин улсын медиа Монголд анхаарал хандуулах болжээ. “Өмнөдийг зорих замд” бүтээл энэ замыг кино урлаг руу хөтөллөө.
Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак өөрийн дуртгалдаа Өмнөд Солонгосын хөгжлийн алсын харааг тодорхойлсон нь бий. Тэрээр геополитик болоод хөрөнгө оруулалтын хувьд Алс дорнод, Монгол нь солонгосчуудын хувьд чухал ач холбогдолтойг цохон дурдсан нь бий. Ямартай ч дорнын энэ бар Монгол руу хүрхрээд эхэллээ. Эндээс хэрхэн үр ашиг олох нь бидний сачий, ур чадвар мэдэх хэрэг.
Зоримог түүх
“Өмнөдийг зорих замд” кинонд амиа алдсан Умард Солонгосын өндөр дээд албан тушаалтны охин Хятадын нутгаар дамжин эрх чөлөөт Монгол Улсыг зорин амь зулбан зугтаж буй тухай өгүүлнэ. Умардаас умард руу зугтаасан нэгэн гэр бүлийн зорилго бол үнэндээ өмнөдөд очих гэдэг нь эндээс хэн ч харахад ойлгомжтой. Ийм хэрэг явдал болсон тухай Монголд ам дамжсан олон түүх байдаг ч, улсын нууцтай холбоотой тул бодит мэдээлэл байхгүй. Энэ нууц түүхийг кино болгон хөгжүүлэх ажил цаасан дээр бол тун амжилттай болсон нь илт. Гэхдээ л цаасан дээр буусан түүхийг дэлгэцэнд амилуулахын тулд ахин нэмэлт хөгжүүлэлт, багийн ажиллагаа хэрэгтэй. Энэ багийн ажиллагаа харин яаруу, дутмаг болсон нь киноноос илт байна. Үүнд магадгүй монгол киночдыг үргэлж нэрвэж байдаг санхүүгийн бэрхшээл ч нэрмээс болсон биз ээ. Улс төрийн оргодлын араас Умардын хоёрхон тагнуул мордоно. Тэдгээр тагнуулчид нь улс төрийн хуйвалдааны гэрчээ утсгах зорилготой хэмээн кинонд өгүүлж байгаа ч хил дамнасан энэ хөөцөлдөөнийг илүү өргөн бүрэлдэхүүнтэй, илүү эрч хүчтэй дэглэсэн бол кино хавьгүй сонирхолтой болох боломжтой байжээ. Амь зулбаж яваа солонгосчууд чанасан төмс, бэлэн гоймонгийн хатмал гоймон төдийхөн хүнстэй, цэвэр ус л уугаад яваа нь киног үнэмшилгүй, бэлтгэл талаас нь ядмаг санагдуулна.
Зугтаж буй гэр бүлийн Монголын их говийг туулахдаа даван гарч буй бэрхшээл төдий л үнэмшилтэй байсангүй. Говь нутгийн байгалийн нугачаа, бартааг кинонд бодит бэрхшээл болгон харуулахдаа кино багийнхан тун хойрго ханджээ.
Оргодлууд ч, мөрдөгчид ч байгалийн сүйдтэй бэрхшээл туулсангүй, ангаж цангахаас өөр аймшигтай тулгарсангүй. Энэ тал дээр Монголын талын ажиллагаа дутагдав уу, аль эсвэл зураг авалтын цаг хэт богинохон байв уу? Кино баг Монголд ирж буцсан тухай хэвлэлийн мэдээнээс харвал зураг авалтыг нэг сарын турш л хийжээ. Хэдий орчин үеийн монгол киноны практикт хангалттай хугацаа ч, олон улсын чанартай төслийн хувьд чамлалттай хугацаа. Эндээс л цаасан дээрх зохиолыг дэлгэцийн бүтээл болгоход шаардагддаг өөр нэгэн цаасны хүчин зүйл буюу “мөнгө”-ний бэрхшээл босож ирнэ. Киноны үйл явдал төвлөрөн өрнөж буй Ханан хэцийн уулын үзэсгэлэнт атлаа түгшүүр төрүүлэм байгалийн зураглалыг зурагтын амрах агшин мэт нэг цөөхөн өнцгөөс харуулж, түүнийгээ дууны дахилт мэт давтан эвлүүлсэн нь “мөнгө”, түүнээс хамааралтай цаг хугацааны тухай эрхгүй бодоход хүргэнэ. Киноны төгсгөл, монгол хилчидийн кинонд оролцсон оролцооны талаар цааш нь дэлгэрүүлэн ярьмаар ч нээлтээ хийгээд удаагүй байгаа киноны эрх ашиг, үзэгчдийн таашаалыг бодож үгээ хумих нь зүй.
Ур чадвар нь байна, гүйцэтгэл харин...?
Кинонд тоглосон солонгос жүжигчид монгол хамтран тоглогчдынхоо талаар тун ам сайтай байжээ. Гэхдээ монгол үзэгчийн нүдээр харвал жүжигчдийн тоглолт жигд бус байлаа. Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин С.Сарантуяа эгэл жирийн монгол эмэгтэйн дүрийг огтоос чимэг хачиргүй бүтээсэн нь магадгүй оносон ч байж болох юм.
Гэхдээ гол дүрийн мөрч эмэгтэйгээ илүү идэвхтэй, үйлдэлтэй болгох зохиолын шийдэл дутсанаас туршлагатай жүжигчин кинон дундуур айвуу тайвуухан алхалсаар л дуусгалаа. Жүжигчин Г.Эрхэмбаярын дүрд киноны төгсгөлд гэнэт гарч ирдгээс өөрөөр сэтгэлд үлдэм үйлдэл ч байсангүй, жүжиглэлт ч гарсангүй. Харин жүжигчин О.Самданпүрэвийн хувьд өгөгдсөн нөхцөл нь ч, өөрийн тоглолт ч чамгүй тод томруун байж чадлаа. Солонгос одуудтай зэрэгцэн тоглоход ур чадварын хувьд огтоос ялгарах зүйлгүй байсан хийгээд монгол хүний гэх онцлогоо тоглолтдоо хадгалж чадсан нь сайшаалтай юм.

Найруулагчийн даалгавар биелсэн
Сувидын Баттулга найруулагч бол өөрийн хэлэмж, онцлог өгүүлэмжтэй найруулагч билээ. Түүний ажилласан “Миний муу аав”, “Зөрлөг” зэрэг бүрэн хэмжээний цөөн төслүүд нь найруулагчийнхаа өмнөөс хангалттай ярина. “Хүлэгү”-тэй хамтран маш олон төсөл дээр ажиллаж, салбарынхнаасаа магтаал, шүүмжлэл хүлээж яваа С.Баттулга найруулагчид энэ удаа хүрд эргүүлэх боломж олджээ. Найруулагч боломжоо салхинд хийсгэсэнгүй. Монгол компанийн гадаад багтай эрх тэгш хамтарсан сонирхолтой төсөл, ярвигтай даалгаварыг тэр амжилттай биелүүлж чаджээ. Монголын говийг туулан, сүйрлийн ирмэгт ирж буй нэгэн гэр бүлийг монгол хүний сайхан сэтгэл аварч буй тухай дундаж зохиолыг тэр хэр хэмжээнд нь найруулж, дэлгэцийн бүтээл болгожээ. Өндөр түвшний гүйцэтгэлтэй солонгос кино үзэж дөжирсөн монгол үзэгчдийн хувьд “Өмнөдийг зорих замд” бүтээл чамлалттай санагдаж болох ч монгол киноны салбарт авчирсан туршлага, хандлагыг нь дутуу үнэлж боломгүй.
Мөнгөөр хэмжихгүй ашиг
“Кино бол азгүй урлаг, мөнгөнөөс хамааралтай” гэж Тарковский хэлжээ. Ямартаа ч монгол компани хоёр цэцэрлэг барих мөнгөөр улс дамнасан кино хийж чаджээ. 1997 оны Азийн эдийн засгийн хямралын дараа Өмнөд Солонгосын Севолууд буюу томоохон аж үйлдвэрийн корпорациуд медиа салбартаа хөрөнгө оруулж эхэлснээр 10 хүрэхгүй жилийн дотор асар их өсөлт авч ирж, Солонгосын кино урлаг төдийгүй медиа зах зээл дэлхийд тэргүүлэх эгнээнд гарч ирсэн билээ. Жижиг зах зээлтэй манай Монголд ч энэ жишиг алгуурхан нэвтэрч байна.
Үүрэн холбооны томоохон операторууд тоон телевизэд суурилсан компаниуд байгуулан монгол агуулга бүтээгч, уран бүтээлчдийг санхүүжүүлж эхэлсэн нь энэ салбарт хөл тавьж буй олон залууст боломж олгож, мөрөөдөлд нь нэг алхам ойртуулсан. Харин Монголын санхүүгийн гигант “Бодь” групп “Хүлэгү пикчерс”-ийн энэхүү төсөлд хөрөнгө оруулснаар дараагийн шинэ түүхийг бүтээжээ.
Ямар боловч монголчууд хөрөнгө, хөдөлмөр шингэсэн бүтээлээ Өмнөд Солонгосын өрсөлдөөнт кино зах дээр аваачаад тавьчихлаа. Энэ бол шинэ зам юм. Энэ зам бол мөнгөний зам юм. Мөнгө Монгол руу урсаж эхлэх зам юм. Үргэлж бусдын гарыг харж дадсан Монголын урлагт гарсан өөдрөг, шинэ эхлэл юм. Энэ эхлэл, энэ туршлагыг харин мөнгөөр хэмжих боломжгүй.
Гурван од
“Өмнөдийг зорих замд” кинонд үзэгчийн хувиар гурван од өгмөөр байна. Сошиал медиаг шүүрдэж үзэхэд ч энэ үнэлгээ багцаатай болов уу. “Өмнөдийг зорих замд” өөр олон шинэ замыг гэрэлтүүлэх од болсон нь хамгийн олзуурхууштай хэрэг юм. Монголын кино урлаг дэлхийн түвшинд хүрч, Монголын киночид дэлхийгээс ашиг олдог болох болтугай.