Норвеги улс цахилгаан автомашины тоо нь бензин хөдөлгүүртэй автомашинаас илүү гарсан дэлхийн анхны улс болсноо энэ жил зарласан. Тэгвэл энэ удаа хүүхдүүдийн цахим сүлжээний хорт нөлөөллөөс хамгаалах хуулийн санал санаачлага дэвшүүлээд байна.
Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе цахим сүлжээ ашиглах хэрэглэгчдийн насыг 15-аас дээш байх хуулийн төслийг танилцуулжээ. Түүний хэлснээр хүүхдүүдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, аюултай контентуудаас хамгаалах уг хууль нь нилээдгүй эсэргүүцэлтэй тулгарах, хүнд ажил байх боловч хүүхдүүдэд хамгийн их хэрэгтэй шийдвэр байх болно гэж үзжээ.
Одоо байгаа хуулиар цахим сүлжээнд нэвтрэх эрхтэй хэрэглэгчдийн хамгийн бага нас нь 13 байгаа юм. Хуулинд 13-аас доош насны хүүхэд цахим сүлжээ ашиглахыг хориглодог боловч төдийлөн дагаж мөрдөгддөггүй. Гэтэл есөн настнуудын тэн хагас нь, арван настнуудын 58 хувь нь, 11 настнуудын 72 хувь цахим сүлжээ ашигладаг гэсэн судалгааг эрх барих байгууллага хийжээ.
Бага насны хүүхдүүдийг цахим орчинд нэвтрэхийг хориглосноор нэн түрүүнд аюултай, хор хөнөөлтэй контентуудаас хамгаалагдах болно гэж Ерөнхий сайд Гар Сторе үзэж байна. Мөн технологийн дэвшил хүүхдүүдийн бүрэн бэхжээгүй эмзэг тархинд гүн гэмтэл учруулдаг гэсэн судалгаа бий.
Цахим орчинд хүүхдүүд хэт их цагийг зарцуулснаар бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдын ятгалгад амархан ордог эсэргүүцэх чадамжгүй болдог гэж Норвенийн Ерөнхий сайд тайлбарласан байна. Энэ нь дэлгэцийн нөлөөллөөс хамаардаг байна.
Тус улсын Гэр бүл, хүүхдийн яамны сайд Жести Топпе мөн хүүхдийн цахим хэрэглээг хориглох ажлыг дэмжиж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд үгүй гэж хэлэхийг хүсдэг ч яг бодит нөхцөл байдал дээр тэр бүр хориглож чаддаггүй гэж тэрээр үзэж байна.
Засгийн газрын зүгээс хүний эрхийг зөрчилгүйгээр хэрхэн хүүхдүүдийг цахим сүлжээнээс холдуулах шийдвэрийг хэрэгжүүлэх арга замыг хайж судалж байгаа гэжээ.
Австрали улс өсвөр насныхан болон хүүхдүүдийг цахим хэрэглээний сүлжээ, бусад дижитал платфороос хориглох тал дээр хэдийнэ арга хэмжээ аваад эхэлсэн. Одоогоор тус улсад цахим сүлжээнд нэвтрэх насны доод хязгаарыг 14-16 насны хооронд тогтохоор хууль тогтоогчид хэлэлцэж байна.
Франц улсад ч мөн бага насны хүүхдүүдийг цахим сүлжээнээс холдуулах алхам тавигдсан. Тус улсад 15 хүртэл насны хүүхдүүдийг сургууль дээрээ гар утас хэрэглэхийг хориглох шийдвэрийг хэлэлцэж, хууль тогтоох шатны байгууллагууд баталбал ирэх жилийн нэгдүгээр сараас эхэлж Франц улс даяар уг хуулийг хэрэгжүүлэх юм байна.