
Монголын “Хүлэгү” пикчерс, БНСУ-ын “Kortop media” агентлаг хамтран “Өмнөдийг зорих замд” уран сайхны киног бүтээсэн. Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдээс өндөр үнэлгээ авч буй уг киног Өмнөдийг зорьж яваа нэгэн гэр бүлд дулаан гараа сунгаж, халуун амиа зориулсан бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн билээ. Уг кинонд тагнуулчийн дүр бүтээсэн БНСУ-ын жүжигчин Жонг Жун Үтэй ярилцлаа.
“Өмнөдийг зорих замд” кинонд яагаад тоглохоор болсон талаар ярилцлагаа эхэлье?
Кинонд тоглох санал харьяалагддаг энтертайнментээр маань дамжуулж ирсэн. Миний харьяалагддаг “Kortop me dia” агентлаг “Хүлэгү” пикчерстэй багагүй хугацаанд хамтарч ажилласан байсан. Хойд Солонгосын цэргийн дүр гэхэд нь баярлаж хүлээж авсан. Миний хувьд эсрэг дүрд маш их тоглодог. Бараг эсрэг дүрээр мэргэшсэн гэж хэлж болно. Эсрэг талын дүр дээр ажиллаад 15 жил болсон байна. Тиймээс өөртөө итгэлтэйгээр энэ дүрийг бүтээсэн.
Монголд ирэхээс өмнө танд манай улсын талаарх ямар төсөөлөл байсан бэ?
Эргэн тойронд нь байдаг Хятад, Орос, Японы талаар мэддэг, ойрхон тусдаг байсан. Тэгэхээр бараг төсөөлөлгүй байсан гэж хэлж болно. Нисэх онгоцны буудлаас шууд зураг авалтын талбайд очсон. (Өмнөговь аймгийн Ноён сум дахь Ханан хэц) Зураг эхлэхэд “Энэ кино үнэхээр сайхан болох юм байна даа” гэсэн бодол надад төрсөн. Хятадын найруулагчийн “Nomadland” кинонд гарч буй зураглалтай яг адилхан санагдсан.
Киногоо бэлэн болсны дараа үзэхэд ямар мэдрэмж төрсөн бэ. Төсөөлснөөс хэр өөр байв?
Миний хувьд одоогоор 300 орчим драмын зураг авалтад орсон. Солонгост зураг авалтад ороход зохиолын сценүүдийг хараад биеэрээ түүнийг мэдэрдэг. Монгол дахь зураг авалт үүнээс өөр байсан. Гэхдээ Солонгосын кино зураг авах үйл явц зөв гэсэн үг биш шүү. Миний хувьд зураг авалтын үед бага зэрэг санаа зовж байсан. Гэвч кино маань бодсоноос илүү бүтээл байсан. Монгол болон Солонгосын уран бүтээлчдийн хамтарч хийсэн энэ бүтээл бүтээсэн өртгөө арав дахин нугалсан ашиг олох хэмжээний бүтээл болжээ гэж би бодсон.
Кинонд хамтран ажилласан Монголын уран бүтээлчдэд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ. Жүжигчид болоод зураглаач, найруулагч уран бүтээлчдийн баг гээд бүгдэд нь?
Монгол кино өмнө нь үзэж байгаагүй учраас надад Монголын жүжигчдийн талаарх төсөөлөл байхгүй байсан. Зураг авалтын бүх төлөвлөгөө гаргасны дараа хэд, хэдэн монгол кино үзсэн. Үзсэний дараа “Энэ чигээрээ хөгжих юм бол 10 жилийн дараа гэхэд Холливудад гарах боломжтой юм байна” гэж харсан. “Өмнөдийг зорих замд” кинонд хамтран тоглосон Ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Г.Эрхэмбаяр, О.Самданпүрэв, Б.Замилан нарын жүжиглэлтийг харахад тэд одоо ч “Netflix”-д орох кинонд тоглоход ямар ч асуудал алга.
БНСУ-ын жүжигчид агентлагт харьяалагддаг. Үүний сул болон давуу тал нь юу байдаг вэ?
Агентлагт байхын сул болон давуу тал аль, аль нь бий. Сул тал нь гэвэл жүжигчнээсээ илүү энтертайнмент нь танигддаг. Жишээлбэл, “Хүлэгү” пикчерс болон С.Баттулга найруулагч дээр жишээ авъя. “Хүлэгү” байгаагүй бол С.Баттулга найруулагчийн бүтээл цөөн байна. С.Баттулга найруулагчийн хувьд “Хүлэгү”-д байгаа учраас бүтээл нь олонд танигдаж, бүтээлийн тоо нь олон байна. Аль, аль талдаа ашигтай. БНСУ-ын хамгийн топ гурван агентлаг болох “SM Entertainment”, “JYP Enter tainment”, “YG Entertainment” агентлаг нь 9/10 зарчмаар буюу есийг өөрөө авч, нэг хувийг агентлагтаа өгдөг. Би ч гэсэн үүнийг муухай гэдгийг мэднэ. Гэхдээ миний бодлоор Монголд ч гэсэн удахгүй ийм агентлагууд гарч ирнэ гэж бодож байна.
Солонгос соёл урлагийн салбараа бодлогоор маш хүчтэй дэмждэг улсуудын нэг. Энэ талаар та сонирхуулбал?
Солонгосын төрөөс уран бүтээлчдэд зориулж төрөл бүрийн санхүүгийн дэмжлэгийг жил бүр тогтмол үзүүлдэг. Солонгост уран бүтээлчдийг ивээн тэтгэх үе өнгөрөөд дараагийн үе рүүгээ шилжиж байна. Энтертайнментууд хөрөнгө оруулалт авахын тулд хамгийн түрүүнд компани байгуулах хэрэгтэй. Компаниудыг эхний ээлжид татвараас чөлөөлдөг. Энтертайнментэд ажиллаж байгаа хүний тоо, хүчин чадлаас нь хамаараад янз бүрийн зээлүүд олгодог. Таван жилийн хугацаатай зээл нэг хувийн хүүтэй. Таван жилийн дараагаас хүүгүй болох нөхцөл ч байдаг.

Жилд хэдэн уран бүтээлч гарч ирж, түүний хэд нь амжилтад хүрдэг бол?
Одоогоор гэхэд энтертайнмент чиглэлийн 300-400 компани бүртгэлтэй байна. Энэ зах зээлд сайн хийж чадаж байгаа нь л амьд үлдэнэ. 2021 онд дебютээ хийсэн 120 хамтлаг байсан бол одоо тэднээс нэг нь ч байхгүй. Шинээр гарч ирж байгаа охидын хамтлагууд нэг жилийн турш цэргийн ангиудаар явж тоглолтоо хийдэг. Эндээс эрэгтэй фенүүдтэй болсноор тэд нар нь цэргээс халагдсаныхаа дараа дэмждэг. Фенүүдтэй болсноор реклам, зураг авалт, драмд тоглох боломжтой болдог. Жүжигчин бол хэцүү. Шүтэн бишрэгчидтэй болохын тулд бүтээлд оролцох ёстой байдаг. Нэг жилд шинээр 40 орчим мянган залуус модель, жүжигчин, бүжигчин болохоор энэ зах зээл рүү ордог. Гэвч нэг хувь нь (4000) ч тогтож үлдэж, гарч чаддаггүй. Жил бүр шүү дээ. 0.1 хувь нь 400 нь үлдэж чаддаг ч 10 жилийн турш зогсолтгүй, хичээнгүй хөдөлмөрлөж байж амжилт олно, эсвэл дуусна. 0.08 хувь нь л нэр алдарт хүрч чадна.
“Cancel culture” буюу буруутай үйлдлийнх нь төлөө “бойкотлох” явдал БНСУ-д маш өндөр хэмжээнд байдаг. Солонгосчуудын ёсзүйтэй холбоотой юу, эсвэл агентлаг болон жүжигчдийн хоорондын өрсөлдөөн үүнд нөлөөлдөг үү?
Олны танил хүмүүсийн тухай мэдээлэлд анхаарал хандуулж байна гэдэг нь тэр хэмжээний завтай л байна гэсэн үг. Амьдрахын тулд хичээнгүй амьдрах тусам олны хүмүүсийн амьдралд анхаараад байх зав байдаггүй. Гэхдээ хэл ам гарч, үүнд анхаарал хандуулж буй нь юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байгаа нэг хэлбэр. Солонгос хүний зан чанар ч гэсэн энэ үйл явдалд нөлөөлж байгаа байх. Аль хэдэн зуун жилийн өмнө Жусоны үед ч гэсэн бусдын сайн сайхан байгааг харж чаддаггүй, “Би ямар байх нь хамаагүй. Сайн яваа тэр хүнийг гишгэлээд би амжилтад хүрэх ёстой” гэдэг бодолтой байсан. Магадгүй энэ зан чанар ч өнөөдрийн Солонгосыг бүтээсэн байж магад. Надад монгол, солонгос хүмүүст адилхан зан чанар байгаа санагддаг. Гишгэлүүлбэл босож ирж чаддаг. Түргэн ууртай, шартай гэх юм уу. Энэ занд муу тал бий. Гэхдээ энэ бол аливаа зүйлийг босгоход маш хэрэгтэй зан чанар.
Монголын кино уран бүтээлчид энтертайнмент салбарт амжилттай явахын тулд хийгээсэй гэж бодож байна вэ?
Түрүүн хэлсэнчлэн хамгийн түрүүнд компани байгуулах ёстой. Компанид туршлагатай зураг авалтын баг, бэстселлэр ном ч юм уу бүтээгээд үзсэн кино зохиолч, ур чадвартай жүжигчин байх ёстой. Эхний ээлжид шууд амжилтад хүрэх амаргүй. Боломж жаахан хэцүү. Амжилттай явахын тулд олны танил, туршлагатай уран бүтээлчдийн хамт кино бүтээх нь амжилттай явах нууц байх.
Нийслэл Улаанбаатар хот танд ямар санагдав?
Өмнөговь аймагт зураг авалтаа дуусгачихаад, Улаанбаатар хотод гурван хоног ганцаараа аялсан. 1980 оны Солонгос улс шиг мэдрэмж төрсөн. Яагаад би 1980 онтой зүйрлэсэн бэ гэхээр манай улс 1980 оноос галзуу юм шиг л хөгжсөн. Энэ мэдрэмж надад төрсөн. Монгол Улсад аялал жуулчлалыг сайн хөгжүүлж, жуулчдыг татаж чадвал сайн хөгжих юм байна гэж харсан.
“Өмнөдийг зорих замд” кинонд хамтран тоглосон Ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Г.Эрхэмбаяр, О.Самданпүрэв, Б.Замилан нарын жүжиглэлтийг харахад тэд одоо ч “Netflix”-д орох кинонд тоглоход ямар ч асуудал алга.

Солонгосын урлаг, хоолны соёлоос эхлээд Солонгосын соёл Монгол Улсад хүчтэй нэвтэрч байгааг та анзаарсан байх. Үүнийг хараад танд ямар бодол төрсөн бэ?
“Солонгос машин ч гэсэн ороод ирвэл гоё юм байна даа” гэж бодсон. Бас нэг өөр бодол төрсөн нь Монголын ноолуур, арьс ширний брэндүүд яг энэ үнээрээ Солонгос руу орж ирвэл гоё юм гэж бодсон. Бүтээгдэхүүн олон улсад гарахад хамгийн чухал нь үнийн өрсөлдөөн байдаг. АНУ-д “LG” брэнд амжилттай гарсан шалтгаан нь үнэ хямд хэрнээ чанартай бүтээгдэхүүн байсанд юм. Тиймээс Монголын соёлыг илэрхийлсэн Монголд л байгаа чанартай бүтээгдэхүүнүүдийг гаднын улсууд руу бага өртгөөр гаргавал гоё байх гэж бодож байна. Монголын угшил сайтай морьдыг гадагшаа зарах боломж ч байна гэж харсан.
Та удахгүй Монголоос буцах гэж байна. Танд хамгийн их таалагдсан зүйл нь юу байв?
Монголын байгаль. Хамгийн сайхан нь Өмнөговь аймгийн Ханан хэцийн хадтай нуруунууд. Би зураг авалтын үеэр нэлээд өндөр хадан дээр гараад, доошоо харсан. Энэ үед би өөрийгөө дэлхий ертөнцийн маш өчүүхэн, өд шиг ч юмуу оршихуй юм даа гэдгээ мэдэрсэн. Тэрэлж бас маш сайхан. Монголд хамгийн гайхамшигтай нь хад, уул, тал, элсэн цөл гээд бүгд байна. Үнэхээр үзэсгэлэнтэй, бүгд сайхан. Кино бүтээхэд хамгийн шилдэг, зөв газар гэж би хэлнэ.
Монголд ирээд хэцүү зүйл нь юу байсан бэ?
Зураг авалтыг маш хурдтайгаар төлөвлөсөн цагтаа л авах ёстой. Цагийг маш сайн баримтлах ёстой. Уран бүтээлчид тухайн сценд өөрийгөө бэлтгээд бэлэн болсон байтал зураг авалтын хүлээлгийн цаг уртсаад эхэлбэл жүжигчид ядардаг. Жүжигчид дуудлагын цагтаа нүүр будалтаа аваад, найруулагчтайгаа зураг авалтын талбайд бэлтгэлээ хийгээд шууд зураг авалтад орох ёстой. Жүжигчид өөрийгөө бэлтгэж очиж байхад зураг авалтаа гялс, гялс хийгээд явах хэрэгтэй. Ингэснээр зураг авалт ч амжилттай болно. Сая киноны зураг авалтад ч ийм зүйл боллоо, бага зэрэг удаан байсан. Цаг барих тал дээр алдсан зүйл бий. Гэхдээ өсөн дэвжиж, хөгжиж байгаа учраас энэ нэг их сүртэй зүйл биш. Монголын уран бүтээлчид үүнийг хараад гайхсан байж магадгүй.
Монголын уран бүтээлчдээс тантай хамтран кино бүтээх санал тавьбал та хүлээж авах уу?
Би үнэхээр дуртай хүлээж авна.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.