УЛСААРАА УЛСТӨРЖСӨН ЭНЭ ӨДРҮҮДЭД ӨВЛИЙН БЭЛТГЭЛ ОРХИГДОЖ, ЗУДЫН ЭРСДЭЛ ОТОЖ БАЙНА.

Гэрийн дээвэрт цас хунгарлаж, хотонд үхсэн малын овоолго өндөрсөж, хөдөөгийнхөн хүй олноороо сөхөрсөн хахир өвөл, хаврыг бид нэгхэн зуны өмнө үдсэн. Өнгөрсөн өвөл, хавар Монгол орны нийт нутгийн 80 хувийг хамарсан зуд болж, найман сая толгой мал хорогдож, 400 өрх огт малгүй болж, 4000 гаруй айл малынхаа 70 хувийг алджээ. Гарз хохирлын хэмжээгээр түүхэнд хамгийн их хохиролтой гэгддэг 1944, 2010 оны зудын дараа орж буйг холбогдох албаныхан мэдээлж байв.

2024 оны эхний хагас жил үндсэндээ зудын хүндрэлийг даван туулахад зарцуулагдаж, хот хөдөөгүй хандив тусламж цуглуулж, онд мэнд орохын төлөө эрвийх дэрвийхээрээ хичээцгээж байлаа. Харилцагч орнууд, олон улсын байгууллагын тусламж дэмжлэг ч чамгүй их байсны жишээ НҮБ-ын 1.5 сая ам.долларын тусламж байна.

"Өнгөрсөн өвөл Монгол Улсад урьд өмнө тохиогоогүй их цас орж, зудын нөхцөл байдал үүсэж, олон мянган малчин өрх өвлийг хүндхэн давсан. Энэ хүнд цаг үед манай байгууллага 1.5 сая ам.доллар босгож, зорилтот бүлгийн малчдын амьжиргааг хамгаалах, нөхөн босгох шуурхай арга хэмжээ авч ажилласан.Тодруулбал, Монгол Улсын 15 аймгийн 108 сумын зудад хамгийн хүндээр нэрвэгдсэн 2464 малчин өрхөд 660 мянган төгрөгийн хоёр удаагийн бэлэн мөнгөний тусламж олгож, малын гаралтай халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 3.3 сая тун вакцин худалдан авч, Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн."

Налгар намарт найдаж, өвлийн бэлтгэлээ сайн базаагаагүй, өвөлжөөндөө ч бууж амжаагүй малчдад өнгөрсөн жилийн арав, арваннэгдүгээр сарын цас хүнд сорилтын эхлэл болсон.

Ийнхүү зудын бодит хохирол дээр улсын төсөв, иргэд олон нийт, олон улсын байгууллага, гадаад орнуудын хандив тусламж, эдийн засгийн өсөлтийн нөлөөт хүчин зүйлсийг нэмбэл асар их хөрөнгийг зудын гамшигт алджээ.

Эдийн засгийн өсөлт нэгж хувиар буурах нь

Мал аж ахуйн салбар эдийн засагт чухал нөлөөтэй, айл бүрийн амьжиргаатай холбоотой гэхэд хилсдэхгүй. Энэ салбарын бүтээмж ДНБ-ий 12.6 хувийг, нийт экспортын 5.6 хувийг бүрдүүлдэг.

Харин зудын гамшгийн нөлөөгөөр эдийн засаг дахь хөдөө аж ахуйн салбарын оролцоог хязгаарлаж буй. Нэгхэн жилийн өмнө (2023 он) долоон хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг мал аж ахуйн салбарын сорилт, тэр дундаа зудын гамшгийн нөлөөгөөр энэ жил буурч 4.1 хувийн өсөлттэй болно гэсэн төлвийг Азийн хөгжлийн банк өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргаж байв.

Өнгөрсөн есдүгээр сарын 25-нд гаргасан тайлан мэдээллээр эхний хагас жил огцом уналттай байсан хөдөө аж ахуйн салбар сэргэж байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт 5.5 хувьтай гарах төлвийг танилцууллаа.

Цаашлаад уул уурхайн салбар, төсвийн зардал эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөх ч хөдөө аж ахуйн салбар тогтвортой сэргэснээр 2025 эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байх үзүүлэлтийг тооцоолжээ. Ингэснээр эдийн засаг өсөх эсэх нь хөдөө аж ахуйн салбарын өсөлт, бууралтаас шалтгаална. Харин энэ салбарт ирэх өвөл, хаврын нөхцөл байдал тун чиг нөлөөтэй.

Ирэх өвөл хур тунадас ахиу орно

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган зуд, гамшиг, аюулт үзэгдлийн давтамж жил бүр нэмэгдэж байгааг мэргэжлийнхэн байнга хэлж байна. Ирэх өвөл ч зудын эрсдэл бийг Ази, номхон далайн орнуудын уур амьсгалын төвийн төлвөөс харж болно. Тус төвийн мэдээлэлд Монгол оронд температур арваннэг, арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас дулаан байх боловч хур тунадас зүүн бүсэд олон жилийн дунджаас ахиу байх төлөв гарчээ. Мөн нэг, хоёр, гуравдугаар сард температур олон жилийн дунджийн орчим байна. Харин хур тунадас олон жилийн дунджаас ахиу байх төлөв гарчээ. Мөн Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ихэнх нутгаар хүйтэн өвөл болно хэмээн мэдээллээ.

Нөгөөтэйгүүр билгийн тооллоор бид илүү сартай өвөлтэй золгох гэж байна. Хүйтэн, хур тунадас ихтэй, илүү сартай өвөл, хаврыг малчид дахиад л зутруу давах нь дамжиггүй. Тиймээс малчин өрх, орон нутаг, улсын түвшинд зудын эрсдэлд бэлэн байдлаа хангах зайлшгүй шаардлага байна.

Өвлийн бэлтгэлийг өвс тэжээлээр хэмжихгүй

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг яаж ч болдоггүй хэдий ч эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлтгэл баазаа хангах нь хохирлоо төдий чинээ бууруулах арга зам. Налгар намарт найдаж, өвлийн бэлтгэлээ сайн базаагаагүй, өвөлжөөндөө ч бууж амжаагүй малчдад өнгөрсөн жилийн арав, арваннэгдүгээр сарын цас хүнд сорилтын эхлэл болсон. Өнгөрснөөс сургамж авч, өвөл хаврын бэлтгэлээ базаах нь өмнөх эрсдэлийг багасгах нь гарцаагүй.

Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг өвс, хадлан тэжээлийн нөөцөөр хэмжих бус өргөн хүрээнд авч үзэх шаардлагатай. Айл өрхүүдийн хувьд өвөлжөө бууц, хадлан тэжээлээ бэлтгэх, баг сум орон нутгийн түвшинд бэлэн байдлаа хангаж, шаардлагатай техник хэрэгсэл, харилцаа холбоо, шатахуун түлшээ нөөцлөх гээд олон зүйлийг дурдаж болно. Харин улсын хэмжээнд бэлчээрийн доройтлыг арилгах, бүс нутгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гаргах зэргээр бэлтгэл хангаж болно.

Үүнээс гадна шинжлэх ухаанд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийг хийж байж эрсдэлийг бага хохирлоор даван туулах боломжтойг эрдэмтэд хэлж байна. Тухайлбал, ШУА-ийн Газарзүй хүрээлэнгийнхэн геоэкологийн өнгөрсөн өвөл хаврын зуднаар судлаачид 11 сая толгой мал хорогдох бодит эрсдэл байгааг урьдчилан судалжээ. Харамсалтай нь,нийтээрээ налгар намар, тарган малдаа найдсаны балгийг хангалттай амссан. Харин цаашид судалгаанд суурилсан төлөвлөлт зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд хэлж буй.

"Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр орон зайн байршлын хувьд хаана, ямар сум хэдий хэмжээний мал алдаж болзошгүй вэ гэдгийг урьдчилсан байдлаар тооцоолдог болох нь нэн чухал байна. Хэрвээ ингэж чадвал гамшгаас бодитоор сэргийлж чадна. Аливаа зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтөд суурилсан санхүүжилтийн тогтолцоотой байх ёстой. Гурван удаагийн ган зудын давтамжаас сургамж авахгүй байна. Эрдэмтэд судлаад ингэх, тэгэх хэрэгтэй гэдгээ бичээд өгдөг. Гэтэл төр засгийн түвшинд хэрэгжүүлдэггүй нь алдаа болж байна."

Түүнчлэн зудын дараа төр засгийн зүгээс малчдыг дэмжсэн, тэднийг чиглэсэн хөтөлбөр, хөрөнгө оруулалт эрчимжсэн. Үүний жишээ нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн байна. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж чадвал малчид эрсдэлийг нэгдмэл байдлаар даван туулж, ашиг орлогоо нэмснээр амьжиргааны түвшин дээшилнэ гэж үзэж буй. Энэ мэт малчид руу чиглэсэн бодлого төлөвлөлт хэрэгжиж, сонгуулийн ч том хөзөр болсон. Харин ямар ч шалтгаан байсан үзүүлж буй тусламж, дэмжлэг, зээл хөрөнгийг өөрийн аж ахуйд үр ашигтай зарцуулж, эрсдэлийг даван туулах эсэх нь малчдын ур ухаантай салшгүй холбоотой. Тиймээс өвөлд өнтэй орох үгүй нь малчдаас түлхүү шалтгаалах билээ. Харамсалтай нь, 2024 оны малчид маань зун нь УИХ-ын сонгууль, 100 жилтэй сумдын ой, намрыг нь орон нутгийн сонгууль гэсээр барж дуусаж байх шиг байна. Ирэх баасан гаригт болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 17277 хүн өрсөлдөж байна. Улсаараа улстөржсөн энэ өдрүүдэд өвлийн бэлтгэл орхигдож, зудын эрсдэл отож байна.