Ашиг олж, ажилчдаа тэтгэж, хүрээгээ тэлэх учиртай аж ахуйн нэгжүүд “амьд үлдэх”-ийн төлөө л тэмцэж байна. Мөч бүрд инфляцын сорилттой тулгарсан ч үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргээд хэчнээн ашиг оллоо ч албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлдээ “цөлмүүлж”, арай ядан цалингаа тавьж буй аж ахуйн нэгж Монголоор дүүрэн байна. Арай дөнгүүр байгаа нь тэд. Олсон ашиг нь үйл ажиллагааны зардал, түрээсийн төлбөр, урсгал зардалдаа таарч, татвар, даатгалын өр хураагдаж, ажилчдын цалингаа ч тавьж чадахгүй, дампууралд ойртсон байгууллага тоймгүй олон бий. Ийм нөхцөлд хүргэх олон шалтгаан бий ч аж ахуйн нэгжүүд дампуурахад татвар, даатгалын дарамт нийтлэг шалтгаан болж буй. Зөвхөн аж ахуйн нэгж ч гэлтгүй иргэд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтад нуруугаа авахуулсаар байна.
Монголчууд одоогоор 13 албан татвар, 14 төлбөр, 3 хураамж гээд нийт 30 төрлийн татвар төлж, орлого төвлөрүүлж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд төсвийн орлого бүрдүүлэхэд оролцож, эргээд нийгмийн үйлчилгээ авахаар татвар төлдөг. Хувь хэмжээ, тоо нь их үү, бага уу гэхээс татвар төлөх нь нийгэм бүрдүүлэгчдийн үүрэг. Гэхдээ үүнийг орлогын албан татвар дээр л ойлгоход дөхөм.
Гол асуудал нь татвар, нийгмийн даатгал нь иргэн, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээ үзүүлэх, эрсдэлээс хамгаалах баталгаа бус дааж давшгүй хүнд ачаа болж байгаад учир байна.
Нийгмийн даатгал ч ирээдүйд учрах эрсдэлээс хамгаалах гол хүчин зүйл учраас заавал төлөх даатгалд хамааруулан төлдөг. Ирээдүйн эрсдэлээс хамгаалж хуримтлал үүсгэх төлөвшилгүй монголчуудын хувьд ингэж төлөх нь ч зөв байх. Гэхдээ гол асуудал нь татвар, нийгмийн даатгал нь иргэн, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээ үзүүлэх, эрсдэлээс хамгаалах баталгаа бус дааж давшгүй хүнд ачаа болж байгаад учир байна. Жил ирэх тусам татвар шимтгэл нь аж ахуйн нэгж, иргэнд хэрхэн ачаалал нэмж, дарамт болж байгааг татварын орлого бүрдүүлэлт хийгээд нийгмийн даатгалын авлагын баримтаас харж болно.
Татварын орлого дөрвөн жилд гурав дахин нэмэгджээ
Төсвийн орлогын 70 гаруй хувийг татвараас бүрдүүлдэг. 2020 онд 5.7 их наяд байсан татварын орлогыг дөрвөн жилийн хугацаанд бараг гурав дахин нэмж 16.9 их наяд төгрөгт хүргэхээр тооцжээ. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн тооцооллоор татвараас 16.9 их наяд төгрөг бүрдүүлэхээр тооцсон байна.
Нийгмийн даатгалын авлага зургаан сарын дотор 120 тэрбумаар өсөв
2013 онд 24.2 тэрбум төгрөг байсан нийгмийн даатгалын авлагын хэмжээ 10 жилийн дотор 17 дахин өсөж, 422.2 тэрбум төгрөгт хүрчээ. Цар тахлын өмнө буюу 2019 онд 150 орчим тэрбум төгрөг байсан авлага цар тахлын жилүүдэд огцом нэмэгдсэн ч эдийн засаг сэргэсэн сүүлийн жилүүдэд ч өндөр хэвээр байгаа юм. Энэ оны хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын авлага 540 тэрбум төгрөгт хүрч, ердөө зургаан сарын дотор 120 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Eagle news телевиз “Тоон тойм” нэвтрүүлэг
Ийнхүү татварын орлого нэмэгдэж буй нь иргэн, аж ахуйн нэгжийн халааснаас гарах мөнгө өсөж, татварын ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. Баримт дурдвал, 2022 оны байдлаар Монгол Улсын татварын ачаалал нь 29.2 хувьд хүрсэн. Энэ нь олон улсын татварын ачааллын дундаж хэмжээнээс 8.4 хувиар, хөгжиж байгаа Зүүн Ази, номхон далайн бүс нутгийн зарим орнуудын дунджаас 8.2 хувиар өндөр үзүүлэлт юм. Тэгвэл татварын орлого нэмэх хэрээр ачаалал цаашдаа ч нэмэгдэх нь.
Гэтэл ачаалал үүрэх аж ахуйн нэгжүүдийн өр нэмэгдэж, нийгмийн даатгалын авлага эрчимтэй өсөж байгаа нь компаниуд НДШ-ээ төлж чадахгүйд хүрч, төлбөрийн чадваргүй болсны илрэл юм. Тэгвэл НДШ аж ахуйн нэгжүүдэд хэрхэн нөлөө үзүүлж буйг үргэлжлүүлэн дэлгэрүүлье.
50 ажилтантай, ажилчдын дундаж цалин нь 1.5 сая төгрөг, байраа түрээслэдэг аж ахуйн нэгж сард 100 сая төгрөг олж байж зардлаа нөхнө. Гэтэл Монголд ийм орлоготой компани цөөн. Эдгээр зардал, эрсдэлээ давж гарч чадахгүй олон аж ахуйн нэгж дампуурлын ирмэгт байгаа нь бодит үнэн билээ.
“Gate4” рестораны захирал П.Мөнхсайхан
"Манайх 73 ажилтантай. Сард нийт 100 гаруй сая төгрөгийн татвар, даатгал төлж байгаа. Бид инфляцтай уялдуулж цалингаа дагаад нэмэх ёстой. Хүчээр 20 хувь нэмэхэд л дагаад НДШ маш их нэмэгдэж байна. Энэ нь аж ахуйн нэгж байгууллагуудад асар хүнд тусаж байна. Манайх томрох учраас аль болох хууль бус зүйл хийхгүй гэж хичээж байгаа. Гэхдээ ингэснээрээ сайн ажилчдаа алдаж, ашиг орлого багатай, өр ширээ ч дарахгүй, олон гоё боломжийг ашиглаж чадахгүй байна. Бид нийгмийн даатгалыг эргээд ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулмаар байна."
Нийгмийн даатгалыг даатгал бус татвар, “дээрэм”, “шийтгэл” болгож, аж ахуйн нэгж иргэдэд хүндрэл үүсгэж буй нэг жишээг дурдъя. Хувь иргэн өөрийн мэдлэг, ур чадвараа ашиглан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллахаар аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад хоёр тал давхар НДШ төлдөг болсон. Энэ зохицуулалтаар иргэн цалин хөлснийхөө 9.3 хувийг, аж ахуйн нэгж 9.5 хувийг НДШ-д төлж байгаа. Тухайлбал, хувь иргэн 1 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр компанитай гэрээ байгууллаа гэж бодъё. Тэгвэл тухайн иргэн гар дээрээ 1 сая төгрөгөө бүтнээр нь авахгүй. НДШ-д 9.3 хувь буюу 93 мянган төгрөгийг суутгуулснаар 907 мянган төгрөг авна. Харин аж ахуйн нэгж 1 сая төгрөгөөр ажил хийлгэхэд 9.5 хувь буюу 95 мянган төгрөгийг НДШ-д нэмж төлж байна. Нийт 1 сая 95 мянган төгрөг гаргана. Ингэхээр аж ахуйн нэгж хувь иргэнээс ажил үйлчилгээ худалдаж авсныхаа төлөө улсад 9.5 хувийн шимтгэл төлдөг болсон гэсэн үг. Иргэн бизнесийн зарчмаар, хувиараа ажил гүйцэтгэхэд ажил хийлгэсэн аж ахуйн нэгжийг ч “шийтгэж”, даатгал нэртэй татвар хурааж байгааг буруутгах хүмүүс олон байгаа юм.
Тэр байтугай энэ зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн хуульчид Үндсэн хуулийн Цэцэд хоёр ч удаагаа хандсан. Үндсэн хуулийн Цэцээс эхний удаа маргаан үүсгэх боломжгүй гэж үзсэн ч маргаан үүсгэх үндэслэл шаардлага нь бодитой гэдгийг хуульчид төдийгүй улс төрийн хүрээнийхэн үзэж байна.
Татварын зөвлөх С.Баярхүү
"Хувь иргэн бие даан хувиараа ажил үйлчилгээ эрхлэх нь өөрөө Хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг хөдөлмөрийн харилцаанаас тусдаа асуудал. Энэ бол Иргэний хуулиар зохицуулагддаг бизнесийн харилцаа. Гэтэл энэ зарчмыг үл харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан. Иргэн хүний хувиараа хийж байгаа бизнесийн үйл ажиллагаанаас олж байгаа орлогоос НДШ ногдуулж байгаа нь өөрөө бусад хууль тогтоомж цаашлаад Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм."
Тэгвэл УИХ-ын Байнгын хорооны хуралдааны үеэр энэ асуудлыг хөндөж, цаашид өөрчлөх чиглэлтэй үгүйг тодруулахад холбогдох албаныхан хэрхэн хариулсныг хүргэе.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул
"Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний дүнд бүтнээр нь НДШ төлж байгаа нь хүндрэлтэй байгаа асуудлаар олон хүн санал гаргаж байна. Цаашдаа ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний дүнд бүтнээр нь бус цалин хөлсний зардлаас НДШ тооцох чиглэлийг ярьж байгаа."

Энэ буруу бодлогын эхлэл нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлт. Энэ хуулийн шинэчлэлтийг өнгөрсөн оны долоодугаар сарын 7-нд УИХ-аар баталсан.
Хуулийн шинэчлэлийн гол автор нь одоогийн УИХ-ын дэд дарга, тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа. Иргэд хувиараа ажил үйлчилгээ хийхдээ гэрээ байгуулж, НДШ ээс зугтаж байна гэдэг агуулгыг барьж, дээрх өөрчлөлтийг хийсэн гэхэд болно. Ингэхдээ тухайн иргэнээс үйлчилгээ авсан аж ахуйн нэгжийг ч давхар НДШ төлөх үүрэг ногдуулснаар компаниудыг дарамтад оруулж, дампууралд ойртуулж байна.
Түүний хийсэн энэ буруу шийдлийн нөлөө зөвхөн аж ахуйн нэгжүүдийг хохироож байгаа юм биш. Нийгмийн даатгалыг татвар шиг мутацалснаар сүүлийн үед НДШ төлөхгүй, зугтах хандлага түгээмэл боллоо. Ингэснээр хүн бүрийг НДШ төлдөг болгох Х.Булгантуяагийн буруу бодлого эргээд Нийгмийн даатгалын сангаа хохироож, орлого тасалдахад хүргэж байна.
“Gate4” рестораны захирал П.Мөнхсайхан
"Хүмүүс нийгмийн даатгал төлөхгүй бол ажиллана гэдэг болсон. Ажиллах хүний нөөц байхгүй үед тун хэцүү. Хүмүүсийн НДШ төлөхгүй байя гэж байгааг буруутгах аргагүй. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн яаж 350 мянган төгрөгийн төлчихөөд хоол унд, байр сууц, хүүхдүүдийн хэрэглээгээ хангах вэ дээ. Нэг өрөө байр түрээслэхэд л 1.5 сая төгрөгийн ханштай байна. 50, 100 мянган төгрөг ч их хэрэгтэй байгаа энэ үед гар дээрээ арай ахиу мөнгө авахыг хичээнэ биз дээ."
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин
"Татвар, НДШ-ийг сүүлийн үед төлөхгүй байцгаая гэсэн хандлага багагүй ажиглагдах болсон. Ажлын зар харахаар НДШ төлөхгүй бол ажиллана гэж байх жишээтэй. Нийгмийн тодорхой хэсэг нь хуулиа дагаад мөрдөөд байдаг. Нөгөө талаасаа төрийн зөв арга хэрэгсэл ашиглаад татварын бааз сууриа тэлэх чиглэлийн арга хэмжээг авахгүйгээр шууд татвар хураамж нэмэх байдлаар шийдэл гаргаж байгаа нь оновчтой биш. Хэрхэн татварын суурийг дээшлүүлэх вэ гэдэг дээрээ ажилламаар байгаа юм."
Нийгмийн даатгал бол тэтгэвэр авах, ажилгүй болох, хүүхдээ асрах, хөдөлмөрийн чадвараа алдахад тэтгэвэр, тэтгэмж авах даатгал. Өөрөөр хэлбэл, ирээдүйн санхүүгийн эрсдэлээс бага ч гэсэн хамгаалах нийгмийн баталгаа болохоос бүх орлого, ажил үйлчилгээнээс хувь авах татвар биш. Хариуцлага ногдуулах торгууль бүр ч биш.
Зорчигч тээврээр хот хооронд зорчиход хүний амь насны даатгал 1000 хүрэхгүй төгрөг байхад эрсдэлээс хамгаалах даатгалд цалингийн 26+18.8=44.8 хувийг суутгадаг байж болно гэж үү. Үүнийг өөрчлөх нэн шаардлагатайг ачаалал авч байгаа ард түмэн, аж ахуйн нэгжийн нөхцөл байдал бодитоор харуулж буй.
Түүнчлэн НДС-гийн хөрөнгийг үргүй зарцуулчихаад алдагдлыг ард түмэн, аж ахуйн нэгжээр ингэж нөхүүлдэг байж таарахгүй. Дампуурсан, дампуурлаа зарлах дөхсөн хоёр банкинд байршуулсан 163 тэрбум төгрөгийг царцаачихаад ард иргэд, аж ахуйн нэгжээс НДШ давхар авч байгаа нь хэр зүй зохистой вэ. Цаашдаа алдагдалтай байгаа сангуудын хөрөнгийг аж ахуйн нэгж, иргэдээс нөхнө гэвэл босоогоороо үлдэх компани байтугай хүн ч үлдэхгүй. Алдагдлыг нөхөхийг тулд НДШ-ийн хувь хэмжээ, төрөл нэмлээ ч хөрөнгө оруулалтын буруу бодлоготой байхад тулгарч буй бэрхшээлийг давах боломжгүй гэдгийг эх сурвалжууд ч хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Түвшин
"НДШ бол аж ахуйн нэгжүүдийн толгойны өвчин болсон. Нийгмийн даатгалд ямар ч хамааралгүй бүх ажил, гүйлгээнээс шимтгэл авдаг болсон. Цалин нэмэхэд хамгийн саад учруулж байгаа зүйл бол НДШ. Нийгмийн даатгал төлөх нь бол гарцаагүй. Гэхдээ ачаалал хэтэрч байна. Нийгмийн даатгал гэдэг үндсэн философийг ойлгохгүй байна. Даатгалд хамрагдах бүх зардлыг төлүүлэх байдлаар явж байгаа нь алдаа. НДШ-ийг бууруулах шаардлагатай. Нийгмийн даатгал өндөр байгаа нь иргэдийн гарт очих мөнгийг багасгаж байна. Бизнес өсөж хөгжих боломжийг хааж байна. Тиймээс зохистой хэмжээнд хүртэл бууруулмаар байгаа юм. Миний харж байгаагаар даатгалд хамаарахгүй зардлыг төсвөөс даах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын өөрийнх нь урсгал зардлыг өөр эх үүсвэрээс хөрөнгө оруулмаар байна."
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг
"Нийгмийн даатгалын сан алдагдалтай байна гэж НДШ авах төрлүүдийг нэмж байна. Татвар шиг олон төрлөөр НДШ авч байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд асар их санхүүгийн дарамт болж байгаа. Гэтэл аудитын дүгнэлтээр өмнө нь Нийгмийн даатгалын сангийн 163 тэрбум төгрөгийг “Капитал”, “Чингис хаан” банкинд байршуулаад гацаасан гэж байна. Ийм хариуцлагагүй хөрөнгө оруулалтын бодлоготой байхад яаж нөхцөл байдал сайжрах юм бэ. Цаашдаа даатгалын сангийн шинэчлэл рүү орох шаардлагатай."
Нийгмийн даатгал зөвхөн аж ахуйн нэгжүүдэд дарамт хүндрэл учруулаагүй. Байгууллага НДШ-ийг тухайн сардаа төлж чадаагүй бол иргэд нийгмийн үйлчилгээ авахад ч хүндрэл үүсэж байна. Угтаа иргэд нийгмийн баталгаа болгож 34-36 хувийн татвар, шимтгэл төлж байгаа.
Иргэн, аж ахуйн нэгж нийлээд цалингийн 26 хувийг (иргэн 11.5 хувь, ААН 12.5-14.5 хувь) нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Үүн дээр хувь хүний орлогын албан татвар, нийслэлийн татвар, эрүүл мэндийн даатгал гэсээр нийт 40 орчим хувийг татвар, даатгалын шимтгэлд төлж байна. Энгийн тооцоолол хийе.

Ингэснээр 1.5 сая төгрөгийн цалинтай иргэний сарын шимтгэл 476 750 төгрөг болж байна. Үүний зохих хувийг ажилтны цалингаас суутгаж, үлдсэнийг нь хариуцан төлөх үүргийг аж ахуйн нэгж хүлээдэг.
Хүмүүсийн орлого буурч, худалдан авах чадвар муудаж байхад цалин нэмэх зайлшгүй шаардлага үүснэ. Гэвч өмнөх зардлаа дийлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн цалин, НДШ-ийн нэмэгдэл бүр ч дампуурал руу хөтлөхөөр байна.
Ийн татвар, даатгалын бодлого таагүй, санхүүгийн дарамт ихтэй учраас салбаруудад шинээр аж ахуйн нэгж үүд хаалгаа нээхгүй байна. Цар тахлын нөлөөгөөр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэсэг саарсан. Харин эдийн засаг хэвийн болсон өнөө үед нөхцөл байдал сайжирч, аж ахуйн нэгжүүд өргөжин тэлж, шинээр байгуулагдах ёстой байтал байгаа компаниуд нь арайхийн дэнжигнэж байгааг мэргэжлийнхэн хэлж буй.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, эдийн засагч Ш.Энхтуул
"Татварын бодлого таагүй байгааг шинээр аж ахуйн нэгж бүртгүүлэхгүй байгаагаас харж болно. Цар тахлын дараа 2023 онд эдийн засаг хэвийн хэмжээнд орсон. Гэсэн ч салбаруудад шинээр компани бүртгүүлэхгүй байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт л шинээр компани бүртгүүлж байна. Бусад салбарт шинэ компани үүсэх нь битгий хэл, байгаа компаниуд нь яаж худалдах уу, нэгдэн нийлүүлэх үү, эсвэл дампууруулах уу гэдэг нь бизнесийнхний шүдний өвчин болсон."
Хувийн хэвшлээ дэмжих амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, УИХ-д суудалтай болсон нам бүр хамтарсан Засгийн газарт багтсан. Төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлж, улсыг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэн санхүүгийн дарамттай амь тэмцэж, аврал эрж байна. Хамтарсан Засгийн газар, УИХ эхний ээлжид аж ахуйн нэгжүүдээ аврахад нэгдэн ажиллаж болохгүй гэж үү.
Ядахдаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.4-т заасан хувь иргэн өөрийн мэдлэг, ур чадвараа ашиглан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллахаар аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад хоёр тал НДШ төлдөг зохицуулалтыг өөрчлөх шаардлага байна.
Нийгмийн даатгалын бодлогыг уян хатан, зөөлөн байдлаар удирдаж, аж ахуйн нэгж, иргэдэд дарамт учруулахгүйгээр олныг хамарсан даатгалын систем болгомоор байна. Даатгалын мөнгөөр халамж хязгааргүй тараахыг танамаар байна. Хувь хэмжээг бууруулмаар байна. Орлогынх нь тал хувийг татвар, даатгалд суутгахаар хэн ч амжилттай ажиллахгүй. Хувийн хэвшлээ ингэж санхүүгийн дарамтад оруулах нь эсрэгээрээ ирэх жилүүдийн төсвийн орлого, тэлэлтэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.
Дээр нь аж ахуйн нэгжүүд удахгүй дахин том эрсдэлтэй нүүр тулна. Хэдийгээр албан тооттой шийдвэрээр баталгаажаагүй ч эрчим хүч, дулааны үнийг арваннэгдүгээр сараас нэмэх шийдвэр яриа хэлэлцээний түвшинд явж байгаа. Ачааллаа дийлэхгүй, гал алдаж буй эрчим хүчний салбарыг үнийн чөлөөт зохицуулалттай болгохгүй бол үргэлжид гачигдал, хомсдолтой байх нь тодорхой. Тэгэхээр хүссэн хүсээгүй цахилгаан, дулааны үнийг нэмж таарах биз. Харин энэ шийдлийн нөлөөгөөр байруудын түрээс, урсгал зардал, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, аж ахуйн нэгжүүдэд дахин ачаалал өгнө. Хүмүүсийн орлого буурч, худалдан авах чадвар муудаж байхад цалин нэмэх зайлшгүй шаардлага үүснэ. Гэвч өмнөх зардлаа дийлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн цалин, НДШ-ийн нэмэгдэл бүр ч дампуурал руу хөтлөхөөр байна. Тиймээс нийгмийн даатгалаа ч болов татвараас салгаж, уян хатан бодлогоор удирдмаар байна. НДШ татвар биш, торгууль бүр ч бишийг дахин сануулъя. Одоо үнэндээ нийгмийн даатгал нэртэй “мутацлагдсан” дээрэм л явж байна шүү дээ.