Хоёр том гүрний дунд байршилтай Монгол Улс аялал жуулчлалаар дамжуулан дэлхий дахинд үүд хаалгаа нээж, хил хязгаараа дэлхийн өнцөг булан бүрд хүргэх асар их боломжтой. 2019 онд аялал жуулчлалын салбар манай улсын ДНБ-ий 7.2 хувийг бүрдүүлж, багагүй хэмжээнд хөгжсөн. Гэвч цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар томоохон хямралд орж, зогсонги байдалд шилжсэн билээ. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж нэг сая жуулчин хүлээн авах, салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд хүргэх томоохон зорилтыг тавьсан. Энэ хүрээнд, 2023 онд манай улс уул уурхайн салбараас гадна тэрбум ам.доллар давсан салбар нь аялал жуулчлалын салбар болж чадсан нь эдийн засгийн хувьд чухал дэвшил болж чадсан. Тухайлбал, өнгөрсөн онд манай улс 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн билээ. Иймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргаад буй. Тэгвэл энэхүү том шийдвэрийн ард ямар үр дүн биднийг хүлээж байна вэ гэдэгт хариулт эрье.
Аялал жуулчлалын алтан ЦАГ
Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил”-ийг 2023-2028 он хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, дотоодын эдийн засгийг дэмжих томоохон алхам болоод буй. Гэхдээ энэхүү том шийдвэрийн ард хэд, хэдэн сорилт, хөшүүрэг биднийг хүлээж байна.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг аялал жуулчлалын нөөцөөр “үнэ цэнтэйд орох газар” хэмээн дүгнэж, Монгол орныг жуулчдад аюулгүй, найдвартай орны тоонд оруулсан байдаг. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол улсыг Азид гарч буй элдэв халдварт өвчин, SARS, гахай ба шувууны ханиад, бэлгийн замын халдварт өвчин, ДОХ зэрэг аюулт өвчний тархалтаар хамгийн бага, өөрийгөө хамгаалах өвөрмөц нөхцөлтэй орон гэж үзсэн байна.
Мөн цаг уурын гэнэтийн өөрчлөлт, байгалийн гамшиг үүсэх тухайд айх аюул багатай, харьцангуй тогтвортой орон боловч дэлхийн дулаарал, элсний нүүдэл, цөлжилт зэрэг нь аажмаар Монголын аялал жуулчлалд сөрөг нөлөө үзүүлэх талтай хэмээн дүгнэсэн юм. Түүнчлэн дэд бүтэц муу хөгжсөн, эрх зүйн орчин тааруу, төрийн нэгдсэн бодлого байхгүйтэй холбоотойгоор энэ салбарын өрсөлдөх чадвар буурах эрсдэлтэй хэмээн үнэлжээ. Тэгвэл эдгээр сорилтыг даван туулах, хөшүүргийг зөв ашиглах нь бидний цаашдын амжилтыг тодорхойлно. Тиймээс дараах сорилтуудыг даван туулах нь чухал юм.
1. Дэд бүтцийг сайжруулах
Аялал жуулчлалын хөгжлийг дэмжихийн тулд дэд бүтцийн хөгжлийг тэргүүлэх зорилт болгох шаардлагатай. Энэ хүрээнд тээврийн систем, зочид буудал, хоолны газар, аяллын маршрутууд зэрэг чухал элементүүдийг сайжруулах, шинээр байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь чухал юм. Дэд бүтцийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих нь чухал. Тухайлбал, аялал жуулчлалын салбарыг дэмжихийн тулд зам, агаарын тээврийн системийг хөгжүүлэх нь нэн чухал билээ. Хөдөөгийн болон хотын доторх тээврийн системийг сайжруулах замаар жуулчдын аялахад илүү хялбар, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх нь энэ салбарт хийх ёстой чухал шинэчлэлийн нэг юм.
2. Эрх зүйн орчныг тодорхой болгох
Аялал жуулчлалын салбарт хуулийн тогтолцоог сайжруулж, эрх зүйн орчныг тодорхой болгох нь жуулчдад итгэл төрүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэхүү салбарт хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн тогтолцоо нь жуулчдын сэтгэл ханамж, аюулгүй байдлыг хангаж, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой болгохын тулд хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Монгол Улс аялал жуулчлалыг дэмжих хуулиудыг батлахдаа олон улсын туршлагад тулгуурласан, шинэлэг бодлого боловсруулах ёстой. Энэ нь бизнес эрхлэгчдэд тогтвортой, урт хугацааны итгэл төрүүлж, үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.
3. Хөгжлийн шинэ хөтөлбөрүүд Аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахын тулд Монгол Улс шинэ хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр хөтөлбөрүүд нь дотоодын жуулчлалыг идэвхжүүлэхээс гадна олон улсын жуулчдыг татахад чиглэгдсэн байвал үр дүнтэй юм. Тухайлбал, нэн тэргүүнд, байгаль орчныг хамгаалах, экотуризмыг хөгжүүлэх чиглэлд анхаарах нь чухал. Учир нь Монголын уудам тал, байгалийн өвөрмөц тогтоц, ховордсон амьтад, түүх соёлын дурсгалууд нь жуулчдын сонирхлыг татах томоохон хүчин зүйлсийн нэг юм. Экотуризм, байгальд ээлтэй аяллын маршрутуудыг бий болгох нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн сацуу байгаль орчныг хамгаалах боломжийг олгох давуу талтай гэдгээрээ онцлогтой. Экотуризм нь байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын нэг хэлбэр бөгөөд жуулчдад байгаль, соёлын өвийг ойлгуулах, хамгаалах, эдийн засгийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Мөн технологийн дэвшилд тулгуурласан ухаалаг аялал жуулчлал (smart tourism)-ын төслүүдийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй байх боломжтой. Энэ нь жуулчдад цахим хөтөч, маршрут төлөвлөлтийн систем, цахим музей зэрэг үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлэх бөгөөд орчин үеийн аялагчдын хэрэгцээ, шаардлагад нийцэх боломжийг олгох юм. Ийнхүү энэ мэт тогтвортой, уян хатан хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр манай улс аялал жуулчлалын зах зээлд өөрийн байр суурийг улам бүр бэхжүүлж, жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх боломжтой юм.
Хөгжлийн ХӨШҮҮРЭГ
Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөшүүргийг зөв ашиглах нь нэн чухал. Олон улсын хамтын ажиллагаа, технологийн дэвшил, сурталчилгаа, маркетинг зэрэг арга хэмжээнүүдийг зөв менежменттэйгээр ашиглах нь төсөөлшгүй эерэг үр дүнд хүргэх боломжтой билээ. Тухайлбал энэ онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндийн дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсч, 2024 оны аравдугаар сарын 7-ны байдлаар манай улс 680,711 жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 70 жилийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болсон.
Энэ нь цар тахлын өмнөх үеэс 40 хувиар, 2023 оноос 23 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнийг ахиулж 2024 оны эцэс гэхэд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авах, дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаад буй. Тэгвэл эдгээр зорилтдоо хүрэхийн тулд бид цаашид дараах хөшүүргийг зөв ашиглах боломжтой.
1. Олон улсын хамтын ажиллагаа
Гадаад улс орнуудтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах нь Монгол Улсыг дэлхийд таниулах, жуулчдын тоог нэмэгдүүлэх асар их боломжийг олгох боломжтой. Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцох замаар Монголын аялал жуулчлалыг сурталчлах, соёлын өвийг харуулах, нүүдлийн соёлыг танилцуулах боломж бидэнд бий. Мөн олон улсын аялал жуулчлалын холбоодтой хамтран ажиллах нь хилийн чанадад Монголыг таниулах, жуулчдын анхаарлыг татахад туслах боломжтой.
2. Технологийн дэвшил
Дижитал технологи, онлайн платформуудыг ашиглах нь жуулчдын татах хамгийн үр дүнтэй арга юм. Аялал жуулчлалын мэдээллийг онлайнаар байршуулж, жуулчдын захиалгыг хялбаршуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах нь энэ салбарт томоохон хөшүүрэг болж чадах нэгэн арга зам юм. Жишээлбэл, ухаалаг утасны аппликейшн, вебсайтуудыг ашиглан жуулчид Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд, маршрут, зочид буудлын тухай мэдээлэл авах боломжийг хангаснаар жуулчдыг татах боломж бүрдэнэ. Мөн технологийн дэвшил нь байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм.
3. Сурталчилгаа ба маркетинг Монгол Улсын аялал жуулчлалыг сурталчлах маркетингийн стратеги боловсруулах нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол угсаатан нь өөрийн өвөрмөц онцлогоороо өргөн уудам хээр талд мал аж ахуй эрхлэн нүүдэллэж ирсэн билээ. Соёлын эл онцлог байдал нь Монгол орныг хөрш зэргэлдээ орших бусад орноос эрс ялгаруулдаг төдийгүй аялал жуулчлал амжилттай хөгжих өвөрмөц хөрс нь болж өгдөг. Иймээс энэ төрлийн онцлогоо харуулсан контент бэлтгэж, сошиал орчинд тавих нь сурталчилгааны стратегид чухал байр суурь эзлэх болно.
Өнгөрсөн хугацаанд манай улс олон сая дагагчтай нөлөөлөгчдөөр дамжуулан эх орноо сурталчлан таниулж, ашиг орлого олж чадсан. Тэгвэл ирэх жилүүдэд өөрсдөө чанартай контент бүтээж түүнийгээ зах зээлд нийлүүлэх замаар ашиг орлого олж, жуулчдын анхаарлыг татах олон арга зам боломж бидэнд байна.
Эцэст нь эдгээр хөшүүргүүдийг зөв ашигласнаар Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дотоодын эдийн засгийг дэмжих, гадаадын жуулчдыг татах боломж бидэнд нээлттэй хэвээр буй. Иймд энэ салбарыг өргөжүүлэх, бэхжүүлэхэд анхаарч, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөгжлийн шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах нь нэн чухал байгаа билээ.