Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр Бөөрөлжүүт цахилгааны станцыг өнөөдөр нээлээ.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй тус цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай байхаар төлөвлөсөн юм. Улмаар тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ажиллуулах галлагааг эхлүүлэх гэж байна. Нүүрсэн тэжээлт энэ цахилгаан станцын төслийг “Бодь” группийн охин компани болох “Цэцэнс майнинг энд энержи” ХХК үе шаттай хэрэгжүүлэн барьж, ашиглалтад орууллаа.

Тус компани 2011-2016 онд Бөөрөлжүүт нүүрсний ордны геологийн хайгуул, уурхай болон цахилгаан станцын ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ зэрэг бүхий л судалгаа үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтарч, олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэжээ. 2017 оноос уурхайн олборлолтыг эхлүүлсэн ба өдгөө Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна.

Шинэ станцын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, бүтээн байгуулагчид оролцов.

"Бодь интернэйшнл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Баясгалан "Бидэнд өөрсдийн эх үүсвэрээр хамгийн хямд эрчим хүч ус, агаар мэт чухал. Цахилгаан станц барина гэдэг төсөөлөхөд амар. Бодит байдал дээрээ маш олон хүчин зүйлээс хамаардаг. Эхний 150 мВт-ын блокд 60 ширхэг технологийн барилга, байгууламж баригдсан. Эдгээрээс нэг нь л ажиллахгүй бол ажиллах боломжгүй. Энэ төсөлд хөрөнгө оруулна гэдэг нь тэвчээр шаардсан эх оронч үзэл юм. Нүүрснээс цахилгаан үйлдвэрлэх нь хамгийн найдвартай, хамгийн хямд, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр юм. Монгол оронд таарсан цахилгаан станц барих боломжтой компанийг олон орноос хайсан. Үр дүнд нь БНХАУ-ын компанитай гэрээ байгуулсан. Өнгөрсөн хоёр жилд барьж бүтээсэн бүтээн байгуулалт өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ бол дөрвөн блокийн хамгийн эхнийх нь. Ирэх жил 3, 4 дүгээр блокийг ашиглалтад оруулна. Хамгийн хямд эрчим хүчийг удаан хугацаанд тогтвортой үйлдвэрлэхийн тулд нүүрсээ уурхайн амнаас, 1.6 км зайнаас авна. 13 жилийн төсөлд нөсөр их хүчин чармайлт гаргаж, элдэв сорилтыг даван туулж, эрсдэл хүлээсний эцэст цахилгаан станцын маань анхны блок нээлтээ хийж байгаад баяртай байна.

Биднийг бүх талаар дэмжиж, урам зориг өгч байсан манай компанийн хамтран зүтгэгч нар, байнгын дэмжигч Голомт банк, орон нутгийнхан, эрчим хүчний салбарын үе, үеийн удирдлагууд, бидэнд найдаж, бидний гаргасан бондыг худалдаж авсан хувь хүмүүс, компаниудад талархал илэрхийлмээр байна. Мөн улс төрийн асар их эрсдэл, иргэний эр зориг гаргаж, гурван сарын өмнө манай энхий хоёр блокийн нийт санхүүжилтийн 18 хувь болох 300 тэрбум төгрөгийг зээлээр санхүүжүүлсэн Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар даргад тусгайлан талархал илэрхийлмээр байна. Мөн манай төсөлд итгэж байгаагүй, шууд болон шууд бусаар саад болж, ашиг хонжоо хайж, хүнд суртал гаргаж байсан гадаад, дотоодын бүх хүнд талархал илэрхийлмээр байна. Бид маш олон бэрхшээлийг даван туулж энэ хүрсэн. Өнөөдөр бид Монгол Улсын хамгийн том 150 мВт зуухны анхны галлагааны гэрч, эрчим хүчний сэргэн мандалтын эхлэлийн гэр болохоор хүрэлцэн ирсэн байна. Энэ нь манай улсын бүх бүтээн байгуулалтын эхлэл юм" гэлээ.