2024 оны Нобелийн утга зохиолын шагналыг БНСУ-ын зохиолч Хан Ганд хүртээх тухай Шведийн Нобелийн хороо мэдэгдлээ. Түүний бүтээлүүдийг "Сэтгэл зүйн түүхэн учир шалтгаантай цочрол, шархтай нүүр тулж, хүний амьдралыг эмзэг талыг нээн харуулсан машид хүчтэй, яруу найраглаг туурвил" хэмээн тодорхойлжээ.
Хан Ган Нобелийн шагнал хүртсэн анхны солонгос хүн болж байна. Нобелийн шагналыг 1901 оноос хойш 120 орчим удаа олгосон байдаг бөгөөд энэ хугацаанд утга зохиолын салбарт ердөө 17 эмэгтэй шалгарч байжээ. Хан Ган утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн 18 дахь эмэгтэй зохиолч болж байна.
Хан Ган Өмнөд Солонгосын Гванжу хотод төрж хүүхэд байхдаа Сөүл рүү нүүж иржээ. Түүний аав Хан Сын Вон зохиолч байсан бөгөөд Хан Ган утга зохиолын ангид их сургуулиа дүүргэсэн байна. 1993 онд 21 настайдаа анхны шүлгийн номоо хэвлүүлж, дараа жил нь богино өгүүллүүдээ хэвлүүлж эхэлжээ.
Хан Ганы зохиол бүтээл олон улсад танигдах анхны алхам 2015 онд тавигдаж байжээ. Хан Ганы 2007 онд бичиж байсан “Цагаан хоолтон” нэртэй зохиолыг 2015 онд Английн орчуулагч Дебора Смит 10 орчим жилийн дараа англи хэлнээ орчуулж хэвлүүлсэн юм. Англи хэлнээ хэвлэгдсний дараа Хан Ган тус зохиолоороо Букерын шагналыг 2016 онд хүртсэнээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөгнөлт зохиолч болсноо бататгажээ.
“Цагаан хоолтон”-оос гадна “Хүний үйлдэл”, “Цагаан ном”, “Грек хичээл” зэрэг зургаан роман бичсэн нь 30 гаруй хэл дээр хэвлэгдсэн байна.
Нобелийн шагналын хороо 220 орчим зохиолч дундаас Хан Ганыг шалгаруулжээ. Түүний зохиол бүтээлүүдийн гол дүрүүд нь ихэвчлэн эмэгтэй хүмүүс байдаг ч эрэгтэй хүн өгүүлж буй мэтээр зохиолоо бичдэг байна. Тухайлбал “Цагаан хоолтон” зохиол эхлэхдээ нөхөр нь эхнэрийнхээ тухай өгүүлж буй мэт бичигдсэн байдаг ажээ.
Нобелийн шагналын хороо Хан Ганы бүтээлээ шүлэгчилсэн байдлаар бичиж, түүхэн үйл явдал, хүний амьдралын эмзэг талыг тусгаж, эр эм хүйс болоод амьдрал ба үхэл, бие сэтгэлийн шаналал шархыг уялдуулах чадварыг нь үнэлсэн гэж шагналын эзнийг зарлах үедээ тэмдэглэжээ. Шагналын хорооны дарга Андерс Олсен Хан Ганыг орчин үеийн утга зохиолын салбар дахь шинийг санаачлагч хэмээн үнэлжээ. Шагналын хорооны гишүүн Анна Карин Палм Хан Ганы бүтээлийг уншиж байгаагүй уншигчдад “Хүний үйлдэл” зохиолыг нь эхэлж уншиж үзэхийг зөвлөсөн байна. 2014 онд бичигдсэн тус зохиолд 1980 онд Хан Ганы төрсөн Гванжу хотод болсон оюутнуудын ардчиллын төлөө жагсаалыг эрх баригчид хэрхэн хүчээр дарж, 100 гаруй гэмгүй хүн амиа алдсан үйл явдлын тухай өгүүлдэг ажээ.
Нобелийн шагналыг 11 сая крон буюу нэг сая ам.доллар дагалддаг. Хамгийн сүүлд 2022 онд утга зохиолын салбарт эмэгтэй хүн Нобелийн шагнал хүртэж байсан нь Францын зохиолч Энни Эрнау юм.