Намрын шаргалтах навчистай хамт бидний хүсэн хүлээдэг нэг зүйл бол театруудын шинэ улирлын нээлт. Зуны турш театраа санасан үзэгч, хөшиг нээгдэхийг хүлээсэн уран бүтээлч хоёрын уулзвар бол завгүй энэ их хотын хэсэгхэн зуур амсхийх тансаглал юм. Театрууд хилэн улаан хамбан хөшгөө ямар бүтээлээр сөхөхийг уншигч танд танилцуулъя.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр: “Риголетто” ба “Хунт нуур”

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон жил бүрийн тоглолтын улирлын нээлтээ аравдугаар сард хийдэг уламжлалтай. Энэ жил 62 дахь улирлын нээлтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, Ж.Вердийн “Риголетто” дууриар нээхээр болжээ. Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын 5, 6-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, аравдугаар сарын 12, 13-нд Ж. Вердийн “Риголетто” дуурийг толилуулах юм. Шинэ улирлын нээлтийн тоглолтод хэн гэдэг уран бүтээлч гоцлох нь үзэгчдийг анхаарлыг үргэлж татсаар ирсэн. Тэгвэл аравдугаар сарын 5-нд толилуулах "Хунт нуур"-ын гол дүр Одетта, Одиллияд О.Анужин (гавьяат жүжигчин), Зигфридэд Б.Дөлгөөн, Ротбартад Б.Ананд, Алиа салбадайд Ц.Мөнгөншагай нар гоцолно. Харин аравдугаар сарын 6-нд толилуулах "Хунт нуур"-ын гол дүрд Одетта, Одиллияд Б.Марал, Зигфридэд Б.Эрдэнэболд, Ротбартад Э.Эрдэнэжаргал, Алиа салбадайд Ц.Энх-Амар нар тоглох юм.

Аравдугаар сарын 12-ны өдрийн тоглолтын Риголеттод /Ордны алиа салбадай/Э.Бумхүү, Герцогд М.Даваадорж, Жильдад/Риголеттогийн охин/гавьяат жүжигчин Ө.Уянга, Спарафучиллед/хөлсний алуурчин/ Ж.Бямбажав, Маддаленад гавьяат жүжигчин М.Дариймаа (гавьяат жүжигчин), Жиованнад /Жильдагийн зарц/Ж.Энхмаа, Монтероне гүнд гавьяат жүжигчин О.Хүрэлбаатар, Маруллод Л.Болдцэрэн, Борсад Г.Шижирболд, Чепрано гүнд Х.Бямбарагчаа нар тоглох юм.

Аравдугаар сарын 13-ны тоглолтын Риголеттод /Ордны алиа салбадай/ Э.Отгонбат, Герцогд гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, Жильдад Г.Энхнаран, Спарафучиллед/хөлсний алуурчин/ Э.Амарсайн, Маддаленад Ц.Арюна, Жиованнад /Жильдагийн зарц/ Т.Чулуунчимэг, Монтероне гүнд Э.Мөнхтөр, Маруллод Л.Бүүвэйбаатар, Борсад Д.Эрдэнэ-Очир, Чепрано гүнд Х.Бямбарагчаа нар гоцлох юм.

62 дахь улиралд тус дуурийн ерөнхий зураачаар ажиллаж байсан ардын зураач Ч.Гунгаасүхийн 80 насны ой тохиож буй. Тиймээс энэ удаад ардын зураач Ч.Гунгаасүхийн бүтээсэн тайз, хувцасны тавилтаар толилуулахаараа онцлог юм.

Улсын драмын эрдмийн театр: 13 жилийн дараах “Тэнгэрийн хүү”

2011 онд УДЭТ-ын тайзнаа анх амилсан "Тэнгэрийн хүү" жүжиг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн, шинэтгэсэн найруулгаар аравдугаар сарын 4-нөөс эргэн ирэх гэж байна.

Монголын язгуурын төрт улс болох "Хүннү" улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх энэхүү жүжиг тоглогдож эхэлснээсээ хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, монгол үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байсан энэхүү жүжиг тухайн ондоо "Гэгээн Муза" олон улсын театрын наадмын шилдэг жүжгийн зохиолч, шилдэг найруулагч, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эрэгтэй жүжигчин тэргүүтэй зургаан номинацад шалгарч, гран при шагнал, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг "Мөнгөн мод" ёслолын ажиллагааны шилдэг бүтээлийн цомыг хүртсэн юм.

"Тэнгэрийн хүү" жүжиг анх үзэгчдийн хүртээл болсноос хойш 13 жилийн дотор Монголын анхны төрт улс болох Хүннүгийн түүх, археологийн судалгаанд олон чухал нээлт хийгдсэн билээ. Үүнээс улбаалан Хүннүгийн түүхийн талаарх үзэгч олон нийтийн мэдлэг, ойлголт сайжран, шинэ үеийн үзэгчдэд энэ цаг үеийн тухай түүхэн бүтээлийг үзэн сонордох хэрэгцээ нэмэгдсээр буй нь жүжгийг сэргээн тавих гол шалтгаан болж байна. Жүжгийн Ерөнхий найруулагч Н.Наранбаатар "Эх орон, газар шорооны тухай бүтээл болох "Тэнгэрийн хүү" жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна" хэмээн эл жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарласан юм.

Жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Б.Шинэбаяр сонгогдсон бол Түмэн Шаньюйгийн дүрд жүжигчин М.Түвшинхүү, Могол хатны дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь зэрэг УДЭТ-ын гурван үеийн уран бүтээлчид "Тэнгэрийн хүү" жүжигт оролцож байна.

Зохион байгуулагч: Улсын драмын эрдмийн театр

Зохиолч: МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэх

Найруулагч: Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар

Ерөнхий продюсер: урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу

Ерөнхий зураач: урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ганхуяг

Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: Г.Ган-Очир

Жүжгийн дүрүүдэд:

• Модун Шаньюй-Б.Шинэбаяр

• Түмэн Шаньюй-М.Түвшинхүү

• Могол хатан-Ж.Оюундарь (гавьяат жүжигчин)

• Лүүсүү Ван-О.Гэрэлсүх

• Их зайран-Ж.Пүрэвдорж

• Арваадай хун тайж-Т.Сэргэлэн

• Шагэ гүнж-Т.Хулан

• Шива хатан-залуу жүжигчин А.Номин-Эрдэнэ

• Аргун баатар-залуу жүжигчин И.Дашнамжил

• Бүни гүнж-залуу жүжигчин Ц.Цэлмэг

• Олны хэсэгт-залуу уран бүтээлчид болон Соёл урлагийн их сургуулийн оюутнууд

Улсын филармони: “New season 2025”

Монгол Улсын Филармонийн үзвэрийн 52 дах жилийн нээлтийн тоглолт 2024 оны аравдугаар сарын 24-нд “New season 2025” нэртэйгээр 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно. Улсын филармонийн симфони оркестр дэлхийн шилдэг бүтээлүүдээр үзэгчдийн сонорыг мялаах бөгөөд удирдаачаар Д.Нямдаш ажиллах юм.