“Камертон” хамтлагийнхан өнөөдөр 21 нас хүрлээ. Түүхийн хуудсыг эргүүлэхэд, 21 жилийн тэртээх энэ өдөр хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй.
Тэдний анхны уран бүтээл алдар монгол хүн бүрийн аманд хүлхэгдэж байдаг “Маамуу нааш ир” дуу байсан бөгөөд энэхүү дууг тэд хөгжимгүйгээр дөрвөн хоолой салган дуулсан нь хэн хүний анхаарлыг татсан. Мөн тэдний мөрөвчтэй өмдөөр ижилсэн гоёж хүүхдийн талбай дээр кипжүүлсэн видеог залуус хэдэнтээ үзсэн ч уйдаагүй. Тэр бүү хэл тэдний дараагийн уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байсан цаг саяхан.
Рок, попын ертөнцөд тэд өөрсдийн байр суурийг эзлэн олон хит дуунуудыг эгшиглүүлсэн бөгөөд тэдний анхны уран бүтээлүүдийн нэг “18” нас дуу өнөөдрийг хүртэл залуусын дунд хит болон дуулагдсаар байгаа юм.
-“Камертон”-ы үргэлжлэл “Бид4”-
Мөн тэд “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Камертон 2” шоуг 720 гаруй залуусын дунд амжилттай зохион байгуулан өөрсдийнхөө шинэ өрсөлдөгчдийг өлгийдөн авсан. “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тус хамтлагийн продюсераар ажиллаж байгаа ба тэд “Бид4” нэртэйгээр урлагт хөл тавин анхны цомгоо өлгийдөн авсан.
-“Камертон” хамтлагийн 10 цомог дэлхий даяар борлуулагдаж эхэллээ-
“Камертон” хамтлагийнхан бие даасан цомгуудаа гаргасан бөгөөд дуучин Д.Болд“Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2” зэрэг цомгууд гаргасан бөгөөд хамгийн сүүлд саяхан “Цамцаа тайчаад шид” шинэ цомгоороо фенүүдтэйгээ уулзсан юм. Харин Эба “4th street” цомгоо 2007 онд, Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд, Ганаа “Дурлалын тэнгис” цомгоо мөн 2005 онд тус тус гаргаж байсан юм.
Тэд хамтлагаараа хамгийн сүүлд өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө буюу 20 насны ойгоо “Crocus Event Hall”-д фенүүдийнхээ хамт нижгэр тэмдэглэсэн юм. Тэдний тоглолт удаан хүлээсэн сонсогч фэнүүдийнх нь хувьд том бэлэг байсан. Тэд энэ удаад бүх цомгууд Apple iTunes-д худалдаанд гаргажээ.
-Шинэ уран бүтээлийн давалгаа-
“Камертон” хамтлагийн дуучид бие даасан цомгуудаа гаргаж байгаа билээ. Хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын хувьд 2005 онд “Хайрын хүч” цомог гаргаснаар соло дуучны уран бүтээлээ эхлүүлсэн. “Хайрын хүч”, “440Н2″,”Амьдралын гол дүр”, “Only one” цомгууд болон “Bold Central Stadium”, “Хайрын хүч” DVD-нүүдийг гаргасан. 2006 онд “UB Ра1асе”-д анхныхаа бие даасан “Хайрын хүч” тоглолтоо хийсэн. 2007 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Bold Central Stadium” нэртэй тоглолтоороо 50 мянган үзэгчдийг цуглуулж, их хотын нэгэн үдшийг доргиож байсан. 2006 оны есдүгээр сарын 9-ний өдөр “В Production” студийг байгуулж, шинэ залуу дуучид болох Маралжингоо, “Шоо” хамтлаг, Эгшиглэн, Агиймаа, “DZ man”, “Гурван охин” гэх мэт дуучдын цомог дээр сурталчилгаа, продюсерээр ажиллаж тодорхой хэмжээнд олны танил болгож чадсан.
Дуучин Д.Болд нь одоог хүртэл нийт 250 гаруй дуунуудыг зохиож залуучуудын хүртээл болгосон нь олон удаа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн.
2009 онд “HERO Entertainment”, “В Production” хамтран бүтээсэн “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангид гол дүрд тоглон кино ертөнцөд амжилттай ажилласан. 2010 оноос эхлэн “Монгол Поп” урсгалыг нэвтрүүлж Монголын үндэсний хөгмийн урлагт цоо шинэ өнгө төрх, урсгалыг бий болгож чадсан. Уг төсөл дээрээ одоо ч ажиллаж цааш нь улам хөгжүүлэхийн төлөө зорьж яваа ба хамгийн сүүлд "Хувцасаа тайчаад шид" хэмээх цомог гаргаад байгаа. Тун удахгүй ээлжит шинэ цомгоо дэлгэнэ.
Түүнчлэн тус хамтлагийн гишүүн Мээдээ, Ганаа гээд ар араасаа шинэ цомгоо худалдаанд гаргаад байгаа билээ.
-Удаан хүлээлгэсэн шинэ цомгийн анир-
“Камертон” хамтлаг тун удахгүй шинэ цомгоо өлгийдөн авна гэдэг таатай мэдээг дуулгасан. Тодруулбал, саяхан тус хамтлагийн ахлагч дуучин Д.Болд өөрийн цахим хуудсаараа дамжуулан дуулгасан. 20 жилийн ойгоороо гаргах байх хэмээн удаан хүлээсэн фенүүд нь уг цомгийг сонсохоор тэсэн ядан байгаагаа түүний цахим хуудсаар дамжуулан илэрхийлж байлаа.
-Non Stop Camerton-
VIBE 105.5 фм-ээр өнөөдөр хоногийн 24 цагийн турш “Камертон” хамтлагийн 21 жилийн ойг тохиолдуулан зөвхөн “Камертон” хамтлагийн 10 цомгийн бүх дуунуудыг тэдний сонсогч, фэнүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хүргэж байгааг дуулгахад таатай байна. Тэд залууст бүтэн өдрийн турш зөвхөн “Камертон”-оор амьсгалах боломжийг ийнхүү бүрдүүлжээ.
Төрсөн өдрийн мэнд хүргэе, “Камертон”