Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр Бөөрөлжүүт цахилгааны станцыг өнөөдөр нээлээ.
Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд баригдаж буй тус цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай байхаар төлөвлөсөн юм. Улмаар тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг ажилууллах галлагааг эхлүүлэх гэж байна. Нүүрсэн тэжээлт энэ цахилгаан станцын төслийг “Бодь” группийн охин компани болох “Цэцэнс майнинг энд энержи” ХХК үе шаттай хэрэгжүүлэн барьж, ашиглалтад орууллаа.
Тус компани 2011-2016 онд Бөөрөлжүүт нүүрсний ордны геологийн хайгуул, уурхай болон цахилгаан станцын ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ зэрэг бүхий л судалгаа үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтарч, олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэжээ. 2017 оноос уурхайн олборлолтыг эхлүүлсэн ба өдгөө Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна.
Шинэ станцийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, бүтээн байгуулагчид оролцов.
“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. Долгормаа "Бодь” группийн 31 дэх жилээ үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнээс сүүлийн 11 жилд нь дэд бүтцийн чиглэлд төвлөрч ажиллаж байна. Дэд бүтцийн салбар нь Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн гол үндэс болдог. Бөөрөлжүүтийн цахилгаан станцийн төсөл дээр “Бодь” групп 2011 оноос ажиллаж эхэлсэн. Томоохон төслүүдийн хувьд төлөвлөлт, бэлтгэл ажил чухал. 2011 оноос эхний судалгаагаа хийгээд, шаардлагатай эрчим хүч худалдаж, худалдан авах гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээгээ хийсэн. Ийн бэлтгэл ажил хангагдсаны дараа буюу 2022 онд барилгын ажлынхаа анхны шанг тавьж байсан. Өнөөдөр анхны блокын нээлтээ хийж байна. 2023 он буюу өнгөрсөн өвөл нийт эрчим хүчний 20 хувийг экспортолж авсан. Тэгсэн ч цахилгааны хязгаарлалт хийж байсан. Бөөрөлжүүт цахилгаан станц ашиглалтад орсноор дотоодын найдвартай эх үүсвэртэй болно. Сүүлийн 40 гаруй жил хийгдээгүй бүтээн байгуулалт юм. Тиймээс хамгийн зөв ерөнхий гүйцэтгэгч олж ажлаа хийлгэх шаардлагатай. Бид БНХАУ-ын маш том, тэргүүлэгч компанитай хамтарч ажиллаж байгаа. Үүний хүрээнд барилгын ажлууд цаг хугацаандаа явж байна. Мөн шинэ зүйлийг бий болгож байна. Тухайлбал, хорт хийн ялгарал нь манай улсад тогтоосон стандартаас 2.5 дахин бага байгаа. Мөн усны хэрэглээ маш бага. Хувийн хэвшил энэ хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт шийдвэрлэхэд анхаарах нь зүй. Маш олон төсөл санхүүжилтийн асуудлыг улмаас дундаасаа зогсдог. Манай компанийн тухайд, маш олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар судалсан. Бид БНХАУ-ын томоохон компанитай гэрээ байгуулж чадсан нь чухал хүчин зүйл болсон" гэв.